Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 110/ШШ2023/0009

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Б.Ж, С.М, Б.М,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг дарга хоорондын газрын  маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ж, С.М, Б.М, хариуцагч Толбо сумын Засаг дарга Н.Е, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Зулкаш, хариуцагчийн өмгөөлөгч А.Серикжан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бахытбек  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нараас шүүхэд “Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/88 дугаартай “Захирамжийг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулахаар маргаж байна.

2. Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын орлогчийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/65 дугаартай “Дуудлага худалдаа явуулах зарчмаар газар эзэмшүүлэх тухай” захирамжаар  тус сумын 2, 3, 5 дугаар багт хамаарах 100 м2, 300 м2, 1000 м2  талбайтай, 14 байршил бүхий газрыг эзэмшүүлэх дуудлага худалдааг 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

3. Үүний дагуу нэхэмжлэгч нараас, тухайлбал Б.Ж нь 4 байршил бүхий газрын, С.М нь 13 байршил бүхий газрын, Б.М нь 2 байршил бүхий газрын дуудлага худалдаанд бүртгүүлэн оролцож,  Б.Ж нь  Толбо сумын 2 дугаар багт байршилтай 100 м2, 3 дугаар багт байршилтай 1000 м2 талбайтай нийт 2 газрын, С.М нь 5 дугаар багт хамаарах 300 м2 талбай бүхий нийт 4 газрын, Б.М нь 5 дугаар багт байршилтай 1000 м2 талбайтай 1 газрын дуудлага худалдааны ялагчаар шалгарч,  газрын үнийг төлснөөр,  сумын газрын даамал нь 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч нартай тус тус  “Дуудлага худалдааны ялагчтай байгуулах гэрээ”-г байгуулсан байна.

4. Үүний дараа Толбо сумын Засаг даргаас 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр А/88 дугаартай захирамж гаргаж, Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын Хоёрын 2.1.3-т заасан “нээлттэй, ил тод байх;”, 2.1.4-т заасан “тэгш, шударга оролцоог хангасан байх;” талаарх дуудлага худалдаа явуулахад баримтлах зарчим зөрчигдсөн, Долоогийн 7.1.1-д зааснаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлээгүй, дуудлага худалдаанд оролцохоор дэнчин төлсөн зарим иргэд бүртгүүлж оролцож чадаагүй, журмын Есийн 9.1-д зааснаар Ажлын хэсэг байгуулаагүй гэх үндэслэлүүдээр дээрх газруудыг эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэсэн сумын Засаг даргын орлогчийн 2022 оны А/65 дугаар захирамжийг хүчингүй болгож, дуудлага худалдааг дахин явуулахаар шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгч нараас Толбо сумын Засаг даргын 2022 оны А/88 дугаартай захирамжтай холбогдуулан дээд шатны Засаг даргад гомдол гаргаж,  “ханган шийдвэрлэх боломжгүй” гэх хариуг 2022 оны 09 дүгээр сарын 12, 26-ны өдрүүдэд авснаар шүүхэд 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.

6. Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

6.1. Толбо сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/65 дугаартай захирамжаар газар эзэмшүүлэх цахим дуудлага худалдаа явуулах зарын дагуу “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам” -д зааснаар бүртгүүлж, бүх болзол шаардлагыг хангаж товлосон хугацаанд явуулсан дуудлага худалдаанд оролцож, дуудлага худалдааны ялагчаар тодрон, Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.2, журмын 11.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ялагч С.М, Б.Ж, Б.М бид тус тусдаа гэрээ байгуулж, зохих журмын дагуу дуудлага худалдааны үнэ, дэнчин зэрэг өөрөөс шалтгаалах мөнгөн төлбөр, хураамжийг хуульд заасан журмын дагуу төлж, барагдуулсан болно.

6.2. Гэвч Толбо сумын Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/88 дугаартай захирамж гарч, дуудлага худалдааг бүхэлдээ хүчингүй болгож, газар эзэмшүүлэх дуудлага худалдааг дахин явуулах тухай шийдвэр гаргасан нь нэхэмжлэгч бидний хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн,  илт хууль бус захиргааны акт гэж үзэж байна.

6.3. Дуудлага худалдааг дахин явуулах үндэслэлийг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын  Арвын 10.1-д заасан ба уг үндэслэлд Толбо сумын Засаг даргын А/88 дугаар захирамжаар дуудлага худалдааг дахин явуулах үндэслэл хамаарахгүй байна.

 6.4. Толбо сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн дуудлага худалдаа явуулах зарчмаар газар эзэмшүүлэх тухай А/65 дугаартай захирамжийн 3 дахь заалтаар 30-аас доошгүй хоногийн өмнө нийтэд цахим хуудсаар  зарлан мэдээлсэн болох нь нотлогдож байх тул журмын 7 дугаар зүйлд заасан дуудлага худалдааг зарлан мэдээлэх журам, мөн 8.1 дэх хэсэгт заасан оролцогчдыг бүртгэх журам зэрэг хууль тогтоомжид  заасан журамд тус тус зөрчигдөөгүй байна.

    6.5. Засаг дарга дуудлага худалдаа явуулах үед Ажлын хэсэг байгуулаагүй, тухайн сумын иргэд дуудлага худалдаанд орж амжаагүй гэж дуудлага худалдаа явуулсан захирамжийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй гэжээ.

 

7. Хариуцагчаас  дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

7.1 Толбо сумын Засаг даргын орлогчоос 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр А/65 дугаар захирамжаар дуудлага худалдаа явуулах зарчмаар  газар эзэмшүүлэх тухай гаргасан шийдвэр нь Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж заасан Монгол Улсын Үндсэн хуульд заасан зарчимтай нийцээгүй.

7.2. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах;’’ гэж, мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “...иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. ...дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар  тогтооно. гэж тус тус заасан.

 Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаар тогтоолоор батлагдсан "Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам"-ын Хоёр дугаар хэсгийн 2.1.3-т "нээлттэй, ил тод байх", 2.1.4-т "тэгш, шударга оролцоог хангасан байх", Долоодугаар хэсгийн 7.1.1-д "олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр", Ес дүгээр хэсгийн 9.1-д "Тухайн шатны Засаг дарга ...дуудлага худалдаа явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө дуудлага худалдаа явуулах Ажлын хэсгийг байгуулж ажиллуулна", 9.9.4-т цахим дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг цахим дуудлага худалдаа явагдахаас ажлын 5 хоногийн өмнөөс хүлээн авч эхлэн дуудлага худалдаа явагдах өдрийн өмнөх өдрийн 15 цаг 00 минутад зогсоож, бүртгэлийг хаана" гэж тус тус журамласан байна.

7.3.  Хөдөлмөрийн тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт "Долоо хоног бүрийн бямба, ням гарагт нийтээр амарна” гэж, мөн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт “Дараах нийтээр тэмдэглэх баярын өдөр амарна: 97.1.6-д “Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр 7 дугаар сарын 11, 12, 13, 14, 15;” гэж тус тус заасан байна. 2022 оны хуанли /календарь/-гаас үзэхэд 7 дугаар сарын 9-ний өдрөөс 18- ний өдөр хүртэл олон нийтээр амрах баярын өдөр болон долоо хоног бүрийн нийтээр амрах өдөр тохиолдож байна. Үүнээс дүгнэхэд Толбо сумын Засаг даргын орлогчоос 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр А/65 дугаар захирамжаар дуудлага худалдаа явуулах зарчмаар газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргахдаа Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, “хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" гэж заасныг илт зөрчсөн байсан.

 7.4. Үүнээс болж олон иргэд өргөдөл гомдол гаргасан байдаг. Мөн дуудлага худалдаанд оролцохоор бүртгүүлж, дэнчингээ төлсөн байсан К гэх иргэнийг дуудлага худалдаа явагдаж байх үед нэрийг хассан зөрчил илэрсэн байгаа. Эдгээр шалтаануудыг үндэслэн миний бие Засаг даргын хувьд хуулиа дээдэлж, шударга ёсны зарчмыг хэрэгжүүлж маргаан бүхий актыг гаргасан гэжээ.

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

8.1. Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын маргаан бүхий 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/88 дугаар захирамжаар Засгийн газрын “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах” журмын 9.1 заалт, мөн журмын 2.13, 2.1.4, 7.1.1 дэх заалтуудыг зөрчиж дуудлага худалдаа явуулсан гэх үндэслэлээр Толбо сумын засаг даргын 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн А/65 тоот захирамжийг хүчингүй болгож, дуудлага худалдааг дахин явуулахаар тогтоосон.

Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор баталсан журмын 4.1 дэх хэсэгт зааснаар цахим, танхимаар явуулж байгаа дуудлага худалдаа нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа хэн ч байсан оролцох эрхтэй байдаг. Зөвхөн Толбо сумын иргэд оролцох эрхтэй гэж ойлгож болохгүй.  Журамд дуудлага худалдааг танхим, цахим хэлбэрээр зохион байгуулахаар журамласан.

8.2. Мөн дуудлага худалдааны зарыг яаж байрлуулах талаар журмын 7 дахь хэсэгт зааснаар уг бэлтгэл ажил хангагдах ёстой. Энэ тохиолдолд аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын цахим хаягт байршуулж, үүнийг тус газрын мэргэжилтэн баталгаажуулж, нийтийн хүртээл болгосныг  баталгаажуулсан албан тушаалтны зар тавьсан талаар бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байгаа.  Мөн уг журмын 7.3-т зааснаар бэлтгэл ажил бүрэн хангагдсан байна.

8.3. Журмын 9.1 дэх заалт хангагдаагүй гэж үзэн  уг заалтыг баримталж, захирамжийг хүчингүй болгосон гэж байна. Дуудлага худалдааг журмын 5.1 дэх хэсэгт зааснаар танхимын болон цахим хэлбэрээр явуулахаар зохицуулсан байгаа.

Танхимын хэлбэрээр зохион байгуулах дуудлага худалдааны талаар  журмын 9.9 дүгээр зүйлд заасан байдаг. Журмын 9.9 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт “ Засаг даргын тамгын газар болон чөлөөт бүсийн ажлын албаны цахим хуудсанд байршуулан дуудлага худалдаа явуулах тусгай программ хангамжийг ашиглан цахим дуудлага худалдаа явуулна” гэж заасан байдаг. Үүнээс харвал цахим дуудлага худалдаа нь хүний хүчин зүйлээс хараат бус явагддаг нь харагдаж байна.

8.4 Журмын 9.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Цахим дуудлага худалдаанд оролцохыг хүссэн этгээд дуудлага худалдааны зард заасан хугацаанд энэ журмын 8.3-т заасан баримтыг бүрдүүлж, цахим хуудсанд хандаж хүсэлтийг гаргана.” гэж зааснаас үзвэл, Ажлын хэсэгт хүсэлт гаргах ойлголт байхгүй, Ажлын хэсэг ажиллах шаардлага байхгүй. Зөвхөн танхимын хэлбэрээр явуулах үед Ажлын хэсэг байгуулна.

 Журмын 9.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас харвал Ажлын хэсгийн хүн, эсвэл өөр этгээд мэдэгдэх талаар ойлголт байхгүй байгаа. Журмын 9.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Дуудлага хуралдаанд оролцогч өөрийн үнийн саналаа дуудлага худалдаа явуулах тусгай программ, хангамжид байршуулах бөгөөд дуудлага худалдаа зогсоох хүртэл хугацаанд нэвтрэх, үнийн саналтай танилцах, үнийн саналаа өөрчлөх эрхтэй” гэж заасан байдаг. Журмын 9.9 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан хугацаанд хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогчийг дуудлага худалдаа явуулах, тусгай программ хангамж ашиглан ялагчаар тодорч, энэ талаар оролцогчдод тус бүр мэдэгдэнэ.” гэж заасан байдаг.

8.5. Иймд Иргэний хуулийн 198 дугаар зүйл болон Газрын тухайн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4-т заасан заалтууд зөрчигдөөгүй байна. Цахим дуудлага худалдаа хууль ёсоор явагдсан талаар гэрч Н.Б мэдүүлэг, мөн гэрч Н.С мэдүүлэгдээ “...2022 оны 7 дугаар сарын 18-ний өдөр явагдах дуудлага худалдааг Газрын биржийн цахим системээр 2022 оны 6 дугаар сарын 7 өдөр нийтэд зарласан, үүний дагуу 51 хүн оролцохоор бүртгүүлсэн байсан. Цахим дуудлага худалдааг эхлэх хугацаа, үнэ хаялцуулах хугацаа, үнийн санал өгөөгүй тохиолдолд яах ёстой талаар системд нь бүрэн оруулсан байгаа...” гэх мэдүүлэг байгаа. Үүний дагуу цахим дуудлага худалдаа 2022 оны 7 дугаар сарын 18-ний өдөр хугацаандаа эхэлж, нэхэмжлэгч нар ялагчаар шалгарч гэрээ байгуулсныг тусгасан байдаг.

8.6.  Нэхэмжлэгч нар ялагчаар тодорсны дараагаар гэрээгээ байгуулсан тухайн газрын үнийг бүрэн төлж барагдуулсан. Дуудлага худалдаанд оролцож чадаагүй гэх үндэслэлээр бусад оролцогсдын хууль ёсны эрх ашгийг хөндөх нь үндэслэлгүй юм. Уг дуудлага худалдаанд оролцож чадаагүй иргэд цахим дуудлага худалдааны журмыг хангаагүй болоод бүртгэлээс хасагдсан, үүнд хүний оролцоо байхгүй. Цахим дуудлага худалдаа ажлын өдөр, амралтын өдрийн алинаар нь явагдах боломжтой, манай тохиолдолд дуудлага худалдаа нь ажлын өдөр явагдсан. Аймгийн Газрын харилцаа ,барилга хот байгуулалтын газрын даргын тайлбар нь үндэслэлгүй байгаа. Цахим дуудлага худалдаанд хуралдааны тэмдэглэл хөтлөх, Ажлын хэсэг байгуулах шаардлага байдаггүй. Хариуцагч дуудлага худалдааг хүчингүй болгож дахин явуулахдаа захирамжид үндэслэсэн журмын үндэслэл болон хариуцагчийн тайлбар хамаарахгүй байна гэв.

9. Хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

9.1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараах журмыг баримтлан шийдвэрлэнэ” гэж хоёр үндэслэлийг заасан байна. Мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно.” гэж заасан байна. Оролцогсдын тайлбараас харвал Толбо сумын засаг даргын орлогчоос 2022 оны 6 дугаар сарын үед А/65 дугаар захирамж гаргахдаа хууль зөрчсөн тул маргаан бүхий захирамжийг гаргасан гэж тайлбарлаж байгаа.

9.2  Хариуцагчийн тайлбарлаж байгаа гол үндэслэл нь дуудлага худалдааг зохих журмын дагуу явуулаагүй, олон нийтэд мэдээлээгүй, амралын өдөр зохион байгуулсан нь хуульд нийцэхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа. Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолоор батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах, дуудлага худалдаа явуулах журам байгаа. Уг журмын 2 дугаар зүйлд дуудлага худалдаа явуулахад дараах зарчмыг баримтална гэж заасан байдаг. Үүнд “нийтэд ил тод байх, тэгш шударга оролцоог хангасан байх” гэх мэт. Журмын 7 дугаар зүйлийн 7.1-д “Уг дуудлага худалдаа явуулахаар товлосон өдрөөс 30-аас доошгүй өдрийн өмнө дараах байдлаар нийтэд мэдээлнэ” гэж заасан байна.  Үүнд, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр, аймаг, нийслэл, дүүргийн гарын алба болон сумын нутгийн захиргааны байгууллагын цахим хуудсаар, газрын биржийн цахим системээр нийтэд мэдээлнэ гэх журам зөрчигдсөн байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл зөвхөн Газрын биржийн цахим системээр нийтэд мэдээлэх нь хангалтгүй байна. Мөн журмын 7 дугаар зүйлийн 7.3-т “Дуудлага худалдааг цахим хэлбэрээр явуулах тохиолдолд холбогдох цахим хуудсыг зард тусгана.” гэх ажиллагааг хийгдээгүй байна.

9.3. Мөн журмын 9 дүгээр зүйлийн 9.1-д “Тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа явуулахаас 3-аас доошгүй өдрийн өмнө Ажлын хэсэг байгуулан ажиллуулна.” гэж заасны дагуу заавал Ажлын хэсэг байгуулна. Журмын Есдүгээр зүйлийн 9.2-т “Дуудлага худалдаа явуулах Ажлын хэсэг нь дарга, тэмдэглэл хөтлөгч зэрэг бүрэлдэхүүнтэй байна.” гэж заасан. Мөн журмын 11 дүгээр зүйлийн 11.2-т “Дуудлага худалдаа явагдсан өдрөөс хойш 3 хоногийн дотор дуудлага худалдааны тэмдэглэлийг үндэслэн аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, газрын даамал, ажлын алба дуудлага худалдааны яллагчтай Иргэний хуулийн 194 дүгээр зүйлд  зааснаар гэрээ байгуулна.” гэж зааснаас харвал дуудлага худалдааны тэмдэглэл байх ёстой хэдий ч хавтаст хэрэгт энэ талаар нотлох баримт байхгүй байна.

9.4.  Журмын Арван нэгдүгээр зүйлийн 11.4-т “Дуудлага худалдааны ялагч энэ журмын 11.3-т заасан хугацаанд дуудлага худалдааны үнийг бүрэн төлснөөр тухайн шатны Засаг дарга газар өмчлүүлэх, ашиглуулах, тухай шийдвэр гаргана.” гэж заасан байдаг.

Үүнээс үзвэл зөвхөн А/65 захирамжийг үндэслээд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох боломж байхгүй байгаа. Ажлын хэсэг байгуулагдаагүй, тэмдэглэл үйлдэгдээгүй зэрэг дуудлага худалдаа явуулах урьдчилсан үйл ажиллагаа хийгдээгүй.

Журмын Ес дүгээр зүйлийн 9.9-д зааснаар дуудлага худалдаа явуулахад Ажлын хэсэг байгуулах, тэмдэглэл үйлдэж, гарын үсэг зурах зэрэг ажиллагаанууд зайлшгүй хийгдэх ёстой байсан. Журмын Есдүгээр зүйлийн 9.1-д дуудлага худалдаа явуулах дарааллыг зааж өгсөн байдаг. Журамд дуудлага худалдаа зохион байгуулах Ажлын хэсэг дуудлага худалдаа явагдаж дууссаны дараа тэмдэглэл үйлдээд гарын үсэг зуруулж нийтэд ил тод тайлагнах ёстой байгаа.

9.5.  Иймд уг дуудлага худалдаа зохих журмын дагуу явагдаагүй тул сумын Засаг даргаас А/65 дугаартай газар эзэмшүүлэх захирамжийг хүчингүй болгож, дахин дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэв.

ҮНДЭСЛЭХ нь :

1. Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/88 дугаартай захирамжийг хүчингүй болгох тухай маргаан нь үндэслэлгүй байна.

2. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “... аймаг, сум, нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд   эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно.” гэж заасан ба маргаан бүхий газруудыг Баян-Өлгий аймгийн Толбо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаартай “2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” тогтоолд худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр заажээ.

3. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т  “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар   болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно.” гэж зааснаар Толбо сумын 2,3,5 дугаар багт хамаарах  14 байршил бүхий газрыг эзэмшүүлэх асуудлыг тус сумын Засаг дарга дуудлага худалдаа явуулах замаар шийдвэрлэх бөгөөд тухайн дуудлага худалдаа нь  мөн зүйлд заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаартай тогтоолоор батлагдсан “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-д нийцсэн байх шаардлагатай юм.

4. Уг журмын Нэгийн 1.2- зааснаар газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдааг тухайн шатны Засаг дарга зохион байгуулах бөгөөд Толбо сумын Засаг даргын орлогч Т.Д нь тус  сумын Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлж байсан хугацаанд  2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр А/65 дугаартай захирамж гаргаж, мөн оны Толбо сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр заагдсан сумын 2, 3, 5 дугаар багт хамаарах 100 м2, 300 м2, 1000 м2 талбайтай 14 байршил дахь газруудыг цахим дуудлага худалдаа явуулах замаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 33.1.2, 33.4 дэх заалт болон “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын Тавын 5.1-д “Дуудлага худалдааг дараах хэлбэрийн аль нэгээр явуулна:”, 5.1.1-д “танхимын”, 5.1.2-т “цахим” гэж заасантай нийцсэн боловч дуудлага худалдааны зарыг зарлан мэдээлэх, дуудлага худалдаанд оролцогчдыг бүртгэх, дуудлага худалдааг явуулахтай холбоотой журмын заалтуудыг дараах байдлаар зөрчсөн байна.

5. “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын Долоогийн 7.1-д “Дуудлага худалдааны зар (цаашид “зар” гэх)-ыг уг дуудлага худалдаа явуулахаар товлосон өдрөөс хойш 30-аас доошгүй хоногийн өмнө дараах байдлаар нийтэд мэдээлнэ:”, 7.1.1-д “олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр;”, 7.1.2-т “аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, чөлөөт бүсийн захирагчийн албаны болон сумын нутгийн захиргааны байгууллагын цахим хуудсаар”, 7.1.3-т “Газрын биржийн цахим системээр” гэж заасан.

Толбо сумын Засаг даргын орлогчийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/65 дугаар захирамжаар цахим дуудлага худалдааг 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр явуулахаар шийдвэрлэснээр дуудлага худалдааны зарыг Газрын биржийн цахим системээр 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын цахим хуудсаар 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр зарласан байх ба өөр бусад хэлбэрээр зарлаагүй нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

 Журмын Долоогийн 7.3-т “Дуудлага худалдааг цахим хэлбэрээр явуулах тохиолдолд холбогдох цахим хуудасны мэдээлэл (дуудлага худалдаа явуулах Газрын биржийн цахим систем бүхий)-ийг зард тусгана.”, Есийн 9.9.1-д “тухайн шатны Засаг даргын Тамгын газрын болон чөлөөт бүсийн захирагчийн Ажлын албаны цахим хуудсанд байршуулсан дуудлага худалдаа  явуулах Газрын биржийн цахим системийг ашиглан цахим дуудлага худалдааг явуулна;” гэж заасан.

Дуудлага худалдааг нийтэд мэдээлэх, цахим дуудлага худалдааг явуулах талаарх журмын дээрх зохицуулалтаас үзэхэд зарыг журмын 7.1-д заасан бүх хэлбэрээр нийтэд мэдээлэхээр байгаа ба энэхүү дуудлага худалдааны зарыг зөвхөн Газрын биржийн цахим систем болон Баян-Өлгий аймгийн газрын албаны цахим хуудаст оруулж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон тухайн шатны буюу Толбо сумын нутгийн захиргааны байгууллагын цахим хуудсаар нийтэд мэдээлээгүйг журмын Долоогийн  7.1.1, 7.1.2-т заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

6. “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын Есийн 9.9-д “Цахим дуудлага худалдааг дуудлага худалдаа эхлэх өдөр, цаг, минутад дараах дарааллаар явуулна:”, 9.9.2-т “цахим дуудлага худалдаанд оролцохыг хүссэн этгээд дуудлага худалдааны зард заасан хугацаанд энэ журмын 8.3-т заасан материалыг бүрдүүлж, цахим хуудсанд хандан хүсэлтээ гаргана;” 9.9.3-т “хүсэлтийг хүлээн авч, дуудлага худалдааны оролцогч болсныг цахим дуудлага худалдаа явуулах Газрын биржийн цахим системд нэвтрэх нэр, нууц үгээр баталгаажуулж оролцогчид мэдэгдэнэ;”, 9.9.4-т “цахим дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг цахим дуудлага худалдаа явагдахаас ажлын 5 хоногийн өмнөөс хүлээн авч эхлэн дуудлага худалдаа явагдах өдрийн өмнөх өдрийн 15 цаг 00 минутад зогсоож, бүртгэлийг хаана;” гэж тус тус заасан.

 Толбо сумын Засаг даргын орлогчийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/65 дугаар захирамжаар цахим дуудлага худалдааг 2022 оны 07 дугаар сарын  18-ны өдөр явуулахаар товлосноор Газрын биржийн цахим систем дэх зард оролцогчийн тус системд хандан  бүртгүүлэх хугацаа 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 09:00 цагт эхэлж, 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 15:00 цагт дуусахаар тусгагдсан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн  97 дугаар зүйлийн 97.1-д “Дараах нийтээр тэмдэглэх баярын өдөр амарна:”, 97.1.6-д “Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: долоодугаар сарын 11, 12, 13, 14, 15;” гэж заасан ба цахим дуудлага худалдаанд оролцогчийг бүртгэх хугацаа нь хуульд зааснаар нийтээр амрах амралтын өдөрт хамаарсан байна.

           

Дээрх байдлаар дуудлага худалдааны оролцогчийг бүртгэх хугацааг Газрын биржийн цахим систем дэх зард ажлын бус амралтын өдөр байхаар тусгаж,  “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын Есийн 9.9.4-т “цахим дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг цахим дуудлага худалдаа явагдахаас ажлын 5 хоногийн өмнөөс хүлээн авч эхлэн дуудлага худалдаа явагдах өдрийн өмнөх өдрийн 15 цаг 00 минутад зогсоож, бүртгэлийг хаана;” гэж заасныг зөрчсөн байна.

7. “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын Есийн 9.1-д “Тухайн шатны Засаг дарга болон чөлөөт бүсийн захирагч дуудлага худалдаа явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө дуудлага худалдаа явуулах Ажлын хэсгийг байгуулж ажиллуулна.”, 9.2-т “Дуудлага худалдаа явуулах Ажлын хэсэг нь дарга, дуудлага худалдааны хөтлөгч, тэмдэглэл хөтлөгч гэсэн бүрэлдэхүүнтэй байх бөгөөд бүрэлдэхүүнд нь тухайн шатны Засаг даргын Тамгын газар болон чөлөөт бүсийн захирагчийн Ажлын албаны газрын асуудал хариуцсан албан тушаалтан буюу сумын газрын даамлыг оролцуулна.” гэж заасан.

Ажлын хэсэг нь мөн журмын Есийн 9.4-д заасан эрх, үүрэгтэйгээр ажиллахаас гадна Арван тавын 15.1-д зааснаар дуудлага худалдааны явцад үүсэн маргааныг шийдвэрлэхээр байна.

            Толбо сумын Засаг даргын орлогчийн 2022 оны А/65 дугаар захирамжаар газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулахаар шийдвэрлэхдээ “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-д заасны дагуу Ажлын хэсэг байгуулаагүй байх ба уг захирамжаар дуудлага худалдааг зохион байгуулахыг зөвхөн сумын газрын даамалд үүрэг болгож шийдвэрлэсэн нь журмын дээрх заалтуудтай нийцээгүй байна.

8. Хэргийн материалаас үзэхэд газар эзэмшүүлэх цахим дуудлага худалдаа явуулахаар сумын Засаг даргын орлогчийн 2022 оны А/65 дугаар захирамж гарснаар Газрын биржийн цахим системд хандан оролцохоор бүртгүүлсэн иргэдийн тоо давхардсан тоогоор 51 байх ба эдгээр нь  нэхэмжлэгч Б.Ж, С.М, Б.М  нараас гадна Ж.Д, Х.Е, Б.А, Ш.Е, Ш.М, Б.Е нарын 6 иргэн байна.

            Цахим дуудлага худалдааны үр дүнгээр нэхэмжлэгч Б.Ж 2 газрын, С.М 4 газрын, Б.М 1 газрын, иргэн Х.Е 1 газрын, иргэн Ш.Е 6 газрын дуудлага худалдааны ялагч болсон байх ба нэхэмжлэгч нарын хувьд  журамд зааснаар улсын тэмдэгтийн хураамж, дэнчин төлж, бүртгэлийн хугацаанд Газрын биржийн цахим системд хандан бүртгүүлж, дуудлага худалдаанд оролцсоноор ялагч болсон, улмаар газрын үнийг төлснөөр Толбо сумын газрын даамлаас 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гэрээ байгуулсан зэрэг үйл баримт тогтоогдсон.

            Дээрх байдлаар Толбо сумын Засаг даргын орлогчийн гаргасан дуудлага худалдаа явуулах тухай А/65 дугаар захирамж нь “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-д нийцээгүй явдалд нэхэмжлэгч нар буруугүй боловч дуудлага худалдааг зохион байгуулах этгээдээс журамд заасны дагуу  Ажлын хэсэг байгуулаагүй, дуудлага худалдааны зарыг зохих ёсоор нийтэд зарлаагүй, оролцогчийн бүртгүүлэх хугацаа нь ажлын бус бүх нийтээр амрах баяр наадмын өдөр байсан зэргээс газар эзэмших хүсэлтэй Толбо сумын иргэд Т.К, Ш.С, Е.Ж, О.Е, Н.Ё, А.Б, А.А, Т. Д, Н.Ө, С.А, Х.Б нар нь дуудлага худалдаанд оролцож чадаагүй талаар Толбо сумын Засаг даргад гомдол гаргасан, тухайлбал иргэн Х.Б, О.Е нар нь дуудлага худалдааны дэнчин, улсын тэмдэгтийн хураамжийг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр урьдчилж төлсөн байх боловч цахим системд бүртгүүлж чадаагүй гэх үндэслэлээр, иргэн  Т.К нь Газрын биржийн цахим системд хандан бүртгүүлсэн боловч дуудлага худалдаа болох өдөр системээс нэр нь хасагдсан гэх үндэслэлээр, бусад иргэдээс дуудлага худалдааны зарыг мэдээгүй гэх үндэслэлээр тус тус гомдол гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            10. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална:”, 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах;”  гэж заасан ба мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн энэ хуульд заасны дагуу эзэмшиж, ашиглах эрхтэй тул Толбо сумын иргэдээс дээрх үндэслэлээр тус сумын Засаг даргад гомдол гаргаснаар хариуцагчаас 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр А/88 дугаартай захирамж гаргаж,  Толбо сумын Засаг даргын орлогчийн 2022 оны А/65 дугаартай захирамжийг хүчингүй болгохдоо тус дуудлага худалдааг явуулахад “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын Хоёрын 2.1.3-т заасан “нээлттэй, ил тод байх”, 2.1.4-т заасан “тэгш, шударга оролцоог хангасан байх” зарчмыг баримтлаагүй, Долоогийн 7.1.1-д зааснаар олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дуудлага худалдааг нийтэд зарлаагүй, Есийн 9.1-д зааснаар дуудлага худалдаа явуулах Ажлын хэсэг байгуулаагүй, оролцогчийг бүртгэх хугацаа нь ажлын бус өдөр байсан нь хууль бус гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

            11. Дээрх байдлаар Толбо сумын Засаг даргын орлогчийн гаргасан газар эзэмшүүлэх дуудлага худалдаа явуулах талаарх гаргасан 2022 оны А/65 дугаар захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасан Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах зохицуулалттай нийцээгүй байх тул хариуцагчаас маргаан бүхий захиргааны актаар уг шийдвэрийг хүчингүй болгосон нь мөн зүйлийн 66.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно.” гэж заасантай нийцсэн. Түүнчлэн Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын Арвын 10.1-д “Дараах тохиолдолд дуудлага худалдааг дахин явуулна:”, 10.1.5-д “хуульд заасан бусад тохиолдол” гэж заасны дагуу Толбо сумын нутаг дэвсгэрт хамаарах 14 байршил бүхий газрыг эзэмшүүлэх дуудлага худалдааг дахин явуулахаар шийдвэрлэснийг хууль бус гэж үзэхээргүй байна гэж дүгнэлээ.

            12. Толбо сумын Засаг даргын орлогчийн газар эзэмшүүлэх цахим дуудлага худалдаа явуулах тухай шийдвэр нь дээрх байдлаар холбогдох журмыг зөрчсөн нь, дуудлага худалдаатай холбогдуулж бусад иргэдээс гомдол гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон тул цахим дуудлага худалдаа явуулахад Ажлын хэсэг байгуулах шаардлагагүй, цахим дуудлага худалдаанд оролцохоор бүртгүүлэх хугацаа нь ажлын өдөр байхаар журамд заагаагүй гэх нэхэмжлэгч талын маргаан нь үндэслэлгүй бөгөөд дуудлага худалдаа явуулах талаарх холбогдох хууль, журмыг зөрчиж тус дуудлага худалдааг явуулсан нь бусад иргэдийн газар эзэмших эрх, хууль ёсны эрх ашгийг хөндсөн тохиолдолд захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаанд  нэхэмжлэгч нар буруугүй байгаа асуудал нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүйг, маргаан бүхий захиргааны актаар тухайн газруудыг эзэмшүүлэх дуудлага худалдааг дахин явуулахаар шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч нарын хувьд дуудлага худалдаанд дахин оролцох замаар хуульд заасан журмаар газар эзэмшиж, ашиглах эрхээ хэрэгжүүлэх боломжтойг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14,107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 6 дугаар зүйлийн 6.1, 33 дугаар зүйлийн 33.1.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Ж, С.М, Б.М  нарын шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/88 дугаартай “Захирамжийг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч нарын  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

             

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       М.РИЗА