| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2022/05240/И |
| Дугаар | 101/ШШ2023/00258 |
| Огноо | 2023-01-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 101/ШШ2023/00258
| 2023 01 09 | 101/ШШ2023/00258 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н.Б /рд:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А.М /рд:/,
Хариуцагч: “Т” ХХК /рд:/ нарт холбогдох
Гэрээнээс татгалзаж, төлсөн төлбөр 40,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Ж нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний өмгөөлөгч Б.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б миний бие 2018 оны 02 сарын 28 өдөр Мгаас Баянзүрх дүүрэг, хороо, хороолол /13342-р Б.Доржийн гудамж хаяг байр тоот өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байрыг 100,942,158 төгрөгөөр зээлээр худалдаж авахаар тохиролцож нийт 40.000.000₮-ийг төлсөн. Гэтэл уг байр нь А.Мгийн байр биш болох нь 2019 оны 09 сарын 16 өдөр байрны хууль ёсны өмчлөгч Д.М гэх хүн гарч ирснээр би А.М нь байрны хууль ёсны өмчлөгч биш гэдгийг мэдсэн болно. Иймд А.М-с үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байх тул 40.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2018.2.18-нд 35 тоот хаягт гэрчилгээ гараагүй байрыг зээлээр худалдаж авахаар гэрээ байгуулж 40 саяыг төлсөн. Улмаар 40 саяыг буцааж авахаар нэхэмжлэл гаргасан. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа юм. Б, Оюунсүрэн нар нь ах дүүс юм. Мөнгөний баримтаа олохгүй байсан тул санаж байгаагаараа шаардлагыг хуваарилсан юм.
Мгийн байр гэж бодож байсан боловч өөр хүний байр байсан. Зарим хүмүүс эрүүгээр явж байгаа юм байна лээ. Худалдах худалдан авах гэрээ цуцалсантай холбоотойгоор 40 саяыг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Хариуцагч нь компаниас гаргуулахыг хүлээн зөвшөөрнө гэдэг. Хариуцагч нь хуулийн этгээдээр нэхэмжлэхийг зөвшөөрч байгаа тул хангаж өгнө үү. Баримтаар 42 865 274 төгрөг төлсөн байдаг. Гэхдээ нэхэмжлэгч нь 40 саяыг нэхнэ гэв.
Хариуцагч “Т” ХХК, А.М нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд “Н.Б”-ий нэхэмжлэлтэй хариуцагч “А М”-аас 40,000,000 /дөчин сая/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Уг нэхэмжлэлтэй танилцаж үзээд дараах хариу тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгч ““Н.Б” нэхэмжилж байгаа үндсэн төлбөр болох 40,000,000 төгрөг буцаан гаргуулах гэсэн нь байна. Мөн тус нэхэмжлэгчийн шаардлага нь А овогтой М гэсэн хувь хүн дээр гаргасан байгааг нь миний хувьд зохисгүй гэж үзэж байгаа тул тус нэхэмжлэхийг гэрээ хийсэн “Т” ХХК дээр тус гэрээний төлбөрийг нэхэмжлэх ёстой гэж үзэж байна. Манай байгууллага нь иргэн Н.Б болон М хоорондын гэрээ байдаг учир бид гэрээний үүргээ өөрсдийн санхүүгийн хүндрэлээс болж биелүүлж чадаагүй болно. Нэхэмжлэгч “Н.Б” нь хариуцагч М биш “Т” ХХК-гаар төлүүлэх гэвэл нэхэмжлэгчийн төлбөрийг сар бүр 1,000,000 төгрөгөөр тэнцүү төлөлтөөр төлөх хүсэлтэй байна. А.М миний бие "татгалзах зүйлгүй болно гэжээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд: 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн орон сууцны санхүүгийн түрээсийн гэрээний хуулбар /хх23-25/, кассын орлогын ордер 2 ширхэг /хх54/, банкаар мөнгө шилжүүлсэн баримт 11 ширхэг /хх55-60/-г нотлох баримтаар ирүүлсэн.
Хариуцагч нь шүүхэд: 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2018/21 дугаар албан тоот /хх28/, хуулийн этгээдийн дүрмийн хуулбар /хх29-30/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх41-42/-г нотлох баримтаар ирүүлсэн.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх дараах үндэслэлээр хариуцагч “Т” ХХК-с 8,650,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 31,350,000 төгрөг болон хариуцагч А.Мд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Н.Б нь гэрээнээс татгалзаж, төлсөн төлбөр 40,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч бөгөөд хариуцагчийн төлөөлөгч А.М нь гэрээг “Т” ХХК байгуулсан бөгөөд хуулийн этгээдийн хувьд 40,000,000 төгрөгийг хуваарийн дагуу буцаан төлөхийг зөвшөөрч, А.М нь хувь хүний хувьд хамааралгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч Н.Б болон хэргийн оролцогч биш Н.О нар нь 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч “Т” ХХК-тай орон сууцны санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан байна. /хх23-25/
Улмаар нэхэмжлэгч нь төлбөр төлсөн баримтуудыг шүүхэд ирүүлсэн бөгөөд хариуцагч бөгөөд хариуцагчийн төлөөлөгч нь нийт 40,000,000 төгрөгийн төлбөр төлөгдсөн эсэх талаар маргаагүй.
Мөн нэхэмжлэгч Н.Б нь гэрээний оролцогч Н.О-тэй эгч, дүүгийн харилцаатай гэж тайлбарласан.
Түүнчлэн хариуцагч талын гэрээний үүргийг хуулийн этгээд хариуцах ёстой бөгөөд хувь хүн хариуцах ёсгүй гэх тайлбарыг нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үгүйсгэж маргаагүй.
Үүнээс гадна нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлийг хариуцагч тал маргаж буй орон сууцыг захиран зарцуулах эрхгүй байсан тул гэрээнээс татгалзсан гэж тайлбарласан бөгөөд хариуцагч тал гэрээнээс татгалзаж буйг зөвшөөрсөн.
Эдгээр үйл баримтын талаар зохигчид маргаагүй.
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гэрээнээс татгалзсан тул төлөгдсөн төлбөрийн хувьд хариуцагч тал нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй.
Харин зохигчид хэн аль нь гэрээнээс татгалзсан үйл баримтын талаар маргаагүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний гүйцэтгэл болох төлсөн төлбөрийг буцаан шаардах эрхтэй.
Ийнхүү гэрээний гүйцэтгэлийг буцаан шаардахдаа төлбөр төлсөн этгээд тус бүр өөрийн төлбөрийг шаардах нь зүйтэй.
Учир нь хэдийгээр гэрээний оролцогч Н.О болон нэхэмжлэгч Н.Б нар нь эгч, дүүс гэх боловч эрх зүйн хувьд тусдаа субъект юм.
Хэргийн 54-60 дугаар талд авагдсан санхүүгийн анхан шатны баримтаас үзэхэд нэхэмжлэгч Н.Б нь 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр бэлнээр 1,650,000 төгрөг, 02 дугаар сарын 29-ны өдөр бэлнээр 3,000,000 төгрөг, 02 дугаар сарын 12-ны өдөр дансаар 2,000,000 төгрөг, 02 дугаар сарын 26-ны өдөр дансаар 2,000,000 төгрөг, нийт 8,650,000 төгрөгийг хариуцагч “Т” ХХК-д төлсөн байна. /хх54-55/
Цаашлаад, хариуцагч А.М нь мөнгөн хөрөнгө хүлээн авсан баримтгүй.
Иймд хариуцагч “Т” ХХК-с 8,650,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 31,350,000 төгрөг болон хариуцагч А.М-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Харин гэрээний оролцогч Н.О нь өөрийн төлсөн төлбөрийн талаар зохих этгээдэд холбогдуулан жич нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч “Т” ХХК-с 8,650,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 31,350,000 төгрөг болон хариуцагч А.М-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т” ХХК-с 153,350 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД