Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2022/03544

 

.... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,  

 

Нэхэмжлэгч:  өөрийн байр, Д ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: тоотод байрлах, С ХХК /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 8,634,631 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч С ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөрийн үлдэгдэл 8,634,631 төгрөг гаргуулахаар шаардсан байна.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: Д ХХК нь өөрийн 35 өрөөтэй барилгаас С ХХК-нд 2013 оны 06 дугаар сарын 13-аас 2014 оны 06 дугаар сарын 13 хүртэл нэг жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулан хүлээлгэж өгсөн. Хариуцагч 2013 оны 12 дугаар сард тухайн байрнаас гарсан. 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 6 сарын түрээсийн төлбөрт 8,634,631 төгрөг нэхэмжилж байна. Хариуцагчийн хаяг тодорхойгүй байсан учир бид нар 2014 оноос эрээд олоогүй. 2016 оны хавар Сүхбаатар дүүргийн шүүхэд хандахад хариуцагчийн хаягийг тодруулж ир гэж шүүх буцаасан. Түрээсийн төлбөр 8,634,631 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Д ХХК 2022.06.29-ний өдөр .... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төөлөгчийн ярьж байгаагаар 2016 онд шүүхэд хандсан гэж байна. Гэрээний төслийн Д ХХК өөрсдөө боловсруулсан энэ төсөл дээр нэмэлтээр оруулах юм байгаагүй. Хаягаа олоогүй учир унасан гэж ярьж байна. Энэ өөрсдийнхөн буруутай үйлдэл юм. С ХХК болон Д ХХК-ийн хооронд 2013.05.20-ны өдөр гэрээ байгуулагдсан гэрээ нь дугааргүй байна. Мөн нотариатаар гэрчлэгдээгүй, түрээсийн гэрээг батлав гэж ГХ Э байгууллагын үйлчилгээний эрхлэх газрын захирал Ч.Б гэдэг хүн гарын үсэг зурж тэмдгийн дарсан байна. Нөгөө талаас С ХХК-ийн захирал тэмдгээ дарсан байна. Гэрээний сүүлийн хавсалт буюу тус зүйлийнхэн доор дипломат цогцолборын дарга Ц гэдэг хүн гарын үсгээ зураагүй байна. Энэ гэрээний бүрдүүлбэр дутуу гэж харж байна. Мөнгөн дүнгийн хавсралт дээр 68 метр квадратыг 19,000 төгрөгөөр үнэлнэ. 1,308,340 төгрөг гэж заасан байдаг. Нөгөө талаас мөн гарын үсэг зураагүй. Нотариатаар гэрчлэгдээгүй хүчин төгөлдөр бус хуулийн шаардлага хангахгүй гэрээг нэхэмжлэгч тал байгуулсан байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлж байна С ХХК 2013 онд гэрээ байгуулчхаад 06 дугаар сараар эхлээд 12 сар хүртэл үйл ажиллагаа тасралтгүй явуулсан гэдэг. Энэ үйл ажиллагаа тасралтгүй явуулаагүй, Д ХХК бид нарт үйл ажиллагаа энд явуул гэсэн. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээний зохицуулалт байдаг. Бид нар Д ХХК-ийн түрээсийн байрыг ашиглахад тухайн газар үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан. Боломжгүй шалтгааны улмаас засвар хийсэн зарлагын баримт гаргаж өгч байна. Засвар үйлчилгээ хийсэн 2,000,000 төгрөгийн баримт нь олдсон. Цаашлаад яривал хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой. Засвар үйлчилгээ хийгээд наадмын дараа дуусаад түүнээс хойш үйл ажиллагаа явуулаагүй. Хэргийн материалд С ХХК-ийн захирал гүйцэтгэх захирлын гараар бичсэн өргөдлийг Д ХХК өгсөн байдаг. Тухайн 8,000,000 төгрөгийг аль сард хэдэн төгрөгөөр бодсон бэ? тооцоолол нь бас таарахгүй байна. Түрээсийн гэрээ хуульд заасан үндэслэл, хэлбэрийн шаардлага хангаагүй. Нэхэмжлэлийн шаардлага нь бас үнийн дүн яаж гарсан тодорхойгүй байна. 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан гэрээ гэж байгаа, 2016 онд шүүхэд өгсөн. Иргэний хуулийн 76 дугаар зүйл дээр хөөн хэлэлцэх хугацааны талаар маш тодорхой заасан. Гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1- дээр мөн заасан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2.үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил гэж заасан байхад хөөн хэлэлцэх хугацааг яаж бодсон болохоор 2022 оны 06 сарын яаж хандсан нь эргэлзээтэй байна. Хөөн хэлэлцэх хугацааг зүгээр гэж шүүхээс тооцоод талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасны дагуу түрээсийн гэрээ байгуулагдлаа үзэхэд иргэний хуулийн зарчим болон, Монгол улсын дээд шүүхээс гаргасан тайлбарын дагуу Иргэний хуулийн 81 дугаар зүйлд заасны дагуу түрээсийн эд хөрөнгө зориулалтын дагуу ашигласан үр шимийг манай С ХХК нэг ч өдрийн үр шим аваагүй. Д ХХК 6 сар төлбөрөө төлөөгүй байгууллагыг байлгаад байдаг юм уу? ямар нэг мэдэгдэл хүргүүлдэггүй юм уу? Хэргийн материалд нэг ч төлбөр төл гэсэн мэдэгдэл байхгүй байна. Бид нар үйл ажиллагаа явуулах боломжгүй талаар тайлбарыг тухайн үед ам байдлаар хэлсэн. С ХХК-ийн гүйцэтгэх захирал 9908 дугаарыг 2008 оноос тасралтгүй барьсан байдаг. Утасны дугаар нь холбогдохгүй 2016 онд иргэний хэрэг үүсгээд , эрэн сурвалжлуулаад, одоо шүүхэд хандаж байна гэсэн ойлгомжгүй зүйл ярьж байна. Энэ хэрэгт маш олон ойлгомжгүй зүйл байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Хэрэгт нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 2/, 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн түрээсийн гэрээний хуулбар /хх-ийн 3-8/, цахим гүйлгээний баримтын хуулбар /хх-ийн 9/, ...... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ........ дугаар шийдвэрийн хуулбар /хх-ийн 10/, .....х цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ...... тоот албан бичгийн хуулбар /хх-ийн 11/, зарлагын баримт /хх-ийн 32, 33/, авлагын журнал /хх-ийн 34/, 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн түрээсийн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 41-43/, нэхэмжлэх /хх-ийн 44-51/, хариуцагчаас Ж.Б-ын ..... дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гаргасан тайлбарын хуулбар /хх-ийн 20, 21/ зэрэг баримтууд нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Д ХХК нь хариуцагч С ХХК-д холбогдуулан 2013 оны 06 дугаар 13-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөрт 8,634,631 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Д ХХК нь С ХХК-тай 2013 оны 05 сарын 20-ны өдөр Түрээсийн гэрээ-г бичгээр байгуулсан. Гэрээний дагуу ......... цогцолборын 25 тоот 68,86 м.кв талбайтай байрыг албан конторын зориулалтаар 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл нэг жилийн хугацаатай, сарын 1,308,340 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон. Хариуцагч 2013 оны 12 дугаар сард тухайн байрнаас гарсан. Хагас жилийн түрээсийн төлбөр 8,634,631 төгрөгийг нэхэмжилж байна. Түрээсийн төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар 2016 оны хавар ....... дүүргийн шүүхэд хандахад шүүх хариуцагчийн хаяг тодорхойгүй гээд буцаасан. 2014 оноос хойш хариуцагчийг эрээд олоогүй. гэжээ.

 

4.Хариуцагч нэхэмжлэлд гаргасан тайлбартаа ...Д ХХК 2022 оны 06 сарын 29-ний өдөр .... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төөлөгчийн ярьж байгаагаар 2016 онд шүүхэд хандсан гэж байна. Гэрээний төслийн Д ХХК өөрсдөө боловсруулсан энэ төсөл дээр нэмэлтээр оруулах юм байгаагүй. Хаягаа олоогүй учир унасан гэж ярьж байна. Энэ өөрсдийнхөн буруутай үйлдэл юм. С ХХК болон Д ХХК-ийн хооронд 2013.05.20-ны өдөр гэрээ байгуулагдсан. Энэ гэрээ нь дугааргүй байна. Мөн нотариатаар гэрчлэгдээгүй, түрээсийн гэрээг батлав гэж ГХ Э байгууллагын үйлчилгээний эрхлэх газрын захирал Ч.Б гэдэг хүн гарын үсэг зурж тэмдгийн дарсан байна. Нөгөө талаас С ХХК-ийн захирал тэмдгээ дарсан байна. Гэрээний сүүлийн хавсралт буюу тус зүйлийн доор дипломат цогцолборын дарга Ц гэдэг хүн гарын үсгээ зураагүй байна. Энэ гэрээний бүрдүүлбэр дутуу гэж харж байна. Мөнгөн дүнгийн хавсралт дээр манай талаас гарын үсэг зураагүй. Нотариатаар гэрчлэгдээгүй хүчин төгөлдөр бус хуулийн шаардлага хангахгүй байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дахь хэсэгт зааснаар түрээсийн гэрээний зохицуулалт байдаг. Бид нар Д ХХК-ийн түрээсийн байрыг ашиглахад тухайн газар үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан. Боломжгүй шалтгааны улмаас засвар хийсэн зарлагын баримт гаргаж өгсөн. Засвар үйлчилгээ хийсэн 2,000,000 төгрөгийн баримт нь олдсон. Засвар үйлчилгээ хийгээд наадмын дараа дуусаад түүнээс хойш үйл ажиллагаа явуулаагүй. Нэхэмжилж буй тооцоолол нь таарахгүй байна. ...Түрээсийн гэрээ хуульд заасан үндэслэл, хэлбэрийн шаардлага хангаагүй. ...2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр 2016 онд шүүхэд өгсөн. Иргэний хуулийн 76 дугаар зүйл дээр хөөн хэлэлцэх хугацаа 3 жил дууссан. Түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэхэд Иргэний хуулийн 81 дугаар зүйлд заасны дагуу түрээсийн эд хөрөнгө зориулалтын дагуу ашигласан үр шимийг манай С ХХК нэг ч өдрийн үр шим аваагүй. Хэргийн материалд нэг ч төлбөр төл гэсэн мэдэгдэл байхгүй байна. Бид нар үйл ажиллагаа явуулах боломжгүй талаар тайлбарыг тухайн үед ам байдлаар хэлсэн. С ХХК-ийн гүйцэтгэх захирал 9908 дугаарыг 2008 оноос тасралтгүй барьсан байдаг. Эрэн сурвалжлуулаад, одоо шүүхэд хандаж байна гэсэн ойлгомжгүй зүйл ярьж байна.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарласан байна.

 

5.Нэхэмжлэгч Д ХХК , хариуцагч С ХХК-ийн хооронд 2013 оны 05 сарын 20-ны өдөр Түрээсийн гэрээ бичгээр байгуулагдсан байх бөгөөд гэрээгээр ..... дүүрэг дэх 6 дугаар хороололд байрлах Д ХХК -ын харьяа Дипломат-95 цогцолборын 25 тоот, 68,86 м.кв талбайтай байрыг албан конторын зориулалтаар 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл нэг жилийн хугацаатай, сарын 1,308,340 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон байна.

 

6.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулсан.

 

7.Зохигчид шүүхэд гаргасан тайлбартаа түрээсийн гэрээг сайн дураар харилцан тохиролцсоны дагуу байгуулж, түрээслэгч тал өөрийн үйл ажиллагааг явуулах зорилгоор тохижилт засвар хийсэн талаар маргаангүй байна.

 

8.Талууд хуульд заасны дагуу гэрээг бичгээр байгуулж, гэрээнд түрээслүүлэгч талыг төлөөлж Д ХХК -ын захирал Ч.Б, түрээслэгч талыг төлөөлж С ХХК-ийн захирал Ж.Б нар гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулсан байна. Мөн төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгө үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгэлгүй учир гэрээг бүртгүүлээгүй байна. Иймд уг хэлцэл Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасны шаардлагыг хангасан тул хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй.

 

9.Хариуцагч нь түрээсийн зүйлд завсар хийж хүлээн авсан байх боловч үйл ажиллагаа явуулаагүй гэж тайлбарласан. Түрээслэгч нь түрээсийн гэрээнээс татгалзсан, цуцалсан бол түрээсийн зүйлийг түрээслүүлэгчид буцаан хүлээлгэн өгөх үүрэгтэй. Гэвч хэрэгт түрээсийн зүйлийг 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө хүлээлгэн өгсөн баримтгүй, хариуцагчийн нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэл тогтоогдохгүй байна.

 

10.Хэрэгт нотлох баримтаар Авлагын журнал-д хариуцагч 1,308,340 төгрөг төлсөн баримт авагдсан. Талууд гэрээгээр түрээсийн төлбөр сарын 1,308,340 төгрөгөөр тохиролцсон, хариуцагч 1 сарын төлбөр болох 1,308,340 төгрөг төлсөн нь тогтоогдож байх тул 2013 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 5 сар 18 хоногийн түрээсийн төлбөр 7,301,381 төгрөгийг төлөх үүрэгтэй.

 

11.Нэхэмжлэгч гэрээний үүргийг хариуцагчаас 2016 онд шаардаж шүүхэд хандсан боловч хариуцагчийн хаяг тодорхой болсон байна. Хариуцагч нь холбогдох утасны дугаар өөрчлөгдөөгүй хэвээр байгаа ч хаяг өөрчлөгдсөн талаар талаар зөвшөөрч маргаагүй. Улмаар нэхэмжлэгч хариуцагчийг эрэн сурвалжлахаар шүүхэд хандаж, ......... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны шийдвэрээр С ХХК-ийг эрэн сурвалжилж, хаягийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ....... дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс олж тогтоосон байна.

 

12.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна. Гэрээний үүргийг 2014 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн шаардах хөөн хэлэлцэх хугацааг тоологдоно. Нэхэмжлэгч 2016 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2018 онд хариуцагчийг эрэн сурвалжилж, 2021 оны 12 дугаар сарын 24-нд хаягийг олж тогтоосон байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан тохиолдолд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д зааснаар  өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно. Хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул нэхэмжлэгч шаардлага гаргах эрхтэй.

 

13.Иймд хариуцагч С ХХК-иас 7,301,381 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д ХХК -т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,333,250 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.

 

14.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153,105 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 131,772 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасны дагуу хариуцагч С ХХК-иас 7,301,381 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д ХХК -т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,333,250 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасны дагуу нэхэмжлэгч Д ХХК -аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153,105 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ХХК-иас 131,772 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.АЗБАЯР