| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 195/2025/1900/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2108 |
| Огноо | 2025-09-08 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | М.Билгүүтэй |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2108
2025 09 08 2025/ШЦТ/2108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.Онцгойгэрэл хөтлөн,
улсын яллагч М.Билгүүтэй,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Б-нн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн **** дугаартай хэргийг 2025 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын 1-ний өдөр Завхан аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Завхан аймгийн *** тоотод оршин суух хаягтай, урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил, 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2 жил тэнссэн,
Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар,
Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Сум дундын шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, Б овогт Б-н Б /регистрийн дугаар ***/.
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Б.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх ба 2025 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 19 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Толгойтын замд “Тоёота Истима” маркийн **-** ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-н өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,
Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 3-дахь тал/,
Гэрч Б.Б-ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр танил дүү болох Б миний том оврын авто машиныг засаж байгаад хонох газар байхгүй гэж хэлэхээр нь өөрийн “Тоёота Истима” маркийн **-** улсын дугаартай авто машиныг үлдээгээд машин дотор хоноорой гэж хэлээд гэртээ харьсан. Маргааш нь Б над руу залгаж ахаа би таны машиныг согтуу барьж явж байгаад цагдаад баригдаад журмын хашаанд хийсэн гэж хэлсэн. Тухайн тээврийн хэрэгсэл нь миний машин байгаа юм....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дахь тал/,
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн *** дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 25-28 дахь тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Б-н яллагдагчаар өгсөн: “...2025 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 14 цагаас 15 цагийн хооронд Нарангийн голд танил ах Б-ны машинд засвар хийж байгаад хонох газар байхгүй байхаар нь танил ахаасаа гуйгаад машинаа үлдээчих гэхэд зөвшөөрөөд машиныхаа түлхүүрийг үлдээгээд явсан. Тэгээд хэсэг байж байгаад дэлгүүр орох гээд “Тоёота Истима” маркийн **-** ДАХ улсын дугаартай авто машиныг жолоодож дэлгүүр ороод ундаа, ус, 1 лааз пиво худалдаж аваад 0.5 литрийн 1 лааз пиво уусан. Тухайн газраасаа засварын газар руугаа буцаж явж байгаад замдаа Нарангийн голын эцэст цагдаа зогсоож намайг согтуурал шалгах драгер багажаар шалгахад 0,79% согтолттой гарсан. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан тул миний унаж явсан “Тоёота Истима” маркийн 48-17 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ачилтын машинд ачуулаад намайг аваад Тээврийн цагдаагийн албан дээр ирж мөрдөгчид хүлээлгэн өгсөн....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 20 дахь тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 21 дэх тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 24 дэх тал/ зэргийг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.
Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх ба 2025 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 19 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Толгойтын замд “Тоёота Истима” маркийн **-** улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 3-дахь тал/, гэрч Б.Батчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дахь тал/, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Сум дундын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн *** дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 25-28 дахь тал/ болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тооцохоор тус тус хуульчилсан.
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг,
“Согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно гэж хуульчилжээ.
Иймд шүүгдэгч Б.Б-н дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд: “...шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” санал,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд: “...Б.Б хэрэг үйлдсэн цаг хугацаанаасаа эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Мөн ажил хөдөлмөр эрхэлдэг тул торгох ял оногдуулж өгнө үү..” гэх санал, дүгнэлт тус тус гаргав.
Шүүгдэгч Б.Б шүүхэд хандаж хэлсэн эцсийн үгэндээ: “...Торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Иймд шүүгдэгч Б.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн ба прокуророос Б.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч шүүх хуралдаанд “...шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 5.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх...” санал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.000.000 төгрөгөөс бага торгох ял оногдуулж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хор уршиг, хөнгөрүүлэх болон хүндрүүлэх шинжийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Гурав. Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж,
шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
шүүгдэгч Б.Ө энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овогт Б-н Б-г “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 3.000 /гурван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.
4. Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Б.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ