| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2022/01641/И |
| Дугаар | 102/ШШ2022/04012 |
| Огноо | 2022-11-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2022/04012
2022 оны 00 сарын 00 өдөр Дугаар 102/ШШ2022/00000 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ...
Хариуцагч: ...,
Хариуцагчч: ..
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүрэгт 1,770,027,088 /нэг тэрбум долоон зуун далан сая хорин долоон мянга наян найман/ төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р...., М....,
Хариуцагч ... ХХК-ийн төлөөлөгч О....,
Хариуцагчийн өмгөөлөгч Ч....,
Хариуцагч Я....,
Хариуцагчийн өмгөөлөгч Г....
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч ...-ын дарга Я.... шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Монгол улсын Их хурал, Монгол улсын Засгийн газраас Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилтын хүрээнд баталсан төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх нөөц боломж дээр тулгуурласан үйлдвэрлэл үйлчилгээг санхүүжүүлэх механизмыг бий болгох, санхүүгийн таатай орчныг төрийн байгууллагуудын оролцоотойгоор бүрдүүлэх, улмаар орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, хүн амын амьжиргааны төвшинг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангахад зориулж зарцуулах зорилгоор холбогдох хууль, журмууд, зээл олгоход шаардлагатай бусад нөхцлийг тус тус үндэслэн зээлдэгч ... ХХК, түүнийг төлөлж захирал О.... нь ....-аас 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр ... тоот зээл болон ... тоот барьцааны гэрээ байгуулан 1,200,000,000 /нэг тэрбум хоёр зуун сая/ төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй, Эм, хүнсний нэмэлт бүтээгдэхүүний үйлдвэр төслийн зориулалтаар зээлсэн. Зээлийн барьцаанд: 1.... ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн ... хороо, Үйлдвэрийн баруун бүс ., ... тоотод байрлах ... улсын бүртгэлийн дугаартай, ... гэрчилгээний дугаартай 400 м.кв талбай бүхий, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 2.... ХХК-ийн өмчлөлийн, дээрх хаягийн 34/1 тоотод байрлах ... улсын бүртгэлийн дугаартай, ... гэрчилгээний дугаартай 600 м.кв талбай бүхий, аялал жуулчлалын зориулалттай үйл хөдлөх эд хөрөнгө, 3.Я....гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн ... хороо, ... ... тоотод байрлах ... улсын бүртгэлийн дугаартай, ... гэрчилгээний дугаартай 279,4 м.кв талбайтай, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 4.... ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн ... хороонд байрлах, ..., ... нэгж талбарын дугаартай, ... гэрчилгээний дугаартай, үйлдвэрлэлийн зориулалттай газрыг тус тус барьцаалуулан зээлийг авсан.
Зээлдэгч нь үндсэн зээлийн төлбөрт 3,774,459 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 69,141,309 төгрөг, нийт 72,915,768 төгрөг төлсөн. Гэрээний дагуу төлвөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, удаа дараа зөрчиж, зээлийн хугацаа 977 хоног хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул гэрээнд заасны дагуу зохих арга хэмжээ авч, зээлээ хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд зохих арга хэмжээ авахыг мэдэгдэж, мэдэгдлүүдийг хүргүүлсэн боловч нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй. Иймд зээлийн гэрээнд заасны дагуу 2018 оны ... тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 1,196,225,540 төгрөг, зээлийн хүүний төлбөр 38,264,411 төгрөг, алдангийн төлбөр 535,537,137 төгрөг, нийт 1,770,027,088 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна.
... ХХК-иас 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх алданги болох 64,789,222 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна. Бид төрийг төлөөлж өр төлбөрийг барагдуулахаар итгэмжлэлийн хүрээнд шүүх хуралдаанд оролцож байгаагийн хувьд нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх ёстой гэж үзэж байгаа. Монголын ...аас 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 327 дугаар шийдвэрээр гарсан гэрчилгээнд дурдагдсан Засгийн газрын 14 удаагийн хэсэгчлэн хөл хорио, хил гаалийн нөхцөл байдалтай тогтоолыг тооцож үзэхэд нийт алдангийн төлбөрөөс 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 127,528,395 төгрөг алдангиас хасагдаж байна. 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд 209,843,767 төгрөг гарсан байгаа. Нийт нэхэмжилсэн 535,537,137 төгрөгийн алдангиас 209,843,767 төгрөгийн алдангийг хасахад 325,693,370 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжтой байна. Бусад нотлох баримтын хувьд бид хүлээн зөвшөөрөхгүй. Нягтлан бодогчоос О.... гэх хүнээс ... гэх гүйлгээний утгатай 15,000,000 төгрөгийн гүйлгээ орж ирсэн гэх мэдээллийг өгсөн...гэв.
2.Хариуцагч ... ХХК-ийн төлөөлөгч О.... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
...гаас 2018 оны 6 дугаар сарын 19-нд 1,200,000,000 төгрөгийн зээлийг Эм, хүнсний нэмэлт бүтээгдэхүүний үйлдвэр төсөл хэрэгжүүлэх зорилгоор авсан бөгөөд уг зээлийг гэрээний хугацаанд төлж барагдуулах болно. Зээлийг анх авсан 2018 оны 3 дугаар улиралд барилга байгуулалт, тоног төхөөрөмжийн өргөтгөлд зориулан холбогдох газартай гэрээ хийж санхүүжилт хийсэн юм. Барилгын өргөтгөл баригдаж дуусах, мөн тоног төхөөрөмж БНХАУ-аас худалдаж авах үед 2019-2020 онд Ковид-19 халдвар гарч хил хаагдсанаас саатал гарсан юм. Энэ ковид-19 цар тахлын улмаас үүссэн хүндрэл бэрхшээлийг зохих ёсоор харгалзан үзэх үндэслэлтэй гэж үзэж байна. Одоогоор зээлийн хугацаа дуусаагүй байгаа. Мөн гэрээний хавсралтад алданги төлөх тооцоо тусгагдаагүй байгаа тул нэхэмжлэгчид алданги төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Зээлийн төлөлтийн талаар манайх ...-т албан ёсоор удаа дараа /6 удаа/ хандаж санал тавьж байсан боловч тодорхой хариу өгөөгүй. Бид хүндэтгэн үзэх шалтгаанаа тухай бүр танилцуулж байсан болно. Бид шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж, алдангийн төлбөрөөс бусад хүү, үндсэн зээлийг гэрээний хугацаанд төлж барагдуулах болно.
Хугацаанаас өмнө зээлийн гэрээг цуцална гэсэнд эмзэглэж байна. Нэхэмжлэгчээс гаргасан шаардлагын хариуд бидний зүгээс нөхцөл байдлаа анхнаас нь тайлбарлаж 7-оос 8 удаагийн албан тоот явуулж байсан. Нэхэмжлэгчийн зүгээс манайд 2 удаа ирж, бодит байдлыг шалгаж байсан бөгөөд бидний дурдаж байсан нөхцөл байдал бодит байсан. Үйлдвэрлэлийн төсөл хэрэгжүүлэх гэж бичсэн төслөө явуулах үйл ажиллагаа салбарын хэмжээний бодлогоос болж зогссон. Энэ явц дунд Ковид-19 цар тахлын нөхцөл байдал үүсэж, Хятад улстай хийсэн гэрээгээр мэргэжлийн хүмүүсийн наашаа ирж зөвлөгөө өгөх, хамтран гэрээ тодруулах ажил болон гэрээний зарим төлбөрүүд давхцаж зогссон. Ковид-19 цар тахал одоог хүртэл үргэлжилж байгаа. Бодит байдалтай дүйцэж байгаа талаар ...д хүсэлт гаргаж Ковид-19 цар тахлын нөхцөл байдал болон мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад салбарын төрийн бодлогын Засгийн газрын бодлого нөлөөлсөн хүчин зүйлүүд банкны сертификатад дурдсан байгаа. Бидний зүгээс үйл ажиллагаагаа санаатайгаар зогсоогоогүй. 10 гаруй ажилчдаа цалинжуулаад зохих хэмжээний үйл ажиллагаа эрхлээд явж байгаа. Цаашлаад санхүүгийн байдлаа өөрчилж, төслийн нөхцөлийг хөнгөрүүлж үйл ажиллагаа явуулах бодолтой байна. Төлбөрийг хүүтэй төлөх нь гарцаагүй. Нэгэнт бодит байдалд 2 хүчин зүйлийн шалтгаан байгаа учраас үүнийг харгалзаж үзэж алдангиас чөлөөлж өгнө үү. Үндсэн гэрээний хугацаа 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр дуусах тул уг хугацааг дуустал асуудлыг нэг тийш шийдэх боломжтой гэж үзэж байна. Хүндрэлтэй байгаа асуудлын хувьд төсөл хэрэгжих ямар ч боломжгүй. Нийгэм эдийн засгийн нөхцөлд нэмэгдэж гарч байгаа төлбөр болох алдангийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Сая өөрийн тэтгэврийн зээлийг авч мөнгөө нийлүүлж байж 15,000,000 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад төлсөн.
Өмгөөлөгч: Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. Уг зээлтэй холбоотойгоор манай зүгээс ямар хэмжээний хэтрэлт болон зөрчил гаргав гэдгийг шүүхийг анхаарч үзээсэй гэж бодож байна. Нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш манай зүгээс эрх бүхий албан тушаалтантай удаа дараа уулзсан. Төрийн байгууллага тул олон шаталсан шийдвэр гаргах эрх бүхий дарга, цэрэгтэй байдаг тул шийдвэр гаргах нь удаашралтай байдаг юм байна. Хуулийн хэлтсийнхэнтэй ойлголцоход амар боловч шийдвэр гаргах түвшний дарга нартай харилцахад ойлгомжгүй байдаг юм байна. ... ХХК нэр дээр байгаа газраа зарж борлуулж, 750,000,000 төгрөгийг шилжүүлье гэсэн боловч боломжгүй байдал үүссэн. Эдгээр нөхцөл байдал байгаа тул өнөөдрийг хүртэл эвлэрлийн гэрээ байгуулаагүй бөгөөд алдангиас хэдийг чөлөөлөх талаар оновчтой зүйл хэлээгүй. 535,000,000 төгрөг гэх алдангийг харахаар үндсэн зээлийн төлбөр болох 1,587,000,000 төгрөгийн 35 хувьтай тэнцэж байна. Давагдашгүй хүчин зүйлээс үүдэж үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон тул санхүүгийн хүндрэл үүсэх гээд байгаа. Иймд шүүхийг эрх хэмжээнийхээ хүрээнд алдангийг боломжит хэмжээгээр багасгаж өгнө үү гэж хүсэж байна. Учир нь хүндрэлтэй нөхцөл байдалд байсан гэх үйл баримтууд байгаагаас гадна өнөөдрийг хүртэлх хугацааны 2019 оны 10 дугаар сараас хойш Бүгд Найрамдах Хятад Ард Улсад хөл хорио тогтоосон тул төсөл хэрэгжээгүй. Хятад улс 0 Ковид гэх бодлого хэрэгжүүлж өнөөдрийг хүртэлх хугацаанд хөл хорио тогтоосон. Эдгээр нь манай ... ХХК-тай салшгүй холбоотой. Бидний зүгээс үндсэн зээл болон хүүгийн төлбөртэй маргахгүй. Анз буюу алданги нь компанийн үйл ажиллагаанд нөлөөлөхөөр байгаа тул үүнийг багасгаж өгнө үү...гэв.
3.Хариуцагч Я....г төлөөлөн түүний өмгөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт болон Я.... шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
Хариуцагчийн зүгээс зээлийн гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэхэд маргаангүй. Харин тухайн зээлийн гэрээ нь тодорхой зорилготой, зориулалт бүхий зээл байсан ба ... ХХК-ийн хувьд уг зээлийг зориулалтын дагуу, төсөл хөтөлбөрт заагдсан хугацаа, төлөвлөгөөний дагуу, стандартын бүхий л шаардлагыг хангахын тулд бүхий л нөөц боломжийг дайчлан ажиллаж, энэ талаар мэдээлэх үүргээ тухай бүр биелүүлж байсныг анхаарч үзэхийг хүсэж байна. Хариуцагчид тус гэрээний эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 34,717,806 төгрөг төлөх үүрэгтэй байснаас үүнийг бүрэн биелүүлсэн. Харин 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд 38,197,963 төгрөг төлсөн байна. Үүнээс үндсэн зээлэнд 3,774,459 төгрөг, хүүнд 69,141,309 төгрөг төлсөн гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсантай маргаагүй.
Бид уг зээлийг зориулалтын бусаар ашиглаагүй, зээлийг хэрхэн ашиглаж байгаа талаар болон төслийн ажил хэрхэн явагдаж байгаа талаарх мэдээллийг тухай бүр зээлдүүлэгчид мэдээлэх үүргээ бүрэн биелүүлж, зээлийг түр хугацаанд хойшлуулах, гэрээнд өөрчлөлт оруулах санал хүсэлтийг удаа дараа тавьж байсан боловч дээрх хугацаанд зээлдүүлэгчийн зүгээс үндэслэл бүхий тодорхой хариу ирүүлээгүй нь хэрэгт авагдсан албан бичгүүдээр тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 3.1.5, 4.2.9-д зааснаар зээлийн гэрээний нөхцөл өөрчлөх талаарх зохицуулалтыг хэрэглэх боломжтой байхад нэг талын давуу эрхийг ашиглан, тухайн төслийг хэрэгжүүлэх явцад бий болсон зээлдэгчээс үл хамаарах нөхцөл байдал, хүндрэл бэрхшээл, давагдашгүй хүчин зүйлсийг үл харгалзсан төдийгүй өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг хүссэн зээлдэгчийн хүсэлтэд тодорхой хариу өгөлгүйгээр бий болсон үйл явдлыг ердийн хэвийн нөхцөл байдлын нэгэн адил үзэж гэрээний үүргийг бүхэлд нь шаардаж байгаа явдал нь Иргэний хуулийн 208.4, 220.3, 222.2, 225.4.4-т заасныг тус тус зөрчиж зээлдэгчид хэт шударга бус хандаж, зээлийн гэрээг нэг талын санаачилгаар хугацаанаас өмнө цуцалж, зээлийг бүхэлд нь нэхэмжилж байгаа нь хуульд нийцээгүй гэж үзэхээр байна. Я....гийн зүгээс нэхэмжлэлээс алданги гаргуулах шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй явдал нь зээлдэгчийн гэм буруугаас болоогүй, зээлдэгчийн хүсэл зоригоос гадуур, урьдчилан хянах боломжгүй нөхцөл байдал, гэнэтийн давагдашгүй хүчин зүйлсийн улмаас бий болсон гэж үзэж байна. Зээлийн гэрээний хуваарьт төлөлтөд заагдсанаар 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс хойш гэрээ дуусах 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд төлвөл зохих 265,612,000 төгрөгийг урьдчилан шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
... шаардлага хангаагүй бол бүртгэл авахгүй гэсэн тул манайх ямар нэг эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадахаа больж, зөвхөн ариутгалын бүтээгдэхүүн хийж байгаа. 2019 онд Ковид-19 цар тахал гарсны улмаас эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлээгүй.
Өмгөөлөгч: Ковид-19 цар тахлын улмаас маш олон бизнес дампуурч, санхүүгийн хүнд нөхцөл байдалд орж байгаа. Эдгээр жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг эрхлэгч нарын хамгийн тод жишээ 70-аас 80 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа ... ХХК юм. 1,200,000,000 төгрөгийн хөрөнгийг л зарцуулж үйлдвэрийн барилгыг бариагүй. Үүнээс илүү мөнгийг оруулсан. Барилга баригдсан боловч Ковид-19 цар тахлын улмаас ажил эхлэх боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. ... ХХК төсөл хэрэгжүүлж чадахгүй нөхцөл байдалд хүрснээс Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эмийн тусгай зөвшөөрлөө Монос-д өгөхөөс өөр аргагүй байдалд хүрсэн. Хариуцагч байгууллагад зээлийн өр төлбөрөөс гадна хэд хэдэн хэцүү нөхцөл байдал үүссэн. Зээлийн гэрээний хэрэгжилтэд гаднын нөлөө нөлөөлж байгаа учраас үүнийг харгалзаж үзэхээс өөр аргагүй. Уг нөхцөл байдал хуулийн хүрээнд энэрэнгүй зарчим үйлчлэх ёстой. Алдангитай холбоотойгоор үссэн нөхцөл байдлыг харгалзаж үзэх хэрэгтэй. ...лэлтэй холбоотой нөхцөл байдал зөвхөн бизнесийн үйл ажиллагаа бус хүн амын амь нас, эрүүл мэндэд шууд нөлөөлж байгаа учраас тавигдах шаардлага өндөр. Үүнд нийцүүлэхийн тулд 2010 оноос хойш ...гаас зээл авч, тоног төхөөрөмжөө сайжруулж, цаашлаад үйлдвэрлэлийн барилгыг өргөжүүлэх төсөл явж байсан. Яаг л үнэн шударгаар явж байгаад давагдашгүй хүчин зүйлд өртсөн гэдгийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна...гэв.
4.Нэхэмжлэгч тал шаардах эрх болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4... зүйлийн 44.2 дахь хэсэгт нийцсэн дараах баримтуудыг хэрэгт нотлох баримтаар гаргав. Үүнд:
- ...ын улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-5/, Я....ыг даргаар томилсон Засгийн газрын тогтоол /хх-6/, Монгол улсын ...ын Ажлын хэсэг байгуулах тухай 2020 оны ... тушаал /хх-7-8/, ... ХХК-тай байгуулсан Зээлийн гэрээ /хх-10-16/, Үл хөдлөх эд хөрөнгийн Барьцаа (ипотек)-ны гэрээ /хх-17-23/, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-24-25/, ... ХХК-ийн Я....д олгосон итгэмжлэл /хх-26/, Газар эзэмшүүлэх гэрчилгээг түр хугацаагаар авах тухай ... ХХК-ийн 2021 оны хүсэлт бүхий албан бичиг /хх-27/, гэрчилгээ хүлээлгэн өгсөн акт /хх-28-29/, Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг эх хувиар түр хугацаагаар авах тухай ... ХХК-ийн хүсэлт /хх-30/, Барьцааны гэрээний дагуу барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн гэрчилгээ /хх-31-34/, ... ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон дүрэм /хх-35-37/, Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /хх-38-39/, Зээлийн хөшүүргийн жагсаалт дэлгэрэнгүй гэх баримт /хх-79-99/, Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /хх-211-237/ зэргийг нотлох баримтаар гаргасан байна.
4.Хариуцагч тал тайлбар, татгалзлын үндэслэлээ нотлохоор, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4... зүйлийн 44.2 дахь хэсэгт нийцсэн дараах баримтуудыг хэрэгт нотлох баримтаар гаргав. Үүнд:
- Я....г ажилд томилох тухай ... ХХК-ийн 2014 оны 010 дугаар тушаал болон ажлын байрны тодорхойлолт /хх-62-65/, Монгол улсын ...ын 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн ... Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /Force Majeure/-ийн гэрчилгээ /хх-133/, ... ХХК болон БНХАУ-ын ...компанийн хооронд байгуулагдсан ...ийн төсөл хэрэгжүүлэх гэрээний төсөл, баталгаат орчуулга /хх-161-170/, Голомт банкны Гадаад төлбөрийн даалгавар /хх-171/, Я....гийн гадаад паспортын хуулбар /хх-172/, ... ХХК болон Үндэсний хөрөнгө оруулалтын банк нарын байгуулсан 2010 оны Зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн хуваарь /хх-173-175/, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны тодорхойлолт /хх-176/, ... ХХК-ийн ...д хандсан Төслийн зээл хүсэх тухай 2018 оны 062 дугаар албан бичиг /хх-177/, Мон-Туул сервис ХХК-ийн ... ХХК-д хандсан 2022 оны М715/22 дугаар албан бичиг /хх-178/, ... ХХК-иас зээлийн гэрээний дагуу төлбөр төлсөн баримтууд /хх-179-202/, БНХАУ-ын ... компанийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ... ХХК-д хандсан Хятад хэл дээр бичигдсэн албан бичиг, баталгаат орчуулгын хамт /хх-243-244/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан.
5.Шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаар захирамжаар /хх-70-71/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу зохигчдоос нэмэлт нотлох баримт шаардсанаар нэхэмжлэгч ...-аас ... ХХК-ийн зээлийн эргэн төлөлтийн тооцоолол /хх-74-77/, гэрээ цуцлах тухай сануулсан мэдэгдэл /хх-78/ зэрэг баримтуудыг; хариуцагч ... ХХК-иас гэрээтэй холбоотой зээлдүүлэгчид хүргүүлсэн албан бичгүүд /хх-100-106/, ... ХХК санхүүгийн тэмдэг бүхий ....гийн зээл төлөлттэй холбоотой Ерөнхий журналын дэлгэрэнгүй бүртгэл-2 /хх-107-110/ зэрэг баримтуудыг тус тус нотлох баримтаар гарган шүүхэд ирүүлсэн болно.
Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч ... нь хариуцагч ... ХХК, Я.... нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, гэрээний үүрэгт 1,770,027,088 /нэг тэрбум долоон зуун далан сая хорин долоон мянга наян найман/ төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3.Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах болон үндсэн зээл, зээлийн хүүний төлбөр төлөх, мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах зэрэг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, алдангийн төлбөр 535,537,137 төгрөг гаргуулах шаардлагыг эс зөвшөөрч марган, алдангийн хэмжээг багасгуулахыг хүссэн.
4.Нэхэмжлэгч ... нь хариуцагч нараас тэдний ...тай байгуулсан 2018 оны зээлийн болон барьцааны гэрээний үүрэг шаардан нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Учир нь Монгол улсын ...ын 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн ... тушаалаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ... байгуулагдсантай холбогдуулан ...гийн ажлын албыг татан буулгаж, тус ажлын албаны ...үндсэн болон бусад хөрөнгө, өр авлага, үйл ажиллагааг ...т шилжүүлэх ажлын хэсэг байгуулж, холбогдох хууль тогтоомжийн дагуу шуурхай зохион байгуулахыг ажлыг хэсэгт даалгажээ. /хх-7, 8/
5.Хавтаст хэрэгт нотлох баримтаар цугларсан Зээлийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, барьцааны зүйлүүдийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнүүд, ...-ын зээл төлүүлэх тухай мэдэгдэл, Зээлийн гэрээний нөхцөл өөрчлөх, хугацаа сунгах тухай ... ХХК-ийн хүсэлт бүхий албан бичгүүд, Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ, зээл төлсөн төлбөрийн баримтууд, БНХАУ-ын ... компанийн албан бичиг зэрэг баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
5.1.... болон ... ХХК, Я.... нарын хооронд 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр ... тоот Зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч ... нь 1,200,000,000 /нэг тэрбум хоёр зуун сая/ төгрөгийг 60 сарын хугацаатай, нэг жилийн 3 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч ... ХХК, Я.... нар нь гэрээ байгуулснаас хойшхи 12 сард үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөж, 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн үндсэн зээл, зээлийн хүүний хамт төлөх нөхцөлтэй, Эм, хүнсний нэмэлт бүтээгдэхүүний үйлдвэрийн төсөл төслийн зориулалтаар ашиглуулахаар харилцан тохиролцож, зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлгүй 30 хоног хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд зээлийн үлдэгдэлд 0,1 хувийн алданги тооцох эрхийг зээлдүүлэгч эдлэхээр зааж, гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байна.
5.2.Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор талууд 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр ... тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа (ипотек)-ны гэрээ байгуулан,
- ... ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн ... хороо, Үйлдвэрийн баруун бүс ., ... тоот дахь 400 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ... дугаар гэрчилгээтэй, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
- ... ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн ... хороо, Үйлдвэрийн баруун бүс ., ... тоот дахь 600 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ... дугаар гэрчилгээтэй, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
- ... овогтой ...гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн ... хороо, ... ... тоот дахь 279,4 м.кв талбайтай, улсын бүртгэлийн ... дугаар гэрчилгээтэй, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг барьцаалан, гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлийн газарт бүртгүүлжээ.
5.3.Гэрээний дагуу зээлийн төлбөрийг 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлийн хүү төлж, 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээл болон зээлийн хүүний төлбөрийн хамт эргэн төлөх хуваарь гаргаж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
5.4.Хариуцагч нар төлбөр төлөх үүргээ тодорхой хэмжээнд буюу 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 3,774,459 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 69,141,309 төгрөг, нийт 72,915,768 төгрөг төлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 15,000,000 төгрөгийг тус тус төлжээ. /хх-74, 179-202/
5.5.Зээлдүүлэгч тал 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 1/508 тоот албан бичгээр ... ХХК-д Зээл төлүүлэх мэдэгдэл хүргүүлж, зээлийн төлбөр төлж барагдуулахыг мэдэгдсэн байна. /хх-78/
5.6.Харин зээлдэгч ... ХХК-иас зээлдүүлэгч талд хандан дараах үндэслэлүүдээр Зээлийн гэрээний 3.1.5-д зааснаар гэрээний нөхцөл өөрчлөх, эргэн төлөлтийн хуваарьт нэмэлт өөрчлөлт оруулах, зээл төлөх хугацааг сунгах зэрэг хүсэлтүүдийг гаргажээ. Үүнд:
- 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр ...тоот албан бичгээр Төслөөр баригдах барилгын гүйцэтгэл удааширч, зарим тоног төхөөрөмж нийлүүлэх хугацаа хойшлогдсон гэх үндэслэл /хх-101/,
- 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр ... тоот албан бичгээр төслөөр баригдах барилга бүрэн дуусаагүй, чухал хэрэгцээтэй тоног төхөөрөмж нийлүүлэх хугацаа хойшлогдсон зэрэг шалтгаанаас үйлдвэрлэл бүрэн явагдаж чадахгүй байгаагаас байгууллагын санхүү, эдийн засгийн байдал хүнд байгаа гэх үндэслэл /хх-102/,
- 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ... тоот албан бичгээр төслөөр баригдах барилга бүрэн дуусаагүй, БНХАУ-д Ковид-19 гарсантай холбоотой үйлдвэрлэл явагдаж чадахгүй байгаагаас санхүү, эдийн засгийн байдал тогтворгүй байгаа гэх үндэслэл /хх-103/,
- 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр ...тоот албан бичгээр төслөөр баригдах барилга бүрэн дуусаагүй, Ковид-19 цар тахал дэлхий даяар хөл хорионы дэглэм тодорхойгүй хугацаагаар үргэлжилсний улмаас чухал хэрэгцээтэй тоног төхөөрөмж, түүхий эд, бараа материал нийлүүлэх хугацаа хойшлогдсон, тоног төхөөрөмж суурилуулах, ажиллуулах багийг БНХАУ-аас ирүүлж чадахгүй байгаа зэрэг бодит шалтгаанаас үйлдвэрлэл бүрэн эхлүүлж чадахгүй зогсонги байдалд орж, байгууллагын санхүү, эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа. ...зээлийн зарцуулалт явцын талаар ...-ийн санд хоёр удаа албан тоотоор хандан хүсэлт тавьж байсан ...сангийн 2 хүн 2020 оны 3 дугаар сарын 09-нд ирж бодит байдалтай танилцаж, цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан зээлийн төлбөр хүүг түр зогсоохоор тохирсон гэж үзэж байгаа гэх хүсэлт, тайлбар /хх-104/,
- 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ... тоот албан бичгээр Коронавирус цар тахал дэлгэрсэн тул олон улсыг хамарсан хөл хорио тогтсоны улмаас үйлдвэрлэлийн схем зураг, модул, тоног төхөөрөмжийн сонголт, нийлүүлэлт саатаж үйл ажиллагаа бүрэн зогсоод байгаа. 2018.06.20-оос 2019.07.20 хүртэл зээлийн хүүгээ бүрэн төлж ирсэн, 2019 оны 9 сараас үйлдвэрийн гол тоног төхөөрөмж, үндсэн түүхий эд нийлүүлэгдэх боломжгүй болсноос үйлдвэрлэлийн ажиллагаа зогссон гэх үндэслэл /хх-105/,
- 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр .... тоот албан бичгээр Ковид-19 цар тахлаас шалтгаалсан хүнд нөхцөл байдлыг хохирол багатай даван туулахад дэмжлэг хүсэж цар тахлын үеийн хүндрэл бэрхшээлээс гарах, үйл ажиллагаагаа хэвийн болгох хүртэл зээлийн хүүг түр зогсоож, алдангиас чөлөөлж, эргэн төлөлтийн хугацааг 2 жилээр сунгах хүсэлтийг хүргүүлж байна гэж /хх-106/ тус тус хүсэлт хүргүүлсэн байна.
6.7.Монголын Үндэсний ...ын 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн №... тоот Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /Force majeure/-ийн гэрчилгээгээр ... ХХК-д гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал үүссэн, энэ нөхцөл байдал үүсэх болсон шалтгаан нь тус компанийн хүсэл зориг, хяналтаас гадуур, урьдчилан таамаглах, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /force majeure/ мөн болохыг нотолж Force majeure /гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл/ болон Hardship /хүнд байдал/-ыг гэрчлэх журмын 1.2.1.4, 1.2.1.5, 2.4 дэх хэсгийг үндэслэн гэрчилгээ олгожээ. /хх-133/
6.Талууд зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлийн мөнгийг зээлдэгч нарт олгосон эсэх болон буцаан төлсөн зээл, зээлийн хүүний хэмжээ болон гэрээг хугацаанаас өмнө цуцлах нөхцөл бүрдсэн талаар маргаагүй. Харин зээлдэгч нар гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй байсан эсэх, уг шалтгаанаар алданги төлөхөөс чөлөөлөгдөх эсэх талаар өөр өөрийн үндэслэл зааж маргасан.
7.Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар эс зөвшөөрч маргаж байсан боловч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед энэхүү нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч буй талаар тайлбарласан. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нарт үүрэг гүйцэтгэх буюу зээлийн гэрээний дагуу төлбөр төлөхийг мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоон, тухайн тогтоосон хугацаанд төлбөр төлөөгүй болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн ... тоот мэдэгдлээр тогтоогдсон учир нэхэмжлэгч ... нь маргаан бүхий зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрх үүссэн гэж дүгнэн, нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хангаж шийдвэрлэв.
8.Гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээл, зээлийн хүүний төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх үүрэгтэй гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт ...мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасны дагуу зээлдүүлэгч ... нь 1,200,000,000 төгрөгийг зээлдэгч ... ХХК-д шилжүүлсэн, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр зээлийн гэрээний харилцаа үүссэн байх тул гэрээний дагуу төлөгдөөгүй үлдсэн үндсэн зээл болон зээлийн хүүний төлбөрийг тус тус хариуцагч нараас шаардах эрхтэй.
9.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ... ХХК-ийн захирал О....ас 15,000,000 төгрөгийг Төрийн сангийн ... тоот дансанд шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон бөгөөд уг төлбөрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар үндсэн зээлийн үлдэгдэл 1,196,225,540 төгрөгөөс хасаж, төлөгдөөгүй үлдсэн 1,181,225,540 төгрөгийн үндсэн зээл, мөн зээлийн хүү 38,264,411 төгрөгийг тус тус хариуцагч ... ХХК, Я.... нараас гаргуулан нэхэмжлэгч ...-т олгож, эдгээр шаардлагаас 15,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
10.Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагч нарыг зээлийн төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй учир хугацаа хэтрүүлсний алданги 535,537,137 төгрөг гаргуулахаар шаардаж, уг шаардлагын үндэслэлээ хариуцагч нар төлвөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, удаа дараа зөрчиж, зээлийн хугацааг нэхэмжлэл гаргасан 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 977 хоногийн алданги 358,798,633 төгрөг, улмаар нэхэмжлэлийн шаардлага ихэсгэсэн 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 176,738,504 төгрөг, нийт алданги 535,537,137 төгрөгийг шаардана гэж тодорхойлсон.
10.1.Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Монголын Үндэсний ...аас гаргасан Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ-г үндэслэн Ковид-19 цар тахлын улмаас хөл хорио тогтоосон хугацааны нийт 209,843,767 төгрөгийн алдангийг хасах боломжтой гэх тайлбарыг гаргаж байна.
10.2.Харин хариуцагч нарын зүгээс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны алданги 64,789,222 төгрөг төлөхийг зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ өөрөөс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас 2020 оны 6 дугаар сараас хойш зээлийн төлөлт хийгээгүй ч энэ хугацаанд зээлийн хүүний төлбөрийг тогтмол төлж байсан. Ковид-19 цар тахлын давагдашгүй нөхцөл байдал болохоос өмнө Засгийн газраас гаргасан шийдвэрийн улмаас эм үйлдвэрлэх боломжгүй болсон, энэ тухай зээлдүүлэгчид мэдэгдэж, удаа дараа гэрээнд заасны дагуу зээлийн гэрээний нөхцөл өөрчлөх хүсэлт гаргаж байсан боловч зээлдүүлэгчээс тодорхой арга хэмжээ аваагүй буюу хариу өгч шийдвэрлээгүйн улмаас хугацаа алдсан, алдангийн хэмжээ хэт их байна гэж тус тус тайлбарлан, алдангийн хэмжээг бууруулах хүсэлтийг гаргасан.
11.Талууд Зээлийн гэрээний 1.5-д алдангийн хэмжээг хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувь байхаар тогтоосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байна. Ийнхүү хууль болон гэрээнд заасны дагуу нэхэмжлэл гаргах үед гүйцэтгээгүй байсан үндсэн үүрэг буюу зээлийн төлбөр 1,196,225,540 төгрөгөөс 0,1 хувийн алданги тооцвол нэг хоногийн 1,196,225 төгрөг болох ба нэхэмжлэгчийн алдангид шаардаж буй 535,537,137 төгрөгөөс энэ хэмжээгээр тооцвол хугацаа хэтэрсэн 447 хоног байхаар тооцоологдож байна.
12.Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч тал хариуцагч нарын зээлийн гэрээний хугацаанд учирсан гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас, Монголын Үндэсний ...аас гаргасан гэрчилгээнд заасан хугацаануудад 209,843,767 төгрөгийн алдангийг хариуцна гэх агуулга бүхий тайлбар гаргасан.
13.Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж тус тус хуульчилсан байна.
14.Хариуцагч ... ХХК-иас нэхэмжлэгч ...-т хандан гэнэтийн буюу давагдашгүй хүчийн зүйлийн улмаас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон учир гэрээний 3.1.5-д зааснаар зээлийн гэрээний нөхцөл өөрчлөх тухай хүсэлтийг 6 удаа хүргүүлсэн байх боловч зээлдүүлэгч талаас хариу өгөөгүй байна. Хариуцагч нар зээлийн гэрээний хугацаанд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болж, энэ тухай зээлдүүлэгчид удаа дараа мэдэгдэн, зээлийн гэрээний хугацааг сунгах, үндсэн зээлийн төлөлт хийх хугацааг хойшлуулах зэргээр хүсэлт гаргаж байсан нь тус компанийн хүсэлт бүхий албан бичгүүд, Монголын Үндэсний ...ын Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ, БНХАУ-ын харилцагч байгууллагын албан бичиг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул эдгээр нөхцөл байдлыг харгалзан алдангийн хэмжээг багасган, хариуцагч ... ХХК-ийн төлөөлөгчийн хүлээн зөвшөөрч буй 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны алданги 64,789,222 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ...-т олгож, нэхэмжлэгчийн алдангид шаардсан үлдэх 470,747,915 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
15.Талуудын байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан бичгээр хийж, нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэхээр хуульд заасан болон хэлбэрийн шаардлага хангасан байх тул хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан худалдаж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулна.
16.Нэхэмжлэгч ... нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба хариуцагч ... ХХК, Я.... нараас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлээс хангагдсан шаардлагад тооцогдох тэмдэгтийн хураамжид 6,579,345 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч ... ХХК, Я.... нараас 1,284,279,173 /нэг тэрбум хоёр зуун наян дөрвөн сая хоёр зуун далан есөн мянга нэг зуун далан гурван/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 485,747,915 /дөрвөн зуун наян таван сая долоон зуун дөчин долоон мянга есөн зуун арван таван/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хариуцагч нар шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар ... ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн ... хороо, Үйлдвэрийн баруун бүс ., ... тоот дахь .... м.кв талбайтай, улсын бүртгэлийн ... дугаар гэрчилгээтэй, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ... ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн ... хороо, Үйлдвэрийн баруун бүс ., ... тоот дахь ... м.кв талбайтай, улсын бүртгэлийн ... дугаар гэрчилгээтэй, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ... овогтой ...гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн ... хороо, ... ... тоот дахь .. м.кв талбайтай, улсын бүртгэлийн ... дугаар гэрчилгээтэй, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэрэг барьцаа хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч нараас 6,579,345 /зургаан сая таван зуун далан есөн мянга гурван зуун дөчин таван/ төгрөг гаргуулан улсын төсөв /Баянгол дүүргийн татварын хэлтэс/-т оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 1... зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА