| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2022/01789/И |
| Дугаар | 102/шш2022/04021 |
| Огноо | 2022-11-15 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 102/шш2022/04021
2022 оны 00 сарын 00 өдөр Дугаар 102/ШШ2022/00000 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:....-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: ажил олгогчид учруулсан хохирол 7,929,329 /долоон сая есөн хорин есөн мянга гурван зуун хорин есөн/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б....,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.... шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Иргэн Т.... нь манай компанид анх 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Маркетинг борлуулалтын албанд Худалдааны төлөөлөгч гэсэн албан тушаалд томилогдож, хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг байгуулсан. Т.... нь ажиллах хугацаандаа 3,434,080 төгрөгийн ус ундаа, жүүсийг бусдад зээлээр өгч, авлага өр төлбөр үүсгэсэн бөгөөд авлага барагдуулах талаар 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр өргөдөл бичиж өгсөн. Гэвч цалингаас суутгал хийх явцад дахин бэлэн мөнгөний орлогын баримтыг засварлаж харилцагч нараас бэлэн мөнгө авч хувьдаа завшсан үйлдэл гаргасан бөгөөд одоогийн байдлаар нийт 7,929,329 төгрөгийн өр авлага үүсгэн ажилдаа ирэхгүй алга болсон. Оршин суугаа хаягтаа байхгүй, утсаа авахгүй байсан тул эрэн сурвалжлуулах шүүхийн шийдвэр гаргуулж хаяг тодорхойлсон бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, 158.1.2-т заасны дагуу Т....оос манай компанид учруулсан хохирол болох 7,929,329 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллагаас ажиллагаа хийснээр Т....ын хаягийг тогтоосон ба тэрээр нэхэмжлэлийн шаардлагын талаар хангалттай мэдэж байгаа. Хариуцагч 1995 онд төрсөн, эхнэр хүүхэдтэй. Хэдий тушаал дээр 420,000 төгрөгийн цалинтай гэж байх боловч борлуулалтаас олсон ашиг нь нэмэгдээд 1,000,000 гаруй төгрөгийн цалин авдаг байсан. Хариуцагч өөрийн бичсэн өргөдөл дээрээ мөнгөн дүнг эргүүлж олж авч чадаагүй гэсний дагуу бид гэрээтэй байгууллагууд руу очиж шалгахад харилцагч байгууллагуудын өгсөн мөнгийг хариуцагч бэлнээр болон өөрийн дансаар авсан байсан. Хариуцагчийн амьдрал ахуй гайгүй бөгөөд эгч нь Сүхбаатар дүүргийн ... дугаар хорооны Засаг дарга байсан. Гэтэл яагаад ингэж явааг нь ойлгохгүй байна. Үүнээс гадна Сүхбаатар дүүргийн Цагдаагийн ... ... хэлтэст баригдаж ирэхэд нь би байсан. Хариуцагчид авлагын талаар танилцуулахад мөнгөн дүнтэй маргаагүй бөгөөд дүү нь өвдсөн тул мөнгөний хэрэг гарсан гэж хэлсэн. Хариуцагчийн дүү Тогтуун гэх хүн ахыгаа батлан дааж, дуудсан цагт нь авч ирнэ гэж байсан. Хариуцагчийн ээжтэй холбоо барьдаг байсан бөгөөд сүүлдээ утсаа авахаа болсон. Хариуцагч мөнгө авсан гэдгээ болон шүүхэд манайхыг нэхэмжлэл өгсөн гэдгийг мэдэж байгаа. Нэхэмжлэл дээрх үнийн дүнг бид өөрсдийн авлагын программаас хэвлэж, санхүүгийн албан ёсны тамга дарж хэвлэж өгсөн тул баримттай холбоотой хариуцлагыг бид хүлээнэ. 7,929,329 төгрөгийн авлагыг үнэн зөв тодорхойлогдсон гэж үзэж байгаа...гэв.
2.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор: Т....той байгуулсан 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн .. дугаар Хөдөлмөрийн гэрээ /хх-5-6/, 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн .... дугаар Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ /хх-7/, Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй /хх-8/, Т....ыг өөр албан тушаалд шилжүүлэн томилох тухай ... ХХК-ийн захирлын 2021 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн. .дугаар тушаал /хх-9/, Т....ыг ажилд авах тухай 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Б/13 дугаар тушаал /хх-10/, Т....ын ... ХХК-д гаргасан өргөдлийн эх хувь /хх-11/, Т....оос авах авлагын жагсаалт /хх-12/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ...дугаар шийдвэр /хх-13-15/, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын ..... хэлтсийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн албан бичиг /хх-16/, Т....ын цагдаагийн байгууллагад бичиж өгсөн тодорхойлолт /хх-26/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Шүүх ... ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Т....той хөдөлмөрийн гэрээ болон Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан ба хариуцагч тус компанид худалдааны төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа бусдад байгууллагын бараа бүтээгдэхүүнийг буюу ус, ундаа, жүүсийг бусдад зээлээр өгч өр авлага үүсгэсэн, бэлэн мөнгөний орлогын баримтыг засварлаж, харилцагч нараас бэлэн мөнгө авч хувьдаа завшин ажил олгогчид нийт 7,929,329 төгрөгийн хохирол учруулсан. 2021 онд ажилдаа ирэхгүй алга болсон учир хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нь чөлөөлсөн учир Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, 158 дугаар зүйлийн 158.1.2 дахь хэсгүүдэд заасны дагуу учирсан хохирлоо гаргуулахаар шаардана гэж тодорхойлсон.
3.Хариуцагч Т....ын эзгүйд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн тухайд:
3.1. Нэхэмжлэгч ... ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ...дугаар шийдвэрээр Т....ыг эрэн сурвалжлахаар шийдвэрлэж, эрэн сурвалжлах ажиллагааг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын .... хэлтэст даалгасан байна.
3.2. Дээрх шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын ... хэлтэс эрэн сурвалжилж, Т....ыг Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Амарсанаагийн гудамж 2-60 дугаар байрны 39 тоот хаягт оршин сууж байгаа болохыг олж тогтоон эрэн сурвалжлалтыг зогсоосон ба Т.... нь цагдаагийн байгууллагад очиж, БЗД-н иргэний хэргийн анхан шатны шүүхийн дугаар №...шийдвэртэй танилцсан Түвшинтөр овогтой ... миний бие БГД-н .. хороо, ... тоотод оршин сууж амьдарч байгаа. Цагдаагийн байгууллага болон шүүхээс дуудсан цагт ирж уулзана гэж тодорхойлон, өөрийн болон эхнэрийн утасны дугаарыг бичсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь тухайн хаягийн харъяалах шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
3.3. Тус шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн, хариуцагчийг шүүхэд ирэхийг мэдэгдэж Шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүргүүлснийг түүний ээж н...., 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн мэдэгдэх хуудсыг Т.... өөрөө тус тус гардан авсан боловч заасан хугацаанд шүүхэд ирээгүй байна. Улмаар шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаар Хариуцагчийг албадан ирүүлэх тухай захирамжаар шүүхэд албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн боловч тухайн хаягт Т.... оршин суудаггүй гэх Баянгол дүүргийн ... дугаар хорооны засаг даргын тодорхойлолтыг Шүүгчийн захирамжид заагсан хаяг шалгасан тухай цагдаагийн албан хаагчийн тэмдэглэл, илтгэх хуудсыг ирүүлэн Т....ыг шүүхэд албадан ирүүлэх боломжгүй байгааг илтгэсэн байна.
3.4. Хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан 60 хоногийн хугацаа 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр дууссан тул тус шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор 30 хоногоор сунгасан боловч тухайн хугацаа дууссан болно.
3.5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн ..... дугаар захирамж гарч, хариуцагчийн байх магадлалтай гэх Сүхбаатар дүүргийн .... хороо, ..... гудамж, .... тоот хаягаар хариуцагчийг дахин албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн боловч Сүхбаатар дүүргийн .... хорооны засаг дарга тус газар 2019 онд газар чөлөөлөлтөнд орж айлууд нүүсэн болохыг тодорхойлсныг илтгэх хуудсанд хавсарган шүүхэд ирүүлж захирамж биелэгдэх боломжгүй болсон.
3.6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хүсэлтийг үндэслэн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 78 дугаар зүйлийн 78.6, 100 дугаар зүйлд заасны дагуу хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр товлож, шүүх хуралдааны товыг Шүүхийн мэдэгдэх хуудсаар хариуцагчийн Баянгол дүүрэг дэх хаягаар хүргүүлэхэд түүний хамаатан н.... гардаж авсан ба Сүхбаатар дүүргийн хаягаар хүргүүлсэн мэдэгдэх хуудсыг тус хорооны засаг даргаас нүүсэн гэх тодорхойлолт гарган буцааж хүргүүлсэн байна.
3.7. Улмаар шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт заасны дагуу Т....ын ... дугаарын, мөн түүний дүү ....ы .... дугаарын, эхнэр .... дугаарын утас руу тус тус шүүх хуралдааны товыг мессеж бичиж хүргүүлэн, фото хэлбэрээр хэрэгт хавсаргасан болно.
3.8.Хариуцагч Т.... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7... зүйлийн 72.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хариуцагчид гардуулсан гэж үзэн, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв. Тодруулбал: хариуцагч Т.... нь нэхэмжлэгч ... ХХК-ийг өөрт холбогдуулан ямар асуудлаар нэхэмжлэл гаргаж иргэний хэрэг үүссэн талаар баттай мэдсэн буюу Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн ... хэлтсээс Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн гаргасан шийдвэрийн дагуу эрэн сурвалжлах ажиллагаа хийгдсэнээр цагдаагийн байгууллагад очсон. Тийнхүү очихдоо ... ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн дагуу эрэн сурвалжлахаар шийдвэрлэсэнтэй танилцсан, мөн тус компанийн гаргасан нэхэмжлэлийн дагуу иргэний хэрэг үүсгэснээр шүүхэд ирэхийг мэдэгдсэн Шүүхийн мэдэгдэх хуудсыг өөрөө гардан авч, шүүх хуралдааны товыг түүний болон эхнэр, дүүгийнх нь гар утас руу мессеж бичиж мэдэгдсэн байна.
4.Хэрэгт нотлох баримтаар авагдсан Хөдөлмөрийн болон Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй, ... ХХК-ийн захирлын тушаалууд, Т....оос авах авлагын жагсаалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын ... хэлтсийн албан бичиг, Т....ын цагдаагийн байгууллагад бичиж өгсөн тодорхойлолт зэргээр дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:
4.1.Хариуцагч Т.... нь 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн ... ХХК-ийн Маркетинг борлуулалтын албанд Хөдөлмөрийн гэрээний дагуу худалдааны төлөөлөгчөөр томилогдон ажиллаж, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг мөн байгуулан, ажилтан буюу Т.... нь байгууллагаас түнд хадгалуулах буюу албан хэрэгцээнд нь ашиглуулах зорилгоор хариуцуулан өгсөн эд хөрөнгө, худалдан борлуулах зорилгоор хүлээлгэн өгсөн бараа, материал, түүхий эд, тоног төхөөрөмж, борлуулалтын орлогод хайр гамтай хандаж, хохирол учрахаас урьдчилан сэргийлэх, аюул ослын нөхцөл байдал үүсч болзошгүй тохиолдлыг байгууллагын захиргаанд цаг тухайд нь мэдэгдэх үүрэг хүлээсэн байна.
4.2.Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хугацаандаа Т.... нь 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар буюу 2020-2021 оны хугацаанд ажил олгогчид 3,434,080 төгрөгийн ус ундаа жүүсийг зээлээр өгч хариуцлага алдсаны улмаас тухайн мөнгөн дүнг цалингаас суутгуулахыг хүсэж ажил олгогчид өргөдөл гаргажээ.
4.3.Уг төлбөрөө бүрэн төлөөгүй бөгөөд 2021 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 1... сарын 31-ний өдрийн байдлаар нийт 9,799,080 төгрөгийн авлага үүсгэснээс 9 удаагийн төлөлтөөр 1,909,750 төгрөг төлж, 7,929,329 төгрөг төлөгдөөгүй болох нь Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй баримтаар тогтоогдож байна.
5.Талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн ба, нэхэмжлэгч нь хариуцагчийг тус компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу худалдааны төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа байгууллагад учруулсан хохирол 7,929,329 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2 дахь хэсэгт нийцсэн байх шүүх энэхүү нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжтой. Мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.2 дахь хэсэгт эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан, эсхүл хөдөлмөрийн гэрээнд энэ тухай тусгайлан тохирсон ажилтан ажил үүргээ гүйцэтгэх үедээ ажил олгогчид хохирол учруулсан бол ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн учруулсан хохирол болох 7,929,329 төгрөгийг шаардах эрхтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
6.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142,000 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 142,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, 158 дугаар зүйлийн 158.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т....оос 7,929,329 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ... ХХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 142,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 142,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.САРАНТУЯА
.