| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 195/2025/1401/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2109 |
| Огноо | 2025-09-08 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2109
2025 09 08 2025/ШЦТ/2109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, шүүгч О.Жанчивнямбуу, шүүгч Г.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.О- хөтлөн,
иргэдийн төлөөлөгч Ж.М-,
улсын яллагч Х.Анхцэцэг,
шүүгдэгч Х.Т-, түүний өмгөөлөгч Б.Ж- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос *** овогт Х-н Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг **** оны ** дугаар сарын **-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр *** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “***” ХХК-д ачигч ажилтай гэх, ам бүл **, эхнэр, хүүхдүүдийн хамт *** дүүргийн ** дугаар хороо, Хилчиний ** дугаар гудамжны ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б- овогт Х-н Т- /регистрийн дугаар **********/.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Х.Т- **** оны **дүгээр сарын **-ны өдөр **** дүүргийн *** дугаар хороо, ***-ийн агуулахад хохирогч М.А- хэвлий тус газарт нэг удаа хутгалж, зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.Т-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамт /хавтаст хэргийн 11-13 дахь тал/,
Хохирогч М.А- **** оны ** дугаар сарын **-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...**** оны ** дүгээр сарын **-ны өдөр би ажил дээрээ ажлаа хийгээд байж байгаад тамхи асаахаар нөгөө агуулах руу ортол Т- “яах гээд өөр агуулах хэсээд яваад байгаа юм бэ” гэж хашгирахаар нь би явж очоод “яаж харьцаад байгаа юм” гэж хэлтэл өмдний халааснаасаа тонгоргон хутга гаргаж ирээд дэлгэсэн. Тэгээд “дүрчихнэ шүү” гэж хэлэхээр нь би “чаддаг юм бол дүрчих” гэж хэлтэл шууд миний гэдэс рүү нэг удаа дүрчихээд буцаагаад сугалаад авчихсан. Тэр үед надад юм мэдэгдээгүй. Би барьж аваад цааш нь түлхчихээд байж байтал миний гэдэснээс гэнэт цус гарчихаар нь ариун цэврийн өрөө орж цусаа цэвэрлэх гэтэл цус маань тогтохгүй байхаар нь жижиг алчуур нугалж гэдэс дээрээ тавиад дүүргийн эмнэлэг рүү очиж оёдол тавиулсан. Гэтэл дүүргийн эмнэлэг намайг дотуур цус алдаж магадгүй Гэмтлийн эмнэлэг рүү яв гэж хэлсэн. Би Гэмтлийн эмнэлэгт очиж эход харуулахад дотуур цус алдалттай байна, шууд хагалгаанд орж гэж хэлсэн. Ингээд Цэргийн төв эмнэлэг рүү очиж хагалгаанд орсон. Х.Т- эмчилгээний зардалд ***** төгрөг өгсөн. Өмнө нь надад сая гаруй төгрөгийн тусламж үзүүлсэн тул гомдолгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,
Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /хавтаст хэргийн 36 дахь тал/,
Иргэний нэхэмжлэгч Д.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М.А- нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ, үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас **** төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Х.Т-өөс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн сан банк дахь дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,
Гэрч Ш.Э- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...**** оны ** дүгээр сарын **-ны өдөр ** цаг ** минутад манай ажилтан Л-н залгаад Т- залгаад байна, миний машиныг бариад Цэргийн төв эмнэлэг орохоор боллоо, тэгээд А бид хоёр ажлын байран дээрээ ноцолдож байгаад тороос ч юм уу нэг зүйлээр гэдэс рүү нь хатгасан. Гэмтэл согог судлалын төвд байна, цагдаа нь машинаа барьж явж болохгүй гээд Л-г дуудлаа гэж хэлсэн. Тэгээд би эхнэртэйгээ гэмтлийн эмнэлэг явлаа гэж хэлэхээр нь би “***” ХХК-ийн шөнийн ээлжийн диспичертэй холбогдоод юу болсон талаар газар дээр нь тодруул, над руу унаа явуул гэж хэлсэн. Тэгээд байж байтал манай ажилтан А-н эгч нь залгаад Цэргийн төв эмнэлэг рүү явж байна гэж хэлсэн... А- надад тамхи асууж ороод ийм юм болчихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дэх тал/,
Хохирогч М.А-н өвчний түүх /хавтаст хэргийн 49-81 дэх тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын **** оны** дугаар сарын **-ны өдрийн *** дугаартай шинжээчийн “...М.А-н биед хэвлийд хүйсний баруун доод хэсэгт хэвлийн шулуун булчинг нэвтэрч их сэмжийг гэмтээсэн шарх гэмтэл, уг шархны улмаас хэвлийн хөндийд цус алдалт үүсч хэвлий нээж шалгах, угаах, гуурсдах мэс засал /****.**.**/-н дараах байдал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.14-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд буюу ****.**.**-нд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 88-89 дэх тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын **** оны ** дугаар сарын **-ны **** дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн олон үйлдэлтэй эвхэгддэг хутга шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн олон үйлдэлтэй эвхэгддэг хутганаас гарын мөр илрээгүй тул цаашид харьцуулан шинжлэх боломжгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 97-98 дахь тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын **** оны ** дүгээр сарын **-ны өдрийн **** дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн бариултай эвхэгддэг хутга нь шинжилгээнд тэнцэнэ. Хар өнгийн бариултай эвхэгддэг хутга ажлын хэсэг дээр хүний цус илэрсэн, биологийн бусад ул мөр илрээгүй. Хар өнгийн бариултай эвхэгддэг хутга дээрх цус М.А-н гэх биологийн дээжийн ДНХ-ийн тогтцыг тогтоов. Хар өнгийн бариултай эвхэгддэг хутга дээрх ДНХ-ийн тогтоцтой М.А-н баярын ДНХ-ийн тогтоц тохирч байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 101-102 дахь тал/,
Хохирогч М.А-н, шүүгдэгч Х.Т- нарын хохирол төлбөр ***төгрөг хүлээлцсэн талаарх баримт /хавтаст хэргийн 167 дахь тал/,
Шүүгдэгч Х.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би ажил руугаа орохдоо тухайн хутгыг санаандгүй авч орсон. Тэгээд ажлаа хийж байтал а гаднаас ороод ирсэн. Би “юу хийж яваа юм” гэтэл “амарч явна” гэж хэлэхээр нь “агуулахдаа очиж амраач” гэтэл хүрээд ирсэн. Би тухайн үед яагаад ч юм халаасандаа байсан хутгаа гаргаж ирээд дэлгээд нэг удаа хэвлий хэсэг рүү нь гараа явуултал “ахаа халуу дүүгээд байна” гэж хэлэхээр нь цамцыг нь дээшлүүлтэл цус гарч байхаар нь ариун цэврийн өрөө рүү авч ороод цусыг нь тогтоох гэтэл тогтохгүй байсан. Даавуугаар дарж бүсийг нь чангалаад шууд гараад миний машинд сууж дүүргийн эмнэлэг орж боолт хийлгэчихээд Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү орсон. Гэмтэл дээр очиж мөн анхны тусламж авчихаад цэргийн эмнэлэг рүү түргэний машинаар аваад явсан. Би гэмтлийн цагдаа дээр үлдсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 124-125 дахь тал/
шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 126 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 135 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 136 дахь тал/, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /хавтаст хэргийн 93-94 дэх тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалж, камерийн бичлэг болон хутга 1 ширхэгийг үзүүлж таниулав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Шүүгдэгч Х.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.
Шүүдэгчийн өмгөөлөгч Б.Ж гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Х.Т- өөрийн үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэм буруу дээрээ маргахгүй. Хохирогч өөрт учирсан хохирлоо авсан ба дахин нэхэмжлэх зүйлгүй гэж хэлсэн. Мөн эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлоо шүүгдэгч нь төлж барагдуулсан...” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Х.Т-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна...” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Х.Т-ийн хохирогч М.А-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсныг хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч М.А-н, гэрч Ш.Э- нарын мэдүүлэг, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч М.А-ын биед учирсан хэвлийд хүйсний баруун доод хэсэгт хэвлийн шулуун булчинг нэвтэрч их сэмжийг гэмтээсэн шарх бүхий хүнд гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Х.Т- **** оны ** дүгээр сарын **-ны өдөр *** дүүргийн ** дугаар хороо, “***” ХХК-ийн агуулахад хамт ажилладаг хохирогч М.А-н хэвлий тус газар нь нэг удаа хутгалж, зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан байна.
Энэ үйл баримт хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Тодруулбал, шүүгдэгч Х.Т- нь хохирогч М.А-нын эрүүл мэндэд зэвсэг хэрэглэж, хүнд хохирол санаатай учруулсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хүнд хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд прокуророос шүүгдэгчийг дээрх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчилсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад “...зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн бол” гэж гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилжээ.
Иймд шүүгдэгч Х.Т-ийг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдэн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг “зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана” гэж тус тус хуульчилсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.А-ыг хохирогчоор тогтоосон нь хуульд нийцсэн байна.
Энэ гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хор уршиг учирсан байх бөгөөд хохирогч М.А-н мөрдөн шалгах ажиллагаанд “...Х.Т-өөс **** төгрөг хүлээн авсан, гомдол саналгүй...” гэх хүсэлт /хх-ийн 167 дахь тал/ авагдсан байх ба шүүгдэгч Х.Т- шүүхийн хэлэлцүүлэгт эрүүл мэндийн даатгалын санд **** төгрөг төлсөн талаарх баримтыг шинээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Х.Т-ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хохирогч М.А-н энэ гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Х.Т-өөс нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй байна.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч “шүүгдэгч Х.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хариуцлага оногдуулахад тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Мөн бага насны * хүүхэдтэй, ээжтэйгээ амьдардаг, хөдөлмөрийн чадвараа 70% алдсан зэрэг онцгой нөхцөл байдлуудыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар 3 жил, 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү...” гэсэн хүсэлтийг тус тус гаргалаа.
Шүүгдэгч Х.Т- шүүхэд хандаж хэлсэн эцсийн үгэндээ: “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би эхнэр, * хүүхэдтэйгээ хамт амьдардаг зэргийг харгалзан надад хамгийн бага ял оногдуулж өгнө үү...” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заажээ.
Шүүхээс шүүгдэгч Х.Т-т ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчмыг, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэх, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож өгнө үү гэх хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь: Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэдэгт урьдчилан төсөөлөөгүй, гэнэт бий болсон хүчин зүйлд автаж, Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн байхыг ойлгоно.
Хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч Х.Т- хохирогч М.А-ныг агуулах хэслээ гэх шалтгаанаар эвхэгддэг хутга буюу зэвсэг хэрэглэн хэвлий тус газар нэг удаа хутгалсан нь шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул шүүгдэгч Х.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иймд шүүгдэгч Х.Т-ийг “зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөр нөхөн төлсөн, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Дөрөв: Бусад асуудлын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин Т- болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгаж,
шүүгдэгч Х.Т- энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,
шүүгдэгч Х.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, цагдан хорьж түүний ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Х-н Т-ийг “зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Т-т 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх заалтад тус тус зааснаар шүүгдэгч Х.Т-т оногдуулсан 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин Т- болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.А-н энэ гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Х.Т-өөс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Х.Т- энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч Х.Т-н урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, цагдан хорьж түүний ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин Т- болтол Х.Т-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ
ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ
ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ