Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2021/ДШМ/601

 

 

 

 

 

 

     2021            6              10                                       2021/ДШМ/601

                                                       

Д.Цид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Н.Батсайхан, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Энх-Амгалан,

шүүгдэгч Д.Цийн өмгөөлөгч О.Анхбаяр,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/128 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Э.Амарбатын бичсэн 2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 18 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлээр Д.Цид холбогдох 2009011930790 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Ш овгийн Дийн Ц, 1991 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банкны удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, эхнэрийн хамт -тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;

            Шүүгдэгч Д.Ц нь иргэн Б.Зг “Барьцаанд байгаа байраа чөлөөлж их хэмжээний зээл авах гэж байгаа юм” гэж хуурч, бусдад өр төлбөртэй байсан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Далай хүү” худалдааны төвийн нэгдүгээр давхарт байрлан үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны салбараас 7.000.000 төгрөг, 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр “Миний зээл шийдэгдчихлээ, одоо 7.000.000 төгрөг байвал нөгөөдөр миний мөнгө бүтэх гээд байна, бүтэхээр нь чиний мөнгийг бөөнд нь өгье” гэж хуурч Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкны салбараас 8.000.000 төгрөг, нийт 15.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Цийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш овогт Дийн Цийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Цийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цид нь энэ тогтоолоор оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Ц нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

            Прокурор Э.Амарбат бичсэн эсэргүүцэлдээ: “...Улсын яллагчаас анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо шүүгдэгч Д.Цийн гэмт буруутайг нотолж, хавтас хэргээс түүний гэм буруугаа хэрхэн хүлээж, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, хэрхэн гэмшиж байгаа байдлыг нь үнэлж дүгнэн түүнд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан боловч шүүхээс оногдуулсан ял хуулиар тогтоосон хэмжээнд хэдий ч илт хөнгөдсөн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, улсын яллагчаас яллагдагч Д.Цийг 2 удаагийн үйлдлээр бусдыг залилсан, мөрдөн байцаалтын шатанд буюу прокурорын хяналтын шатанд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлөөгүй, мөн нөхөн төлөхөө илэрхийлээгүй, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж өөртөө дүгнэлт хийгээгүй байдлыг харгалзан хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байхад анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтад оновчтой дүгнэлт хийлгүйгээр улсын яллагчийн санал болгосон ялаас доогуур ял оногдуулж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр, хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна. Учир нь, шүүх дүгнэлт хийж, гэм буруу, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тогтоохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршиг, шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх” нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх ёстой бөгөөд шийдвэрт эдгээр нөхцөл байдал шинжийг тодорхой дүгнэх, тэгснээр эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхүйц хэмжээнд ял, албадлагын арга хэмжээг оновчтой тогтоох учиртай. Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Цийн үйлдсэн хэргийн нөхцөл байдалд хэт ерөнхий дүгнэлт хийсэн буюу шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байна. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/128 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

            Шүүгдэгч Д.Цийн өмгөөлөгч О.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2015 онд батлагдсан Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдсэндээ гэмших гэдэг хуучин эрүүгийн хуулийн ойлголт нэгэнт байхгүй болсныг дурдмаар байна. Өөрөөр хэлбэл, прокурор нь Эрүүгийн хуульд огт байхгүй ойлголт, нэр томъёогоор шүүгдэгч Д.Цийн үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийж байна, Улмаар байхгүй болчихсон ойлголтоор эрх зүйн үр дагавар үүсгэхээр эсэргүүцэл бичжээ. Прокурорын яллах үйл ажиллагаа байнга хуульд үндэслэж байх ёстойгоос гадна, хуулийн нэр томъёо түүнээс урган гарах ойлголтыг ч бас хуульд зааснаар хэрэглэж байх ёстой. Шүүгдэгч Д.Ц нь, 2020 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр хамгийн анх цагдаагийн байгууллагад гэрчээр мэдүүлэг өгсөн /хх 19/ байдаг. Уг мэдүүлгийн төгсгөл хэсэгт мөрдөгчийн асуултад хариулахдаа “...ямар ч байсан авсан 15.000.000 төгрөгийг богино хугацаанд буцааж өгнө гэдгээ хэлж байна, одоо энэ мөнгийг ямар ч байсан өөрийн боломжоор төлж барагдуулна.” гэж хэлжээ. Ингээд шүүгдэгч нь хохирогчоос авсан мөнгөө бүрэн төлж барагдуулсан байдаг. Эндээс дүгнэлт хийхэд шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаа эхлэх үеэс өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрдөг бөгөөд хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлснээр барахгүй, улмаар бүрэн төлж барагдуулсан байдаг. Гэтэл прокурор эсэргүүцэлдээ хэргийн үнэн бодит байдлыг илтэд гуйвуулан бичжээ. Мөн эсэргүүцэлд “Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Цийн үйлдсэн хэргийн нөхцөл байдалд хэт ерөнхий дүгнэлт хийсэн буюу шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй байна.” гэжээ. Прокурорын “хэт ерөнхий дүгнэлт” хэмээн бичсэн нь бүрхэг бөгөөд үндэслэлгүй юм. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолтой танилцвал, шүүгдэгч Д.Цийн холбогдсон хэргийн заавал нотолбол зохих нөхцөл байдлыг бүхэлд нь хамарсан хууль зүйн дүгнэлтийг шүүхээс бүрэн дүүрэн хийсэн болох нь харагддаг. Шийтгэх тогтоолын 2-3 дугаар нүүрэнд гэмт хэрэг хэрэг хэзээ, хаана, яаж гарсан болох, залилах гэмт хэргийг обьектив талын ямар шинжээр нь үйлдсэн болох, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн талаар, эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар, эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шударга ёсны хийгээд гэм буруугийн зарчмыг удирдлага болгож буйгаа дурдаж, улмаар хохирол төлбөр барагдаж, бусдад төлөх төлбөр байхгүй гэх мэтчилэн хэргийн бодит байдалд нийцсэн хууль зүйн дүгнэлтийг хийжээ. Үүнээс өөрөөр, үүнээс илүү, яаж хэргийн бодит байдлыг дүгнүүлэх гээд байгааг нь огт ойлгохгүй байна. Харин ч түүнд оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ял шийтгэх хүндэдсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Д.Цийг тэнсэх хуулийн боломжтой байсан. Гэтэл шүүхээс оногдуулсан хүндэдсэн ял шийтгэлийг дахин хүндрүүлэх гэж прокуророос эсэргүүцэл гаргасан нь үндэслэлгүй байна. Прокурор эсэргүүцлийнхээ энэ хэсэгт ёстой хэт ерөнхий дүгнэлт хийжээ гэмээр байна. Дээрх бүгдээс дүгнэхэд, анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны үндэслэлтэй, хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан, хэргийн бодит нөхцөл байдалд нийцсэн хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн болно. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Ж.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршиг, шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх” нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж дүгнэлт хийгээгүй байна. Шүүгдэгч Д.Цийн хувьд урьд нь ял шийтгэлгүй ч гэсэн энэ удаад хоёр удаагийн үйлдлээр залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн. Шүүхийн шатанд хохирол төлсөн. Улсын яллагчийн зүгээс энэхүү байдлыг харгалзан үзээд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ялаар шийтгэх санал гаргасан. Гэтэл шүүхээс 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Яагаад 1000 нэгжээр торгох ялыг 500 нэгж болгон өөрчилснөө шийтгэх тогтоолдоо дурдаж өгөөгүй. Иймд шүүгдэгч Д.Цид оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн гэж үзэж байгаа учраас эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэт хийгдсэн эсэхийг нягтлан үзэж, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоол хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шүүгдэгч Д.Цид холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байх бөгөөд уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/128 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Цид холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Прокуророос Д.Цийг “Хохирогч Б.Зг хуурч, бусдад өр төлбөртэй байсан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, нийт 15.000.000 төгрөгийг залилсан” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн атлаа уг яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “Яллагдагч Д.Цийн үйлдсэн хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэхээр тогтоосугай.” гэж бичсэн нь ойлгомжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх” гэж заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Ийнхүү мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй асуудлаар ялласан байхад анхан шатны шүүх энэхүү харилцан зөрүүтэй, эргэлзээ бүхий баримтуудыг нягтлан шалгахгүйгээр хэргийн үйл баримтыг яллах дүгнэлтээс өөрөөр тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар хэргийн бодит байдлыг тогтоох”, “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг илтэд хангаагүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасныг зөрчиж хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд нь яллах дүгнэлтэд дурдсан гэмт хэргийн шинжээс өөр байхад анхан шатны шүүх дүгнэлт хийлгүй Д.Цид холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэн шийтгэх тогтоол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Давж заалдах шатны шүүхийн хувьд анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгох эрх хуулиар олгогдоогүй тул дээрх нөхцөл байдлуудыг мөрдөн байцаалтаар дахин тодруулах замаар хэрэгт нотолбол зохих байдлыг нотлуулах зорилгоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Д.Цид холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэв.

Хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцаасан тул дээд шатны прокурорын “Д.Цид анхан шатны шүүхээс оногдуулсан ял тохироогүй үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх” талаар бичсэн эсэргүүцэлд хууль зүйн дүгнэлт өгөөгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/128 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Цид холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт хүргүүлтэл шүүгдэгч Д.Цид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ц.ОЧ

                        ШҮҮГЧ                                                                       Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ