Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 118/ШШ2023/0006

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Тунгалаг би тус аймгийн Засаг даргын 2022 оны 09 сарын 02-ны өдрийн А/442 дугаартай захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий  иргэн Б.*******гийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Завхан аймгийн Засаг даргын 2020 оны 07 сарын 02-ны өдрийн А/278 дугаартай захирамжаар Улиастай сумын 3-р баг, Чигэстэй баг, Жавхлант гудамж ******* тоот хаягт 400 м2 газрыг авто машины засвар, үйлчилгээний газрын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болсон. 2021 оны 03 сарын 17-ны өдөр газар эзэмших гэрчилгээгээ авч газар эзэмших гэрээгээ байгуулсан. Газар эзэмших гэрчилгээ, гэрээ байхгүйгээс холбогдох байгууллагуудаас техникийн нөхцөл авах боломжгүй нөхцөл байдалтай байсан. Удалгүй Коронавируст (Covid-19) цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар хөл хорио тогтоосон учир үйл ажиллагаа удааширсан. Тухайн газарт шууд автомашины завсар, үйлчилгээний газрын барилга байгууламж барих боломжгүй, овгор товгор ихтэй, ус тогтдог, нам дор газар байсан тул авто замын түвшинд буюу барилга байгууламж барихад шаардлагатай түвшинд хүртэл өндөрлөх шаардлага гарсан. Ингэхийн тулд 20 тонны даацтай том оврын ачааны автомашинаар буюу 8-9 удаагийн 13 "Хоовоо" машин шороо чулууг зөөвөрлөн буулгуулж, тэгшлэх ажлыг мөн л техник хэрэгсэл хөлслөн хийлгэхээр гэрээ байгуулсан. Үүнээс гадна барилга байгууламж барьж эхлэхээс өмнөх газар дээр ил харагдахгүй бичиг цаасны ажил маш их байдаг юм байна. Жишээлбэл, уг газрын эзэмших эрхийн гэрчилгээнээс гадна үйлчилгээний барилга байгууламж барих гэж байгаа бол заавал мэргэжлийн байгууллагаар зураг төслөө хийлгэж, зохих стандарт барилгын норм дүрмийн дагуу зургаа зохиолгох ажлуудтай тулгарсан. Мөн 2021 оны 11 сард Говь-Алтай аймгийн Тайширын гүүрний зүүн талд баригдсан 28х13 харьцаатай сэндвичин барилгыг худалдан авахаар 2022 оны 5 сард дахин тухайн барилга дээр очиж тохиролцож, бусад материал болон багаж хэрэгсэл, техник тоног төхөөрөмжийг худалдан авсан. Гэтэл аймгийн Засаг дарга миний хууль ёсны дагуу эзэмшиж зориулалтын дагуу үйлчилгээний барилга байгууламж барьж байгаа газрын эзэмших эрхийг хууль бус захирамжаар хүчингүй болгосон. Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 09 сарын 02-ны өдрийн А/442 тоот захирамжаар Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй, мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан үйл ажиллагаа явуулаагүй, газар эзэмшигч нь газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлж барагдуулаагүй, хариу тайлбар ирүүлээгүй гэх үндэслэлээр хүчингүй болгосонд гомдолтой байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Уг газар нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2-д заасны дагуу 1.Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, 2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасны дагуу 2021 оны газрын төлбөр төлөөгүй, 3. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасны дагуу дуудлага худалдааны журмаар олгогдоогүй, 4. Улиастай хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй зэрэг зөрчилтэй байсан тул хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.******* хариуцагч талтай уулзахад нэхэмжлэлийн шаардлагыг нь хүлээн зөвшөөрсөн байна. Энэ талаар хариуцагчийн төлөөлөгч тайлбарлах байх гэв.

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Дээрх маргаан бүхий газар нь нэгэнт ус тогтдог газар байсан бөгөөд энэ хүн өөрийн зардлаар шороо буулгаж тэгшлэх ажиллагаа явуулсан байгаа тул уг газрыг эзэмшүүлэхэд татгалзах зүйлгүй гэдэг тохиролцоонд хүрсэн байгаа... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Завхан аймгийн Засаг даргын 2020 оны 07 сарын 02-ны өдрийн А/278 дугаартай захирамжаар Улиастай сумын Чигэстэй баг, Жавхлант гудамж ******* тоот хаягт байршилтай 400 м.кв газрыг авто машины засвар, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар Б.*******д эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2021 оны 03 сарын 17-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан боловч хууль зөрчиж газар эзэмшүүлсэн буюу “Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулаагүй” гэх үндэслэлүүдээр Б.*******д газар эзэмшүүлсэн захирамжаа 2022 оны 09 сарын 02-ны өдрийн А/442 дугаартай захирамжаар хүчингүй болгожээ.

Нэхэмжлэгч Б.******* нь дээрх 2022 оны А/442 дугаар захирамжийн улмаас газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн хэмээн үзэж, уг захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар Завхан аймгийн Засаг даргад холбогдуулан нэхэмжлэл гаргасан.

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад хариуцагч Завхан аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар  хариуцагч хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргааныг дуусгавар болгох эрхтэй ба энэ маргааны тухайд хариуцагчийн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч буйгаа тийнхүү шүүх хуралдаан дээр илэрхийлсэн тул хэрэг хэлэлцэх ажиллагааг дуусгавар болгож түүний зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно”, 109 дүгээр зүйлийн 109.1-д “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” заажээ.

Хариуцагч Завхан аймгийн Засаг даргаас 2022  оны 12 дугаар  сарын 20-ны өдрийн А/642 дугаар захирамжаар М.Рэнчинбямбыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасан эрхийг тусгайлан олгосон байна.

Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-д төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд  тусгайлан зааснаар эдлэх эрхүүдийн талаар тусгасан байх ба 28.2.2-д заасан “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх” бүрэн эрхийг хариуцагчаас итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******д олгосон байх тул  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн түүний зөвшөөрөл хуульд харшлаагүй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан иргэн Б.*******гийн “Завхан аймгийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн А/442 дугаартай захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Завхан аймгийн Засаг дарга /итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******/-аас бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Засаг даргаас 70 200 төгрөг гаргуулж Б.*******д олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай. 

 

                                 ШҮҮГЧ                                          Л.ТУНГАЛАГ