Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 98

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Батбилгүүн,

Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,

Шүүгдэгч: Х.Энхдалай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаач овгийн Хумбангийн Энхдалайд холбогдох 201716000090 дугаартай нэг хавтас хэргийг 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Х.Энхдалай нь бусадтай бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 28-наас 2017 оны 06 дугаар сарын 06-ны үед Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багийн нутаг Хавирган цав гэх газар оршин суух Б.Хадбаатарын өвөлжөөн дээрх гэрт нэвтэрч их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 6 ширхэг, бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, тэмээний борц, А-80 бензин 30 литр, алтан түрүү архи 0,5 литр 1 ширхэг зэргийг нууцаар, хууль бусаар хулгайлж 2.266.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Х.Энхдалай нь бусадтай бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 28-ны үед Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багийн нутаг Хавирган цав гэх газар оршин суух Б.Хадбаатарын өвөлжөөн дээрх гэрт нэвтэрч их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 6 ширхэг, бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, тэмээний борц, А-80 бензин 30 литр, алтан түрүү архи 0,5 литр 1 ширхэг зэргийг нууцаар, хууль бусаар хулгайлж 2.266.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Хадбаатарын... “ 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 11 цагийн үед өвөлжөөндөө хоёр хүүхэд эхнэрийн хамт очсон. Манай эхнэр Батцэцэг гэрийн өрхийг татахад тооны рам хуулаад өрхөн дор хаячихсан байхаар нь гэрт ороход авдарны цоожийг эвдэж онгойлгосон байсан. Авдран доторхоо шалгахад шинэ цагийн хийцийн их гарийн мөнгөн аяга 1, мөн шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 6, шинэ цагийн хийцийн архины жижиг мөнгөн аяга 2 ширхэг,  мөн 0,5 граммын Алтантүрүү архи 1 ширхэг алга байсан. Мөн гэрт байсан 2 ширхэг шуудайтай тэмээний хатсан борц алга болсон байсан. Мөн гражын хаалгыг эвдээд дотор нь байсан 30 л А-80 бензин алга байсан. Гэрийн ойр хавьд гутлын болон машин мотоциклын мөр харагдаагүй. Өдөр болгон шороо шуурдаг газар байгаа юм. Би том гарын мөнгөн аягыг 2015 онд Өмнөговь аймгийн төвд байрлах нэг ломбарднаас 100000 төгрөгөөр худалдан авч байсан. Бусад 8 ширхэг мөнгөн аяга нь шагналд ирсэн аяганууд байгаа юм. Содон шинж тэмдэг байхгүй. Бүгд шинэ цагийн шинэ мөнгөн аяганууд байсан. Харин дунд гарын нэг мөнгөн аяган дээр нь 2016 гэсэн бичигтэй байгаа. Хэзээ, хэн хулгай хийсэн талаар тухайн үед мэдээгүй. Харин сүүлд нь манай өвөлжөөний гэрт Энхдалай талийгаач Отгонбямба нар орсон гэдгийг мэдсэн. /хх-ийн 15, 24-26 дугаар хуудас/,

Гэрч Б.Батцэцэгийн... “2017 оны 06 дугаар сарын 06-ны өглөө 11 цагийн үед Өмнөговь аймгийн Хүрмэн сумын 1 дүгээр багийн нутаг болох Хавирган цав гэх өвөлжөөндөө гэрээ гражиндаа хураах гэж нөхрийн хамт очсон. Гэрийнхээ өрхийг татахад тоонны рам хуулаад өрхөн доор хийчихсэн байсан. Гэрт ороход манай гэрийн баруун хойд талд байдаг модон авдарны цоожыг эвдээд онгойлгочихсон байсан. Авдран дотор байсан эд зүйлээ шалгахад шинэ цагийн хийцийн их гарийн мөнгөн аяга 1, мөн шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 6, шинэ цагийн хийцийн архины жижиг мөнгөн аяга 2 ширхэг,  мөн 0,5 граммын Алтантүрүү архи 1 ширхэг алга байсан. Мөн гэрт байсан 2 ширхэг шуудайтай тэмээний хатсан борц алга болсон байсан. Нөхөр гэрийн хажууд байдаг гражаа шалгахад гражын хаалгыг эвдээд дотор нь байсан 30 л А-80 бензин алга байна гэсэн. Бид сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгчид энэ талаар мэдэгдсэн. Гэрээс өөр зүйл алдагдаагүй. Бид өвөлжөөнөөс явахдаа гэрийн өрхөө бүтээгээд үлдээсэн байсан. Мөнгөн аяганууд шинэ цагийн хийцийнх болохоор хэлээд байх содон шинж тэмдэггүй. Дунд гарын нэг мөнгөн аяга нь хажуу дээрээ 2016 гэсэн бичигтэй байсан. Хоёр ширхэг архины мөнгөн аяга нь нэлээд хэрэглэсэ, дотор нь харалсан байсан. Бид өвөлжөөнөөсөө 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр нүүсэн. Түүнээс хойш өвөлжөөндөө ирээгүй байсан. Хэн манай гэрээс хулгай хийснийг тухайн үед таамаглаагүй. /хх-ийн 34-35 дугаар хуудас/

Гэрч Х.Отгонбаярын... “Хүрмэн сумын хэсгийн төлөөлөгч Батбаатар дуудахаар нь дүүгийн хамт очоод дүү Б.Отгонбямба дахиад цагдаа руу орсон харин би араас нь орох гэтэл намайг оруулаагүй юм. Би дүүгээ гадаа нь хүлээж байтал оройны 21 цагийн үед намайг “Дотогшоо ороод ир, дүүгээ батлан даалтад аваад яв” гэсэн. Би дүү Б.Отгонбямбыг аваад гэр лүүгээ харьсан. ...Манай дүү Б.Отгонбямба нь нас залуу цайлган, хүнд тустай, хөнгөн хүүхэд байсан. Миний дүү надад хэлэхдээ би Номгон сумаас Батжаргалын гэрийг ухаад метал хайгч хулгайлсан метал хайгчийг нь буцаагаад өгсөн гэсэн“ гэх мэдүүлэг /хх-ийн 44, 46  дугаар хуудас/

Шүүгдэгч Х.Энхдалайын... “Манай найз Отгонбямба 2017 оны 05 дугаар сарын 28, 29-ний үед манайх нутаглаж байсан Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багийн нутаг Хөшөө гэх газарт ирсэн. Би эхнэр хүүхэдтэйгээ байж байсан юм. Отгонбямба манайд байж байгаад надтай хамт хонь мал эргүүлэхээр гарсан. Тэгж гаргахад Отгонбямба надаас “Танай энд ухчихаар баян, хатуу эдлэлтэй айл байна уу?” гэж асуусан. Би ямар нэг зүйл хэлээгүй. Отгонбямба манайд бараг 4-5 хоног байсан. Тэр хугацаандаа надаас энэ талаар байнга асууж байсан. Тэгээд 2017 оны 06 дугаар сарын 2-ны үед Отгонбямба “Хоёулаа хойшоо явж байгаад ирье” гэсэн. Отгонбямба бид хоёр түүний эко гэсэн бичигтэй улаан өнгийн улсын дугааргүй мотоциклтой гэрийн гаднаас 23 цагийн үед хөдөлсөн. Мотоциклийг Отгонбямба унаж явсан. Ингэж явахдаа Хадбаатарын бууцыг очиж ухъя гэж хэлсэн. Отгонбаатар дандаа надад тус болж байдаг болохоор нь би үгүй гэж хэлж чадаагүй. Манайхаас хойш 15 орчим километрт байрлах Хадбаатар ахын өвөлжөөн дээр нь 02 цагийн үед очсон. Очихдоо урд зүгээс нь очод баруун урд орой дээр нь гараад гэрээс 100 орчим метрийн зайтай очиж зогсоод Отгонбямба гутлаа тайлсан. Намайг бас гутлаа тайл гэж хэлсэн. Би гутлаа тайлаад бид хоёр тайлсан гутлуудаа мотоциклийн хажууд орхиод гэрт нь орох болсон. Отгонбямба гэрийн өрхийг нь татаад гэр дээр нь гарсан. Тэгээд намайг мөн гэр дээр гараад ир гэсэн. Би гэр дээр нь гарсан. Отгонбямба намайг хүн харж бай гэж хэлээд өөрөө тооноор нь орсон. Отгонбямба гэрийн баруун хойд талд байх авдрын цоожыг цохиж онгойлгоод боодолтой зүйл гаргаж ирээд үзтэл 9 ширхэг мөнгөн аяга байсан. Тэгээд буцааж боогоод энийг ав гээд надад өгсөн. Би тэр боодолтой аягыг авсан. Би гэрийн тоонон дээр суугаад бүгдийг харж байсан. Отгонбямба зүүн урагшаа яваад хоёр ширхэг шуудай руу очсон. Тэгээд сэгсэрч үзчихээд борц байна, үүнийг мөнгө болгоно гэж хэлээд хоёр дундуур шуудайтай борцыг надад авч өгсөн. Тэгээд гэрийн тооноор Отгонбямба буцаад гарч ирсэн. Тэгээд бид хоёр мотоцикл дээрээ ирээд аймгийн төв рүү явцгаасан. Явж байгаад бид хоёр зогсож мөнгөн аягануудаа гаргаж үзсэн. Отгонбямба хоёрыг нь аваад бугуйвч хийлгэж зүүнэ гээд хамгийн том болон нэг жижиг аягыг нь эвдээд мөнгийг нь аваад цүнхтэй хувцасруугаа хийсэн. Тэгээд 03 цагийн үед аймгийн төвд байх Отгонбямбын дунд сайханд байрлах гэрт ирсэн. Гэр нь эзгүй байсан. Отгонбямба хүнтэй утсаар ярьж гэрийн зүүн хошлонгоос түлхүүр аваад орсон. Бид хоёр тэндээ хоноод өглөө нь 10 цагийн үед Отгонбямба та гэрт байж бай гэж хэлээд борцоо аваад гарсан.Тэгээд 11 цагийн үед буцаад ирсэн. Хоёр шуудайтай борц 18 кг болсон, кг тутмыг нь 21000 төгрөгөөр бодож өглөө гэж хэлсэн. Тэгээд хоёуулаа төв рүү гарч нөгөө аяганы мөнгөөр бугуйвч хийлгэхээр явсан. Тэгж явахаа би Отгонзаяа гэх өөрийн найз Шинэхүүгийн эхнэртэй таарсан. Тэр надад мөнгө өгөх ёстой байсан. Урьд нь би түүнд адуу зарсан байсан. Тэр надад өр болох 250000 төгрөгөө өгсөн. Отгонбямба бид хоёр худалдааны төвийн зүүн урд талд буюу замын урд талд байх хойд зүгт харсан алт мөнгөний дарханы газарт очоод нөгөө мөнгөн аяганы мөнгөөр нэг ширхэг бугуйвч хийлгээд Отгонбямба авсан. Отгонбаямба борц 378000 төгрөг болсон. Хоёуулаа тэнцүү хуваагаад авья гэсэн. Би мөнгөтэй болчихсон байсан болохоор мөнгө аваагүй. Тэр оройгоо  бид хоёр хөдөө гэр лүүгээ явсан. Гэртээ харихаасаа өмнө гэрийнхээ баруун хойд талд хэдэн мөнгөн аягануудаа нуугаад орсон. Отгонбаямба надтай цуг л явсаар байсан. Эхнэр “Та хоёр хаагуур яваад ирж байгаа юм бэ?” гэж уурласан. Тэгэхээр нь Отгонбаямбын бууцаар дайраад аймаг орж Отгонзаяатай уулзаж мөнгөө аваад ирлээ гэж хэлсэн. Отгонбямба манайд 2-3 хоноод харьсан. Манайх удалгүй уг газраасаа нүүгээд Хашаат гэх газарт буусан. Отгонбямбатай түүнээс хойш уулзаагүй. Хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна. Отгонбямбын ах нь залгаад “Та хоёр айлаас юм хулгайлсан байна, Үлдсэн мөнгөн аяга нь чамд байгаа юм байна тийм үү?” гэж асуусан. Би “тиймээ” гэсэн. Маргааш нь Отгонбямбыг нас барсан талаар дуулсан. Тэгээд би мөнгөн аягыг цагдаад өгье гэж шийдээд хаданд нуусан байсан мөнгөн аягануудаа аваад дүүдээ мэдэгдэлгүй хувцсан дотроо хийсэн. Дүүгийнд очоод байж байтал урдаас машин гарч ирсэн. Тэр машинтай хүн аймгийн төв орно гэсэн. Би машинд дайгдаад аймгийн төв орж цагдаад мөнгөн аягаа өгсөн. Хулгай хийхдээ бид хоёр согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Отгонбямба авдарны цоожийг юугаар цохиж онгойлгосныг мэдэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18, 55-56 дугаар хуудас/

Шүүгдэгч Х.Энхдалай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ... “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй.” гэв.

Сэжигтэн Б.Отгонбямбын... “ 2017 оны 05 дугаар сарын 27-ноос 28-наас 2017 оны 06 дугаар сарын 06-ны үед байх сайн санахгүй байна. Би хөдөө Хавцгайтын бууцан дээрх гэрээсээ баруун тийш Хөшөө гэх газар руу нутаг үзэх гэж явсан. Замдаа Хүрмэн сумын Жанжин багийн малчин Энхдалайгийнд очоод хоёр хоносон.Тэгэхдээ би Энхдалайг айлын бууц ухья гэсэн чинь Энхдалай зөвшөөрсөн. Тэдний гэрээс зүүн хойш 20 орчим километрт байдаг Хадбаатар гэж айлын өвөлжөө рүү миний мотоциклоор явж очсон. Би гэрийнх нь өрхийг татаж нээгээд гэр дээр гарч тооноор нь орсон. Гэрийн баруун хойно байсан авдрын цоожыг уураад цохиж онгойлгоод дотроос нь 8 ширхэг мөнгөн аяга, гэрийн зүүн талд байсан хоёр шуудай борцыг авч тооноор Энхдалайд өгсөн. Мөн авдранд байсан 0,5 граммын шилтэй Алтантүрүү архийг авсан. Би Энхдалайгаар татуулж тооноор эргэж гарсан. Гарахдаа гэрийн рамыг нь хаагаад өрхийг нь бүтээж орхисон. Тэгээд гэрийн баруун талд байсан машины гражын зүүн талын хаалганы цоож, цүйг мушгиж хаалгыг татаж нээгээд орсон. Дотроос нь юм аваагүй. Тэгээд хойшоо 4 километрт байх Хадбаатарын хаваржаанд очсон. Пингийн хаалганы цоожыг нь хөрөөдөж онгойлгосон. Дотроос нь эд зүйл аваагүй. Буцаад Энхдалайгийн гэрт шөнийн 02 цаг болж байхад очсон. Хулгай хийсэн архи болон аягануудыг шөнөдөө Энхдалай өвөлжөөн дээрх пиндээ нуусан. Маргааш нь Өмнөговь аймгийн төв рүү 10 цагийн үед яваад 13 цагийн үед ирсэн. Аймгийн төвд байхдаа худалдааны төвийн таксины жолоочоос борц авах хүн байна уу гэхэд хажуунаас нэг танихгүй ах би авъя гээд авсан. Бид хоёр  1 кг борцыг 16000 төгрөгт бодож 17 кг борц зарж 310000 төгрөгтэй болсон. Бид хоёр мөнгөө хувааж авсан. Тэр оройдоо  Энхдалайгийнд очиж хоноод маргааш нь би хөдөө байдаг гэртээ харьсан. Бид хоёр хоорондоо ярьж байгаад Хадбаатарын өвөлжөөнөөс хулгай хийе гэж тохирсон. Энхдалай тэр өвөлжөөг газарчилж очсон. Хулгайлсан аяганууд Хүрмэн сумын Жанжин багийн нутаг Хөшөөгийн бууц гэх газарт Энхдалайгийн пинд байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 16, 52 дугаар хуудас/, Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-14 дүгээр хуудас/, Эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 19-23 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг гэдэг нь бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунайхай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бүр мөсөн, үнэ төлбөргүй, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдлийг хэлнэ.

Шүүгдэгч Х.Энхдалай нь Б.Отгонбямбатай бүлэглэн Б.Хадбаатарын гэрийн тооноор хууль бусаар нэвтэрч эд хөрөнгийг хулгайлсан байх бөгөөд гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож шууд санаатай, шунахай сэдэлттэй гэмт хэрэг үйлджээ.

Уг хэрэгт яллагдвал зохих этгээд Б.Отгонбямба нь 2017 оны 06 дугаар сарын 29-нд нас барсан байх бөгөөд түүнд холбогдох хэргийг  2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 01 дугаартай Прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. /хх-ийн 48, 82 дугаар хуудас/

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Хадбаатарт бага бус хэмжээний буюу 2266400 төгрөгийн хохирол учирсан болох нь “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний ТХҮ-217-30 дугаартай дүгнэлт /хх-ийн 38-39 дүгээр хуудас/-ээр тогтоогдсон ба шүүгдэгч Х.Энхдалай нь амны тойрог 10.2 см, ёроолын тойрог нь 5.8 см урттай морины дүрстэй хуучин мөнгөн аяга-1 ширхэг, амны тойрог 10.2 см, ёроолын тойрог 5.8 см урттай цулгай мөнгөн аяга 1 ширхэг, амны тойрог 12.1 см, ёроолын тойрог 6.7 см урттай ёроолын голд очир бүхий дүрстэй аяга 1 ширхэг, амны тойрог 12.1 см, ёроолын тойрог 7 см, цулгай мөнгөн аяга 1 ширхэг, амны тойрог 13.4 см, ёроолын тойрог 7 см урттай 3 ширхэг шигтгээтэй морины дүрстэй мөнгөн аяга 1 ширхэг, амны тойрог 13.3 см, ёроолын тойрог 7.3 см урттай цулгай мөнгөн аяга 1 ширхэг, амны тойрог 14.7 см, ёроолын тойрог 8.5 см урттай, ёроолын голдд 5 ширхэг цэцгийн дэлбээний дүрстэй голд нь хар цэнхэр судалтай 1 ширхэг шигтгээтэй цулгай мөнгөн аяга 1 ширхэг зэрэг 7 ширхэг мөнгөн аягыг биет байдлаар хүлээлгэн өгсөн /хх-20 дугаар хуудас/, Хаан банкны 5596001622 дансны эзэмшигч Б.Хадбаатар хохирол төлбөрт 1546400 төгрөгийг шилжүүлсэн /хх-73 дугаар хуудас/ байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр барагдуулсан гэх үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Х.Энхдалайг бүлэглэн бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд хөрөнгө хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Х.Энхдалайн үйлдсэн гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар “нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай үйлдсэн этгээдэд хариуцлаг хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэсний дагуу тухайн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байх хугацаанд 2017 оны 07 дүгээр сарын 01-ний өдрөөс Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж хууль буцаан хэрэглэх үндэслэлийг заасан боловч 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэл эд хөрөгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 3-6 сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл 2-5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах зэрэг сонгох санкци бүхий ялын төрлүүдтэй байсан. Харин 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан Хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах...орон нэвтэрч үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тогтоосон нь шүүгдэгчийн эрх зүйн байдал дордсон гэж үзэхээр байна.  2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж байх тул шүүгдэгч Х.Энхдалайн үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулахдаа 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байна гэж шүүх дүгнэн тухайн зүйл ангид заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Х.Энхдалай анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, учруулсан хохирол төлбөрөө нөхөн төлж барагдуулсныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн 201716000090 дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:

Шүүгдэгч Х.Энхдалайгийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 59 дүгээр хуудас

 Ял шалгах хуудас /хх-ийн 60 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багийн Засаг даргын тодорхойлолт: Хүрмэн сумын Жанжин багийн харъяат Хумбан овогтой Энхдалай нь ам бүл 4. Эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 2017 оны 05 дугаар сард Даланзадгад сумаас шилжиж ирсэн. Өөрийн гэсэн мал хөрөнгө байхгүй. Жанжин багийн малгүй өрхийн нэг. Одоогоор өөрийн төрсөн эх С.Оюуны малыг маллаж байгаа. С.Оюун нь 59 настай, 2008 оноос эхлэн нойр булчирхайн өвчнөөр өвдөж байнгын асаргаанд амьдардаг болсон. Х.Энхдалай нь эхийгээ асарч тойглох, мал аж ахуйг нь өөд татах бүх үүрэг хариуцлагыг үүрч яваа хүн болно. /хх-ийн 61 дүгээр хуудас/

            Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагчийн талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-ийн 67-72 дугаар хуудас/ 

Эвлэрэн хэлэлцсэн баталгаа /хх-ийн 77 дугаар хуудас/

            Хохирогч Б.Хадбаатар “Надад одоо ямар нэг гомдол саналгүй. Энхдалай миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Би 1546000 төгрөгийн хохирлоо барагдуулж авсан.” гэх мэдүүлэг /хх-н 26-р хуудас/ шинжлэн судлаад шүүгдэгч Х.Энхдалайд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

            Шүүгдэгч Х.Энхдалай нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Цагаач овгийн Хумбангийн Энхдалайг бүлэглэн бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Х.Энхдалайд эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил, 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн /2002/ ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Х.Энхдалайд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Х.Энхдалай нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Х.Энхдалайд оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

6.Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шүүгдэгч Х.Энхдалайд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                З.ТӨМӨРХҮҮ