| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2022/03495/И |
| Дугаар | 102/ШШ2022/03810 |
| Огноо | 2022-11-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2022/03810
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ........... оршин суух, Е ургийн овогтой Х. Б /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ........ тоотод оршин суух, Х ургийн овогтой Т Л /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 84,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Х.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: Х.Б миний бие хариуцагч Т.Л хамтарч наймаа бизнес хийдэг сайн танилууд бөгөөд надад мөнгө хэрэгтэй байна гэж олон удаа хүссэний дагуу 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 20,000,000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 10,000,000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 5,000,000 төгрөг, 2016 оны 03-р сарын 11-ний өдөр 15,000,000 төгрөг, нийт 70,000,000 төгрөгийг түүний эхнэр болох Ш.А-ийн Хаан банкны ......................... тоот дансаар зээлж, зээлийн гэрээг өөрийнх нь хүсэлт, боломжгүй байдлыг харгалзан үзэж харилцан тохирч сунгаж явсан болно. Ингээд 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 9 сарын хугацаатай, хүүгүй, барьцаагүй, 0.1 хувийн алданги төлөх -нөхцөлтэйгөөр зээлийн гэрээ байгуулсан боловч Т.Л нь гэрээний үүргээ биелүүлж нэг ч төгрөг төлөхгүй өнөөдрийг хүрсэн болно. Иймд Т.Л гээс үндсэн зээл болох 70,000,000 төгрөг, мөн зээлийн гэрээний 3.7 дах хэсэгт зааснаар 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөр тооцож 6 сар 20 хоногийн алданги 14,000,000 төгрөг, нийт 84,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Үүнээс 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн гэрээнээс татгалзаж, 2021 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн зээлийн гэрээгээр хариуцагчаас 70,000,000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.
2.Хариуцагч нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Миний бие Х.Б тай 2021 оны 5 сард зээлийн гэрээ байгуулсан боловч гэрээний дагуу надад 70,000,000 төгрөг шилжиж орж ирээгүй ба зээлийн гэрээний дагуу нэг ч төгрөг аваагүй болно. Дээрх гэрээгээр бид мөнгө шилжиж орж ирсэн тохиолдолд гэрээ байгуулагдсанд тооцно гэж тохирсон. Нэгэнт мөнгө шилжиж орж ирээгүй тул уг гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй байна. Харин нэхэмжлэлд дурдсан 2015 оноос 2016 оны хооронд зээлсэн мөнгийг миний бие бүрэн төлж барагдуулсан болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Хэрэгт нэхэмжлэгчээс 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээ /хх-ийн 4/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 5-9/, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээ /хх-ийн 51, 52/, 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээ /хх-ийн 53/, хариуцагчаас Ш.А-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 59-65/, төлбөрийн баримт /хх-ийн 66-69/, Х.Б гийн дансны хуулга /хх-ийн 70, 71/, Ш.А-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 72-74/шүүхээс Хаан банк ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 29/6695 тоот албан бичиг /хх-ийн 24/, Ш.А-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 25-43/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 10/7981 тоот албан бичиг /хх-ийн 44/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 45/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч Т.Л д холбогдуулан 84,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байх бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 14,000,000 төгрөгөөр багасгаж, 70,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг эс зөвшөөрч маргажээ.
3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ......Хариуцагч Т.Л тэй хамтарч наймаа бизнес хийдэг танилууд бөгөөд надад мөнгө хэрэгтэй байна гэж олон удаа хүссэний дагуу 2015 оны 06 сарын 10-нд 20,000,000 төгрөг, 2015 оны 06 сарын 25-нд 20,000,000 төгрөг, 2015 оны 07 сарын 10-нд 10,000,000 төгрөг, 2015 оны 09 сарын 07-нд 5,000,000 төгрөг, 2016 оны 03 сарын 11-нд 15,000,000 төгрөг нийт 70,000,000 төгрөгийг түүний эхнэр болох Ш.А-ийн Хаан банкны ......................... тоот дансаар шилжүүлж, зээлийн гэрээг өөрийнхөн хүсэлт, боломжгүй байдлыг харгалзан үзэж харилцан тохирч сунгаж явсан болно. Ингээд 2021 оны 03 сарын 05-ны өдрөөс 2021 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл 9 сарын хугацаатай, хүүгүй, барьцаагүй, 0.1 хувийн алданги төлөх нөхцөлтэйгөөр Зээлийн гэрээ байгуулсан боловч Т.Л нь гэрээний үүргээ биелүүлж нэг ч төгрөг төлөхгүй өнөөдрийг хүрсэн болно. Иймд Т.Л гээс үндсэн зээл болох 70,000,000 төгрөг нэхэмжилж байна гэж тайлбарласан.
4.Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ... 2015 оны 06 сарын 10-аас 2016 оны 03 сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд зээлсэн мөнгөө эргүүлээд 100 хувь төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарласан байна.
5.Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч Т.Л д 2015.06.10-нд 20,000,000 төгрөг, 2015.06.25-нд 20,000,000 төгрөг, 2015.07.10-нд 10,000,000 төгрөг, 2015.09.07-нд 5,000,000 төгрөг, 2016.03.14-нд 15,000,000 төгрөг нийт 70,000,000 төгрөгийг зээлдүүлсэн гэж тайлбарласан.
6.Зохигч талууд 2015.06.10-нд 20,000,000, 2015.06.25-нд 20,000,000, 2015.07.10-нд 10,000,000, 2015.07.29-нд 10,000,000, 2015.08.11-нд 10,000,000, 2015.08.24-нд 10,000,000, 2015.09.07-нд 5,000,000, 2015.09.11-нд 5,000,000, 2016.03.11-нд 15,000,000, 2019.08.23-нд 30,000,000 төгрөг нийт 135,000,000 төгрөгийг Х.Б нь Хаан банкны 5847043682 тоот данснаас Ш.А-ийн ......................... тоот дансанд шилжүүлсэн,
2018.07.27-нд 5,000,000, 5,000,000, 2018.04.20-нд 30,000,000, 2019.09.09-нд 76,000,000 төгрөг нийт 116,000,000 төгрөгийг хариуцагч Б.Л нь нэхэмжлэгч Х.Б д Голомт банкны дансаар шилжүүлсэн,
2020.10.23-нд 3,000,000, 2020.11.04-нд 1,000,000, 2020.12.28-нд 1,000,000 төгрөг нийт 5,000,000 төгрөгийг Ш.А нь Х.Б д Хаан банкны ......................... тоот дансаар шилжүүлсэн талаар маргаагүй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
7.Талууд 2016 оны 09 сарын 21-ний өдөр Зээлийн гэрээ-г бичгээр байгуулж, гэрээгээр 155,000,000 төгрөгийг 2015.06.11-2017.12.01-ний өдөр хүртэл 2 жил 6 сарын хугацаанд буцаан төлөхөөр тохиролцсон байна. /хх-ийн 53/
8.Дээрх гэрээнд зээлийн дүнг 155,000,000 төгрөгөөр тооцсон байх бөгөөд үүнийг нэхэмжлэгч 2015.06.10-.2016.03.11-ний өдөр хүртэл зээлдүүлсэн 105,000,000 төгрөгт 2 жил 6 сар буюу 30 сарын хугацаатай, сард 2 хувийн хүү нийт 63,000,000 төгрөг тооцон нэмсэн гэж тайлбарласан.
9.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282.4.-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан.
10.Хуулийн дээрх зохицуулалтын дагуу зээлийг бодитоор шилжүүлээгүй бол уг гэрээний дагуу талуудад үүрэг үүсэхгүй.
11.Хариуцагч нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулах хүртэл хугацаанд 105,000,000 төгрөг, 2019 оны 08 сарын 23-ны өдөр 30,000,000 төгрөг нийт 135,000,0000 төгрөгийг авч, үүнээс буцаан 2020.12. 28-ны өдөр хүртэл 121,000,000 төгрөгийг төлсөн байна.
12.Талууд 2021.03.05-ны өдөр 70,000,000 төгрөгийг 9 сарын хугацаанд буцаан төлөх нөхцөлөөр Зээлийн гэрээ, 2021.12.24-ний өдөр 70,000,000 төгрөгийг 11 сарын хугацаанд буцаан төлөх нөхцөлөөр Зээлийн гэрээ тус тус байгуулсан байна. Гэвч дээрх зээлийн гэрээний дагуу мөн талуудын хооронд бодитоор 70,000,000 төгрөгт зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Бодитоор шилжүүлсэн 135,000,000 төгрөгт зээлийн гэрээний харилцаа үүссэн.
13.Хэрэгт авагдсан нолох баримтаар нэхэмжлэгч Х.Б нь нийт 135,000,000 төгрөгийг нь хариуцагч Т.Л д зээлдүүлэхээр шилжүүлж, хариуцагч Т.Л нь нэхэмжлэгчид 121,000,000 төгрөгийг өөрийн болон эхнэр Ш.А-ийн дансаар буцаан шилжүүлж өгсөн болох нь тогтоогдсон тул үлдэх 14,000,000 төгрөгийн зээлийг төлөх үүрэгтэй.
14.Иймд хариуцагч Т.Л гээс 14,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Б д олгож, нэхэмжлэлээс 56,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.
15.Шүүх нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 577,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 227,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу хариуцагч Т.Л гээс 14,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Б д олгож, нэхэмжлэлээс 56,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгч Х.Б гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 577,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Л гээс 227,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР