Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2022/03858

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:.............тоотод оршин суух Х ургийн овогтой Сн Б /РД: 6/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:..................тоотод оршин суух хаягтай, Т ургийн овогтой Ч  У /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2006 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.Б ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.У оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Ч.У т холбогдуулан 2006 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: Ч.У надад мэдэгдэлгүйгээр улсын бүртгэлийн газар хүний хөрөнгийг хууль бусаар барьцаалсан. М ХХК-иас авах өрийн асуудал миний хувь хэмжээ гэж барьцаалж бүртгүүлж албажуулсан байгаа. М ХХК-ийн н.Ц гэдэг хүнээс авлагатай байсан ч юм уу, тухайн авлагаа журмаар шийдэхгүй. Хавтас хэрэгт н.Ц барьцаалсан тодорхой юм байхгүй байна. Б ХХК ч юм уу С.Э хоорондоо ямар асуудал гарсан мэдэхгүй. Гэмгүй иргэний хөрөнгийг 10, 20 жил мэдэгдэхгүй барьцаалсан. Энэ хууль зөрчсөн байна. Учрыг нь мэдэхгүй хугацаа, 2013 оны лавлагаа, амьдралын тухай юм ярьж байна. Хуулийн дагуу үр дагавар ойлгохгүй байна. Хүн хохирч байна. Хөөн хэлэлцэх хугацаа яриад байна. Авлигатай тэмцэх эдийн засгийн цагдаагаар шалгуулж, тэр Ч.У байран дээр очиж дээрэм хийж байсан хашаанд байсан хүмүүсийг хөөн зайлуулж байсан. Тэр үйлдлийг эхнээс нь шалгуулах хүсэлтэй байна. Авлигатай тэмцэх газар юм уу, эрүүгийн цагдаа, эдийн засгийн цагдаад үүрэг өгч М ХХК-д Б ХХК та худалдаж авсан бол мөнгийг надад өгнө шүү гэсэн харьцааны үүднээс авсан зүйлийг нууцаар аваачиж бүртгүүлсэн.М ХХК, Б ХХК ямар ч хамаарал байхгүй. Би Б ХХК дээр очиж Б ХХК-ийн хооронд үүссэн өр авлага байсан юм уу, хэрвээ худалдаж авахаар бол мөнгийг эхлээд өгчихөөрэй гэж хэлж байсан. М ХХК- нь хариуцагчтай ямар учиртай байсан ямар барьцаанд байсан яаж авч очсон мэдэхгүй. Би өмнөх хурал дээр хэлж байсан С.Э гэдэг нөхөр кадастрын албаны нөхөр ажлаасаа хөөгдсөн үү яасан учир битүүлгээр халагдсан. Яг тэр үеийн алтны газруудыг нааш цааш болгож байсан. Хувийн өмч юм уу, тэр хүний компанийг ашигласан юм уу, мэдэхгүй. Ийм учраас эхлээд цагдаа Авлигатай тэмцэх газраар шалгуулъя. Зохион байгуулалтай ажил явагдаад байгааг би ойлгож байна. Ягаад гэвэл хорооны дарга Ч.У ыг байхгүй гэсэн ч би очоод шалгахад байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дарга хурандаа төрсөн дүү, Дорнод аймгийн цагдаагийн дарга байсан хурандаа гэсэн хүмүүсээр ар талаа хийж байгаад дарамтлуулаад одоо Чингэлтэй дүүргийн цагдаа дээр С.Э байцаагдаж байгаа. 2006 оны 08 дугаар сарын 18-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг Б ХХК-ийн захирал Ч.У тай хийсэн. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд хууран мэхэлж хийсэн хэлцлийг тусгасан байна. 59.1.Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй гэж заасан байна. Иймд 2006 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус тооцож өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр гаргаж өгсөн хүсэлт болон өнөөдрийн шүүх хуралдаан дээр тайлбарлаж, танилцуулж байгаа нэхэмжлэлийн шаардлага өнөөдөр хүртэл хуульд заасан үндэслэл тодорхой бус байгаа. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч 2006 оны 08 дугаар сарын 18-ны зээлийн гэрээг хуульд заасан ямар үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах талаар нэхэмжлэгчийн шаардлага тодорхой бус байна. Гэтэл шүүх хуралдаан дээр өөрийн зөрчигдсөн эрх ашиг сонирхлоо тайлбарлаж байгаа нь барьцааны гэрээний агуулгатай холбоотойгоор тайлбарлаж байна. Энэ өрөө нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байгааг тодруулан хамруулж байгаа. Өөрийнхөн хүсэл зорилго нь барьцааны гэрээтэй холбоотой эд хөрөнгөө шилжүүлж авч улсын бүртгэлд даалгаж өгөөч гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл процессын хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан эрхээ хэрэгжүүлж байгаа үр дагавар үүсгэж байгаа. Нэхэмжлэгч маань зээлийн гэрээ дээр маргаад байна уу? барьцааны гэрээ дээр маргаад байгаа нь өнөөдөр хүртэл тодорхой бус байна. Мөн зээлийн гэрээгээр үндэслэж маргаж байгаа бол энэ зээлийн гэрээ дээр С.Б хариуцагч байх эсэх гэрээний агуулгаас харахад тодорхой бус байна. Гэрээний нэг дах хэсэг дээр Б ХХК-ийн захирал Ч.У гэж зээлдэгчээ тодорхойлсон байгаа. Гэтэл хариуцагчаар иргэн Ч.У ыг тодорхойлсон байгаа. Маргаан бүхий хэрэгт нэхэмжлэгч маань хариуцагчаа зөв тодорхойлж чадаагүй байна. Өмнөх шүүх хуралдаан буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргаж өгч байсан баримтаар нотлогдсон байгаа. Тухайн зэлийн гэрээний харилцаа Ч.У биш Б ХХК-д болон иргэн С.Б нарын хооронд үүссэн харилцаа байсан. Энэ харилцааг зөв тодорхойлох шаардлагатай байна гэсэн агуулга бүхий тайлбар гаргаж өгч байсан. Тухайн гэрээ 2006 оны 08 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан үүнээс хойш өчнөөн жил өнгөрсөн байна. Үүнтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн зээлийн гэрээ байгуулагдсан нөхцөл цаг хугацаа зэрэгт талуудаас хууль зүйн үндэслэл дүгнэлт хийж тайлбарлах ёстой. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д шаардах эрх үүссэн үеэс эхэлж тоолно гэсэн хууль зүйн зохицуулалт байгаа. Гэтэл нэхэмжлэгч С.Б 2006 оны 08 дугаар сарын 18-ас хойш зээлийн гэрээ байгуулагдсан цаг хугацаанаас хойших энэ гэрээтэй холбоотой маргаан бүхий асуудал байсан бол ягаад өнөөдөр хүртэл шаардах эрхээ хэрэгжүүлээгүй өнөөдөр хүрсэн бэ? Гэрээний 1 дах хэсэгт дээр зээлийн гэрээ 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл үргэлжилсэн хугацаатай байгуулагдсан. Гэтэл энэ 2006 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөр тооцох юм бол 19-ны өдрөөс эхлээд нэхэмжлэгчийн шаардах эрхээ хэрэгжүүлэх процедур явах ёстой. Гэтэл нэхэмжлэгч өрөө шаардах эрхээ хэрэгжүүлээгүй учир Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа буюу ерөнхий хөөн хэлэлцэх 3 жилийн хугацааг хэтрүүлсэн. Улсын бүртгэлийн газар тухайн цаг хугацаанд бүртгэж авсан. 2006 оны гэрээ байгуулагдсан шаардах эрх дуусгавар болсон цаг хугацаанаас хойших Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг уялдуулж хариуцагчийн зүгээс барьцааны асуудлыг ярьсан бол энэ өрөө барьцаа хөрөнгийг хууль бус барьцааны гэрээний асуудал болж улсын бүртгэлд бүртгэгдсэн байх нөхцөл байдал давхар үүснэ. Гэтэл өнөөдөр хүртэл 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн лавлагаанаас харахад тухайн цаг хугацаанд барьцаа хөрөнгө гэж явж байсан үйл баримт тогтоогдог. Хариуцагч маань барьцаа хөрөнгө байсан эсэх хэзээ мэдсэн бэ? гэдэг асуудал яригддаг. Нэхэмжлэгч маань 2013 оны 6 дугаар сарын 4-ний дээрх лавлагааг авч байсан харагдаж байна. 2013 оноос хойш өнөөдөр 10 жил өнгөрсөн байна. Бүх болж байсан үйл баримтуудтай холбоотой 2006 оны 10 дугаар сар, 6 дугаар сарын 16 гээл өрөө энэ барьцаалах гэдгээ мэдсэн шаардах эрхээ хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэх юм бол бүх цаг хугацаануудыг харах юм бол нэхэмжлэгч арван хэдэн жилийн хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн асуудал яригдана. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4.Хэрэгт нэхэмжлэгчээс 2006 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 3/, 2006 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн барьцааны гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 4/, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 5/, Ч.У ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 8/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2013 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн .......... тоот /хх-ийн 57/, хариуцагчаас Э.Н тодорхойлолтын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 55/, Б ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 56/, шүүхээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 10/8470 тоот албан бичиг /хх-ийн 31/, хавсралт /хх-ийн 31/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2006 оны 08 дугаар сарын 18-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг Б ХХК-ийн захирал Ч.У тай хийсэн. Гэрээ хийсэн зорилго нь М ХХК-ийн захирал н.Ц алтны газар танилцуулъя, манай ах кадастрын албаны орлогч дарга С.Э гэж хүн байдаг, тэр хүн дээр очоод алтны сувагтай газар сонирхооч гэсний дагуу би сонирхож очсон. С.Э гэдэг хүнтэй уулзаж тухайн алтны газар руу явъя гэхэд барьцааны гэрээ хийнэ, чухал газар гэж хэлсний дагуу гэрээ хийсэн. Тухайн газрын үнэ асуугаад ярилцаад байж байхад гаднаас Ч.У болон нотариат, захирал гэсэн хүмүүс орж ирсэн. С.Э гэдэг хүн төрийн байгууллага кадастрын албанд ажилладаг гэж хэлсний дагуу гэрээ хийсэн. Тухайн бичиг баримтыг аваад О руу М ХХК-ийн захирлыг аваад явсан. Урт нэртэй хууль гарч, хууль зөрчигдөж байгаа учраас газрыг ашиглах болохгүй юм байна гэж хэлсэн. Буцаж ирээд н.Ц буюу М ХХК-ийн захирал гэрчилгээ бүх зүйлээ аваад салсан. Гэтэл барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Зээлийн гэрээний дагуу би 35,000,000 төгрөг аваагүй. Зээлийн болон барьцааны гэрээг хууран мэхэлж хийсэн. Улсын бүртгэл дээр очихоор шүүхээр гэрээгээ хүчингүй болгож байж, улсын бүртгэл дээр бүртгэл хийнэ гэсэн. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус болсноор барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус болно гэж тайлбарласан.

 

3.Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй үндэслэлээ ...2006 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралдаанд зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус гэж тайлбарлаж байна. нэхэмжлэлийн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ нотлох, тайлбар гаргах нэмэлт хугацаа шаардлагагүй. ...Зээлийн болон барьцааны гэрээг Ч.У тай байгуулаагүй. Ч.У нь Б ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа уг гэрээг байгуулсан. Тиймээс хариуцах этгээд биш. ...Хуульд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа заасан. 2006 оны гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан. гэж тайлбарласан.

 

4.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараас үзвэл 2006 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээг хууран мэхэлж хийсэн үндэслэлээр Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус гэж тооцуулах шаардлага гаргасан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэл хангагдсанаар хүчин төрөлдөр бус хэлцлийн дагуу хийсэн барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус болж барьцаа хөрөнгө барьцаанаас чөлөөлөгдөнө гэж тайлбарласан. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэгч барьцаатай холбоотой шаардлага гаргаагүй, шаардлагагүй гэснийг дурдав.

 

5.Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2006 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээнд ...Нэг талаас ...Б ХХК Ч.У , нөгөө талаас ...С Б бид харилцан тохиролцож дараах нөхцөлөөр энэхүү гэрээг байгуулав гэж гэрээний талуудыг тодорхойлсон байна.

 

6.Хариуцагч маргаан бүхий зээлийн болон барьцааны гэрээг Б ХХК- ийн захирлаар ажиллаж байх хугацаандаа компанийг төлөөлөн байгуулсан гэж тайлбарласан.

 

7.Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн Б ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар Э ийн Н  бүртгэлтэй байна.

 

8.Б ХХК-ийн захирал Э.Н нь шүүхэд Би Э овогтой Н Б ХХК-ийн захирал. Энэ компанийг 2006 оны 02 сард анх үүсгэн байгуулж, 2006 оны 3 сараас эхлэн уг компанийн захирлын ажлыг өөрийн эцэг Суурь овогтой Э т хувийн асуудлаас болж шилжүүлж өгсөн юм. С.Э ийг ерөнхий захирлаар ажиллуулахдаа байгууллагын үйл ажиллагааг бүрэн хариуцаж байгууллагын хөрөнгийг захиран зарцуулах, бусад хуулийн этгээдүүдтэй гэрээ хэлцэл хийх, ажилд шинээр ажилчин авах томилохыг зөвшөөрсөн нь үнэн болохыг тодорхойлов гэх тодорхойлолтыг нотариатчаар гэрчлүүлж өгсөн байна.

 

9.Хэрэгт авагдсан дээрх нотлох баримт болон зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар 2006 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Зээлийн гэрээ нь С.Б болон Б ХХК-ийн хооронд байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

10.Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ гэж заасан. Хуульд зааснаар компани нь эрх олж, үүрэг хүлээж, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцна.

 

11.Маргаан бүхий Зээлийн гэрээ нь нэхэмжлэгч С.Б болон хариуцагч Ч.У нарын хооронд байгуулсан болох тогтоогдохгүй байх тул гэрээтэй холбоотой шаардлагыг хариуцагч Ч.У хариуцах үндэслэлгүй.

 

12.Иймд хариуцагч Ч.У т холбогдох 2006 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэгч С.Б гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хуульд нийцнэ гэж шүүх дүгнэв.

 

13.Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу хариуцагч Ч.У т холбогдох 2006 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэгч С.Б гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгч С.Б гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР