Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 102/шш2022/04366

 

2022 оны ..сарын .. өдөр                 Дугаар 102/ШШ2022/0...            Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ...

Хариуцагч: ...

Нэхэмжлэлийн шаардлага: М....ий хууль бус эзэмшлээс Баянгол дүүргийн ...тоот хаягт байрлах ... м.кв талбайтай орон сууцыг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б....., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч С.... шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийг дэмжиж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

...овогтой ... миний бие нь Улсын бүртгэлийн ... дугаартай Баянгол дүүргийн ...тоот хаягт байрлах ... м.кв орон сууцны хууль ёсны өмчлөгч бөгөөд тус орон сууцанд М.... нь оршин суудаг. Иймд миний өмчлөлийн уг орон сууцнаас хууль бус оршин суугч М....ийг албадан гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч С.... нь иргэн ...оос 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авч, хууль ёсны өмчлөгч болсон боловч өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа учир энэ нэхэмжлэлийг гаргасан. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэнэ үү...гэв.

2.Хариуцагч М.... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Миний бие М.... нь С....ийн байранд оршин суугаа бөгөөд гаргуулах нэхэмжлэл ирсэн. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Тус байрыг худалдан авах саналтай байна. Эвлэрэн хугацаа тохирч байрны төлбөрийг төлөх саналтай байгаа тул хүлээж авна уу...гэжээ.

3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор: Баянгол дүүргийн ...тоот хаягт байрлах 100,9 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-4/, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хх-13/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ (...) /хх-14/, Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-15/ зэрэг баримтыг нотлох баримтаар гаргасан байна.

4.Хариуцагч шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаж, тайлбар болон татгалзлаа нотлохоор аливаа бичмэл нотлох баримт гаргаагүй байна.

ҮНДЭСЛЭХ НЬ:

            1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

            2.Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: “С.... нь маргаан бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг иргэн ...оос гэрээний дагуу худалдан авч, улсын бүртгэлд бүртгүүлсэн хууль ёсны өмчлөгч бөгөөд хариуцагч М.... түүний зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар уг орон сууцыг эзэмшиж байгаа учир түүний хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх буюу түүнийг албадан гаргуулахаар шаардана” гэж тодорхойлсон.

            3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлах боловч тухайн орон сууцыг худалдаж авах саналтай, хугацаа тохирч төлбөр төлөх саналтай гэх агуулга бүхий тайлбар гаргасан байна.

            4.Хариуцагч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд хүрэлцэн ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

            5.Хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болох Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнүүд, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа зэргээр дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

            5.1.Маргаан бүхий Улсын бүртгэлийн ... дугаартай Баянгол дүүргийн ...тоот хаягт байрлах 100,9 м.кв орон сууц нь улсын бүртгэлд 2010 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хувийн хэрэг нээгдэж, иргэн Д.... анхны өмчлөгчөөр бүртгэгдсэн.

            5.2.Улмаар 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Худалдах, худалдан авах гэрээний дагуу Д....аас ...од өмчлөл шилжиж улсын бүртгэлд бүртгэгдэж, гэрчилгээ олгогдсон байх ба дахин 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр орон сууцны өмчлөл ...оос С....д Худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжиж, улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

            5.3.С.... нь ... нар 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулан, тухайн орон сууцыг 100,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч, төлбөрийг бүрэн төлж дууссан ба үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээлгэн өгөхөөр тусгаж, гэрээг нотариатаар гэрчлүүлжээ.

            5.4.Гэрээний дагуу маргаан бүхий орон сууцны өмчлөл ...оос С....д шилжиж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр С....д олгогдсон байна.

            6.Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжиж байгаа бол уг хэлцлийг мөн хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.

7.Нэхэмжлэгч С.... нь худалдах, худалдан авах гэрээний дагуу тухайн орон сууцны өмнөх өмчлөгч ...оос өмчлөх эрхийг шилжүүлэн авч, улсын бүртгэлд бүртгүүлсэн хууль ёсны өмчлөгч байна. Харин хариуцагч М.... аливаа байдлаар маргаан бүхий орон сууцыг өмчлөх, эзэмших эрхтэй этгээд биш боловч тухайн орон сууцанд амьдарч байгаа тухай зохигчид хэн аль нь маргаагүй.

8.Иймд нэхэмжлэгч С.... нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж заасны дагуу хариуцагч М....ийн хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн Улсын бүртгэлийн ... дугаартай Баянгол дүүргийн ...тоот хаягт байрлах 100,9 м.кв орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

9.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С....ийн өмчлөлийн ... дугаартай Баянгол дүүргийн ...тоот хаягт байрлах 100,9 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч М....ий хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                А.САРАНТУЯА