Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/95

 

Завхан аймаг дахь сум дундын  анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж, нарийн бичгийн дарга ****, улсын яллагч  О.Билгүүндаш, шүүгдэгч ****н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч **** холбогдох **** дугаартай эрүүгийн хэргийг  хянан хэлэлцэв.    

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, *** оны ***дүгээр сарын ***-ны өдөр   Завхан  аймгийн **** суманд төрсөн, *** настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн  хамт  Завхан аймгийн  ****сумын **** оршин суух хаягтай,  Завхан аймаг дахь сум дундын  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.12 дугаар  зүйлийн  2 дахь хэсгийн 2.2, 2.4-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан **** овогт ***** /регистрийн дугаар: *****/

Шүүгдэгч **** нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хасуулсан үедээ 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэн Завхан аймгийн *** сумын ***багийн нутаг дэвсгэрт **** улсын дугаартай “****” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

 Шүүгдэгч ****  холбогдсон хэрэг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон”  гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч  **** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1/нэг/ жилийн хугацаагаар хасуулсан болох нь Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02  дугаар сарын  24-ний  өдрийн ***** дугаартай шийтгэврээр болон хэрэгт авагдсан  нотлох  баримтаар  тогтоогдож  байна.

*** нь тээврийн хэрэгслийг жолоодох эрхээ хасагдсан үедээ буюу 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр  согтууруулах ундааны зүйл хэрэглэн Завхан аймгийн***сумын *** багийн нутаг дэвсгэрт ****улсын дугаартай “***” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон  болох нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

 Шүүгдэгч ***согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон талаар шууд тусган мэдүүлсэн гэрч  ***  “...2025 оны 04 дүгээр сарын 26-ны Завхан аймгийн**** сумын  *** багийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа *** улсын дугаартай *** загварын  тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад тухайн тээврийн хэрэгслийн жолооч **** гэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан бөгөөд тухайн үйлдлийг нь таслан зогсоож, согтолт хэмжих багажаар шалгахад  2,29 хувийн согтолттой гарсан...  ...Цагдаагийн газрын жижүүрт мэдэгдэж холбогдох албан тушаалтанд материалыг хүлээлгэн өгсөн...” гэсэн мэдүүлгээр,

Завхан аймгийн Цагдаагийн газрын  цагдаа зохицуулагч дэд ахлагч *** “…*** согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан “...Alcotest багаж ашиглан шалгахад 2,29 хувь тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэсэн тэмдэглэлээр, Зөрчлийн *** дугаартай  хэргийн хуулбар болон түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан талаарх Цагдаагийн ерөнхий газраас авсан “жолоочийн лавлагаа,  2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн мөрдөгчийн  магадлагаа зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээс авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо.

**** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн  Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн *** дугаартай  шийтгэвэр нь Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүчинтэй болсон байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар иргэн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөн дүрмийн 3.7а-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заажээ.

Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан үедээ дахин үйлдсэн бол Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг  бий болгодог.

             *** нь  2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр эрх хасагдсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн Завхан аймгийн **** сумын ****багийн нутаг дэвсгэрт ****улсын дугаартай “****” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

 Иймд  шүүгдэгч ****Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан буюу “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй.

 Шүүгдэгч **** нь гэм буруугийн талаар маргаангүй,  бусдад төлөх төлбөргүй байна.

                             2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан буюу “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч **** эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”  гэж тус  тус  заасныг үндэслэв.

Шүүгдэгч**** эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

            Шүүгдэгч **** эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн шинж болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх эрх хасах ялыг хорих ял дээр оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” гэж заасан байх тул шүүгдэгч ****оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэг жилийн нэмэгдэл ялын хугацааг,  торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

            Шүүгдэгч **** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч **** овогт  ****Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч  **** оногдуулсан 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 01 /нэг/ жилийн хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 233,333 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** оногдуулсан 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 /хоёр сая найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгж /15000 төгрөг/-тэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч**** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж оногдуулсан ялыг, торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6.Шүүгдэгч **** 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс  2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл 3 /гурав/ хоног цагдан хоригдсон бөгөөд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 3 хоногийг торгох ялаас нь хасаж тооцсугай.

8.Шүүгдэгч *** гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Н.ДЭЛГЭРМАА