| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2022/01262/И |
| Дугаар | 102/шш2023/00025 |
| Огноо | 2022-12-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 102/шш2023/00025
2022 оны ,, сарын ,, өдөр Дугаар 102/ШШ2023/00000 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ...,
Хариуцагч: ....,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 18,000,000 /арван найман сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б....,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Назгүль нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч С.... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэлийг дэмжиж гаргасан тайлбартаа:
Миний бие нөхөр С....ы хамт хувиараа бизнес эрхэлдэг. 2020 оны 8 дугаар сард ажил хэргийн шугамаар .... гэх залуутай танилцаж байсан. Э..... нь бичил уурхайгаар алт олборлодог .... ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай. Э.....гоор дамжуулж түүний төрсөн ах Э.... гэх залуутай танилцсан бөгөөд бид ажил хэргийн холбоотой байсан. Ингээд 2020 оны 11 сард Э...., Э..... нар манай ажил дээр ирж техник эвдэрсэн, түүнийг засварлахад мөнгөний хэрэг болоод байна, та 18,000,000 төгрөг 7 хоногийн хугацаатай зээлээч, бид техникээ засаад таны мөнгийг 19,000,000 төгрөг болгож өгье гэж хэлсэн. Хэдийгээр тухайн үед мөнгөний боломж муу байсан боловч би тэдэнд итгэж 7 хоногийн хугацаанд юм чинь удаж мөнгө түгжихгүй юм байна гэж ойлгоод, мөн техникээ засаад ажлаа эхлүүлчихвэл асуудалгүй төлчих гэсэн тул 18,000,000 төгрөгийг зээлэхээр болсон. Э.... та манай компанийн дансаар шилжүүлчих гэсний дагуу .... ХХК-ийн ... тоот данс руу 18,000,000 төгрөгийг шилжүүлж зээлдүүлсэн. Үүнээс хойш удаа дараа мөнгөө нэхэж утас руу нь залгасан боловч Э..... нь Улаанбаатар хотод эхнэр төрөх гээд ирсэн байна. Э.... нь ковид-19 халдварт өвчний улмаас хөл хорионоос болж удаашраад байна, ямар ч байсан мөнгөө удахгүй төлнө, санаа зоволтгүй гэж хэлсэн. Сүүлдээ утаснуудаа авхаа больсон. Миний бие зээлийн төлбөрөө авч чадахгүй, цаашлаад өчнөөн шүүхээр явж зардал чирэгдэл болж, цаг хугацааны хувьд болон санхүүгийн хувьд хохирч байна. Иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасны дагуу Э....гаас 18,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Хариуцагч Э.... 18,000,000 төгрөг зээлж авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Зарим хэсгийг төлсөн гэсэн боловч энэ тайлбар татгалзлаа баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү...гэв.
2.Хариуцагч Э.... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
Тухайн 2020 онд эргүүлэн тодорхой хэмжээний мөнгийг төлсөн учир нэхэмжлэлийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд үнийн дүнг эргүүлэн төлөх үнийн дүнтэй тулган үзэх, төлсөн үнийн дүнг шалгаж үзэх тайлбар гаргаж байна...гэжээ.
3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: өөрийн нөхөр С....тай хамтран эзэмшдэг Хаан банк ХХК дахь ... тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-5/, Э...., .... ХХК нарыг эрэн сурвалжлахаар шийдвэрлэсэн Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ... дүгээр шийдвэр /хх-8-9/, Э....гийн хаягийг олсон тухай Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаар албан бичиг /хх-10/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.
4.Хариуцагч Э.... шүүхэд аливаа бичмэл нотлох баримт гаргаагүй.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Шүүх Э....гаас 18,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан С....ы нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч шаардах эрхээ хариуцагчид 18,000,000 төгрөг зээлдүүлж, дансаар шилжүүлсэн, хариуцагч буцааж төлөх үүргээ биелүүлээгүй учир түүнд зээлдүүлсэн 18,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардана гэж тодорхойлжээ.
3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргахдаа тодорхой хэмжээний мөнгийг буцааж төлсөн учир эргүүлэн төлөх үнийн дүнтэй тулгаж, шалгах үзнэ гэх агуулга бүхий тайлбар гаргасан байна.
4.Хариуцагч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
5.Зохигчид талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсэж, С....аас Э....д 18,000,000 төгрөг зээлдүүлсэн талаар маргаагүй. Харин уг 18,000,000 төгрөгөөс хариуцагч тодорхой хэмжээний мөнгийг буцааж төлсөн гэж, нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч огт төлбөр төлөөгүй гэж тус тус тайлбарлан маргаж байна.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн С....ы нөхөр С....тай хамтран эзэмшдэг Хаан банк ХХК дахь харилцах дансны хуулгаар 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тус банк дахь ... тоот данс руу 18,000,000 төгрөгийг ...гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн байна. Уг мөнгийг хариуцагч Э.... хүлээн авсан эсэх талаар маргаагүй бөгөөд, тухайн мөнгөнөөс зохих хэмжээгээр төлсөн гэх агуулга бүхий тайлбар бичгээр гаргасан тул тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүсэж, хэлцлийг аман хэлбэрээр хийсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
7.Хариуцагч зээлийн төлбөр 18,000,000 төгрөгөөс тодорхой хэмжээгээр төлсөн гэж тайлбарласан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тайлбар татгалзлаа баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар няцаагаагүй тул зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.
8.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч С.... нь хариуцагч Э....гаас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлсэн 18,000,000 төгрөгийг буцаан төлөхийг шаардах эрхтэй.
9.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 247,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э....гаас 18,000,000 /арван найман сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч С....д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 247,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 247,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА