| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2022/05108/И |
| Дугаар | 102/шш2023/00076 |
| Огноо | 2022-12-28 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 102/шш2023/00076
2022 оны ,,, сарын ,, өдөр Дугаар 102/ШШ2023/000,,, Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ...
Хариуцагч: ...
Хариуцагч: ....
Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт төлсөн 5,000,000 /таван сая/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ц....,
Нарийн бичгийн дарга Х.Назгүль
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч Ц.... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр ... ХХК-ийг төлөөлж төслийн менежер, зохицуулагч Ч....тэй харилцан тохиролцсоны дагуу 022/А9-13 тоот гэрээ байгуулж, ... зуслан дахь өөрийн зуслангийн байшинд саарал усны шүүрүүлэх худагтай, бохирын септик систем угсруулах, суурилуулахаар мөн өдөр Ч....ийн Хаан банкны .... тоот дансанд 5,000,000 төгрөг урьдчилгаа болгон шилжүүлсэн. ... ХХК нь 2022 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр ... зусланд очиж септик суурилуулсан боловч миний өгсөн план зураг, зааварчилгааны дагуу хийгээгүй. Хашааны зай ашиглалтыг муутгаж, харилцан тохирсноос өөр газарт буюу хашааны голд овоолсон шороо үүсгээд явсан байсан. Маргаашнаас нь эхлэн буруу хийгдсэн ажлыг засуулахаар Ч.... нартай утсаар ярьж, нэр бүхий хүмүүс ирж хийсэн ажилтайгаа танилцан, миний санаа бодлыг сонсоод даруй ирж засна гээд явснаас хойш сар гаруй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд тэдэнд очно гэх мэтээр миний ажлыг алдагдуулан ...ын зусланд хүлээлгээд ирдэггүй байдал 4-5 удаа давтагдлаа. Одоо цаг агаар хүйтэрч, газар хөлдөн уг септикийг ухаж гарган, миний эхнээсээ зааж өгсөн байршилд шилжүүлж суурилуулах боломжгүй болж, төлөвлөөд байсан бусад засварын ажил хийгдэх нөхцөлгүй болж хохирсон тул ... ХХК-ийн хийсэн гэх ажлаас татгалзан, урьдчилгаанд төлсөн 5,000,000 төгрөгийг эргүүлэн нэхэмжилж байна. 2022 оны 9 дүгээр сарын 03-нд анх би ... гэж компани дээр очиж цахилгаан халаагуур худалдаж авах үедээ тэнд зарагдаж байсан септик системийг сонирхоод, тухайн ... ХХК-тай хамтардаг гэж ойлгоод итгэл төрж гэрээ байгуулан септик систем суурилуулахаар болсон. Ингэхдээ хийгдэж байгаа байшингийнхаа план зургийг үлдээгээд явсан. Гэтэл намайг орой очиход хэлснээс өөр газар суурилуулсан байсан. Үүнийгээ засаж өгөөгүй. Энэ байгууллагаас болоод төлөвлөж байсан ажлууд бүтээгүй учир их гомдолтой байгаа. Би гэрээнээс татгалзаж, өгсөн авснаа буцаана. Ажил гүйцэтгэх гэрээг компанитай нь байгуулсан. Ч....тэй гэрээний харилцаа тусдаа үүсээгүй, урьдчилгаа төлбөрийг компанийн хүссэний дагуу Ч....ийн данс руу хийсэн учраас хариуцагчаар татсан...гэв.
2.Хариуцагч ... ХХК-ийн төлөөлөгч Т.... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
Манай компанийн ТУЗ-ийн дарга Ч.... энэхүү гэрээг нэхэмжлэгчтэй байгуулсан. Бидний буруу хийсэн зүйл нь захиалагчийн анх төлөвлөсөн газар суурилуулаагүй болно. Энэ тал дээр Ч.... хэлээгүй, захиалагчийн гэр бүлийн хүн мэдээгүй байснаас болсон. Угсралтын багийнхан захиалагчийн гэр бүлийн хүнтэй зөвлөлдөж суурилуулсан болно. Манай зүгээс алдаагаа хүлээн зөвшөөрч, аль болох бага алдагдалтай хэргийг шийдүүлэх хүсэлтэй байна. Урьдчилгаанд авсан 5,000,000 төгрөгийг бүрэн барагдуулах боломжгүй. Захиалагчид 7,000,000 төгрөгийн үнийн дүнтэй өрхийн цэвэрлэх байгууламж бүрэн угсрагдаж дууссан. Өвөл зуны ашиглах багц ... ХХК бүрэн суурилуулсан ба захиалагчийн төлөвлөсөн газар суурилуулалт хийгдээгүй гэсэн шалтгаанаар бүрэн хариуцлага хүлээх боломжгүй гэж үзэж байна...гэжээ.
3.Хариуцагч Ч.... шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
Захиалагч Ц.... нь ... дахь зуслангийн газартаа ... ХХК-ийн 7,500,000 төгрөгийн үнэтэй бохирын шийдлийг 7,000,000 төгрөгөөр суурилуулах гэрээг байгуулсан. Суурилуулах ажлыг хариуцсан Т.... захиралтай хамт олон очих үед манай гэр бүлийн хүний бие өвдөж эмнэлэг дээр маш их сандарсан нөхцөл байдалд байсан учраас утсаар холбогдож, суурилуулах тал дээр мэдээлэл солилцож амжаагүй юм. Тухайн үед гэрээ хийхэд захиалагчийн гэр бүлийн хүн хамт байсан. Суурилуулалт хийх үед надтай холбогдоогүй ч захиалагч өөрөө мөн байгаагүй бөгөөд манай хүмүүс гэр бүлийн хүнтэй нь ярилцаж суурилуулах ажлыг хийж дуусгасан байсан. Эмнэлгээс гараад тухайн ажлын талаар тодруулах үед гэр бүлийн хүнтэй ярилцаж суурилуулсан талаар ярихад Ц.... ахыг гэр бүлийн хүнтэйгээ ярилцаж суурилуулахыг өөрчилсөн гэж ойлгосон. Учир нь бохирын шийдлийг суурилуулах үед манай зүгээс газар дээр нь зөвшилцөж байшингийн сууринд нөлөөлөхөөр байгаа тохиолдолд зөвлөгөө өгч байшингийн сууринаас холдуулж хийх тохиолдлууд их гардаг. Манай ажилчид суурилуулж дуусаад явахаас өмнө буруу суурилуулсан гэж үзвэл тэр дор нь шийдэх боломжтой байсан. Гэтэл захиалагч дараа нь энэ талаар мэдэгдэж гомдол гаргасны дагуу ерөнхий инженер н.Золбоогийн хамт очиж уулзсан. Манай компанийн хувьд мөнгөгүй байгаагаа ойлгуулж, дараагийн ажлын ашгаас шийдвэрлэх талаар ч ярьж ойлголцсон. Тухайн үед асуудлыг шийдэх боломж бүрдээгүй учир захиалагчийг үлдэгдэл төлбөр болох 2,000,000 төгрөгийг шийдчихвэл бид асуудлыг шийдэх боломжтой гэдгийг тайлбарласан ч хүлээж аваагүй. Үлдэгдэл төлбөрийг шийдэж, тухайн асуудлыг хойш тавихгүйгээр шийдэх боломжтой байсан. Захиалагчийн зүгээс үлдэгдэл төлбөрийг өгөх боломжгүй гэвэл бид ирэх хавар газар гэссэн үед ажил хийж ашгаасаа өөрсдийн зүгээс бүх зардлыг гаргаж үлдэгдэл төлбөрийг авахгүйгээр захиалагчид ашигтайгаар асуудлыг бүрэн шийдвэрлэж өгье...гэжээ.
4.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: Саарал усны шүүрүүлэх худагтай бохирын септик систем угсрах, суурилуулах гэрээ /хх-3-4/, 5,000,000 төгрөг шилжүүлсэн төлбөрийн баримт /хх-5/, фото зураг /хх-6/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан.
5.Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн татгалзлаа нотлохоор аливаа баримт гаргаагүй, харин ... ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-16/-ыг нотлох баримтаар гаргасан байна.
6.Хариуцагч ... ХХК-ийн төлөөлөгч Т...., хариуцагч Ч.... нар шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд ирээгүй, шүүхэд хүсэлт ирүүлээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нарын эзгүйд хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч Ц.... шүүхэд гаргасан үзлэг хийлгэх тухай хүсэлтээсээ шүүх хуралдаанд татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Шүүх дараах үндэслэлээр Ц....ын нэхэмжлэлийн Ч....д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, ... ХХК-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч шаардах эрхээ ...захиалагчаас зааварчилсан план зургийн дагуу тогтоосон газарт суурилуулаагүй, ажлын гүйцэтгэлийг зааварчилгааны дагуу хийгээгүй учир гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд төлсөн 5,000,000 төгрөгийг буцаан гаргуулна гэж тодорхойлжээ.
3.Хариуцагч ... ХХК-иас гэрээний дагуу захиалагчаас заагдсан газарт септик систем суурилуулаагүй болохоо хүлээн зөвшөөрөх боловч нэхэмжлэлийг эс зөвшөөрч ...цэвэрлэх байгууламж бүрэн суурилуулсан ба захиалагчийн төлөвлөсөн газар суурилуулалт хийгдээгүй гэсэн шалтгаанаар бүрэн хариуцлага хүлээх боломжгүй гэх агуулгаар нэхэмжлэлийг үгүйсгэн маргаж байна.
4.Хариуцагч Ч....ийн зүгээс нэхэмжлэлд ...гэр бүлийн хүний бие гэнэт муудаж эмнэлэгт байсан учир суурилуулах тал дээр мэдээлэл солилцож амжаагүй, Захиалагч үлдэгдэл төлбөрийг өгөх боломжгүй гэвэл ирэх хавар газар гэссэн үед ажил хийж ашгаасаа өөрсдийн зүгээс бүх зардлыг гаргаж үлдэгдэл төлбөрийг авахгүйгээр захиалагчид ашигтайгаар асуудлыг бүрэн шийдвэрлэж өгье гэж тайлбарлажээ.
5.Зохигчид Ц.... болон ... ХХК нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр, гэрээний үнэ 7,000,000 төгрөг, урьдчилгаа 5,000,000 төгрөг төлсөн, захиалагчаас өгсөн план зургийн дагуу суурилуулаагүй, мөн Ч.... нь ... ХХК-ийн ТУЗ-ийн дарга, урьдчилгаа төлбөрийг түүний хувийн харилцах дансаар хүлээн авсан зэрэг үйл баримтын талаар маргаагүй. Харин төлөвлөсөн газарт суурилуулалт хийгдээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй эсэх талаар маргаж байна.
6.Хэрэгт нотлох баримтаар авагдсан септик систем угсрах, суурилуулах гэрээ, төлбөрийн баримт, зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
6.1.Ц...., ... ХХК нарын хооронд 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Саарал усны шүүрүүлэх худагтай бохирын септик систем угсрах, суурилуулах гэрээ бичгээр байгуулагдаж, уг гэрээгээр ... ХХК нь захиалагч Ц....ын ... зуслангийн газарт /тус бүр нь 1,5 тн бүхий септик танк болон 0,7 м3 саарал шүүрүүлэх худаг/ септикийг саарал усыг шүүрүүлэх худагтай суурилуулах ажлыг 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 2 хоногт хийж гүйцэтгэх, захиалагч Ц.... нь ажлын хөлс 7,000,000 төгрөгөөс урьдчилгаа 5,000,000 төгрөг төлсөн, 2,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг тусгажээ.
6.2.Нэхэмжлэгч Ц.... 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөгийг Ч....ийн Хаан банк ХХК дахь 5034392219 тоот дансанд шилжүүлж, септик систем хашааны голд суурилуулсан байдлыг харуулсан фото зураг гаргасан байна.
7.Ц.... болон ... ХХК нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, уг гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан, талууд хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж байгуулсан хүчин төгөлдөр гэрээ байна.
8.Дээрх гэрээний дагуу захиалагч Ц.... нь ажлын хөлсний урьдчилгаа 5,000,000 төгрөгийг гүйцэтгэгч ... ХХК-ийн ТУЗ-ийн дарга гэх Ч....ийн Хаан банк ХХК дахь харилцах дансанд шилжүүлсэн бөгөөд зохигчид уг төлбөрийг ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаа төлбөр мөн болохыг хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй.
9.Хариуцагч Ч.... нь нэхэмжлэгч Ц....тай ажил гүйцэтгэх гэрээг ... ХХК-ийг төлөөлж байгуулсан ба гэрээний урьдчилгаа төлбөрийг хувийн дансаар хүлээн авснаар түүнийг маргаан бүхий ажил гүйцэтгэх гэрээний оролцогч гэж үзэх үндэслэлгүй бөгөөд иргэний маргаанд бие даан хариуцагчаар оролцвол зохих этгээд биш байх тул түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
10.Хариуцагч ... ХХК-ийн хувьд ажил гүйцэтгэх гэрээний дагуу септик системийг угсарч, суурилуулах ажлыг хийж гүйцэтгэсэн боловч захиалагч Ц....ын тогтоосон газраас өөр газарт суурилуулсан, дотоод зохион байгуулалт, хооронд харилцаа холбооны зөрчилдөөнтэй байдлаас шалтгаалан захиалагчийн тогтоосон газарт суурилуулаагүй ба энэ үйл баримтын талаар зохигчид маргаагүй.
11.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2 дахь хэсгүүдэд зааснаар ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээх бөгөөд гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх бөгөөд захиалагчийн тогтоосон газарт септик систем суурилуулахаар хүлээсэн үүргээ ажил гүйцэтгэгч тал биелүүлээгүй нь тухай ажлын үр дүнг доголдолтой гэж үзнэ.
12.Мөн Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2 дахь хэсэгт зааснаар захиалагч доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэг арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэхээр шаардлага гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч талд гэрээгээр тохирсны дагуу тогтоосон газарт байрлуулахыг мэдэгдэж, нэмэлт хугацаа олгосон боловч ... ХХК-иас доголдлыг арилгаагүйн улмаас гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.3 дахь хэсэгт ...ажил гүйцэтгэгч доголдлыг арилгахтай холбогдсон нэмэлт үүргээ гүйцэтгээгүй бол нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй гэж заасанд нийцсэн бөгөөд нэхэмжлэгч Ц.... нь гэрээнээс татгалзах эрхтэй.
13.Нэхэмжлэгч Ц.... хариуцагч ... ХХК-ийг ажлын үр дүнгийн доголдлыг арилгах боломжгүй, илүү зардал гарахаар байгаа гэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж, урьдчилгаа 5,000,000 төгрөгийг буцаан гаргуулж, суурилагдсан септик системийг ашиглаагүй учир хариуцагчид буцааж өгөхийг хүссэн тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу урьдчилгаа 5,000,000 төгрөгийг ... ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Ц....т олгох нь зүйтэй.
14.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 94,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 94,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч....д холбогдох Ц....ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч ... ХХК-иас 5,000,000 /таван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц....т олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 94,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 94,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА