Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2021/ДШМ/605

 

 

 

 

 

 

     2021            6              22                                       2021/ДШМ/605

                                                       

Г.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ж.Э, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Ариунболд,

хохирогч Б.Бгийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ,

хохирогч Д.Гийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш, Т.Отгонпүрэв,

шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, Г.Сүхээ,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 03 дүгээр сарын 17-ний өдрийн 2021/ШЦТ/354 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.Б, шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Мд холбогдох 2006017771146 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Х овгийн Гийн М, 1988 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт -тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:-/;

            Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 3 дугаар сарын 9-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 375 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн;

            Шүүгдэгч Г.М нь:

            “Төрийн өмчийн орон сууцны корпорацын байранд хямдхан хамруулна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Д.О, Г.Г нараас өөрийн “Хаан банк”ин дахь 5007973443 дугаартай дансаар дамжуулан нийт 12.300.000 төгрөгийг хуурч авч залилсан,

            2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 7 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Б.Эийг “манай авга ах Боловсролын яаманд ажилладаг юм, засгийн газрын тэтгэлгээр магистрт явуулах 1 орон тоо гарсан, эрүү нүүрний мэс заслын чиглэлээр мастер хамгаалах сургалтад хамруулна, 12 сая төгрөг байвал болох юм байна” гэж хуурч Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 15 дугаар байрны 61 тоот гэрээс нь банкны харилцах дансаар нийт 9.200.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

            2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашааны 15-50 тоотод оршин суугч М.Этэй утсаар холбогдон “ах Нийслэлийн орон сууцны корпорацад албаны дарга хийдэг, Буянт-Ухаа хороололд нэг давхарт 3 өрөө байр, 2 давхарт 2 өрөө байр зарна, эзэд нь боломжгүй болчихсон байрнууд байгаа” хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч байрны урьдчилгаа мөнгө гэж 4.100.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

            2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр П.Аийг “Нийслэлийн орон сууц корпорацаас зарласан түрээсийн орон сууцны хөтөлбөрт хамруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Чингис хааны нэрэмжит талбай орчмоос 1.537.800 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

            2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр А.Оийг “түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

            2019    оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 10 дугаар сарын 5-ны хооронд 23 удаагийн үргэжилсэн үйлдлээр Д.Гээс түүний хүү Б.Чинзоригийг “Австрали Улс руу тэтгэлэгтэй сургуульд зуучилж виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 44.801.100 төгрөг шилжүүлэн авч залилсан,

            2020    оны 01 дүгээр сарын 8-ны өдөр Б.Нийг “гадаадад тэтгэлэгтэй сургалтад хамруулна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь “Хаан банк”ны 5007973343 дугаартай дансаар 8.207.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

            2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Ч.Мыг “хөнгөлөлттэй үнээр байр зарна, урьдчилгаа авна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 5.698.500 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

            Иргэн Б.Цгийн хүү болох Дийг “Австрали улсад суралцах тэтгэлэгт хамруулж өгнө, яаралтай хоол, байр, тийзийн мөнгө шилжүүлэх шаардлагатай” гэж өөрийн хийж чадахгүй, биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн хуурч Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хас” банкны салбараас 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 5.228.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 685.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1.000.000 төгрөг, нийт 6.913.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

            Иргэн Б.Бг “Австрали улсад төрийн сангийн тэтгэлгээр хүүхдийг нь суралцуулна” гэж зохиомол байдлыг зориуд бий болгон хуурч 2019 оны 8 дугаар сарын 19-нөөс 23-ны өдрийн хооронд нийт 23.902.500 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

            2019    оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Т.Аыг “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

            2020    оны 02 дугаар сарын 17-ны өдөр Ц.Бг “түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 6.875.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

            2020 оны 02 дугаар сарын 7-ны өдөр Ц.М, Ц.М нарыг “түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан байрны урьдчилгаа, хураамж болгон Ц.Маас 1.387.000 төгрөг, Ц.Мээс 1.567.000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Б.Д, Ч.Б нарыг “түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж байрны урьдчилгаа, хураамж болгон Б.Даас 1.904.000 төгрөг, Ч.Баас 1.567.000 төгрөг буюу нийт 6.425.500 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан,

            2019 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-ны өдрийн хооронд Б.От “хүүхдийг чинь Солонгос улс руу сургуульд явуулна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан түүнээс 2 удаагийн гүйлгээгээр 5.825.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

            2019    оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ц.Зултуяад “хүүхдийг чинь Австрали улс руу сургуульд явуулна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 1.750.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

            2020    оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Т.Мөнхтунгалагт “түрээсийн байрны квот авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан 6.226.100 төгрөгийг “Хаан банк”-ны 5007973443 дугаарын дансаар шилжүүлэн авч бусдад нийт 153.761.500 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгон бусдыг залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овогтой Гийн Мыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Мд 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Г.Мд оногдуулсан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 375 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 жил 4 сар 6 хоногийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэж түүний биечлэн эдлэх ялыг 15 жил 4 сар 6 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Мын цагдан хоригдсон 217 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мд оногдуулсан 15 жил 4 сар 6 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Г.Маас хохирогч Г.Гөд 1.950.000 төгрөг, хохирогч Д.Од 6.640.000 төгрөг, хохирогч Б.Бд 14.352.000 төгрөг, хохирогч Т.Ат 780.000 төгрөг, хохирогч Б.Цд 6.913.000 төгрөг, хохирогч Б.Нд 8.207.000 төгрөг, хохирогч Ч.Мт 3.300.000 төгрөг, хохирогч Б.Эд 6.590.000 төгрөг, хохирогч М.Эт 4.100.000 төгрөг, хохирогч П.Ад 1.537.800 төгрөг, хохирогч А.От 10.000.000 төгрөг, хохирогч Д.Гт 40.601.100, хохирогч Ц.Бд 6.875.000 төгрөг, хохирогч Ц.Мд 1.387.000 төгрөг, хохирогч Ц.Мт 1.567.000 төгрөг, хохирогч Б.Дд 1.904.000 төгрөг, хохирогч Ч.Бд 1.567.000 төгрөг, хохирогч Т.Мөнхтунгалагт 4.016.100 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2021/ШТ/88 дугаартай шүүхийн тогтоолоор “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 354 дугаартай шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт 6 дахь хэсэгт “...хохирогч Т.Ат 780.000 төгрөг...” гэснийг “...хохирогч Т.Ат 2.200.000 төгрөг...” гэж залруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт залруулга хийжээ.

            Хохирогч Б.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие анхан шатны шүүх хуралд коронавирус цар тахал өвчний улмаас хатуу хөл хорио тогтоосон байсан болохоор Улаанбаатар хотод очиж өөрийн биеэр танилцах боломжгүй болсон билээ. Анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Мд 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүртэл “Хаан банк”-ны 8 удаагийн гүйлгээгээр 23.902.500 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэж хэлэлцсэн боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тооцон гаргахдаа алдаа гаргасан байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хохирлыг бодитоор тогтоолгохоор гомдол гаргаж байна. Иймд миний бодит хохирол 23.902.500 төгрөг байхыг алдаатай тооцсон тул Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гомдол гаргаж байх тул хүлээн авч шүүхийн шийтгэх тогтоолын 6 дахь хэсгийн хохирлын хэсэгт надад 23.902.500 төгрөгийг олгохоор өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.

            Хохирогч Б.Бгийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирлыг тооцоог буруу тооцсоныг залруулга хийлгүүлэхээр анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Шүүгдэгч Г.М нь хохирогч Б.Бгийн хүүхдийг Австрали улсад сургалтад хамруулж өгнө, өөрийгөө Боловсрол, Соёлын яаманд ажил хийдэг гэж хуурч 2019 оны 8 дугаар сарын 19-нөөс 23-ны өдрийн хооронд 8 удаагийн “Хаан банк”-ны гүйлгээгээр нийт 23.902.500 төгрөгийг шилжүүлэн авч залилсан. Гэвч анхан шатны шүүхийн болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Г.М хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн. Хохирол төлбөр дээр маргадаггүй. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо хохирлын тооцоог 16.000.000 төгрөгөөр тооцож алдаа гаргасан нь хохирогчийн эрх ашгийг хохироосон гэж үзэж байх тул хохирогчид учирсан 23.902.500 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хохирогч Б.Б нь анх мөнгө шилжүүлэхдээ банкнаас зээл авсан гэдгээ шүүгдэгч Г.Мд үзүүлдэг. Зээлийн гэрээнд заасан хүүг хохирогч Б.Б тухайн үед төлж байсан. Шүүгдэгч Г.Мын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирогч нарын хохиролын хувьд олон хохирогчтой, мөн нийт 153.761.500 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулсан байж хохирол төлбөрөө барагдуулахгүй. Залилах гэмт хэрэг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгон бусдыг залилсан гэмт хэрэг үйлдсэн. Хохирогч Б.Бгийн хувьд ар гэрийн амьдрал хүнд болсон тул 23.902.500 төгрөгийг цуглуулах гэж олон удаагийн зээл авсан. Зээлийн хүүг 2019 оноос өнөөдрийг хүртэл их хэмжээний хүү төлж хохирсон. Мөн Ковид-19 цар тахлын улмаас бүх аж ахуй нэгжийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж иргэдэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж байна. Иймд хохирол төлбөрийг нэн даруй гаргаж өгнө үү. …” гэв.

Шүүгдэгч Г.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 375 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар зүйлчлэн 10 жил хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад биеэр эдэлж байгаад 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр нэмэлт хэргийн улмаас дахин шүүхээр орсон. Миний бие өмнөх хэргийн мөрдөн шалгах бүхий л шатанд надад холбогдох өөр үйлдэл бусад дүүргийн цагдаагийн газарт үлдсэн байгааг өмгөөлөгч нарын хамт нотлох баримттайгаар гаргаж, нэгтгүүлэх хүсэлтийг гаргасаар ирсэн билээ. Г.М би хэргийн бүх шатанд гэм буруугаа хүлээж, ямар ч маргаангүйгээр оролцож, хохирлоосоо төлж, үлдсэн хохирлоо төлөхөө илэрхийлсэн билээ. 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр болсон анхан шатны шүүх хуралдаан дээр улсын яллагч Э.Ариунболд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар миний өмнөх хэргийг үлдсэн ял дээр нэмж нэгтгэн нийт 12 жил хорих ял оногдуулах санал гаргасан. Гэтэл шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар зүйлчлэн надад 15 жил 4 сар 6 хоног хорих ял оногдуулж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Миний бие өөрт холбогдох хэргийг нуун дарагдуулаагүй, нэгтгэх хүсэлт удаа дараа тавьсаар байхад нэгтгээгүй мөртлөө маш хүнд ялаар миний эрх зүйн байдлыг дордуулж шийтгэсэнд гомдолтой байна. Миний бие өөрт холбогдох хэргийн гэм бурууг хүлээж, хийсэн хэрэгтээ маш их гэмшин харамсаж, алдаагаа бүрэн ойлгон ухаарч байна. Иймд энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлээс хэтэрсэн өндөр ялыг багасгаж, миний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр дэглэмийг минь бууруулж өгнө үү. Миний бие хохирогч нарын хохирлыг төлж, зөв сайхан амьдрах болно. ...” гэв.

            Шүүгдэгч Г.Мын өмгөөлөгч Н.Намжилцогт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Г.М нь 2015 оноос хойш 2020 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр 57 удаагийн залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн байдаг. Бидний зүгээс бүх хэргүүдийг нэгтгүүлэн үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцуулан шүүхийн нэг шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай хүсэлт, гомдлыг цаг тухайд нь шат шатны шүүхэд гаргаж байсан боловч шүүхийн байгууллага эдгээр хэргүүдийг 2 хэсэгт хуваан шийдвэрлэж, шүүгдэгч Г.Мд шүүхийн 2 шийтгэх тогтоолоор эрүүгийн хариуцлага оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан нэг төрлийн ялын дээд хэмжээ нь тухайн бүлэгт заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй” гэж заасан. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Мын нийт эдлэх хорих ялын хэмжээг тогтоохдоо дээрх заалтыг харгалзан үзэлгүй, эрх зүйн байдлыг дордуулсан хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Гэтэл залилах гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээ 12 жил байхаар тогтоосон байхад шүүгдэгч Г.Мд 16 жилийн хугацаатай хорих ял шийтгэл оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Давж заалдах шатны шүүх, шүүгдэгч Г.Мын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн, мөн олон суурь өвчтэй, ар гэрээсээ байнга эм, эмчилгээ авдаг хувийн байдал зэргийг харгалзан түүнд ашигтай эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийг хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасны дагуу “...шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно. ...” гэж заасныг үндэслэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар дугаар сарын 17-ны өдрийн 354 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, мөн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн дээд хэмжээгээр хорих ялыг оногдуулж, нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Г.Мын өмгөөлөгч Г.Сүхээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Г.М болон өмгөөлөгч Н.Намжилцогт нарын гаргасан давж заалдах гомдлуудыг дэмжиж байна. Хүн амины гэмт хэрэг үйлдсэн этгээд 8-10 жилийн хорих ял шийтгэл авч байна. Залилангийн гэмт хэрэгт хорих ялын дээд хэмжээ нь 12 жилийн хугацаагаар хорих ялын шийтгэлтэй байдаг. Гэтэл шүүгдэгч Г.Мд оногдуулсан ял шийтгэл нь эрх зүйн байдлыг нь дордуулсан гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Г.Мд холбогдох гэмт хэрэгт 12 жилийн хугацаатай хорих ялыг оногдуулж, нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү. ...” гэв.

            Хохирогч Д.Гийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч Д.Бум-Аюуш, Т.Отгонпүрэв нар тайлбараа нэгтгэж гаргаж байна. Анхан шатны шүүхээс хохирогч Д.Гт учруулсан хохирлын тооцоог 44.801.100 төгрөг гэж зөв тогтоосон. Хохирлын тооцоонд ямар нэгэн санал гомдол байхгүй. Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлагыг үндэслэлтэй оногдуулсан. Шүүгдэгч Г.М нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш үйлдлүүдэд ял шийтгэл оногдуулсан. Тэгэхлээр шүүгдэгч Г.Мын өмгөөлөгчийн гаргасан ямар хуулийг буцаан хэрэглэх нь ойлгомжгүй байна. 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс хойших үйлдлүүдэд шинээр хууль хэрэгжсэн тохиолдол байхгүй учраас хуулийг буцаан хэрэглэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх боломжгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болон тухайн гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзаж, ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдаг. Гэтэл шүүгдэгч Г.Мын хувьд 2021 оны 03 дугаар сарын 17-ны анхан шатны шүүх хуралдаанаар хохирогч нарт учруулсан хохирлоо төлсөн тохиолдол байгаагүй. Хувийн байдлын хувьд дээрдүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. 2011 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор мөн адил зүйл ангиар залилах гэмт хэрэг үйлдэж ял шийтгэл оногдуулж байсан. Уг ял шийтгэлээ эдэлж байхдаа 2015 оны 03 дугаар сарын 9-ний өдөр өршөөлөөр суллагдаж байсан. Үүнээс хойш 2020 оны 4 дүгээр сарын 22-ний өдөр 375 дугаартай шийтгэх тогтоолоор мөн адил төрлийн гэмт хэрэгт холбогдсон. Үүний дараа дахин 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн шийтгэх тогтоолоор мөн залилах гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн. Тэгэхлээр, шүүгдэгч Г.Мын ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Өмнө нь гарсан шийтгэх тогтоолуудаар хохиролтой холбоотой ял оногдуулж байгаагүй. Сүүлд үйлдсэн гэмт үйлдлүүдэд ял оногдуулж, урьд оногдуулсан ял шийтгэлтэй нэмж нэгтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү. Хохирогч Б.Бгийн гаргасан давж заалдах гомдолтой холбоотой асуудлыг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэнэ гэж үзэж байна. ...” гэв.

            Прокурор Э.Ариунболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгийг журамлан нийт 15 жилийн хугацаагаар хаалттай дэглэмтэй хорих ангид хорих ял оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцэж байна. Хохирогч нарын хохирол төлбөр төлөгдөөгүй болохыг дурдах нь зүйтэй. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлууд бүрэн дүүрэн тогтоогдсон гэж үзэж байна. Хохирогч Б.Бгийн хувьд “Хаан банк”-ны 8 удаагийн гүйлгээгээр нийт 23.902.500 төгрөгийг шилжүүлсэн. Нэгдэх дэх хавтас хэргийг 134-135 дугаар хуудсанд 3.100.000 төгрөгийг буцаан авсан байдаг. Мөн гэрч Оюун-Эрдэнээр дамжуулан 500.000 төгрөгийг хохирогч хүлээн авсан. Тэгэхлээр нийт хохирлоос 3.600.000 төгрөг хасагдаж, 20.325.000 төгрөг олгохоор өөрчлөлт оруулах нь үндэслэлтэй гэж үзэж байна. Гурав дахь хавтас хэргийн 126 хуудсанд 3.100.000 төгрөг шилжүүлсэн баримт байгаа. 500.000 төгрөг сүүлд нэмж шилжүүлсэн байдаг. Энэ нь 3 дахь хавтас хэргийн 120 дугаар хуудсанд байдаг. Эээс 4.100.000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн үндэслэлтэй байна. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хэдий ч учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй. Хохирогч нарын дунд хөгжлийн бэрхшээлтэй хүн ч байдаг. Олон хохирогч нар өр зээл авч шүүгдэгч Г.Мд мөнгө өгсөн байдаг. 6 жил гэдэг бол 5-12 жилийн хорих ялтай гэмт хэргийн хувьд бага ял шийтгэл гэж үзэж байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 354 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.М нь:

“Төрийн өмчийн орон сууцны корпорацын байранд хямдхан хамруулна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Д.О, Г.Г нараас өөрийн “Хаан банк”ин дахь 5007973443 дугаартай дансаар дамжуулан нийт 12.300.000 төгрөгийг хуурч авч залилсан,

2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 7 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Б.Эийг “манай авга ах Боловсролын яаманд ажилладаг юм, засгийн газрын тэтгэлгээр магистрт явуулах 1 орон тоо гарсан, эрүү нүүрний мэс заслын чиглэлээр мастер хамгаалах сургалтад хамруулна, 12 сая төгрөг байвал болох юм байна” гэж хуурч Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 15 дугаар байрны 61 тоот гэрээс нь банкны харилцах дансаар нийт 9.200.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашааны 15-50 тоотод оршин суугч М.Этэй утсаар холбогдон “ах Нийслэлийн орон сууцны корпорацад албаны дарга хийдэг, Буянт-Ухаа хороололд нэг давхарт 3 өрөө байр, 2 давхарт 2 өрөө байр зарна, эзэд нь боломжгүй болчихсон байрнууд байгаа” хэмээн бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч байрны урьдчилгаа мөнгө гэж 4.100.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр П.Аийг “Нийслэлийн орон сууц корпорацаас зарласан түрээсийн орон сууцны хөтөлбөрт хамруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Чингис хааны нэрэмжит талбай орчмоос 1.537.800 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр А.Оийг “түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2019    оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 10 дугаар сарын 5-ны хооронд 23 удаагийн үргэжилсэн үйлдлээр Д.Гээс түүний хүү Б.Чинзоригийг “Австрали Улс руу тэтгэлэгтэй сургуульд зуучилж виз гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 44.801.100 төгрөг шилжүүлэн авч залилсан,

2020    оны 01 дүгээр сарын 8-ны өдөр Б.Нийг “гадаадад тэтгэлэгтэй сургалтад хамруулна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхад нь “Хаан банк”ны 5007973343 дугаартай дансаар 8.207.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Ч.Мыг “хөнгөлөлттэй үнээр байр зарна, урьдчилгаа авна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 5.698.500 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

Иргэн Б.Цгийн хүү болох Дийг нь “Австрали улсад суралцах тэтгэлэгт хамруулж өгнө, яаралтай хоол, байр, тийзийн мөнгө шилжүүлэх шаардлагатай” гэж өөрийн хийж чадахгүй, биелэгдэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэн хуурч Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хас” банкны салбараас 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 5.228.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 685.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1.000.000 төгрөг, нийт 6.913.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

Иргэн Б.Бг “Австрали улсад төрийн сангийн тэтгэлгээр хүүхдийг нь суралцуулна” гэж зохиомол байдлыг зориуд бий болгон хуурч 2019 оны 8 дугаар сарын 19-нөөс 23-ны өдрийн хооронд нийт 23.902.500 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2019    оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хооронд Т.Аыг “Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2020    оны 02 дугаар сарын 17-ны өдөр Ц.Бг “түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 6.875.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2020 оны 02 дугаар сарын 7-ны өдөр Ц.М, Ц.М нарыг “түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан байрны урьдчилгаа, хураамж болгон Ц.Маас 1.387.000 төгрөг, Ц.Мээс 1.567.000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Б.Д, Ч.Б нарыг “түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж байрны урьдчилгаа, хураамж болгон Б.Даас 1.904.000 төгрөг, Ч.Баас 1.567.000 төгрөг буюу нийт 6.425.500 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан,

2019 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-ны өдрийн хооронд Б.От “хүүхдийг чинь Солонгос улс руу сургуульд явуулна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан түүнээс 2 удаагийн гүйлгээгээр 5.825.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2019    оны 10 дугаар сарын 23-ны өдөр Ц.Зултуяад “хүүхдийг чинь Австрали улс руу сургуульд явуулна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 1.750.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2020    оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Т.Мөнхтунгалагт “түрээсийн байрны квот авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулан 6.226.100 төгрөгийг “Хаан банк”ны 5007973443 дугаарын дансаар шилжүүлэн авч бусдад нийт 153.761.500 төгрөгийн хохирол буюу их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгон бусдыг залилсан гэмт хэрэг тус тус үйлдсэн нь дараах бичгийн нотлох баримтуудаар нотлогджээ. 

Үүнд: хохирогч Г.Гийн “...2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр М нь над руу ... залгаад “Төрийн орон сууцны корпорацаас түрээсийн байр хямдхан гарч ирж байна, урьдчилгаа 3.500.000 төгрөгөөс 5.000.000 төгрөг өгөөд цааш үргэлжлүүлэн түрээсийг нь 3 жил төлөөд байртай болох боломжтой, өнөөдрийн дотор урьдчилгаа мөнгийг нь 10 хувиар нь өгчихвөл болно, одоо мөнгө өгөхгүй бол өөр хүмүүс авах гээд байна” гэхэд нь би өөрийн 2 хос алтан ээмэг, 5 ширхэг алтан бөгжийг найз Д.Оын эд зүйлийн хамт ломбардад 3.500.000 төгрөгт тавьсан. Би энэхүү мөнгийг Д.Оын эзэмшдэг Хаан банкны 5039022402 дугаарын данснаас шилжүүлэн өгсөн. ...” /1хх 10-11/,

хохирогч Д.Оын “...М нь Г рүү ... залгаад “Төрийн орон сууцны корпорацад хоёр хямдхан байр гарлаа, урьдчилгаа 3.500.000-4.500.000 төгрөг болно, авахаар бол мөнгөө яаралтай өг нэрийг нь оруулах гээд байна” гэсэн. Тухайн үед би байрыг нь сонирхоод урьдчилгаа мөнгө нийт 10.300.000 төгрөгийг Гийн 2.000.000 төгрөгийг нийлүүлээд 12.300.000 төгрөг болсон. Мын өгсөн 5007973443 дугаарын шилжүүлсэн. Би “болохгүй бол эргүүлээд мөнгөө авъя” гэхэд 980.000 төгрөгийг эргүүлэн өгсөн. ...” /1хх 12-13/,

хохирогч Б.Цгийн “...М ... залгаад “манай ах боловсролын яаманд ажилладаг юм, тэгээд Австрали Улсын Сиднейн Их сургуульд нэг хуваарь гарлаа, их боломж байгаа юм, та өөрийн хүүгээ явуулах уу, ... та бичиг баримт бүрдүүлж аваад баталгаа болгож 5.000.000 төгрөг байршуулна, үүнээс 2.228.000 төгрөг нь тань руу буцаж орно” гээд 3.000.000 төгрөг, дараа нь 2.228.000 төгрөг, билетийн мөнгө 1.685.000 төгрөг тус тус авсан. Ингээд нийт 6.913.000 төгрөг авсан. ...” /2хх 161-165/,

хохирогч Т.Аын “...М ... “би виз гаргадаг, визийг чинь удахгүй гаргаж өгнө таны зардал нийт 5.000.000 төгрөг болно” гэсэн. ...Би ... визний үнэ гэж 2.218.000 төгрөг, ... сургалтын төлбөр гэж 225.000 төгрөг, ... олон улсын жолооны үнэмлэхийн мөнгө гэж 205.000 төгрөг, ... виз зуучилсны хөлс гэж 2.352.000 төгрөгийг шилжүүлсэн. ...Дөрвөн удаагийн гүилгээгээр 5.000.000 шилжүүлсэн. М надад ... 1.300.000 буцааж өгсөн. Цэенхүүгээс 1.500.000 төгрөг буцаан авсан. ...” /2хх 54-55/,

хохирогч Б.Нийн “...99147599 дугаараас залгаад “Мөөгий эгч нь байна, манай ах Засгийн газрын Боловсролын хэлтэст ажилладаг юм, ... гадаад руу тэтгэлэгтэй, байртай хөтөлбөр байна, ...15 сая төгрөг байдаг, өмнө нь шалгалт өгөөд тэнцсэн байсан хүүхдүүдээс нэг нь жирэмсэн болсон гэнэ, тэр хүүхэд нь явах боломжгүй болсон байна. ...” гэж хэлсэн. Надаас нийт 8.207.000 төгрөг авсан. 2020 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр ... 2.000.000 төгрөг, мөн адил өдөр татвар гэсэн утгатайгаар 1.207.000 төгрөг, ... мобайл банк ашиглан ... 5.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. ...” /2хх 220-221/,

хохирогч Ч.Мын “...99147599 дугаартай утсаар ... “...Надад хямдхан байр байна, 5 сая төгрөгийн урьдчилгааг миний дансанд шилжүүлбэл 500.000 төгрөгөөр гэрээ хийх эрхийг нь заръя, ... 198.500 төгрөгийн татварын хураамж бас төлөх ёстой, ... мөнгийг миний 5007973443 дугаарын данс болох Г овогтой Мын дансанд хийгээрэй. ...” гэсэн. Тэгээд би ... 5.000.000 төгрөгийг 5007973443 гэсэн данс руу интернет банкаар шилжүүлсэн. Маргааш нь үлдэгдэл 698.000 төгрөгийг шилжүүлсэн. 2020 оны 01 дүгээр сараас хойш цувуулсаар байгаад 5.698.500 төгрөгөөс 2.400.000 төгрөгийг миний данс руу явуулсан. ...” /3хх 23-25/,

хохирогч Б.Бгийн “...Би ... Мд нийт 8 удаагийн “Хаан банк”ны гүйлгээгээр 23.902.500 төгрөгийг шилжүүлсэн юм. ...М нь “...надад Боловсролын яаманд таньдаг том ажил хийдэг ах байна, таны хүүхдийг Австрали Улс руу Төрийн сангийн 100 хувийн тэтгэлэгтэй зээлээр суралцуулж өгнө. ...” гэж ... ярьсан учраас би ... “Хаан банк”ны 5094506088 данснаас Г.Мын “Хаан банк”ны 5007973443 гэсэн данс руу нийт 23.905.500 төгрөг шилжүүлсэн. М надад 3.100.000 төгрөгийг ... над руу шилжүүлсэн. Би одоо М гэх эмэгтэйгээс 20.802.500 төгрөгийг гаргуулан авах нэхэмжлэлтэй байна. ...” /1хх 134-135/,

хохирогч Б.Эийн “...99147599 дугаарын утсаар “Э эмч мөн үү, би Мөөгий байна, манай авга ах нар Боловсролын яаманд ажилладаг юм, Засгийн газрын тэтгэлгээр магистрт явуулах нэг орон тоо гарлаа, танд явуулах хүн байна уу” гэхээр нь “манай охин байна” гэхэд “тэрийгээ явуулахгүй юу даа, эрүү нүүрний мэс заслын чиглэлээр мастер хамгаалах сургалт ... 12,000,000 төгрөг байвал болох юм байна, ... хагас сайн өдрөөс өмнө 9.000.000 төгрөг бүрдүүлчихвэл би яриад болгоё. ...” гэсэн. Нийт 5 удаагийн гүйлгээгээр 9.200.000 төгрөг шилжүүлж залилуулсан. Тэгээд тэр цагаас хойш ... нийт 2.250.000 төгрөг буцаан өгсөн. ...” /3хх 97-98/,

хохирогч М.Эийн “...99147599 дугаарын утаснаас “Мөөгий сэтгүүлч байнаа, манай нэг ах Нийслэлийн орон сууцны корпорацын албаны дарга хийдэг юм. Тэгээд Буян-Ухаа хороололд нэг давхарт 3 өрөө байр, 3 давхарт 2 өрөө байр байна, авах эзэд нь боломжгүй болчихсон байрнууд байгаа, түрээсээр орох боломжтой, та энэ байрнуудаас сонирхох уу, эсвэл та энэ байрнаас найдвартай хүн байвал олоод өгөөч, хамаагүй хүмүүсээс асуухаар ахыг ажилгүй болгочих байх” гэсэн. Би “нэг давхрын 3 өрөө байрыг нь эгч нь авъя, 2 өрөө байрыг нь ойр дотнын хүмүүсээс асууж өгье” гэсэн. Тэгсэн чинь та 16 цагаас өмнө урьдчилгаа болох 3.600.000 төгрөг хийчих, нэг сарын түрээс нь 600.000 төгрөгөөр бодоод 6 сарын төлбөр хийх ёстой юм” гэсэн. Тэгээд би шилжүүлчихсэн. ...” /3хх 132-133/,

хохирогч П.Аийн “...М “таны хувьд ёстой зүгээр шүү, ... та 30 минутын дотор байрны эхний 3 сарын түрээс 1.440.000 төгрөг, татварын 97.800 төгрөг шилжүүлэхгүй бол болохоо байлаа, цаад байгууллага нь шаардаад байна, бүртгэлээ аваад дуусаж байгаа юм, би таныг яаралтай бүртгүүлээд оруулаад өгье. ...” гэсэн. ...Мын ... данс руу 1.440.000 төгрөгийг, дараа нь 97.800 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Би Г.М гэх эмэгтэйгээс надаас залилж авсан 1.537.800 төгрөгийг нэхэмжилж байна. ...” /3хх 234-235/,

хохирогч А.Оийн “...Г.М над руу утсаар яриад “та хөгжлийн бэрхшээлтэй гэдгээр НОСК-ийн байранд бүртгүүлсэн байгаа юм байна, таны нэр 241 дүгээрт явж байна, ...манай найз НОСК-д ажилладаг юм, тэгээд би танидаг хүмүүсийнхээ нэрийг тухайн жагсаалтад нь урагшлуулж өгч байгаа юм, тэгээд би танидаг хүмүүсийнхээ нэрийг нь тухайн жагсаалтад нь урагшлуулж өгч байгаа юм та хамрагдах уу” гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгтэл Г.М “эхний ээлжид яаралтай 6.000.000 төгрөг шилжүүлэх хэрэгтэй байна, танил талаараа зохицуулна” гэж хэлсэн. Тэгээд ... “Төрийн” банкны данснаас 3.000.000 төгрөгөөр 2 удаа нийт 6.000.000 төгрөгийг Г.Мын “Хаан банк”-ны данс руу шилжүүлсэн. Тэгтэл Г.М нь ... “дахиад 2.000.000 төгрөг яаралтай шилжүүлэх хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь ахиад 2.000.000 төгрөгийг Г.Мын “Хаан банк”-ны данс руу шилжүүлсэн. Дахин над руу утсаар яриад “байрныхаа метр квадратыг томруулах уу, ... томруулж байгаа юм чинь 2.000.000 төгрөг хэрэгтэй” гээд 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Миний хувьд нийт 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /4хх 4-5/,

хохирогч Д.Гийн “...Над руу ... М гэх эмэгтэй залгаад “хүүгээ Австрали Улсад сургуульд суралцуулах хүсэлтэй байгааг мэдлээ, манай ахын компани Австрали Улс руу сургуульд зуучилж виз гаргаж өгдөг, ... Австрали Улсын сургуульд суралцах нэг хүний материал яаралтай бүрдүүлэх шаардлагатай байна, та хурдан урьдчилгаа болох мөнгийг шилжүүлэх юм бол хурдан сургуульд сурах тэтгэлэг нь батлагдаад визийг нь гаргана. ...” гэж хэлсэн. Тэгээд ... урьдчилгаа мөнгө гэх 12.000,000 төгрөгийг М гэх хүний “Хаан банк”-ны 5007973443 дугаарын дансанд шилжүүлсэн. ...Миний зүгээс 23 удаагийн гүйлгээгээр 44.801.100 төгрөгийг шилжүүлж залилуулсан юм. М ... 4.200.000 төгрөгийг буцааж өгсөн. Би нийт 40.600.100 төгрөгийг Маас нэхэмжилж байна. ...” /4хх 67-68/,

хохирогч Ц.Бгийн “...99147599 дугаарын утаснаас залгаад “Мөөгий байна, та намайг таньж байна уу, би таныг Засаг даргын тамгын газарт ажиллаж байх үед татварт ажиллаж байсан хүн байна, би таниас нэг юм асууя, та түрээсийн орон сууцанд хамрагдах уу, манай хамаатны ах түрээсийн орон сууцны корпорацад албан тушаал эрхэлдэг юм, та материалаа бүрдүүлээд өг, 11 цагаас хурал болох гээд байгаа юм, түүнээс өмнө амжуулаад өгчихвөл сайн байна, ... метр квадрат нь 1.050.000 төгрөг ба 3 жилийн дараа таны өмчлөлд шилжинэ, та байрнаасаа хамаарч 500.000-600.000 төгрөг төлнө” гэж хэлсэн. Тэгээд би ... тэр эмэгтэйн өгсөн 5007973443 дугаарын дансанд 3.200.000, 3.600.000, 37.500 төгрөгөөр 2 удаагийн татварын төлөлт гээд нийт 7.550.000 төгрөгийг хийсэн. ...” /5хх 76-77/,

хохирогч Ц.Мын “...99147599 дугаар утсаар эмэгтэй хүн залгаад “Нийслэлийн орон сууц корпорацын түрээсийн байр байна, сар бүр түрээсээ төлөөд байртай болно” гэхээр нь 5007973443 гэсэн данс руу ... 1.260.000 төгрөгийг шилжүүлсэн. ... 2-3 минутын дараа уг данс руу 127.500 төгрөгийг шилжүүлсэн. Би энэ Г.М гэх хүнд залилуулсан 1.387.500 болон намайг 2 удаа Улаанбаатар хот руу дуудаж, зардал чирэгдэл учруулсан мөнгө 300.000 төгрөг, нийт 1.687.500 төгрөг нэхэмжилж байна. ...” /5хх 188-189/,

хохирогч Ц.Мийн “...99147599 дугаар утсаар эмэгтэй хүн залгаад төрийн орон сууцны албанаас ярьж байна, түрээсийн орон сууцны хөтөлбөрт хамрагдах материалтай танилцлаа, хөтөлбөрт хамрагдах боломжтой юм байна эхний 3 сарын түрээсийн мөнгийг өнөөдөр 12 цагаас өмнө шилжүүлчих” гэхээр нь ... нийт 1.567.000 төгрөгийг тэр хүнд өгсөн. Д өөрөө 3 өрөө байранд, аав Бдаа 2 өрөө байрыг түрээсээр авч өгөхөөр болж мөнгийг нь тэр эмэгтэйд өгсөн. Ингээд бид нийт 6.425.000 төгрөгийг тэр эмэгтэйд өгсөн. ...” /5хх 183, 192-193/,

хохирогч Б.Оын “... “Хүүхэд Солонгос Улс руу явуулах гэж байсан чинь танхай хэрэгт холбогдоод явуулах боломжгүй болчихлоо, тэр хүүхдийн оронд танай хүүхдийг явуулна” гэсэн. Тэгээд цайны цагаас өмнө мөнгө шилжүүл гээд яаруулаад байсан. Тэгээд би ... хүнээс зээлээд ... 5.000.000 төгрөгийг М гэх хүний 5007973443 дугаарын данс руу шилжүүлсэн. ...М дахин залгаад “тэтгэлэгт орох улсад мөнгө тушаадаг, тэр мөнгө 825.000 төгрөг болно” гэхээр нь шилжүүлсэн. ...5.825.000 төгрөгийг надад төлж барагдуулсан. ...” /6хх 54-55/,

хохирогч Ц.Зултуяагийн “...М гэх хүн надад “Австрали улс руу явах бүх төлбөр мөнгө нь шийдэгдсэн байгаа” гэсэн. Тэгээд би Мын 5007973443 дугаарын данс руу 1.750.000 төгрөгийг шилжүүлсэн. Намайг М ... хохиролгүй болгосон. ...” /6хх 58-59/,

хохирогч Т.Мөнхтунгалагийн “... “Орон сууцны квот авч өгнө” гэж хэлэхээр нь 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 4.127.000 төгрөг, мөн хүргэн ахын мобайл банкийг ашиглаж 2.195.000 төгрөгийг шилжүүлсэн. Надад надад нийт 6.322.000 төгрөгийн хохирол учирсан. ...Над руу 99147599 дугаараас холбогдож ярьж байсан. ...” /6хх 223-224/,

Г.Мын яллагдагчаар өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” /2хх 140-141, 4хх 150-154/ гэсэн мэдүүлгүүд,

гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 153-160, 2хх 66, 3хх 73-77, 3хх 213-230, 6хх 212-216/ “Хаан банк”-ны дансны хуулга /1хх 19-35, 38-54, 151-152, 165-167, 2хх 73-78, 3хх 138-139, 231, 4хх 37-64, 76-88, 5хх 72-73, 201, 203, 216-223, 6хх 48-49, 209/, “Хас банк”-ны орлогын маягт /2хх 182-184/, “Төрийн банк”-ны дансны хуулга /2хх 188-191, 3хх 49-54, 250, 4хх 2/, “Голомт банк”-ны дансны хуулга /2хх 235-236, 5хх 75-87/, “Худалдаа хөгжлийн банк”-ны дансны хуулга /Зхх123-126/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба шүүгдэгч Г.Мын үйлдсэн гэмт хэргийн арга, үйлдсэн гэмт хэргийн тоо, гэмт үйлдлийн давтамж, цалин орлогогүй, гэмт хэргийн улмаас олсон орлогыг зарцуулсан байдал зэргийг үндэслэн шүүгдэгч нарын үйлдлийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх шинжид хамруулан, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй.

Шүүгдэгч Г.Мын бусдыг хуурч олсон мөнгөө өөртөө зарцуулж, гэмт хэрэг үйлдэх үедээ тодорхой эрхэлсэн ажилгүй, цалин орлогогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлаас дүгнэхэд өөрийн хэвийн аж төрөхөд шаардагдах мөнгө хэрэг болсон үедээ буюу олон удаагийн үйлдлээр хохирогч нараас мөнгө залилан авдаг байсан нь тогтоогдож байна. Түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, цаг хугацаа зэргээс үзэхэд эхлээд хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон “Төрийн өмчийн орон сууцны корпорацын байранд хямдхан хамруулна, хөнгөлөлттэй үнээр байр зарна, урьдчилгаа авна, гадаад улсад суралцах тэтгэлэгт хамруулна” гэх зэргээр, төөрөгдөлд оруулах аргаар бусдыг хуурч, “урьдчилгаа мөнгө шилжүүлбэл гэрээ хийх эрхийг нь зарна, мөн яаралтай хоол, байр, тийзний мөнгө шилжүүлэх шаардлагатай” гэх мэтээр итгэл төрүүлэн тодорхой хэмжээний мөнгө авах залилах гэмт хэргийн арга хэлбэртэй байна.

Түүнчлэн, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийн шинж нь тухайн гэмт хэргийг байнга үйлдэж, түүнээс олсон орлогыг амьдралын эх үүсвэр болгон өөрийн ахуйн хэрэгцээндээ зарцуулж, гэмт хэргийг өөрийн амьдралын зорилго, байнгын үндсэн ажил болгосон хэвшмэл маягтай, гурав ба түүнээс дээш удаагийн үйлдэл хийсэн байдгаараа онцлогтой бөгөөд шүүгдэгч Г.Мын үйлдэл нь дээрх шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Г.Мыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогчийг төөрөгдөлд оруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн ба түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Г.М “...Миний бие өөрт холбогдох хэргийн гэм бурууг хүлээж, хийсэн хэрэгтээ маш их гэмшин харамсаж, алдаагаа бүрэн ойлгон ухаарч, хэргийн бүх шатанд гэм буруугаа хүлээж, ямар ч маргаангүйгээр оролцож, хохирлоосоо төлж, үлдсэн хохирлоо төлөхөө илэрхийлсэн. Иймд энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлээс хэтэрсэн өндөр ялыг багасгаж, миний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр дэглэмийг минь бууруулж өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгч Г.Мын өмгөөлөгч Н.Намжилцогт “...Залилах гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээ 12 жил байхаар тогтоосон байхад шүүгдэгч Г.Мд 16 жилийн хугацаатай хорих ял шийтгэл оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Г.Мын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн, мөн олон суурь өвчтэй, ар гэрээсээ байнга эм, эмчилгээ авдаг хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, мөн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн дээд хэмжээгээр хорих ялыг оногдуулж, нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү.. ...” гэсэн агуулга бүхий тус тус давж заалдах гомдлууд гаргасныг хүлээн авах үндэслэлгүй.

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан ба анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд уг ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 375 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 жил 4 сар 6 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн Г.Мын биечлэн эдлэх хорих ялыг нийт 15 жил 4 сар 6 хоногийн хугацаагаар тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй” гэж, мөн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар ...хорих ялыг эдлүүлнэ” гэсэн заалтад нийцсэн, анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгох эрхгүй тул шүүгдэгч Г.Мын “...Миний бие өөрт холбогдох хэргийг нуун дарагдуулаагүй, нэгтгэх хүсэлт удаа дараа тавьсаар байхад нэгтгээгүй. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Мд оногдуулсан ял нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн арга, үйлдсэн гэмт хэргийн тоо, гэмт үйлдлийн давтамж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд нь тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор оногдуулсан хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэсэнтэй нийжээ.

Харин анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч Г.Маас гаргуулан хохирогч нарт олгохоор шийдвэрлэхдээ анхаарч үзэлгүй орхигдуулсан, тооцооны алдаа гаргасан дараах асуудлууд байна.

Тухайлбал, хохирогч М.Э нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 3.600.000 төгрөг шилжүүлсэн талаар удаа дараа мэдүүлсэн байхад шийтгэх тогтоолд Г.Маас 4.100.000 төгрөгийг гаргуулан түүнд олгохоор, хохирогч Б.Б нь 23.902.500 төгрөг шилжүүлснээс 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 5-ны өдрийн хооронд 3.100.000 төгрөг, гэрч Д.Оюун-Эрдэнэ нь Г.Маас авсан 500.000 төгрөгийг Б.Бд өгсөн талаар мэдүүлсэн байхад түүнд 14.352.000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Эдгээр асуудлыг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж, зөвтгөн шийдвэрлэх боломжтой гэж үзэн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Г.Маас хохирогч Г.Гөд 1.950.000 төгрөг, хохирогч Д.Од 6.640.000 төгрөг, хохирогч Б.Бд 20.302.500 төгрөг, хохирогч Т.Ат 780.000 төгрөг, хохирогч Б.Цд 6.913.000 төгрөг, хохирогч Б.Нд 8.207.000 төгрөг, хохирогч Ч.Мт 3.300.000 төгрөг, хохирогч Б.Эд 6.590.000 төгрөг, хохирогч М.Эт 3.600.000 төгрөг, хохирогч П.Ад 1.537.800 төгрөг, хохирогч А.От 10.000.000 төгрөг, хохирогч Д.Гт 40.601.100, хохирогч Ц.Бд 6.875.000 төгрөг, хохирогч Ц.Мд 1.387.000 төгрөг, хохирогч Ц.Мт 1.567.000 төгрөг, хохирогч Б.Дд 1.904.000 төгрөг, хохирогч Ч.Бд 1.567.000 төгрөг, хохирогч Т.Мөнхтунгалагт 4.016.100 төгрөгийг тус тус олгосугай. ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээв.

Иймд хохирогч Б.Б “...шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад надад 23.902.500 төгрөгийг олгохоор өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн, шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарын “...анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг багасгаж, нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мын цагдан хоригдсон 314 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсоныг дурдсан өөрчлөлтийг тус тус давж заалдах шатны шүүхээс оруулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дүгээр сарын 17-ний өдрийн 2021/ШЦТ/354 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Г.Маас хохирогч Г.Гөд 1.950.000 төгрөг, хохирогч Д.Од 6.640.000 төгрөг, хохирогч Б.Бд 20.302.500 төгрөг, хохирогч Т.Ат 780.000 төгрөг, хохирогч Б.Цд 6.913.000 төгрөг, хохирогч Б.Нд 8.207.000 төгрөг, хохирогч Ч.Мт 3.300.000 төгрөг, хохирогч Б.Эд 6.590.000 төгрөг, хохирогч М.Эт 3.600.000 төгрөг, хохирогч П.Ад 1.537.800 төгрөг, хохирогч А.От 10.000.000 төгрөг, хохирогч Д.Гт 40.601.100, хохирогч Ц.Бд 6.875.000 төгрөг, хохирогч Ц.Мд 1.387.000 төгрөг, хохирогч Ц.Мт 1.567.000 төгрөг, хохирогч Б.Дд 1.904.000 төгрөг, хохирогч Ч.Бд 1.567.000 төгрөг, хохирогч Т.Мөнхтунгалагт 4.016.100 төгрөгийг тус тус олгосугай. ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч Б.Б, шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М нь нийт 314 /гурван зуун арван дөрөв/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                                               

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

                        ШҮҮГЧ                                                                        Ж.Э

                        ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ