Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 99

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Батбилгүүн,

Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгч: Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Дын Нд холбогдох 1728000120017 дугаартай нэг хавтас хэргийг 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

Д.Н нь 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 2 дугаар баг, Их-Уулын 12-02 тоотод оршин суух С.Мын гэрт А.Эын биед халдан бие махбодод хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Д.Насанмөнх нь согтуугаар 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар баг, Их-Уулын 12-02 тоотод оршин суух өөрийн төрсөн дүү Түмэнбаярын гэрт хохирогч А.Энхбатыг “айлд архи уулаа” гэдгээр шалтаглан цээжний зүүн хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Шүүгдэгч Д.Насанмөнхөд холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон,  гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хуульзүйн үр дагаврыг ойлгосон байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч Д.Насанмөнх 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2 дугаар баг, Их-Уулын 12-02 тоотод А.Энхбатыг “айлд архи уулаа, яв” гэдгээр шалтаглан цээжний зүүн хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараахь нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:

            Хохирогч А.Энхбатын...  “Би Өмнөговь аймгийн Баяндалай сумын Төхөм багт мал малладаг. 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд ирсэн. 2017 оны 07 дугаар сарын 05-ны өглөө Хан-уулын 12-2 тоотод байх Мөнхбаярынд уулзахаар очиход Одноо гэх миний таньдаг хүнтэй хамт байж байсан. Манай найз Зоригоо бас нэг найзынхаа хамт гаднаас орж ирсэн. Мөнхбаярын гэрт бид нар 1 шил архи, 1 том пиво хуваан ууж байсан чинь Мөнхбаяр “Надтай хамт манай найзыг аваад ирье” гэж хэлээд хамт такси бариад тээврийн товчоон дээрээс Жаргалтуяа гэх найзыг нь очиж авсан. Эргээд гэрт нь ирэхэд Одноогийн нөхөр Цогоо Мөнхбаярын гэрт ирсэн байсан. Бид нар хоол хийж идээд Зоригоотой хамт ирсэн найз нь “Би ажилтай болчихлоо” гээд гараад явсан. Бид нар дахин нэг шил архи авч уугаад унтацгаасан. Энэ үед гэрт Жаргалтуяа, Одноо, Цогоо, Мөнхбаяр, Зоригоо бид нар байсан. Удалгүй Жаргалтуяа Ханбогд сум руу явна гээд түрүүлээд гэрээс гараад явах үед би гэрээс гарч бие засаад эргэж ирээд унтсан. Би унтаж байгаад сэрээд сууж байтал хаалгаар нэг эрэгтэй хүн орж ирсэн. Би “Та юун хүн бэ?” гэж асуухад “Ямар хүн байх нь чамд хамаагүй” гээд халааснаасаа хутга гаргахаар нь би босох гэтэл миний зүүн талын суганы доод талд нэг удаа хутгалсан. Би Цогоог дуудаад намайг нэг хүн хутгачихлаа гэж хэлэхэд Цогоо араас нь гарсан чинь хажуу айлын хүн байсан. Тэгээд би такси бариад эмнэлэг орсон. Намайг хутгалсан хүнийг би огт харж байгаагүй, танихгүй хүн байсан. Эмчилгээний төлбөрөө төлүүлмээр байна. Надад өөр гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 9, 13 дугаар хуудас/

Гэрч С.Мөнхбаярын...“2017 оны 07 дугаар сарын 05-ны өглөө гэртээ Одонцэцэгтэй хамт байж байгаад Зоригоог дуудсан. Удалгүй тэр нэг танихгүй хүнтэй хамт ирсэн. Танихгүй хүн нь удаагүй яваад өгсөн. Энхбатыг бид нар утсаар дуудаад ирсэн.  Бид хар хоол хийж идчихээд 1 том пиво, 1 шил 0.75 граммын архи хувааж уугаад унтацгаасан. Намайг сэрэхэд Энхбат хутгалуулчихсан цамцны зүүн тал нь цус болсон байсан. Насанмөнх “Би хутгалсан юм” гэж хэлээд зогсож байгаад хамт эмнэлэг явцгаах юм болоод гэрээс гараад явсан. Би эргээд унтсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/

Гэрч Б.Зоригоогийн...“2017 оны 07 дугаар сарын 05-ны өглөө 10 цаг өнгөрч байхад Мөнхбаярынд очиход Одонцэцэг тэр хоёр байсан. Би Мөнхбаяраас гар утсаа авах гэж очсон байсан юм. Би найзтайгаа хамт очсон. Манай найз удаагүй явсан нөгөө хоёр 1 шил 0.75 граммын архитай 1 том пивотой байсан. Бид гурав Энхбатыг дуудаад дөрвүүл байж байгаад бас нэг найз эмэгтэйг нь дуудсан. Бид нар архиа ууж дуусгаад дахиж 1 шил 0.75 граммын архи авч уусан. Удалгүй Одноогийн нөхөр ирээд бид нар хоол идчихээд унтсан. Намайг сэрэхэд А.Энхбатыг хажуу айлынх нь хүн хутгалсан гэж хэлсэн. Би хутгалуулж байхыг нь хараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/

Шүүгдэгч Д.Насанмөнхийн... “.2017 оны 07 дугаар сарын 05-ны өглөө 8 цагийн алдад манай дүүгийн эхнэр Мөнхбаяр гэртээ нэг хүүхэнтэй архи уугаад уйлалдаад байсан. Би 9 цагийн үед гэрээсээ гараад гадуур явж байгаад 12 цагийн үед буцаад гэртээ ирэхэд Мөнхбаяр 3 залуу, 3 хүүхэнтэй архи уугаад согтуу байж байсан нөгөө хэд хашхиралдаад байхаар нь би аргаа барахдаа гэрээс гараад гадуур явж байгаад орой 16 цагийн үед гэртээ ирсэн. Мөнхбаярын гэрээс нэг согтуу залуу гараад бие засаж байсан. Яг тэр үед манай дүү миний утас руу залгаад “Наана чинь юу болоод байгаа юм бэ? Манайд хэн хэн байгаа юм бэ? Надтай яриулаа” гэхээр нь би нөгөө гарч ирсэн залууд утсаа өгч яриулсан. Тэр хоёрыг юу ярьсныг мэдэхгүй, би утсаа аваад байж байхад дахиад манай дүү утсаар залгаад “Эхнэртэй яриулаадах наанаа байгаа хүмүүсийг хөөгөөд явуул” гэж хэлсэн. Би  Мөнхбаярын гэрт ороход 3 залуу, 3 хүүхэн бүгдээрээ согтуу унтацгааж байсан. Мөнхбаярыг дуудахад тэр сэрээгүй, Энхбат гэдэг залуу бандаажтайгаа хэвтэж байхаар нь би түүнийг “Одоо бос, эндээс яв” гэж хэлсэн чинь тэр өөдөөс “Хуц би танайд архи ууж байгаа юу, чамд хамаагүй” гээд өмдөө өмсөөд босоод ирэхээр нь би сервантны орой дээр байсан хутга аваад нөгөө залууг айлгах гэсэн чинь нөгөө залуугийн зүүн талынх нь хавирган тус газарт нь зүссэн байсан, цус гарахаар нь нөгөө залууг аваад эмнэлэг дээр очиж эмчилгээ хийлгэсэн. Би тухайн үед архи уугаагүй эрүүл байсан харин хүн хутгалчхаад сандарч цочрохдоо гэртээ ороод архи уучихсан байсан. Намайг Мөнхбаярын гэрт ороход Энхбат согтуу ганцаараа сэрүүн байсан. Нөгөө хэд нь унтаж байсан юм. Энэ хүмүүс намайг хүн хутгалсныг мэдээгүй. Манай дүү урд хил дээр том машин барьдаг тэгээд эзгүй хойгуур нь эхнэр нь гэртээ хүмүүстэй архи уугаад байсан. Би түүнийг хутгалая гэж бодоогүй зүгээр л түүнийг айлгая гэж бодоод хутга барьсан.” гэх мэдүүлэг  /хх-ийн 40 дүгээр хуудас/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 326 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт: 1. Энхбатын биед цээжний зүүн хэсгийн хөндий рүү нэвтрээгүй хутгалагдсан шарх гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн абйх боломжтой.  /хх-ийн 49 дүгээр хуудас/, Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-06 дүгээр хуудас/, Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/, Хохирогч А.Энхбатын өвчний түүх, эмийн жагсаалт /хх-ийн 21-35 дугаар хуудас/

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм бурууг нотолсон улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогджээ.

            Шүүгдэгч Д.Насанмөнх нь гэмт хэрэг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болох ньЭрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 43 дугаар хуудас/-ээр тогтоогдсон байна.

            Иймд шүүгдэгч Д.Насанмөнхийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

            Шүүгдэгч Д.Насанмөнхөд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх дүгнэлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Эрүүгийн 1728000120017 дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:

Шүүгдэгч Д.Насанмөнхийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн №355 тоот тодорхойлолт /хх-ийн 41 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Хохирогч А.Энхбат эмчилгээний зардал нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Шүүгдэгч Д.Насанмөнх цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бариул хэсэг нь 11 см, ир хэсэг нь 8 см урттай эвхэгддэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн хэрэгт хураан авсан эд мөрийн баримтыг шийдвэрлэх журмын дагуу устгуулахаар Өмнөговь аймаг дахь шүүхийн тамгын газарт шилжүүлэх нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4,  36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Х овгийн Дын Нийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х овгийн Дын Нийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/  төгрөгөөр торгосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5-д зааснаар шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.9-д зааснаар шүүгдэгч Д.Н нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д , 21.5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.ТӨМӨРХҮҮ