| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2022/04706/И |
| Дугаар | 102/ШШ2022/04386 |
| Огноо | 2022-12-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 102/ШШ2022/04386
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ..... тоотод оршин суух , М ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:............тоотод байрлах хаягтай, Г ХХК /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 102,615,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.У оролцов.
Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан 102,615,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Г ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 77,910,000 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлсэн. Бид нар бүтээгдэхүүн нийлүүлж байхдаа мөнгөө өгөөгүй учир нийлүүлэлтээ зогсоох боломжтой байсан. Барилгын ажлид суурь маш чухал байдаг учир тасалдуулалгүй нийлэлтээ хийж өгсөн. Хариуцагч манайд 9,500,000 төгрөг төлөөд түүнээс хойш дахиж мөнгө төлөөгүй. Бид нар удаа дараа мөнгө нэхэж байсан. Мөн бид нар албан бичиг өгч байсан. Сүүлдээ утсаа ч авахгүй болсон. Хариуцагчаас үндсэн төлбөр 68,410,000 төгрөг, гэрээний 5.2-т заасны дагуу 0,5 хувийн алданги тооцож 34,205,000 төгрөгийг нэхэмжилж байна. Нийт 102,615,000 төгрөг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
3.Хэрэгт нэхэмжлэгчээс бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 4/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 11/, тооцоо нийлсэн баримт /хх-ийн 12-43/, тооцооны үлдэгдлийн баталгаа /хх-ийн 44/, Г ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1/13 тоот албан бичиг /хх-ийн 45/, М ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 23/002 тоот мэдэгдэл /хх-ийн 46/, М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 47/, М ХХК-ийн дүрмийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 48,49/ зэрэг баримтууд бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан 102,615,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Г ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 77,910,000 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлсэн. Манайд 9,500,000 төгрөг төлж, дахиж мөнгө төлөөгүй. Бид нар удаа дараа мөнгө нэхэж албан бичиг өгсөн. Хариуцагч тал сүүлдээ утсаа ч авахгүй болсон. Хариуцагчаас үндсэн төлбөр 68,410,000 төгрөг, алданги 34,205,000 төгрөг нийт 102,615,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. Гэвч хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй.
5.Нэхэмжлэгч М ХХК, хариуцагч Г ХХК-ийн хооронд 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулагдсан байх бөгөөд гэрээгээр нэхэмжлэгч нь барилгын бетон зуурмаг нийлүүлэх, хариуцагч тал бетон зуурмагийн үнийг төлөх үүргийг хүлээсэн байна.
6.Гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд бараа буюу бетон зуурмаг шилжүүлэн өгөх, хариуцагч нь үнийг төлөхөөр тохиролцсоноос үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хэлцэл хүчин төгөлдөр байна гэж үзэв.
7.Талууд тооцоо нийлж, хариуцагч нь нэхэмжлэгчид барааны үнийн үлдэгдэл 68,410,000 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 24-ний дотор төлж барагдуулахаар тохиролцож, Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт үйлдсэн байна.
8.Нэхэмжлэгч худалдах-худалдан авах гэрээний дагуу 77,910,000 төгрөгийн үнийн дүн бүхий бетон зуурмаг хариуцагчид шилжүүлснээс хариуцагч н 9,500,000 төгрөг төлж, үлдэх 68,410,000 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 24-ний дотор төлж барагдуулахаар тохиролцсон байх боловч үлдэх 68,410,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан нолох баримтаар тогтоогдохгүй байна.
9.Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нь бетон зуурмагийн үнэ 68,410,000 төгрөгийг нэхэмжлэгч нь төлөх үүрэгтэй.
10.Мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.
11.Талуудын хооронд байгуулагдсан Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний 5.1-т Худалдан авагч тал худалдагч талд төлөх төлбөрийг гэрээний 2 дахь заалтын дагуу барагдуулсан байх ба хэрвээ төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцүү алданги төлнө, гэрээний 2.4-т ...бетон зуурмаг нийлүүлэлт хийхээс 48 цагийн өмнө шилжүүлнэ гэж тохиролцжээ.
12.Хуулийн дээрх зохицуулалт, талуудын хороонд байгуулагдсан гэрээний 5.1 дэх хэсэг, төлбөрийн үлдэгдэл 68,410,000 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 24-ний дотор төлөхөөр тохиролцсон үүргээ биелүүлээгүй тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 68,410,000 төгрөгийн 50 хувиас хэтрүүлэхгүй алданги 34,205,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна. /гүйцэтгээгүй үүрэг 68,410,000 төгрөгийн 0.5 хувь 342,050 төгрөг * 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс нэхэмжлэл гаргасан 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 120 хоног = 41,046,000 төгрөг/
13.Иймд шүүх дээрх үндэслэлээр хариуцагч Г ХХК-иас бетон зуурмагын үнэ 68,410,000 төгрөг алданги 34,205,000 төгрөг нийт 102,615,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.
14.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 671,025 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 671,025 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу хариуцагч Г ХХК-иас 102,615,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэгч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 671,025 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г ХХК-иас 671,025 төгрөг гаргуулан гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР