Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2022/04427

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ......., Х ХХК /РД:2693321/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...... тоотод оршин суух хаягтай, М ургийн овогтой Ө Б/РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 13,396,414.93 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О,

Хариуцагч Ө.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.У нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Ө.Бд холбогдуулан 13,396,414.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ц ургийн овогт Д-ийн Б /РД:/, М ургийн овогтой Ө Б/РД:/ нар нь Х ХХК-ийн ..... тооцооны төвөөс 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ................... тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар авсан ба зээлийн барьцаанд ирээдүйд орж ирэх цалин болон гэрийн эд хогшил зэргийг барьцаалуулсан. Зээлдэгчид 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 3,770,360 төгрөг, зээлийн хүүд 2,654,220 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3,021 төгрөг, нийт 6,427,601 төгрөг төлсөн байх ба зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хэтрүүлэн өнөөдрийг хүртэл зээлээ төлж дуусгаагүй байгаа болно. Зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлдэгч Даваасүрэнгийн Б нь нас барсан болно. Иймд банк талуудын хооронд байгуулсан ................... тоот барьцаат зээлийн гэрээний хоёрдугаар зүйлийн 2.4.1, 2.4.2, 2.4.3, 2.4.4, дөрөвдүгээр зүйлийн 4.2.2, 4.3, тавдугаар зүйлийн 5.1.1, 5.1.7, 5.1.10, долоодугаар зүйлийн 7.5, наймдугаар зүйлийн 8.1, 8.2 дахь заалтууд, Монгол улсын Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч Ө Бд холбогдуулан барьцаат зээлийн гэрээний үүрэгт 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 6,229,640.08 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 6,595,679.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 566,595.33 төгрөг, нийт 13,391,914.93 төгрөг, нотариатын зардал 4,500 төгрөг, нийт 13,396,414.93 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч Ө.Б нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:Миний бие 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Д.Б гэх эмэгтэйтэй цалингийн зээл 10,000,000 төгрөгийг авахад энэ эмэгтэй нас барвал намайг төлөх талаар тайлбарлаж өгөөгүй. Д.Б 1 жил эмнэлгээр явж байгаад 2018 онд нас барсан. Тэр эмэгтэй ч өөрийгөө нас барахыг мэдээгүй, би ч тэр эмэгтэйг нас барна гэж бодоогүй. Гэрээн дээр нас барвал төлнө гэсэн заалт байхгүй. Би хүнсний дэлгүүр ажиллуулж байгаад дампуурсан, харилцагч байгууллагууддаа өртэй, төлж чадахгүй амьдарч байна. Зээлийн үлдэгдэл 6,229,640.08 төгрөг, нотариатын зардал 4,500 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй. Зээлийн хүү нь үндсэн зээлээсээ их болсон байна гэжээ.

 

4.Хэрэгт нэхэмжлэгчээс улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 5/, 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 10,11/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 12/, Д.Б, Ө.Б нарын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 13/, мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 14/, нотариатын мөнгөний тасалбар /хх-ийн 15/, зээлийн бүртгэлийн карт /хх-ийн 16,17/, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 18/, зээл хүсэгчийн анкет /хх-ийн 35/, Д.Б-ийн хүсэлт /хх-ийн 36/ зэрэг баримтууд нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Ө.Бд холбогдуулан 13,396,414.93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

3.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Х ХХК нь Д.Б , Ө.Б нартай 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр .... тоот Барьцаат зээлийн гэрээ-г бичгээр байгуулж, 10,000,000 төгрөгийг зээлдэгч нарт шилжүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр дууссан боловч зээлдэгч нар нь зээлийн гэрээ байгуулснаас хойш гэрээнд заасан хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөөгүй. Д.Б нас барсан гэдэг боловч баримт байхгүй. Зээлийн гэрээ болон хуульд зааснаар зээл 6,229,640.08 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 13-ний өдөр хүртэл хугацааны хүү 6,595,679.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 566,595.33 төгрөг нийт 13,391,914.93 төгрөг, хохирол нотариатын зардал 4,500 төгрөг нийт 13,396,414.93 төгрөг гаргуулахаар шаардаж байна. гэж тайлбарласан.

 

4.Хариуцагч Ө.Б нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ ...Хамран зээлдэгч Д.Б нас барсан. Хүнсний дэлгүүр ажиллуулж байгаад дампуурч төлбөр төлөх боломжгүй болсон. Зээлийн үлдэгдэл 6,229,640.08 төгрөг, нотариатын зардал 4,500 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй. Зээлийн хүү нь үндсэн зээлээсээ их болсон байна. гэж тайлбарласан.

 

5.Нэхэмжлэгч Х ХХК болон Д.Б , Ө.Б нар 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ..... тоот Барьцаат зээлийн гэрээ-г бичгээр байгуулсан байх бөгөөд гэрээгээр зээлдэгч Х ХХК нь 10,000,000 төгрөгийг зээлдэгч нарт шилжүүлэх, зээлдэгч нар зээлийг гэрээгээр тохиролцсон хуваарийн дагуу жилийн 22.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар төлөхөөр, зээл, зэлийн хүүг хугацаандаа төлөөгүй бол үндсэн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

6.Зээлийн гэрээг талууд хүсэл зоригийн дагуу, хуульд заасан хэлбэрээр байгуулагдсан байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, хэлцэл хүчин төгөлдөр байна.

 

7.Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр дууссан байх боловч зээлдэгч зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөөгүй байна.

 

8.Хариуцагч зээлийн гэрээний дагуу зээл, зээлийн хүүг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй, зээлийн үлдэгдэл 6,229,6040.08 төгрөг байгаа талаар маргаагүй.

 

9.Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй, 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.

 

10.Мөн зээлдүүлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т заасны дагуу өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болно.

 

11.Хуулийн дээрх зохицуулалтын дагуу зээлдэгч зээлийг тохиролцсон хугацаанд төлөөгүй бол зээлдүүлэгч нь зээлдэгчээс зээл төлж дуусах хүртэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг гэрээгээр тохирсон хувь хэмжээгээр тооцож шаардах эрхтэй.

 

12.Хууль болон талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчид зээл 6,229,640.08 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 13-ний өдөр хүртэл хугацааны хүү 6,595,679.52 төгрөг, үндсэн хүүгийн 20 хувиас хэрүүлэхгүйгээр тооцсон нэмэгдүүлсэн хүү 566,595.33 төгрөг нийт 13,391,914.93 төгрөг төлөх үндэслэлтэй байна.

 

13.Гэрээний аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс нөгөө талд хохирол учруулсан бол Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар төлөх үүрэг хүлээдэг. нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой нотариатын зардалд 4,500 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч зөвшөөрч маргаагүй. Хэрэгт нолох баримтаар авагдсан 4,500 төгрөгийн мөнгөний тасалбараар 4,500 төгрөгийн зардал гаргасан нь нотлогдож байна.

 

14.Иймд хариуцагч Ө.Бас зээлийн гэрээний үүрэгт 13,391,914.93 төгрөг хохирол 4,500 төгрөг нийт 13,396,414.93 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгох нь хуульд нийцнэ гэж шүүх дүгнэв.

 

15.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,933 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Бас 224,933 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Ө.Бас 13,396,414.93 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгч Х ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,933 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Бас 224,933 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР