| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 102/2022/05531/И |
| Дугаар | 102/ШШ2023/00115 |
| Огноо | 2023-01-03 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2023/00115
.................. дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:...... тоотод оршин суух хаягтай, Х ургийн овогтой Б О /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...... хаягт байрлах, Д ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2,169,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.О ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, Ч.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Д ХХК-д холбогдуулан 2,169,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
2.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэлийн талаар гаргасан тайлбартаа: Б О миний бие 1995 оны 6 дугаар сард Д холбооны техникээр орж улмаар холбооны техникээр эрчим хүчний салбарт тасралтгүй 28 жил 3 сар ажиллаад Монгол улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтаар баталсан Тэтгэвэрийг хөнгөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтын гуравдугаар бүлгийн хөдөлмөрийн халуун нөхцлийн нэг дэх нөхцөлд хамаарагдах ажил мэргэжлийн дагуу 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан. Намайг өндөр насны тэтгэвэрт гарахад эрчим хүчний салбарт ажилласан 28.3 сарын үндсэн цалингийн дунджаар тооцоод 21,696,000 төгрөгийн нэг удаагийн тэтгэмж, ажлаас халагдсаны тэтгэмж 3 сарын дуиджаар тооцоод 8,867,982 төгрөгийг тус тус олгохоор Д ын захирлын 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн ....тоот тушаалаар шийдвэрлэсэн. Д миний харилцах дансанд Эрчим хүчний салбарт тасралтгүй ажилласны нэг удаагийн тэтгэмжийг шилжүүлэхдээ үнийн дүнгийн 10 хувийг суутган авч үлдсэн байсан. Энэ талаар ямар учиртайг лавлахад Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу суутгал хийсэн гэж мэдэгдсэн. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлд албан татвараас чөлөөлөх орлогын талаар хуульчилсан байдаг ба 22.1.1-т хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж гэж хуульчилсан. Нэг удаагийн тэтгэмжээс 10 хувийн татвар авсан талаар Д ХХК-ийн санхүүгийн албаны ажилчидтай уулзсан боловч тодорхой хариулт өгөлгүйгээр миний эрхийг зөрчиж байх тул 2,169,600 төгрөгийг Д ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Иргэн Б.О нь Д ХХК-д нийт 28.03 жил ажиллаад өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тул 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн ..... дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Манай байгууллагын Д ХХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээний 12.1-д заасны дагуу Б.О т эрчим хүчний салбарт ажилласан жилийг эрчим хүчний салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр бодож нэг удаагийн мөнгөн тэтгэмж 21,696,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Энэ мөнгөн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татвар 10 хувиар тооцон суутгаж .................. дүүргийн татварын хэлтсийн МТА татварын дансанд шилжүүлсэн тул .................. дүүргийн татварын хэлтсээс нэхэмжлэн буцааж авах үндэслэлтэй байна. Мөн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ажилтны хувьд энэ тэтгэмжийг авах эрх үүсдэг тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан зэрэг үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, Д ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны .... тоот тушаал, Хаан банкны дансны хуулга,
Хариуцагчаас Д ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Суутгагчийн хувь хүнд олгосон орлогын албан татварын тайлан нотлох баримтаар гаргасан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Эрчим хүчний салбарт ажиллаж, тэтгэвэрт гарахад нэг удаагийн мөнгөн тэтгэмж 36,437,338 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн. Энэ мөнгөн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татвар 10 хувиар тооцон суутгаж авсан нь үндэслэлгүй гэж тайлбарласан.
3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн татгалзлаа ...Хуульд заасны дагуу татвар суутгаж, Татварын хэлтэст шилжүүлсэн учир нэхэмжлэлийг .................. дүүргийн татварын хэлтэс хариуцах ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарлажээ.
4.Хэрэгт Дулааны дөрөв дүгээр цахилгаан станц ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны ..... тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах, ажлаас халах, тэтгэмж олгох тухай тушаал авагджээ. Уг тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар бүлгийн 4 дүгээр зүйл, Д ХХК-ийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан Хамтын гэрээний 12.1 дэх заалтуудыг үндэслэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан Цахилгаан цехийн диспетчерийн холбооны ашиглалтын монтёр Б.О тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 09 дугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, ажлаас халж, эрчим хүчний салбарт ажилласан 28 жил 3 сард ногдох 21,696,000 төгрөгийн, 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх 8,867,982 төгрөгийн тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн байна.
5.Дээрх шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Б.О т 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 28,394,382 төгрөгийн тэтгэмж олгожээ. Ингэхдээ түүнд олгохоор шийдвэрлэсэн эрчим хүчний салбарт ажилласан 28 жил 3 сард ногдох 21,696,000 төгрөгийн тэтгэмжийн дүнгээс хувь хүний орлогын албан татварт 10 хувь буюу 2,169,600 төгрөгийг суутгасан байна.
6.Зохигч Цахилгаан цехийн диспетчерийн холбооны ашиглалтын монтёр Б.О т эрчим хүчний салбарт ажилласан 28 жил 3 сард ногдох 21,696,000 төгрөгийн мөнгөн тэтгэмжийг 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Д ХХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан Хамтын гэрээний 12.1 дэх заалтуудыг үндэслэн олгосон талаар, мөнгөн тэтгэмжээс хувь хүний орлогын албан татварт 10 хувь буюу 2,169,600 төгрөгийг суутгасан талаар маргаагүй.
7.1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Хамтын гэрээнд энэ хуулиар шууд зохицуулагдаагүй дараах харилцааг зохицуулна, 18.1.1-д үндсэн цалингийн хэмжээг тогтоох, нэмэгдүүлэх, түүний хэлбэр, олгох хугацаа, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшил, нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлт, олговрын хэмжээ, хөдөлмөрийн норм, нормативыг тогтоох, өөрчлөх, Ажилтанд олгох хоол, унааны зардал болон бусад нөхөх олговрын хэмжээг тогтоох гэж тус тус заасан.
8.Хамтын гэрээний дагуу нэхэмжлэгчид олгосон 21,696,000 төгрөгийн тэтгэмж нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан ажлаас халагдсан ажилтанд олгох тэтгэмж байх бөгөөд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт заасан татвараас чөлөөлөгдөх орлогод хамаана.
9.Нэхэмжлэгч 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацаанд шүүхэд гомдол гаргаагүй нь маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болохгүй. Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй. Хариуцагч нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-т Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэж заасны дагуу нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.
10.Ажил олгогчоос ажилтанд 3 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх 8,867,982 төгрөгийн Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар олгосон гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан нолх баримтаар тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
11.Иймд хариуцагчийг хуулиар албан татвараас чөлөөлөх орлогоос татвар суутган авсан нь үндэслэлгүй байх тул хариуцагч Д ХХК-иас 2,169,60 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.О т олгох нь хуульд нийцнэ гэж дүгнэв.
12.шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,664 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 49,664 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д ХХК-иас 2,169,60 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.О т олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.О ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,664 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 46,664 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР