| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2022/07331/И |
| Дугаар | 101/ШШ2023/00268 |
| Огноо | 2023-01-09 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 101/ШШ2023/00268
| 2023 01 09 | 101/ШШ2023/00268 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “А” ТБАГУТҮГ /рд:/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: “А” ХХК /рд:/-д холбогдох
Гэрээний үүрэг, алдангид нийт 1,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Н, Ө.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “А” ТБАГУТҮГ нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч М.Н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А” ХХК нь 2018 оны 02 дугаар сард “А” чөлөөт бүсэд газар эзэмшихийг хүссэн хүсэлт гаргасан. Тус хүсэлтийн дагуу чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт газар эзэмших эрх олгож дугаартай байршилд 10,000 м2 газрыг “зочид буудал, агуулах”-ын зориулалттайгаар 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/61 дугаартай захирамжаар “А” ХХК-д эрх шилжүүлэх тухай, А/62 дугаартай “Газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай” захирамжуудыг гаргасан. Дээрх захирамжуудыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 18/19 дугаартай “Хөрөнгө оруулалтын гэрээ”, 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 111 дугаартай “Газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулсан. Гэвч “А” ХХК нь “Газар эзэмшүүлэх гэрээ”-ний 4.1. “Газар эзэмшүүлэх гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 4.5. “Газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх”, 4.6. “Төлбөр төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хэтэрсэн хоног тутамд алданги төлөх”, 4.8. “Газар эзэмшүүлэгчээс газрын эзэмшил ашиглалттай холбогдуулан тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх”, 5.3.Г “...эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх гэрээний үүргийг биелүүлээгүй учир 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/69 дугаартай захирамжаар “А” чөлөөт бүс дэх хуулийн этгээдийн бүртгэлээс хасаж, газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгосон. “А” чөлөөт бүс нь аж ахуйн нэгжийн газрын төлбөрөөр улсын төсвийн тодорхой хэсгийг бүрдүүлдэг бөгөөд хариуцагчаас “Газар эзэмшүүлэх гэрээ”-ний үүргийг биелүүлж, газрын төлбөрийн хуваарийн дагуу цуцлагдах хүртэлх онуудын төлөгдөөгүй газрын төлбөр болох 2019 оны 1,200,000₮, газар ЭЗЭМШүүлэх гэрээний дагуу алданги 600,000 /Иргэний хуулийн 232.4 дэх заалтыг баримтлав/ нийт 1,800,000 төгрөгийн газрын төлбөрийг барагдуулж гэрээний үүргийг хангуулж, манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү. “А” ХХК нь Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө”, 35 дугаар зүйлийн 35.3.3-т “Газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх”, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, газар ашиглаж байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн газрын төлбөр төлөгч байна”, 10 дугаар зүйлийн 5-т “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно.”, “Татварын ерөнхий хууль”-ийн 7 дугаар зүйлийн 7.1. “Монгол Улсын татвар нь албан татвар, төлбөр, хураамж /цаашид “татвар” гэх/-аас бүрдэнэ.” 7.2.18. газрын төлбөр гэж тус тус заасны дагуу “А” ХХК нь газрын төлбөр төлөх бүрэн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчид 2018 оны 2 сард хариуцагч хүсэлт гаргаснаар эрх шилжүүлэх тухай болон газар эзэмшүүлэх эрх баталгаажуулах захирамж гаргасан. Улмаар газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан. Улмаар гэрээний 4-т заасан үүргээ гүйцэтгээгүй. Иймд газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Хариуцагчийн төлөгдөөгүй үлдэгдэл төлбөр нь 2019 оны төлбөр 1 200 000 төгрөг, алданги 600 000 төгрөг, нийт 1 800 000 төгрөг гаргуулна гэв.
Нэхэмжлэгч нь шүүхэд: “А” ХХК-ийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн албан тоотын хуулбар /хх6/, Аийн захирагчийн 2018 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн А/61 дугаар захирамжийн хуулбар /хх7/, А/62 дугаар захирамжийн хуулбар /хх8/, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 18/19 дүгээр “А” чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын гэрээний хуулбар /хх9-12/, 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 111 дугаар “А” чөлөөт бүсэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар /хх13-16/, газрын төлбөрийн хуваарийн хуулбар /хх17/, кадастрын зургийн хуулбар /хх18/, нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай актын хуулбар /хх19/, бэлчээрийн эдэлбэрийн төлөв байдал, улсын чанарын хянан баталгааны дүгнэлтийн хуулбар /хх20/, Аийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01/97 дугаар албан тоотын хуулбар /хх21/, Аийн захирагчийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн А/69 дугаар захирамжийн хуулбар /хх22/-г нотлох баримтаар ирүүлсэн.
Хариуцагч нь шүүхэд: “А” чөлөөт бүсийн бүртгэлийн ,,, дугаар гэрчилгээний хуулбар /хх29/-г нотлох баримтаар ирүүлсэн.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх дараах үндэслэлээр хариуцагч “А” ХХК-с нийт 1,800,000 төгрөг гаргуулж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “А” ТБАГУТҮГ нь гэрээний үүрэг, алдангид нийт 1,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Шүүх хариуцагч “А” ХХК-д 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй. Улмаар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай утсаар мэдэгдсэн.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөнд тооцож, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
Хариуцагч “А” ХХК нь 2018 оны 02 дугаар сарын 13-нд Аэд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүссэн байна. /хх6/
Улмаар Аийн захирагчийн 2018 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн А/61 дугаар захирамжаар “А рекс” ХХК-ийн газар эзэмших эрхийг “А” ХХК-д шилжүүлж, хөрөнгө оруулалт, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, бүртгэлийн болон газар эзэмшүүлэх гэрчилгээ олгохоор шийдвэрлэсэн байна. /хх7/
Мөн Аийн захирагчийн 2018 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн А/62 дугаар захирамжаар хариуцагчид 10,000 м.кв газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулсан. /хх8/
Үүний дараа “А” булаг чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба болон хариуцагч “А” ХХК нар 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр “А” чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, цаашлаад 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 111 дугаар “А” чөлөөт бүсэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ. /хх9-16/
Газар эзэмшүүлэх гэрээний 2.2-т зааснаар нэгж газрын төлбөр нь 120 төгрөг, нийт 1,200,000 төгрөг байхаар тохиролцсон байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь төлбөр төлөх үүрэг хүлээдэг.
Иймд зохигчдын хооронд газар түрээслэх гэрээний харилцаа үүссэн байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагчийг 2020-2022 оны түрээсийн төлбөрөөс гэрээний дагуу чөлөөлөлт, хөнгөлөлтөд хамрагдсан бөгөөд энэ хэрэгт 2019 оны түрээсийн төлбөр нэхэмжилнэ гэж тайлбарласан.
Хариуцагч нь 2019 оны түрээсийн төлбөрийг төлсөн эсэх талаар маргаагүй тул нэхэмжлэлд дурдсанаар төлбөрт 1,200,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
Газар эзэмшүүлэх гэрээний 4.6-д зааснаар төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хоног тутам 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байна.
Нэхэмжлэгч нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул 2019 оны төлбөр төлөх хугацааг гэрээний 2.2-т зааснаар 2 жил, 10 сар, 11 хоног буюу нийт 1,045 хоног хэтрүүлсэн. Энэ хугацаанд тооцогдох алданги нь 1 хоногт 6,000 /1,200,000/0.5%/ төгрөг, 1,045 хоногт 6,270,00 төгрөг тооцогдох боловч нэхэмжлэгч нь алдангид 600,000 төгрөг шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцэж байна.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Харин нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас холбогдох хураамжийг гаргуулж, улсын орлого болгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “А” ХХК-с 1,800,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “А” ТБАГУТҮГ-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “А” ХХК-с 43,750 төгрөг гаргуулж, улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД