| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2022/07657/И |
| Дугаар | 101/ШШ2023/00352 |
| Огноо | 2023-01-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 101/ШШ2023/00352
| 2023 01 11 | 101/ШШ2023/00352 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г. Э /рд/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х. А /рд:/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт нийт 104,622,240 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г овогтой Э би Х овогтой Атай 2020 оны 7-р сарын 03-ний өдөр “Зээлийн гэрээ” байгуулан 17,600 америк долларыг 1 сарын хугацаатайгаар 2020 оны 8-р сарын 03-ны өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. Зээлийн гэрээ байгуулах үед буюу 2020 оны 7 сарын 03-ны өдөр америк долларын Монгол Банкны ханш 1 америк доллар 2,826.6 төгрөг байв. Зээлсэн америк долларыг тус ханшаар тооцвол 49,748,160 төгрөг болж байгаа. Монгол Банкны ханшийг зээлийн гэрээнд бичиж тэмдэглэсэн болно. Мөн А нь иргэн Норовын Отгонцэцэгийн Хаан банкин дахь дугаартай дансаар дамжуулан надаас 2020 оны 7-р сарын 9-ний өдөр 15,000,000 төгрөг, мөн тус сарын 10-ны өдөр 5,000,000 төгрөг нийт 20,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлсэн. Нийтдээ надаас Х.А нь 69,748,160 төгрөг зээлсэн билээ Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Х овогтой А нь зээлийн төлбөрөөс нэг ч төгрөгийг төлөөгүй тул асуудлыг шийдүүлэхээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 4-р сарын 6-ны өдөр нэхэмжлэл өгсөн билээ. Гэвч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 4 сарын 25-ны өдрийн 101/Ш32022/10112 дугаар захирамж гарсан. Уг захирамжид хариуцагч А “уг хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй" тухай хорооны Засаг даргын тодорхойлолт, “хаяг бүртгэлтэй боловч оршин суудаггүй” тухай Монгол Шуудан ХК-ийн магадлагаа зэрэг баримтыг үндэслэн миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Шүүхээс хариуцагчийн оршин суух хаягийг тодруулахаар нэхэмжлэгч нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд Аг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, оршин руугаа хаягийг тогтоосны дараа дахин нэхэмжлэл гаргах замаар энэ асуудлыг шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж заасан билээ.
Үүний дагуу би Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан Аг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэлээ өгсөн билээ. Тус анхан шатны шүүхээс 2022 оны 9-р сарын 32-ны өдөр Хөххүү овогтой Аг эрэн сурвалжлуулах 181/ШШ2022/01942 дугаартай шүүхийн шийдвэр гарсан. Тус шийдвэрийн дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн Газрын нэгдүгээр хэлтэс гүйцэтгэх ажиллагаа явуулж хариуцагч Хөххүүгийн А нь Баянзүрх дүүргийн 36-р хороо Баянмонгол хороолол 412-213 тоотод оршин суудаг болохыг тогтоосон байна. Тиймээс хохирлоо барагдуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэлээ гаргаж байна. Нэхэмжлэгч Г.Э би хариуцагч Агаас 69,748,160 төгрөгийн үндсэн зээл, 34,874,080 төгрөгийн алданги нийт 104,622,240 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 681,061.2 төгрөгийн хамт тус тус гаргуулж өгнө үү.
Хариуцагчтай найз нөхдийн холбоотой. 2020.7.3-нд зээлийн гэрээ байгуулж 17 600 доллар нотариатчийн хажууд өгсөн. Нотариатчийн хажууд ханшийг гэрээ дээр тэмдэглэсэн. Нотариатч харж байгаад өгүүлсэн. Мөн 2020.7.9-нд 15 сая төгрөгийг, 10-нд 5 саяыг хариуцагчийн өгсөн дансанд шилжүүлсэн. Данс нь Отгонцэцэг гэдэг хүний данс байсан. Баримтыг хэрэгт өгсөн. Ханш 2826.60 төгрөг байсан тул 49 748 160 төгрөг бөгөөд 20 саяыг нэмээд нийт 69 748 160 төгрөг зээлүүлсэн. Үүнийг нэг сарын хугацаатай зээлсэн. 1 сарын хугацаанд орохгүй бол хоногийн 0.5 хувиар алданги төлнө гэж тохирсон. Түүнээс хойш төлбөр хийгээгүй. Утас нь их солигдож олдохгүй байсан. Иймд 2020.8.3-с алданги тооцох боловч маш их гарсан тул зөвлөгөө аваад 50 хувиас хэтрэхгүй гэсэн тул алдангид 34 874 080 төгрөг нэхнэ. Отгонцэцэгийг хариуцагчийн ажил хэргийн хамтрагч гэж ойлгосон. 15 сая болон 5 сая дээр гэрээ хийгээгүй. Өнөөдөр долларын ханш өссөн. Тэр үед өгсөн нийт төгрөгийг доллар болгож тооцвол 24 676 доллар болж байгаа юм. Ханшийн зөрүү нь 621.10 төгрөг тул зөрүүнд 16 саяыг төлөх болоод байгаа юм. Учир нь 20 саяыг хүнээс зээлж авсан байсан юм. Иймд алдангийг хуульд заасан хэмжээгээр тооцож бууруулахгүйгээр гаргуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч нь шүүхэд: 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар /хх4/, Хаан банк дахь өөрийн дансны хуулга /хх23-24/-г нотлох баримтаар ирүүлсэн.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 74,622,240 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 69,748,160 төгрөг, алданги 34,874,080 төгрөг, нийт 104,622,240 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Шүүх хариуцагч Х.Ад 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй. Улмаар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөнд тооцож, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
Гэвч шүүх хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд хянан шийдвэрлэв.
Зохигчид 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 17,600 ам долларын үнэ бүхий зээлийн гэрээ байгуулжээ. /хх4/
Гэрээг мөн оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 1 сарын хугацаатайгаар, хүүгүйгээр мөнгөн хөрөнгө ашиглуулахаар тохиролцож байгуулсан байна.
Улмаар гэрээний 5-д зааснаар 17,600 ам долларыг бэлнээр олгосон бөгөөд ам долларын төгрөгтэй харьцах ханшийг 2,826,60 төгрөг гэж заасан.
Эдгээр үйл баримтын талаар зохигчид маргаагүй.
Үүнээс үзэхэд зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө олгогдож Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсон.
Монгол банкны өнөөдрийн ам долларын төгрөгтэй харьцах ханш нь 3,455.72 төгрөг байх боловч нэхэмжлэгч нь гэрээ байгуулсан өдрийн 2,826,60 төгрөгөөр тооцож нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэлийн үндэслэл буюу дээр дурдсан ханшаар тооцвол нэхэмжлэгч нь 49,748,160 төгрөгийн зээл олгосон байна.
Гэрээний 3-т зааснаар хугацаа хэтэрсэн хоног дутам 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцжээ.
Үүнээс алдангийг тооцвол шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 2 жил, 3 сар, 8 хоног буюу нийт 844 хоног тул 1 хоногт 248,740.80 /49,748,160*0.5%/ төгрөг, 844 хоногт 209,937,235.20 төгрөг тооцогдоно. Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар 24,874,080 төгрөгийн алданги тооцох боломжтой.
Эдгээр үндэслэлийг нэгтгэн тооцвол хариуцагчид үндсэн зээл, алданги нийт 74,622,240 төгрөг төлөх үүрэг үүссэн байна.
Нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд эхний зээлийг олгосны дараа нэмж олгосон гэх нийт 20,000,000 төгрөгийг хариуцагчид биш гуравдагч этгээдэд олгосон байх тул хариуцагчид буцаан төлөх үүрэг үүсэхгүй.
Мөн зээлийн гэрээг бичгийн хэлбэрээр байгуулаагүй тул алданги шаардах эрхгүй.
Харин нэхэмжлэгч нь энэхүү 20,000,000 төгрөгийн зээлийг банкны дансаар дамжуулан шилжүүлсэн гэх тул хүлээн авсан этгээдийг тухайн дансаар дамжуулан эрэн сурвалжлуулж, зохих этгээдэд холбогдуулан жич нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Х.Агаас зээлийн гэрээний үүрэгт нийт 74,622,240 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Эад олгож, үлдэх 30,000,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 681,062 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 531,061.20 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД