| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/0074/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/93 |
| Огноо | 2025-07-28 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | э.н |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн
2025 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/93
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга Б.М
Улсын яллагч Э.Н
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б
Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт С-ы Б-д холбогдох эрүүгийн ..тоот хэргийг 2025 оны 07 сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,..оны .. дугаар сарын ..-ны өдөр С аймгийн Б суманд төрсөн, .. настай, .эгтэй, ..боловсролтой, .. мэргэжилтэй, ...ажилтай, ам бүл .. хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын.. дугаар баг ..тоотод оршин суух, урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 2018/ШЦТ/.. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, А овогт С-ы Б /РД: ../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Б нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг караокены гадна 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Ш.Э-ийг нүүрэн тус газарт нь цохиж биед нь эрүү ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Б нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг караокены гадна 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Ш.Э-йг нүүрэн тус газарт нь цохиж биед нь эрүү ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх-ийн 01/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 03/, гэрч Э.Г-ын мэдүүлэг /хх-ийн 09/, хохирогч Ш.Э-ийн мэдүүлэг /хх-ийн 13-14/, гэрч Ц.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 18/, иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Д-ын мэдүүлэг /хх-ийн 27-29/, хохирлын баримтууд /хх-ийн 30-31/, иргэний нэхэмжлэгч байгууллагын хохирол төлсөн Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хх-ийн 32/,хохиролд төлсөн баримт /хх-ийн 33/, шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ДОГ0725/245 дугаартай дүгнэлт /хх-ийн 78-82/, шинжээч Б.Ш-ийн мэдүүлэг /хх-ийн 87-89/, шүүгдэгч С.Б-ийн сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-22, 99-100/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-г 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд төлөх бололцоогүй нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд шүүгдэгчийн хувийн байдалд тогтоогдоогүй болно.
Хохирлын хувьд:
Хохирогч Ш.Э-д 3,000,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч байгууллагад 334,000 төгрөгийг шүүгдэгч нь 2025 оны 06 сарын 27, 2025 оны 07 сарын 04-ны өдөр тус тус төлж барагдуулсан нь Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хх-ийн 23/, гүйлгээний мэдээлэл гэх баримт /хх-ийн 33/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Хохирогч, иргэний нэхэмжлэгч байгууллага нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч а овогт С-ы Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С-ы Б-г 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 650,000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б