| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 1702002070113 |
| Дугаар | 2021/ДШМ/634 |
| Огноо | 2021-06-29 |
| Зүйл хэсэг | 268.1., 269.1., |
| Улсын яллагч | Б.Батсайхан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 2021/ДШМ/634
2021 6 29 2021/ДШМ/634
З.Н, Д.М, Т.А,
Н.Х нарт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.М даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Батсайхан,
шүүгдэгч Д.М,
шүүгдэгч Т.Аын өмгөөлөгч Б.Алтанчимэг,
шүүгдэгч Н.Х, түүний өмгөөлөгч Л.Мөнхтөр,
нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/822 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.А, шүүгдэгч Д.Мгийн өмгөөлөгч Г.Бат-Отгон, шүүгдэгч Н.Хгийн өмгөөлөгч Б.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудаар З.Н, Д.М, Т.А, Н.Хнарт холбогдох эрүүгийн 1702002070113 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б овгийн Зийн Н, 1978 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн эрүүл мэндийн ажилтны хүний нөөцийн мэдээний сан хариуцсан мэргэжилтэн ажилтай, ам бүл 5 эхнэр хүүхдийн хамт, -тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:-/;
2. Б овгийн Нгийн Х, 1970 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Төв аймагт төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын эрүүл мэндийн даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтэн ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт, -тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;
3. О овгийн Тын А, 1964 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 56 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хөдөлмөрийн эдийн засагч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт, -тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;
4. М овгийн Дгийн М, 1967 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт, - тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;
Шүүгдэгч З.Н нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мын удирдамжаар Сэргээн засах хөгжлийн үндэсний төвд хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд акт тавиулахгүй байх зорилгоор, тус шалгалтыг хийсэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын газрын Хяналт шалгалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, Нийгмийн даатгалын улсын ахлах байцаагч Н.Х, мэргэжилтэн, нийгмийн даатгалын улсын ахлах байцаагч Т.А нарт 2 ширхэг вино, мэргэжилтэн Д.Мд 1 ширхэг виски, мөн Н.Х, Д.М, Т.А нарт тус бүр 1.000.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөгийн хээл хахууль өгсөн,
шүүгдэгч Н.Хнь Нийгмийн даатгалын ерөнхий газар Эрүүл мэндийн даатгалын газрын Хяналт шалгалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, нийгмийн даатгалын улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн удирдамжийн дагуу Сэргээн засалт, хөгжлийн төвийн үйл ажиллагааг шалгахдаа 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр тус төвийн эмнэлгийн дарга З.Нын “хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд акт тавиулахгүй байх” ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байхаар урьдчилан амлахгүйгээр тус төвийн эмнэлгийн дарга З.Наас 1 ширхэг вино, 1.000.000 төгрөгийн хээл хахууль авсан,
шүүгдэгч Т.А нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын газрын Хяналт шалгалтын хэлтсийн мэргэжилтэн, нийгмийн даатгалын улсын байцаагчаар ажиллаж байхдаа Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн удирдамжийн дагуу Сэргээн засалт, хөгжлийн төвийн үйл ажиллагааг шалгахдаа 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр тус төвийн эмнэлгийн дарга хахууль өгөгч З.Нын “хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд акт тавиулахгүй байх” ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байхаар урьдчилан амлахгүйгээр тус төвийн эмнэлгийн дарга З.Наас 1 ширхэг вино, 1.000.000 төгрөгийн хээл хахууль авсан,
шүүгдэгч Д.М нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын газрын Хяналт шалгалтын хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн удирдамжийн дагуу Сэргээн засалт, хөгжлийн төвийн үйл ажиллагааг шалгахдаа 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр тус төвийн эмнэлгийн дарга хахууль өгөгч З.Нын “хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд акт тавиулахгүй байх” ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байхаар урьдчилан амлахгүйгээр тус төвийн эмнэлгийн дарга З.Наранбаатраас 1 ширхэг виски, 1.000.000 төгрөгийн хээл хахууль авсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: З.Нын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар, Н.Х, Т.А, Д.М нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Шүүгдэгч З.Ныг “Албан тушаалтанд өөрөө буюу бусдаар дамжуулж хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Н.Х, Т.А, Д.М нарыг хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 11.520.000 төгрөгөөр торгох ял, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х, Т.А, Д.М нарыг тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг тус бүр 1 жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу тус бүр 9.792.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Н, Н.Хнарын урьдчилан цагдан хоригдсон 2 хоногийг тухай үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд дүйцүүлж /192.000+192.000=384.000 төгрөг/-ийг шүүхээс тэдэнд оногдуулсан торгуулийн ялаас хасаж шүүгдэгч З.Нын торгуулийн ялын хэмжээг 11.136.000 төгрөг, Н.Хгийн торгуулийн ялын хэмжээг 9.408.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Д.М, Т.А нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Н, Н.Х, Д.М, Т.А нарт оногдуулсан торгуулийн ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар З.Н, Н.Х, Д.М, Т.А нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх прокурорын дүгнэлтийг үндэслэн биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.А давж заалдах гомдолдоо: “...Миний бие одоо 56 настай, дээд боловсролтой, тэтгэвэрт байдаг. Миний төрсөн охин Б.Намуунгэрэл нь оюуны хүнд хомстол оноштой, хүнд өвчтэй, хэвтэрт байдаг бөгөөд байнгын миний хараа, хяналт, асаргаанд байдаг. Нийгмийн даатгалын байгууллагад 31 жил 6 сар ажилласан. Ингэж ажиллахдаа Алтан гадас, Хөдөлмөрийн хүндэт медаль, Хөдөлмөр нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан зэрэг одон медалиудаар шагнагдаж байсан. Өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Анх удаа энэ гэмт хэрэгт холбогдсон. ...Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан надад анхан шатны шүүхээс оногдуулсан ...9.792.000 төгрөгөөр торгох ялыг хорих ялаар сольж, оногдуулсан хорих ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 61 дүгээр 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын надад холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Д.Мгийн өмгөөлөгч Г.Бат-Отгон давж заалдах гомдолдоо: “...Д.М нь тухайн уутанд мөнгө байгааг огт мэдээгүй бөгөөд гэрч н.Орхонхүү /2хх 247-248/, З.Н нар энэ тухай гэрчилсэн мэдүүлгүүдийг удаа дараа өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, Д.М нь бэлэг, сэлт өгөгчийн өмнөөс ямар нэг ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл хийхээр шууд буюу шууд бусаар амлаагүй байдаг. Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлд “бэлэг сэлт”-тэй холбоотой харилцааг зохицуулсан заалт байхгүй байхад шүүх Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “Хэргийн бодит байдлыг тогтоох” зарчим алдагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Д.Мг тодорхой албан тушаалын ашиг сонирхлын үүднээс бэлэг сэлт авсан гэж буруутгах боломжгүй юм. Учир нь, тухайн үед цагаан сар болж байсан ба ямар нэг амлалт өгөөгүй. Мөн гэмт хэрэг үйлдэх тодорхой санаа, зорилго, сэдэлт байгаагүй зэрэг нь бусад нотлох баримтуудаар тогтоогддог. Мөн дээрх хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан үзэлгүйгээр хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/822 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Мг цагаатгаж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Н.Хгийн өмгөөлөгч Б.Батжаргал давж заалдах гомдолдоо: “...Би Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/822 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүхийн шийтгэх тогтоолд дараах техникийн шинжтэй алдаануудыг гаргажээ. Үүнд:
Шүүхийн шийтгэх тогтоолын дугаарыг 2020/ШЦТ/822 /Шүүхийн цагаатгах тогтоол/; гэж бичсэнийг, тогтоолын биеийн байцаалтын 2 дахь хэсэгт шүүгдэгч Н.Хгийн албан газрын нэрийг Эрүүл мэнд нийгмийн даатгалын Ерөнхий газар буруу бичсэнийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар гэж, мөн гэрийн хаягийг Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 54-7 тоот байх ёстойг 57-7 тоот гэж буруу бичсэнийг, шийтгэх тогтоолын 12 дугаар хуудсанд Төрийн захиргааны албан тушаалтныг “төрийн үйлчилгээний албан тушаалтан” гэж алдаатай бичсэнийг тус тус засуулахаар анхан шатны шүүхэд буцаах шаардлагатай гэж үзэж байна. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэг, гэрч Р.Наранчимэгийн шүүхэд өгсөн мэдүүлэг зэргээр 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн орой буюу Пүрэв гаригт ууттай вино авсан нь тогтоогдсоор 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарсан байдал, цаг хугацааг зөв нотолбол зохих ёстой байсныг 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр гэж тогтоож байгаа нь хэргийг үнэн зөв шийдвэрлэх, гэм буруутаг тогтооход эргэлзээ үүсгэх юм. Шүүгдэгч Н.Хболон Т.А, Д.М нарыг хахууль авсан гэж буруутгаж байгаа мөртлөө 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт зааснаар хамжигчаар оролцож, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт зааснаар үгсэн тохиролцон, дэмжлэг үзүүлсэн тус байгууллагын дарга Б.Нарантуяа, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Н.Алтанхундага, эмч Н.Молор-Эрдэнэ, Энэбиш, Б.Мөнгөнсаран, Б.Ундрал, Р.Алтантуул, Д.Тэгшжаргал, О.Гантулга, Н.Энхтуяа, Н.Үүрийнтуяа, эм зүйч Н.Цэвээнсүрэн нарыг уг гэмт хэрэгт холбогдуулан шалгах шаардлагатай байсан гэж үзэж байна. Энэ нь гэрч Энэбишийн мэдүүлгээр /1хх 91/ тогтоогддог. Энэ тухай урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцүүлж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэх хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага заавал хүлээлгэнэ” гэж заасан байна. Гэтэл дээрх нэр бүхий эмч нар нь 100.000 төгрөгийг өгөхөө илэрхийлж, хахууль өгөхөд үгсэн тохиролцсоор байтал эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй мөртлөө мөнгө авснаа мэдээгүй байсан шүүгдэгч Н.Х, Т.А, Д.М нарыг гэм буруутайд тооцож байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Хэрвээ гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцоогүй гэж үзэж байгаа бол 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийн 39.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг үл мэдээлж, нуун далдалсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байдаг. Иймд хэргийг прокурорт буцаах шаардлагатай гэж үзэж байна. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар албан тушаалтан хээл, хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр өөрөө, эсхүл бусдаар дамжуулан хээл, хахууль авсан бол гэж тодорхой заасан байна. Гэтэл шүүгч нь зөвхөн ууттай вино болон вискиг хүлээн авсан тохиолдолд хээл хахууль авсан гэж үзэх боломжтой гэж үзсэн байна. Боломжтой гэж үзэж, өөрийхөө үнэлэлт, дүгнэлтийг өгч байгаа нь хууль гарцаагүй байх, мөн Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчиж байна. Дээрх ууттай зүйлийг авснаар Сэргээн засах хөгжлийн үндэсний төв болон Н нарын ашиг сонирхлын үүднээс аливаа ашигтай үйлдлийг огт хийгээгүйгээр үл барам, харин ч хяналт шалгалтаараа 7 заалт бүхий зөрчил, дутагдлыг богино хугацаанд мэргэжлийн өндөр ур чадвар гарган үнэнч, шударгаар илрүүлж, улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлэн, 6.482.000 төгрөгийн улсын байцаагчийн акт тавьж, улсад учруулсан хохирол, төлбөрийг төлүүлэн, тус байгууллагын даргыг ажлаас нь халуулж, холбогдох хуулийн хүрээнд авбал зохих бүхий л арга хэмжээг авч ажилласан. Шүүгдэгч Н.Хнь ууттай зүйлийг анх авахгүй гэхэд цагаан сар болоод удаагүй байна, гарын алгыг дээш нь харуулъя гээд ууттай виног авчихаач гэж шамдуулан байж өгсөн. Тухайн үед гэрт нь ус алдаад яарч байсан учраас аргагүйн эрхэнд явах зам зууртаа ууттай виног аваад гэртээ харьснаас хойш нэлээд хугацааны дараа үзэхэд доор нь 1.000.000 төгрөг байсан. Нэгэнт орой болсон учир маргааш өглөө нь холбогдох удирдах албан тушаалтнууддаа мэдэгдэж, мөнгө болон ууттай виног тэр чигт нь буцааж өгсөн. Үүнээс харахад субъектив санаа зорилго агуулаагүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийн 24.1.1-т зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар хэрвээ эргэлзээ бүхий байвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсний дагуу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Т.Аын өмгөөлөгч Б.Алтанчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Улсын яллагчийн зүгээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Уг гэмт хэрэг 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр үйлдэгдсэн. 2021 оны Үндсэн хуулийн цэцийн тогтоолоор үндсэн хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн 17.1.2-т зааснаар хүндэвтэр гэмт хэрэгт хамаарч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жил өнгөрсөн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр заасан. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан. Иймд хөөн хэлэлцэх хугацаагаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Иймд холбогдох хуулийн заалтаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
шүүгдэгч Н.Хгийн өмгөөлөгч Л.Мөнхтөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байх гэсэн гэм буруутай үйлдэл байх ёстой. Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд “шалгалт хийж байна, энэ хүмүүст мөнгө өгөх гээд мөнгө цуглуулж байна, шалгалтаар 6.000.000 төгрөгийн зөрчил гарсан” гэж Баясгалан дарга руу ярьсан байсан. Хавтас хэрэгт авагдсан актаар бол 6.290.000 төгрөгийн зөрчлийг илрүүлж, түүнийг нь буцаан төлүүлэхээр шийдвэр гарсан. Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс зөрчлийг багасгах юм уу, ямар нэг байдлаар албаны ажил үүргээ хэрэгжүүлээгүй гэм буруутай үйлдэл байхгүй гэж үзэж байна. Дарга Баясгалангийн өгсөн мэдүүлэг болон өөр бусад мэдүүлгээр нотлогдохгүй байна. Молор-Эрдэнэ нь урд өдөр нь мөнгө цуглуулаад байна гэж ярьсан байсан. Н.Х2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр шалгалт дуусахад “цагаан сар болж байгаа тул вино өгч байгаа юм аа” гэж хэлээд өгсөн. Тухайн үед “авахгүй” гэтэл “ганц вино шүү дээ” гэж хэлсэн. Гэртээ очоод үзтэл 1.000.000 төгрөг байсан. Тухайн өдөр ажил тарсан байсан тул маргааш нь дарга руу ярьж энэ байдлыг илчилсэн. “Би мөнгө байгаа талаар мэдээгүй” гэж хэлсэн. Маргааш нь над руу утастаж “шалгалтын хариу худлаа гарсан юм уу, чиний хэлж байгаагаас өөр зүйл гарсан байна” гэж ярьсан. Хавтас хэргийн 156 дугаар талд ажлын хэсгийн товч тайланд “шалгах явцад хуурамч өвчний түүхийг илрүүлэх боломжгүй, зөвхөн эрүүл мэндийн даатгалын сангаас туслах үйлчилгээ авсан даатгуулагчийн жагсаалтыг өвчний түүхтэй болон эрүүл мэндийн даатгалын програмтай тулгаж шалгахад нэхэмжлэлийн жагсаалт даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан зардлын програмтай тохирч байна” гэсэн. Шалгалтын үр дүн зохих ёсны дагуу явагдсан нь мөрдөн шалгах ажиллагааны комиссын тайлангаар нотлогдож байна. Иймд гэм буруутай үйлдэл байхгүй гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална” гэж заасны дагуу мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үндсэн хуулийн цэцээс хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тоолох нь хууль зөрчсөн байна гэж үзэж шийдвэрлэсэн. Энэ хэрэг 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр үйлдэгдсэн гэж үзэхэд хөөн хэлэлцэх хугацааны 5 жил өнгөрсөн байна. Ийм нөхцөл байдал өнөөдрийн шүүх хуралд үүссэн байгааг харгалзан үзнэ үү. ...” гэв.
Шүүгдэгч Н.Хтус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би удаа дараагийн мэдүүлэг болон гомдолдоо тодорхой тусгасан. Тухайн үед виноны доор мөнгө байгааг мэдээгүй. Үүнийг Н мэдүүлгээрээ нотолсон. Би мэдчихээд шөнө нь унтаж чадаагүй. Маргааш өглөө нь ууттай зүйлийг ажил дээрээ авч очсон. Тухайн үед газрын дарга чөлөө авч орон нутаг явсан байсан тул яамны Баясгалан дарга руу утсаар хэлсэн. Тухайн үед дарга Баясгалан надад “би хуралтай байна. Эргээд холбогды” гэж хэлсэн. Үдээс хойш нь дарга Баясгалан дуудаж “газрын даргаа ирэхээр нь ууттай зүйлээ авч ирж өгөөрэй” гэж бид нарт тушаасан. Хэрэв дарга Баясгалан тэгж тушаагаагүй бол би Авлигатай тэмцэх газарт мэдээллэх байсан. Үүнийг Нын мэдүүлэг нотолдог. Миний хувьд шалгасан байгууллагынхаа төлөө ямар нэг үйлдэл хийгээгүй. Тухайн байгууллагын зөрчил дутагдлыг богино хугацаанд шударгаар илрүүлж, 6.482.000 төгрөгийн акт тавьсан. Тухайн байгууллага үүнийг хүлээн зөвшөөрч улсад учруулсан хохирлыг барагдуулж, тухайн байгууллагын даргыг ажлаас нь халуулсны төлөө хууль бусаар 48 цаг хоригдож хэлмэгдсэн. Би авилгыг таслан зогсоож илчилснийхээ төлөө, тухайн эд зүйлийг буцааж өгснийхөө төлөө гэмт хэрэгтэн болж анхан шатны шүүхээс ял сонссондоо маш их харамсаж байна. Дарга Баясгалан, Молор-Эрдэнэ нарын эс зөрүүтэй эх сурвалжаа нотлоогүй мэдүүлгээр ялласанд гомдолтой байна. Би Төрийн албанд 37 жил ажиллаж байна. Төрийн албанд ажиллах хугацаандаа хууль тогтоомжийг биелүүлж, хоёргүй сэтгэлээр нэр төртэй ажиллаж байна. Иймд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ерөнхийлөгчийн зарлигаар “Алтангадас” одонгоор шагнагдсан. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Прокурор Н.Батсайхан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2002 оны Эрүүгийн хуульд зааснаар тэнсэн харгалзах хууль зүйн боломж байгаа хэдий ч авлига албан тушаалын гэмт хэргийн учруулж байгаа гэм хор, үр нөлөө нь өргөн хүрээтэй, олон нийт иргэдийн төрд итгэх итгэлийг сулруулдаг учир тэнсэн харгалзах талаар ярих боломжгүй. Прокурорын зүгээс Т.Мд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй. Т.М албан үүргээ хэрэгжүүлэх явцдаа хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд акт тавиулахгүй байх, З.Нын ашиг сонирхлын үүднээс өөрийн хууль тогтоомжоор олгогдож байгаа үүргээ хэрэгжүүлэхгүй байхаар, мөн урьдчилан амлахгүйгээр нэг шил архи 1.000.000 төгрөг авсан үйл баримт тогтоогдсон. Энэ үйл баримтыг мөрдөн байцаалтын шатанд гэрч Баясгалан, Болор-Эрдэнэ нар мэдүүлсэн. Энэ хоёр гэрчийн мэдүүлэгт ноцтой зөрүү байхгүй. Үйл баримтын талаар ижил байр суурьнаас харсан, сонссон зүйлийн талаар ижил мэдүүлэг өгсөн. Иймд Д.Мд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй. Шийтгэх тогтоолд гэрийн хаяг, нэрийн талаар алдаатай бичигдсэн зүйл байгаа хэдий ч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байгаа зүйл биш, зөвтгөх боломжтой. 100.000 төгрөг цуглуулж өгч байгаа эмч нарыг асуудлыг шалгаж хамтран оролцсон эсэх үйлдлийг тогтоож өгнө үү гэж байна. Хавтас хэрэгт авагдсан баримтаар З.Н нь “зөрчил илрэх гээд байна, энэ зөрчлийг илрүүлэхгүй байх талаас нь энэ хүмүүст мөнгө өгөх хэрэг байна” гэх санааг анх гаргасан. Энэ санааг нь Болор-Эрдэнэ эсэргүүцэж яамны газрын дарга Баясгалан гэх хүнд мэдээлсэн. Танай шалгалтаар ирсэн хүмүүст мөнгө өгөх гээд нэг эмчээс 100.000 төгрөг цуглуулж байгаа талаар хэлсэн. З.Н нь энэ байгууллыг удирдаж байгаа хүний хувьд өөрийн ашиг сонирхлын үүднээс мөнгө цуглуулж өгсөн үйл баримтыг мэдүүлсэн. Гэрч Баясгалан, Болор-Эрдэнэ нарын мэдүүлгийг давхар нотолж мэдүүлсэн гэрчийн мэдүүлэг нь чухал ач холбогдолтой. Эдгээр нөхцөл байдлаас мөнгө өгсөн эмч нар энэ гэмт хэргийг хамтарч үйлдсэн гэх дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүй гэж прокурорын зүгээс үзсэн. Энэ үйл баримтыг тухайн эмч нар санаатайгаар нуун дарагдуулсан үйл баримт тогтоогдоогүй. Учир нь, Баясгалан мэдэгдсэнээр энэ асуудал холбогдох хууль хяналтын байгууллагад энэ асуудал шилжсэн. Хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл 3 шүүгдэгчийн хувьд адилхан нөхцөл байдалтай тул хэрэгсэхгүй болгох нөхцөл байдал байхгүй. Т.Аын хувьд 5 жил өнгөрсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй гэж үзэж байна. Учир нь, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлд “шүүхээр шийдэх хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолно” гэсэн байгаа тул хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй. Мөн шүүгдэгч Д.М нь гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй, ийм гэмт хэрэг үйлдээгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбар хэлж байна. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул хэрэгсэхгүй болгох боломжгүй. Тухайн виски, мөнгө хоёрыг авч байгаа үйлдэл нь хууль бус гэдгийг ухамсарлан ойлгож байгаа хэдий ч авч байгаа үйлдэл нь гэмт хэргийг санаатай үйлдсэн. Гэмт хэргийг субъектив санаа зорилго тогтоогдсон гэж прокурорын зүгээс дүгнэж байна. Иймд мэдээгүй авсан гэх хэргийн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ажлын хэсгийн танилцуулгат дурдсан асуудал нь өөрөө эрх бүхий албан тушаалтнаас гомдол мэдээллийг шилжүүлэхдээ мөн хэрэгт холбогдох ажиллагаа явуулж өөр гэмт хэргийн шинжтэй үйлдэл байж болзошгүй үйлдлийг илрүүлж танилцуулах илтгэх хуудсыг танилцуулж байгаа нөхцөл байдал байгаа. Энэ танилцуулгыг үндэслэж хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үгүйсгэх нөхцөл байдал байхгүй. Шүүгдэгч Н.Х“мөнгө байсан талаар мэдээгүй. Би өөрөө дарга Баясгалан хэлсэн” гэж давж заалдах гомдол гаргасан. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар Баясгалан нь Болор-Эрдэнэ мэдээлэл авч холбогдох байгууллагад шилжүүлсэн нөхцөл байдал байгаа тул гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа илчилсэн мэтээр ойлгож болохгүй. Шүүгдэгч Н.Хгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэг, Баясгалангийн мэдүүлэгт зөрүү үүсэж байна гэж үзэж нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан. Уг мэдүүлэгт гэрч Баясгалан өмнө өгч байсан мэдүүлэгтэй адил, зөрүүгүй мэдүүлсэн. Энэ мэдүүлэг нь гэрч Болор-Эрдэнэ, Энэбиш гэх хүний мэдүүлгээр давхар нотлогдож байна. Иймд Н.Хгийн хэлж байгаа зүйл хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар үгүйсгэгдэж байна. Гэрч Болор-Эрдэнэ, Энэбиш нарын мэдүүлэг нь шүүгдэгч нарын үйл баримттай тохирсон. Энэ хоёр гэрчийн өгсөн мэдүүлэг бусад гэрч нарын өгч байгаа мэдүүлгээс зөрүү байхгүй. Харин шүүгдэгч нарын өгч байгаа мэдүүлэгтэй зөрж байгаа. Шүүгдэгч нар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээгээгүй харин гэрч худал мэдүүлсэн бол хуулийн хариуцлага хүлээнэ. Энэ үнэн зөвөөр мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байгаа тул мэдүүлгийн эх сурвалжийг зааж чадаж байна гэж прокурорын зүгээс дүгнэж байна. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 822 дугаартай шийтгэх тогтоол нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэж хэргийн үйл баримтыг зөв тогтоосон. Шүүх шийтгэх тогтоолдоо хууль хэрэглээний хувьд, оногдуулах хариуцлага бусад асуудлын талаар хэрэгт авагдсан нотлох баримтаар зөв дүгнэлт хийсэн. Мөн хэргийн бодит байдалтай нийцэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч З.Н, Д.М, Т.А, Н.Хнарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн түдгэлзүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.17 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар түдгэлзүүлэх нөхцөл арилсан тул хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж шийдвэрлэсэн болно.
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч З.Н нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мын удирдамжаар Сэргээн засах хөгжлийн үндэсний төвд хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах “хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд акт тавиулахгүй байх зорилгоор” тус шалгалтыг хийсэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын газрын Хяналт шалгалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, Нийгмийн даатгалын улсын ахлах байцаагч Н.Х, мэргэжилтэн, нийгмийн даатгалын улсын ахлах байцаагч Т.А нарт 2 ширхэг вино, мэргэжилтэн Д.Мд 1 ширхэг виски, мөн Н.Х, Д.М, Т.А нарт тус бүр 1.000.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөгийн хээл хахууль өгсөн,
шүүгдэгч Н.Хнь Нийгмийн даатгалын ерөнхий газар Эрүүл мэндийн даатгалын газрын Хяналт шалгалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, нийгмийн даатгалын улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн удирдамжийн дагуу Сэргээн засалт, хөгжлийн төвийн үйл ажиллагааг шалгахдаа 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр тус төвийн эмнэлгийн дарга З.Нын “хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд акт тавиулахгүй байх” ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байхаар урьдчилан амлахгүйгээр тус төвийн эмнэлгийн дарга З.Наас 1 ширхэг вино, 1.000.000 төгрөгийн хээл хахууль авсан,
шүүгдэгч Т.А нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын газрын Хяналт шалгалтын хэлтсийн мэргэжилтэн, нийгмийн даатгалын улсын байцаагчаар ажиллаж байхдаа Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн удирдамжийн дагуу Сэргээн засалт, хөгжлийн төвийн үйл ажиллагааг шалгахдаа 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр тус төвийн эмнэлгийн дарга хахууль өгөгч З.Нын “хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд акт тавиулахгүй байх” ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байхаар урьдчилан амлахгүйгээр тус төвийн эмнэлгийн дарга З.Наас 1 ширхэг вино, 1.000.000 төгрөгийн хээл хахууль авсан,
шүүгдэгч Д.М нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын газрын Хяналт шалгалтын хэлтсийн мэргэжилтэнээр ажиллаж байхдаа Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн удирдамжийн дагуу Сэргээн засалт, хөгжлийн төвийн үйл ажиллагааг шалгахдаа 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр тус төвийн эмнэлгийн дарга хахууль өгөгч З.Нын “хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд акт тавиулахгүй байх” ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байхаар урьдчилан амлахгүйгээр тус төвийн эмнэлгийн дарга З.Наранбаатраас 1 ширхэг виски, 1.000.000 төгрөгийн хээл хахууль авсан гэх гэмт хэрэгт тус тус гэмт хэрэг үйлдсэн болох нь:
гэрч Ж.Баясгалангийн “...Шалгалт хийгээд зөрчил илрүүлсэн талаар асуудал шийдэгдэж байх үед ... Сэргээн засалтын хөгжлийн үндэсний төвийн эмнэлгийн эмч Молор нь утсаар над руу яриад “бид нараас 100.000 төгрөг хураагаад байна, шалгалт хийж байгаа хүмүүст өгөх гээд хурааж аваад байна” гэж хэлсэн. Тэгээд би шалгалтын ажил хийж байсан Хрүү залгаад “та нар мөнгө авсан уу” гэж асуухад ... “Сэргээн засалтын хөгжлийн үндэсний төвөөс баяр болж байна гээд нэг нэг ширхэг цаасан уутанд хийсэн нэг шил архи өгсөн, мөнгө байгааг мэдээгүй, гэртээ очоод үзсэн чинь дор нь мөнгө хийсэн байсан” гэж надад хэлсэн. Тэгээд би “наад авсан юмнуудаа аваад хүрээд ир” гэж дуудсан. Аваад ирэхээр нь хурааж авчихаад тайлбар бичүүлж авсан. ... Н гэх даргыг нь дуудаж нөгөө шалгалтын гурван байцаагчид өгсөн эд зүйл мөнгийг нь өгөөд “мөнгө авсан хүмүүстээ буцааж өг” гэж хэлээд явуулсан. ...Н нь тухайн үед “харин тийм тэнэг юм хийчихлээ” гээд буруугаа хүлээснээс өөр юм хэлээгүй. ...” /1хх 89/,
гэрч Э.Одбаярын “...Дотоод аудитын албаны дарга Баясгалан нь нийгмийн даатгалын ерөнхий газрын гурван байцаагчийн хамт дөрвүүлээ миний өрөөнд орж ирж уулзсан. Тэгэхдээ “Сэргээн засалтын хөгжлийн үндэсний төвд шалгалт хийсэн гурван байцаагчид шинэ жил өнгөрөөд удаагүй байгаа юм чинь гээд нэг, нэг оргилуун дарс, виски өгсөн байсан. Тэрийг өгөхдөө доор нь цаасанд тус бүр нэг нэг сая төгрөг өгсөн гэж надад хэлсэн. ...Өөрсдөөр нь тайлбар бичүүлж аваад, мөнгө болон өгсөн эд зүйлийг Баясгалан даргад хүлээлгэн өгсөн. ...” /1хх 87/,
гэрч Д.Молор-Эрдэнийн “...Нийгмийн даатгалын шалгалт ороод дууссаны дараа 1 хоногийн дараа Баясгалан нь над руу утсаар яриад “чи худал хэлсэн юм уу, даатгалын шалгалтаар юу ч гараагүй гэж байна, шалгалтынхан хий стор бичигдээгүй, юм гарахгүй байна” гэж хэлсэн. ...Би тэгэхээр нь “шалгалт хийгдэж байх үед эмч нараас мөнгө хурааж шалгалтын ажилчдад өгнө гэж яригдаж байсан, тэр мөнгө өгөх асуудал нь болсон юм байгаа биз дээ” гэж хэлсэн. ...” /1хх 102/
гэрч Х.Өлзийтогтохын “...Хэмч надад хэлэхдээ “Сэргээн засалтын хөгжлийн үндэсний төвийг яамнаас 3 хоногийн дотор шалга гээд шахуу хугацаанд шалгах үүрэг өгсөн” гэж байсан. Тэгээд шалгалт дууссаны дараа З.Н нь шалгалт хийсэн Н.Х, Т.А, Д.М нартай уулзаад “та хэдийг олигтойхон хоолонд оруулж чадсангүй” гээд нэг нэг бэлгийн уутанд хийсэн вино өгсөн гэсэн. Тэр үед Хгийн доод айлаас нь утасдаад “ус алдаад байна” гэхээр нь өгсөн зүйлийг нь коридорт тааралдаж аваад шууд гэр лүүгээ явсан. Тэгээд гэртээ очоод усаа янзалсныхаа дараа өгсөн зүйлийг нь үзэхэд виноны доор ... мөнгө байсан. Тэгээд сандраад яамны дарга Баясгаланд хэлсэн. Маргааш нь ажил дээрээ ирээд цуг ажилласан Т.А, Д.М нарыг юм хэлэх нь үү гэхэд мөнгө төгрөг авсан гэж огт юм хэлэхгүй байхаар нь ганцхан надад мөнгө өгсөн юм гэж бодоод Ныг дуудаж уулзахад Н нь “гурвууланд нь өгсөн” гэж хэлсэн. Тэгээд Хөөрөө эхлээд Баясгалан даргатай очиж уулзаж, болсон явдлыг хэлээд өрөөнд нь Т.А, Д.М нартай утсаар ярьсан гэж байсан. Тэр өдрөө мөнгийг нь хүлээлгэж өгөх гэхэд М нь мөнгийг нь мэдэхгүй гэж хэлснээс болоод хэд хоногийн дараа буюу дараа долоо хоногийн 1 дэх өдөр нь хүлээлгэж өгсөн гэж байсан. ...” /1хх 142-143/,
Н.Хгийн гэрчээр өгсөн “...Сэргээн засалтын төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч Н надад ууттай юм өгөхөөр нь би аваагүй. Н ... “та хэдийг хоол, ундаар дайлах гэсэн авахгүй байна, удахгүй “Цагаан сар”, “Март” болох гэж байна, Монгол ёс байна” гэж хэлэхээр нь авсан. Манай гэрт ус алдсан учраас би гэртээ очиж гэрээ цэвэрлээд орой нь Нын юу өгснийг үзтэл “Вилси” нэртэй вино, виноны доод хэсэгт 1 сая төгрөг бэлэн мөнгөөр байсныг хараад их гайхсан. Маргааш өглөө нь байгууллагын газрын дарга руу хэлэх гэсэн боловч утас нь холбогдохгүй байсан тул Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Баясгалан даргад би утастаж “...Сэргээн засалтын төвд шалгалт хийж дууссаны дараа бид нарт вино, 1 сая төгрөг өгсөн байна. ...” гэж хэлэхэд Баясгалан дарга “...би хуралтай байна, эргээд залгая. ...” гэж хэлсэн. Бид нар ажлын өрөөндөө олуулаа суудаг учраас А, М нараас юу авсан, 1 сая төгрөг байсан эсэх талаар асууж чадаагүй. ...” /2хх 243-244/,
гэрч Г.Энэбишийн “...Шалгалт хийгдэж байх үед эмнэлгийн дарга З.Н физик эмчилгээний өрөө буюу манай өрөөнд тухайн үед эмчээр ажиллаж байсан Н.Алтанхундага, Д.Тэгшжаргал, Д.Молор-Эрдэнэ, Б.Мөнгөнсаран, Б.Ундрал, Р.Алтантуул, Н.Энхтуяа, О.Гантулга, Н.Үүрийнтуяа, эм зүйч Н.Цэвээнсүрэн нарыг дуудаж цуглуулсан. Тэгээд Н дарга эмч нарын бичсэн өвчний түүхийн бичилттэй холбоотой асуудал байна гэж хэлсэн. Эмч нар ч энэ талаар ярилцаж байхыг сонссон. Тухайн үед шалгалтаар ирсэн хүмүүс өвчний түүхүүдийг шалгаж зөрчил илрүүлэн акт тавигдаж байна гэж би ойлгосон. Ингээд шалгалтаар ирсэн хүмүүсийн илрүүлсэн зөрчилд тавих актыг яаж аргалах талаар З.Н дарга болон эмч нар ярилцаад шалгалтаар ирсэн хүмүүсийг дайлах, гарыг нь цайлгах 1.000.000 төгрөг цуглуулъя гэж шийдсэн. Нэг эмчээс 100.000 гаруй төгрөг цуглуулахаар болоход эмч нарт бэлэн мөнгөтэй хүн байхгүй байсан. Б.Ундрал эмч “үйлдвэрчний эвлэлийн дансанд мөнгө байгаа шүү дээ түр авч хэрэглээд эмч нараасаа цуглуулаад өгч болох уу” гэж надаас асуусан. Би “болж байна, гэхдээ дараа нь яаж мөнгөө буцааж авах вэ” гэхэд тэнд байсан эмч нар “бид цуглуулаад мөнгийг нь өгье” гэж хэлсэн. Тэгээд би гараад Улаанбаатар хотын банкинд очиж Үйлдвэрчний эвлэлийн 2600047114 дугаарын данснаас 1.000.000 төгрөгийг бэлнээр авч З.Нт өгсөн. ...” /1хх 90-92/,
Н.Х, Ж.Баясгалан нарыг нүүрэлдүүлэн байцаасан “...Гэрч Ж.Баясгалан ... би эхэлж Хрүү залгаж болсон хэргийн талаар асуусан. Яагаад гэвэл Молор над руу утсаар ярьж болсон хэргийн талаар хэлсэн учраас би эхэлж Н.Хрүү залгасан байх ёстой. ...Харин Н.Хдараад нь мөнгө авсан талаар асуухад мөнгө өгсөн гэж хэлэхгүй байхаар нь жаахан уурласан чинь “харин тийм ээ. З.Н дарга мөнгө өгсөн байсан” гэж хэлсэн. ...” /3хх 55-56/ гэсэн мэдүүлгүүд,
Сэргээн засах оношилгоо эмчилгээний төвийн дарга З.Нт хүргүүлсэн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 34 дугаартай улсын байцаагчийн албан шаардлага /1хх 25/, 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаартай Сэргээн Засалт Хөгжлийн Үндэсний төвд 6.482.080 төгрөг төлүүлэхээр Эрүүл мэндийн даатгалын хяналтын улсын байцаагчийн тавьсан акт /3хх 11-12/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч З.Ныг “Албан тушаалтанд өөрөө буюу бусдаар дамжуулж хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, Н.Х, Т.А, Д.М нарыг хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тус тус дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүгдэгч З.Нын Нийгмийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын газрын Хяналт шалгалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, Нийгмийн даатгалын улсын ахлах байцаагч Н.Х, мэргэжилтэн, нийгмийн даатгалын улсын ахлах байцаагч Т.А нарт хоёр ширхэг вино, мэргэжилтэн Д.Мд нэг ширхэг виски, мөн Н.Х, Д.М, Т.А нарт тус бүр 1.000.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөгийн хээл хахууль өгсөн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар, Н.Х, Т.А нарын Сэргээн засалт, хөгжлийн төвийн эмнэлгийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд акт тавиулахгүй байх ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байхаар урьдчилан амлахгүйгээр тус төвийн эмнэлгийн дарга З.Наас нэг ширхэг вино, 1.000.000 төгрөгийн хээл хахууль авсан, шүүгдэгч Д.Мгийн Сэргээн засалт, хөгжлийн төвийн эмнэлгийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд акт тавиулахгүй байх ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байхаар урьдчилан амлахгүйгээр тус төвийн эмнэлгийн дарга З.Наас нэг ширхэг виски, 1.000.000 төгрөгийн хээл хахууль авсан тус тус үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч З.Ныг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 11.520.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Н.Х, Т.А, Д.М нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг тус бүр 1 жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу тус бүр 9.792.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Шүүгдэгч Т.Аын “...Миний өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй, анх удаа энэ гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн төрсөн охин оюуны хүнд хомстол оноштой, хүнд өвчтэй, хэвтэрт байдаг хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан надад анхан шатны шүүхээс оногдуулсан ... 9.792.000 төгрөгөөр торгох ялыг хорих ялаар сольж, оногдуулсан хорих ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 61 дүгээр 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, шүүхийн шийтгэх тогтоолын надад холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн,
шүүгдэгч Д.Мгийн өмгөөлөгч Г.Бат-Отгоны: “...Дээрх хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан үзэлгүйгээр хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/822 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Мг цагаатгаж өгнө үү. ...” гэсэн,
шүүгдэгч Н.Хгийн өмгөөлөгч Б.Батжаргалын “...Тухайн үед гэрт нь ус алдаад яарч байсан учраас аргагүйн эрхэнд явах зам зууртаа ууттай виног аваад гэртээ харьснаас хойш нэлээд хугацааны дараа үзэхэд доор нь 1.000.000 төгрөг байсан. Нэгэнт орой болсон учир маргааш өглөө нь холбогдох удирдах албан тушаалтнууддаа мэдэгдэж, мөнгө болон ууттай виног тэр чигт нь буцааж өгсөн. Үүнээс харахад субьектив санаа зорилго агуулаагүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийн 24.1.1-т зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар хэрвээ эргэлзээ бүхий байвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсний дагуу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийн 33.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Шүүгдэгч З.Н нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн удаа дараагийн тайлбар, мэдүүлэгтээ /4хх 4-5/ Нийгмийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын газрын Хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч Т.А, Н.Х, мэргэжилтэн Д.М нартай уулзсан газар, цаг хугацаа, тэдэнд мөнгө өгөх болсон шалтгаан нөхцөл, мөнгөний тоо хэмжээ, эх үүсвэрийн талаар тодорхой, тогтвортой мэдүүлж, түүнийхээ эх сурвалжийг зааж чадсан байх ба энэ нь гэрч Э.Одбаяр /1хх 87/, Д.Молор-Эрдэнэ /1хх 102/, Г.Энэбиш нарын мэдүүлэг зэргээр давхар баталгаажсан байна.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг” гэж заажээ. Үүнээс үзэхэд албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, эсхүл эрх мэдлээ хэрэгжүүлэхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийсэн зэрэг нь албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах үйлдэлд хамаарч байна.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж, шүүгдэгчийг гэм буруутай эсэх, ямар гэмт хэргийн шинж, шалгуурт тохирч байгаа эсэхэд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль ёсны зарчим, зорилтод нийцжээ.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцжээ.
Шүүгдэгч З.Нын Сэргээн засах хөгжлийн үндэсний төвд хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд акт тавиулахгүй байх зорилгоор мөнгө цуглуулан, цаасан ууттай вино, вискинд хавсаргаж Нийгмийн даатгалын улсын ахлах байцаагч Н.Х, Т.А, мэргэжилтэн Д.М нарт өгсөн, шүүгдэгч Д.М, Т.А, Н.Хнарын хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд акт тавиулахгүй байх ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байхаар урьдчилан амлахгүйгээр тус төвийн эмнэлгийн дарга З.Наас тус бүр 1 ширхэг вино болон вискиг 1.000.000 төгрөгийн хамтаар 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр авснаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1, мөн хуулийн тусгай ангийн 269 дугаар зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэрэг төгссөн гэж үзнэ.
Шүүгдэгч З.Н, Д.М, Т.А, Н.Хнарын үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй юм.
Эрүүгийн хуулийн 2002 оны тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт “Албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр өөрөө, эсхүл бусдаар дамжуулан хээл хахууль авсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж, Эрүүгийн хуулийн 2002 оны тусгай ангийн 269 дугаар зүйлийн 269.1 дэх хэсэгт “Албан тушаалтанд өөрөө буюу бусдаар дамжуулж хээл хахууль өгсөн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч З.Н, Д.М, Т.А, Н.Хнарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад Монгол Улсын Их хурлаас 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Эрүүгийн хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд энэ хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.”, 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус заажээ.
Буцаан хэрэглэгдэж буй хөнгөн хууль гэдэгт гэмт хэргийн шинж, онцлогийг тодорхойлж буй нөхцөлийн бүрдэл, ял шийтгэлийн төрөл, хэмжээнд орж буй өөрчлөлтийг ойлгохоос гадна, хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа Эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно.
Шүүгдэгч З.Нт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт, Н.Х, Т.А, Д.М нарт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн 72.1.2-т зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, ... гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн” гэж хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх явцад буюу 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдөр дуусчээ.
Иймд З.Нт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт, Н.Х, Т.А, Д.М нарт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгон эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээг хэрэглэх үндэслэл тогтоогдсон тохиолдолд хуульд заасан уг арга хэмжээг заавал хэрэглэхээр хууль тогтоогч хуульчилсан.
Иймд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд зүйлийн үнийг гэм буруутай этгээдээс гаргуулж, улсын орлого болгуулахаар хуулиар зохицуулсан тул гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 3.000.000 төгрөг болон вино, вискиний зардал нийт 3.151.468 төгрөгийг З.Наас гаргуулан Улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Д.Мгийн өмгөөлөгч Г.Бат-Отгон, шүүгдэгч Н.Хгийн өмгөөлөгч Б.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/822 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Шүүгдэгч З.Нт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан, мөн шүүгдэгч Н.Х, Т.А, Д.М нарт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан хэргийг 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тус тус тэдгээрийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 3.000.000 төгрөг болон вино, вискиний зардал нийт 3.151.468 төгрөгийг шүүгдэгч З.Наас албадан гаргуулан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4, 5 дахь заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.А, шүүгдэгч Д.Мгийн өмгөөлөгч Г.Бат-Отгон, шүүгдэгч Н.Хгийн өмгөөлөгч Б.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.М
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ