Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 100

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Батбилгүүн,

Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгч: А.Атарсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ямаат овгийн Алтанхуягийн Атарсайханд холбогдох 201716000097 дугаартай нэг хавтас хэргийг 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:...

Холбогдсон хэргийн талаар:

А.Атарсайхан нь согтуугаар 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Хонгор Овоогийн 1-1 тоотод орших Ө.Бархасын гэрт түүний бие эрх чөлөөнд халдан түүний бие махбодод хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

А.Атарсайхан нь согтуугаар 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Хонгор овоогийн 1-1 тоодод орших Ө.Бархасын гэрт түүний бие эрх чөлөөнд халдан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж  хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамаарАлтаа, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч А.Атарсайхан нь согтуугаар 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Хонгор овоогийн 1-1 тоодод орших Ө.Бархасын гэрт түүний бие эрх чөлөөнд халдан бие махбодод хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтаар нотлогдсон байна. Үүнд:

            Хохирогч Ө.Бархасын... “2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр манай гэрт Атарсайхан, Алтанцэцэг, Эрдэнэбат, Чойдорж бид нар нийлж архи ууцгаасан. Алтанцэцэг, Атарсайхан хоёр гэрээс гараад явсан. Эрдэнэбат, Чойдорж хоёр гэрийн баруун талын орон дээр унтаж байсан. Би гэрийн хойд талаар гудас дэвсээд хүүхдээ хөхүүлээд хэвтэж байхад гаднаас Атарсайхан орж ирээд миний өмдийг тайлах гээд байсан. Би “Болиоч” гэхэд “Чи юүн сүртэй юм” гээд миний нүүр лүү хэд хэдэн удаа гараараа алгадаад нүүр лүү хөлөөрөө 2, 3 удаа дэвссэн. Тэр үед би босоод гэрээс гарч зугтаагаад холдоогүй байж байтал Атарсайхан араас гарч ирээд миний үснээс зулгааж газар унагаад толгой руу хөлөөрөө дэвсээд, гараа зангидаж байгаад цохиод байсан. Тэр үед би ухаан алдаж манарсан байсан. Нэг сэрэхэд цагдаа ирчихсэн Атарсайхан ,Эрдэнэбат, Чойдорж тэр хэд миний хажууд байхгүй байсан. Урд хашааны хажууд Эрдэнэбат, Чойдорж, Атарсайхан байж байхад нь аваад бид дөрвийг цагдаа дээр авчраад Атарсайханыг эрүүлжүүлэхэд хийсэн. /хх-ийн 4-5, 8-9 дүгээр хуудас/

Гэрч Э.Эрдэнэбатын... “2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр байсан санагдаж байна. Тэр өдөр Чойдорж, Алтаа, Бархас, Атарсайхан бид нар Бархасын гэрт архи уусан. Өглөө нь Бархас шараа тайлъя гээд 12000 төгрөг өгөхөөр нь аваад Атарсайхан бид хоёр дэлгүүр орж 1 шил архи авч уусан. Архиа ууж дуусгаад дахиад хэд хэдэн шил архи авч уусан. Бархасын ах нь ирээд явсан.  Дараа нь Чойдорж бид хоёр тасраад гэрийн баруун орон дээр унтсан. Унтаж байхад хүмүүс шуугиад байхаар нь сэрэхэд Бархасын хамраас нь цус гарчихсан, толгой нь ус болсон байсан. Би юу болсныг асуухад Атарсайхан “Бархас архины шил хагалаад өөрийнхөө гарыг зүсэхээр нь би 2, 3 удаа алгадсан” гэж хэлж байсан. Цагдаагийн газар ирээд Бархас “Атарсайхан намайг зодсон, Чойдорж Эрдэнэбат хоёр хамаагүй. Атарсайханд гомдолтой байна.” гэж хэлсэн. Цагдаа Чойдорж бид хоёрыг явуулсан. Бид нарыг архи ууж байхад Бархас нь Алтаатай Атарсайханыг хардаад байсан, өөр хэрүүл маргаан болоогүй. Намайг гэрт унтахад Алтаа, Бархас, Атарсайхан гурав байсан. Чойдорж бид хоёр 16 цагийн үед унтсан юм. Харин бид хоёрыг сэрэхэд Бархас Атарсайхан хоёр байсан, Алтаа байхгүй байсан. Намайг сэрээд харахад Бархас согтуу зүүн гарынх нь шуу, хамар нь цус болсон байсан. Өдөр нь Бархасын бие зүгээр байсан харин унтаад сэрэхэд тийм зүйл болсон байсан. Би Бархасыг зодоогүй түүний биед гар хүрээгүй. Надад гэмтэл учраагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/

Гэрч Б.Отгонцэцэгийн... “2017 оны 06 дугаар сарын 05-ны орой манай урд талын айлын хашаанд Бархас эгчийг нэг танихгүй эрэгтэй хүн гэрээс гаргаж ирээд зодоод байсан. Би Цагдаад дуудлага өгсөн. Бархас эгч “Намайг хүн зодоод байна, цагдаа дууд” гэж хэлсэн юм. Бархас эгч тухайн үед архи уусан байсан. Түүнийг зодож байсан залуу бас согтуу байсан. Шар царайтай, өндөрдүү биетэй, ногоон нүдтэй залуу байсан. Намайг хашааны хаалгаар шагайж харахад тэр залуу Бархас эгчийн толгой руу нь ус цацаад байсан. Нүүрэн дээрх цусыг нь угаасан байх гэж би бодоод байгаа юм. Бархас эгчийн нүүр нь хавдаад цус гарч байсан. Харин хаанаас нь цус гарч байсныг хараагүй. Тэр залуу Бархас эгчийн дээрээс ус асгаад байсан. Тэгсэн Бархас эгч намайг харчихаад “Цагдаа дуудаарай, энэ намайг зодоод байна гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/

            Гэрч Б.Чойдоржийн... “2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Бархасын гэрт Атарсайхан, Эрдэнэбат, Бархас бид нар архи ууцгаасан. Гэрийн баруун талын орон дээр Эрдэнэбат бид хоёр хэвтэж байгаад унтсан. Намайг сэрэхэд гэрийн гадаа Бархасын зүүн гарын шуун дээр нь зүсэгдээд цус гарсан байсан. Бид нарыг Цагдаагийн газар руу аваад явсан. “Атарсайхан Бархас хоёрыг үлд” гээд бусдыг нь “Яв” гэсэн. Түүнээс хойш би тэд нартай уулзаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/

            Гэрч Д.Өлзийбаярын... “2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн үдээс хойно эргүүлд гарах гэж байхад “Согтуу хүн, хүн зодоод байна” гэсэн дуудлагаар Эрхэмбаяр, Буянхүү нарын хамт дуудлага өгсөн газарт очиход Бархасын нүүр ам нь хавдаад “Намайг Атарсайхан зодсон” гэж хэлж байсан. Урд хашаанаас Атарсайханыг гараад явахаар нь дуудаж уулзахад согтуу байсан. Тэгээд тэнд байсан бүх хүмүүсийг аваад Цагдаагийн газарт ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/

            Шүүгдэгч А.Атарсайханы... “2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Бархасын гэрт байхад Эрдэнэбат, Чойдорж, Бархас, Алтаа бид 5-уул 4, 5 шил архи хувааж уусан. Өмнө өдөр нь Бархасынд бас архи уугаад маргааш өглөө нь дахиад архи ууж байгаа нь тэр. Бархас миний араас гүйгээд байдаг байсан. Архи ууж байхад Алтаатай Бархас намайг хардаад байх шиг байсан. Тэгээд агсам тавиад эхэлсэн. Алтааг хөөж явуулаад Бархас өөрийнхөө зүүн гарын шуун хэсэгт архины шил хагалж байгаад шилний хагархайгаар зүссэн. Би “Болиоч” гэж хэлээд Бархасыг их согтуу байсан болохоор архийг нь гаргах гэж түүний хацар луу 3, 4 удаа алгадаад гэрээс гаргаж байгаад толгой дээр нь ус хийсэн. Бархас гараа зүсээд цус гаргаад байхаар нь түүнийг сэргээх гэж түүний зүүн талын хацар луу нь 3, 4 удаа алгадсан. Дараа нь Бархас нохойны идүүрээр миний дух руу цохисон. Духнаас цус гараад байж байтал цагдаа ирээд бид нарыг бүгдийг аваад явсан. Цагдаагийн газарт очоод намайг эрүүлжүүлэхэд хийгээд нөгөө хэдийг явуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 6, 26-28 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн №269 дугаар дүгнэлт:

1. Ө.Бархасын биед эрүү ясны хугарал, тархины доргилт, зүүн доод зовхины цус хуралт, эрүүний баруун, зүүн хэсэг, зүүн доод зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 16 дугаар хуудас/ зэргээр нотлогдсон байна.

            Шүүгдэгч А.Атарсайханы гэмт үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон, цуглуулж бэхжүүлсэн нотлох баримт нь хууль ёсны бөгөөд хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.Атарсайханыг согтуугаар хохирогч Ө.Бархасын гэрт түүний бие эрх чөлөөнд шууд санаатай халдаж, эрүүл мэндийг түр хугацаагаар алдагдуулсан буюу хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Атарсайханы үйлдсэн гэмт хэрэгт  ял  хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл  байдлууд тогтоогдоогүй болно.

Эрүүгийн 201716000097 дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 дугаар хуудас/

Иргэдэд үйлчлэх автомат машины лавлагаанаас авсан А.Атарсайханы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч А.Атарсайхан нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ө.Бархас гэмт хэргийн улмаас хохирол төлбөр нэхэмжлээгүй тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч А.Атарсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлтэй.

Шүүгдэгч А.Атарсайхан “торгуулийн ял оногдуулж өгнө үү, ах дүү нараасаа аваад төлж барагдуулна” гэснийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж шийдвэрлэлээ. Учир нь: шүүгдэгч А.Атарсайхан эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогын эх үүсвэргүй, түүнчлэн эрүүгийн хариуцлагыг гэм буруутай хүнд өөрт нь хүлээлгэх бөгөөд эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдааж хэрэглэх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Атарсайханыг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, түүний хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч А.Атарсайхан нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болох дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ямаат овгийн Алтанхуягийн Атарсайхан нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Атарсайханыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Атарсайханд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Атарсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Атарсайхан нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.ТӨМӨРХҮҮ