Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/100

 

  

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б  даргалж,

Нарийн бичгийн дарга  Б.М                                                

Улсын яллагч А.Х 

Шүүгдэгч Б.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр  танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М  овогт Б-ын Б-т холбогдох эрүүгийн.. дугаартай хэргийг 2025 оны 08 сарын 28-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны ..дугаар сарын ..-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, э.эгтэй, ...настай, .. боловсролтой, ..мэргэжилтэй, .. ажилтай, ам бүл.. хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын .. дугаар баг .. тоотод оршин суух, урьд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Дорноговь аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 сарын 28-ны өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, М  овогт Б-ын Б /РД: ../

 

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар баг Үүдийн 4-21 тоотод 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Г.С-ийн биед халдаж, эрүүл мэндэд зүүн зулайд шарх, зүүн салстын цус харвалт, баруун, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                         

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр С , Д , ажлын газрын эгч М  бид дөрөв Ялгуун караокед 21 цагт орсон. Караокед орж дуулж сууж байгаад 1, 1 лааз пиво ууцгаагаад Д  нялх хүүхэдтэй тул гэр лүүгээ яваад өгсөн. Тэгээд С , М бид 1 шил 0.75 литрийн архи хувааж уучхаад 22 цагийн орчимд караокеноос гараад бид гурав Булган баар луу орж 2, 2 лааз пиво уугаад баарнаас 00 цаг дөхөж байхад гараад М гараад гэр лүүгээ явсан. Харин С  бид хоёр манай гэр лүү явахаар болоод бид хоёр манай гэр лүү ороход манай хүүхэд Ч унтаагүй байсан тул ээж нь хоол хийж өгөх үү яах уу гээд ойр зуурын юм яриад сууж байтал С  чи хүүхдээ дарамталлаа гээд ээж чинь янхан ш дээ гээд намайг чи угаасаа янхан биз дээ гээд миний цээж хэсэг рүү гараа утгаж байгаад нэг удаа цохиж авсан. Тэгээд хоорондоо зодолдоод бид хоёр үсдэлдэж байж байгаад одоо болно хүүхдийн хажууд зодоон хийгээд яах вэ гэсэн чинь өөдөөс дайрч давшлаад байхаар нь түлхэж унагаад дээр нь гарч суугаад нүдний хэсэгт нь нэг удаа гараа атгаж байгаад цохисон. Би баруун талын шанаа хэсэг рүү гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Өөр нэмж цохиогүй. Би үсэдсэн. Нүд рүү нэг удаа гараа атгаж байгаад цохисон. Ганц хоёр удаа холбогдсон. Би С-д 950.000 төгрөг өгсөн. Мөн эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлгийн тусламж үйлчилгээ хийлгэсэн мөнгөн төлбөрийг төрийн сангийн дансанд хийж барагдуулсан гэжээ.  /хх-ийн 57-58/   

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2025 оны 04 сарын 10-наас 11-нд шилжих шөнө хэрэг болсон. С , манай ажлын эгч, Д нарын хамт караокед орсон. Тэндээсээ бар орсон. Тэгээд манай гэрт ирсэн. Хүүхэдтэйгээ юм яриад байж байтал намайг хүүхдийн хажууд доромжлоод байсан. Тэрнээс болж маргалдаад зодолдсон. Тухайн үед манай хүүхэд цагдаа дуудаж, цагдаа ирсэн гэв.

Хохирогч Г.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр найз Б  Б-ийн найз, Б-ийн ажлын газрын хүн М  гэх нэг эмэгтэйн хамт 21:00 цагийн орчим Замын- Үүд сумын 1-р баг Ялгуун нэртэй караокед орж 2 цаг дуулаад идэж уугаад байж байгаад тухайн газраасаа 23:00 цагийн орчим гараад Булган нэртэй баар луу Б  М  бид гурав орсон. Б-ийн найз гэх эмэгтэй нь караокенд сууж байгаад нялх хүүхэдтэй гээд яваад өгсөн. Тэгээд баар хаагаад 00:00 цагийн орчим баарнаас гараад М харих гээд гэрүүгээ явсан. Харин Б-ийн таньдаг гэх хоёр эрэгтэй хүнтэй таараад Б-ийн гэр болох Замын-Үүд сумын .. тоот гэж санаж байна. Тийшээ хүргүүлсэн. Тэгээд Б  нөгөө хоёр залуутайгаа үргэлжлүүлж архи ууна гээд байсан нөгөө хоёр залуу нь дургүйцээд би бас маргааш ажилтай үгүй гээд Б-тэй маргалдаад гэр лүү нь аваад орсон. Харин нөгөө хоёр залуу яваад өгсөн. Тэгээд Б-ийн гэрт ороод Батхишиг нөгөө хоёр залуутай цуг суугаад жоохон уух байсан юм гээд бид хоёр маргалдаж байгаад намайг сандал дээр сууж байхад Б нэг удаа хөлөөрөө жийж унагаагаад миний дээр гараад үсдэж эхэлсэн. Тэгээд миний нүүрний хэсэг маажсан тул би нүүрээ дараад доош харсан чинь дээрээс толгой дээр 3-4 удаа дэвссэн. Тэгээд цагдаа дуудсан. Миний толгой язраад цусан хаван гүйгээд 1 оёдол тавиулсан. Мөн нүдний бүрхүүл хэсэг язарч урагдсан, нүдний битүү гэмтэл гэсэн. Өөр гэмтэл байхгүй. Тухайн гэмтлийг манай найз  Б толгой дээр дэвсэж, нүдний хэсэгт хумсаараа урж учруулсан. Б миний дээр гараад үсдээд байхаар нь би зөрүүлээд үснээс нь зулгаасан. Өөрөөр гар хүрч гэмтэл учруулсан зүйл байхгүй. Б  үргэлжлүүлж архи ууна гээд би хориглоод тэрнээс болж маргалдаад миний биед халдсан. Бид хоёр хоёулаа байсан. Өөр хүн байгаагүй. Би эмчилгээний зардал, мөн бусад учруулсан хохирлыг нэхэмжлэх хүсэлттэй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 10-11/

Иргэний нэхэмжлэгч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Монгол Улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ" гэж заасан байдаг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас намайг томилсон тул эрүүгийн хэрэгт нэхэмжлэл гарган оролцож байна. Тухайн гэмт хэргийн улмаас иргэн Г-н С РД:..нь эмнэлгээс тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 205,674 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг иргэн Ганпүрэвийн Сумъяасүрэнгээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү. Эрүүл мэнд нь хохирсон иргэн, даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх ажлыг хариуцан харьяалах шүүхэд нэхэмжлэл гарган ажиллаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцон төрд учирсан хохирлыг гаргуулан авна гэжээ. /хх-ийн 30-31/

Шинжээчийн 2025 оны 04 сарын 23-ны өдрийн ДОГ0725/154 дугаартай дүгнэлтэд 1.Г.С-ийн биед зүүн зулайд шарх, зүүн нүдний салстын цус харвалт, баруун, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Учирсан гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. 4.Учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 40-41/

Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 01/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05/

Иргэний нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн баримт, иргэний нэхэмжлэл төлсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлэг /хх-ийн 27, 32/

2025 оны 5 сарын 01-ны өдрийн ..дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Б.Б-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй /хх-ийн 48-49/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын 2025 оны 07 сарын 22-ны өдрийн тогтоол /хх-ийн 52-54/

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 80-83/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Б.Б нь согтуурсан үедээ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын..тоотод 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Г.С-гийн биед халдаж, эрүүл мэндэд зүүн зулайд шарх, зүүн салстын цус харвалт, баруун, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Г.- ийн мэдүүлэг /хх-ийн 10-11/, шинжээчийн 2025 оны 04 сарын 23-ны өдрийн.. дугаартай дүгнэлт /хх-ийн 40-41/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ. Шүүгдэгч Б.Б-йн гэм буруутай үйлдэл, хохирогч Г.С-д учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирлын хувьд:

Хохирогч Г.С-ийн хохиролд 1,019,000 төгрөгийг төлж барагдуулсан нь Б.Б-ийн Хаан банкны хуулга /хх-ийн 34-35, ...../, Иргэний нэхэмжлэгч байгууллагад учирсан 205,674 төгрөгийг шүүгдэгч тус тус төлж барагдуулан нь Төрийн банкны мөнгөн шилжүүлэг /хх-ийн 32/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгийн торгох ял оногдуулах санал гаргасан боловч шүүгдэгч нь энэ төрлийн хэргийг өмнө нь 2 удаа үйлдсэн, өөрийн үйлдэлт дүгнэлт хийхгүй байгаа зэргийг  харгалзан үзэж түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Б-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хуулийн хүчинтэй болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.Б