| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2022/03809/И |
| Дугаар | 101/ШШ2023/00003 |
| Огноо | 2022-12-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2023/00003
| 2022 12 21 | 101/ШШ2023/00003 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.М /рд:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.О /рд:/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт нийт 6,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.М, хариуцагч Э.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 4,400,000Т гаргуулах тухай. С.М би Э.От 2022 оны 4-р сарын 01-ны өдөр “Зээлийн гэрээ байгуулсан” 4,000,000₮ хүүтэй нь 5-р сарын 01-нд 2,200,000₮, 6-р сарын 01-нд 2,200,000₮ буцаан авахаар нотариатаар орж баталгаажуулсан. Иймд 5-р сарын 01-нд мөнгөө өгөөгүй тул Э.Оээс гаргуулан өгнө үү.
Миний бие Э.Оээс 4,400,000 авахаар нотариат орж гэрээ байгуулсан. Э.О-тэй хамт байх 3 өдөр миний дансанд 8,000,000 төгрөг ороод 8,000,000 төгрөг буцаж гарсан. Энэ мөнгөний 6,900,000 төгрөгийг Э.Оийн өөрийн данс болон тоглоомын дансанд орсон. Тэгээд бид 2 ярилцаад 5 сарын 1, 6 сарын 1-нд тус бүр 2,200,000-г өгөхөөр нотариат орж гэрээ байгуулсан. Иймд Э.О мөнгө өгөхгүй гэсэн учир 2,500,000 төгрөгийг нэмээд 6,900,000-аа бүгдийн авах хүсэлтэй байна.
2022.3.28-с 31-ны өдрүүдэд хариуцагчтай хамт байсан. Тэгэхэд миний данснаас 8 сая гаруй гарсан. Бусад нь зочид буудал, ууж идэхэд зарцуулагдсан. Хариуцагчийн данс болон тоглоомын өөрийнх нэртэй данс уруу 6-7 сая төгрөг шилжсэн байсан. Би зээлийн апликейшнээс зээл авсан байсан. Дараа нь тохиролцохдоо 4 саяыг хүүгийн хамт 4.4 саяыг авахаар болсон. Улмаар гэрээ хийсэн. Гэвч 5 сарын 1-нд өгнө гэсэн боловч өгөөгүй бөгөөд дараа сараас өгнө гэсэн. Эхний нэхэмжлэл гаргахдаа 4.4 саяыг нэхсэн боловч одоо 6 900 000 нэхнэ. Энэ нь өөрийнх данс болон тоглоомын данс уруу орсон байсан. Тоглоомын данс уруу 5 700 000 орсон байсан. Энэ хариуцагч болохоор намайг тоглосон гэж байна. Би тоглож байгаагүй юм. Би тэр үед анх л 40 000 төгрөгөөр нээж тоглосон. 530-тай данс нь тоглоомын данс юм гэв.
Хариуцагч Э.О нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2022.3.10-нд найзаараа дамжуулан танилцсан. 2022.3.30 өдөр цагдаа дээр дуудан цагдаатайгаа нийлж сүрдүүлэн 4,000,000 төгрөг надаас авсан гэж нотариатаар оруулсан. С.-нийн таньдаг цагдаа байсан. Би 4,000,000 төгрөг аваагүй. Миний авсан мөнгө 1,915,000 төгрөг л миний дансанд орсон. Би дансанд орсон мөнгөө л өгөх боломжтой. Иймд би нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Бидний зүгээс танилаараа дамжуулан 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр танилцаж найзуудаараа хамтдаа караокед орж дараа нь хэд хэдэн удаа уулзсан болно. Энэ хугацаанд С.М нь онлайнаар мөрийтэй тоглоом тоглох үед би хажууд нь байсан болно. Гэвч тэрээр мөнгөө алдаж хамт байсан хүмүүс рүүгээ уурлах болсон. Маргааш нь цагдаа гэх этгээд над уруу залгаж дуудан намайг уулзаж чи түүнийг залилсан чамд эрүү үүсгэнэ гэх мэтээр дарамтлах болж та хоёр нотариат орж гэрээ байгуул гэхэд миний зүгээс айсандаа 4.400.000 төгрөг зээлсэн мэтээр гэрээ байгуулсан болно. Гэвч бодит байдал дээр миний зүгээс түүний нэхэмжлэлд дурдсан хэмжээний мөнгө зээлсэн зүйл байхгүй бөгөөд түүнээс бага багаар өөрийн ахуй амьдралд зарцуулах зорилгоор нийт 1.915.000 төгрөг авсан болно. Гэвч тэрээр өөрийн буруутай үйлдлийн улмаас мөрийтэй тоглоом тоглож алдсан мөнгөө надаар төлүүлэхээр худал тайлбар гаргасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 1.915.000 төгрөгөөс бусад хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
1 915 000 төгрөгийг зөвшөөрнө. Бид 3 сарын 15-нд найз охиноороо дамжуулж танилцсан. Бид бөөнөөрөө ууж идсэн. 1 915 000 төгрөг над уруу бага багаар зээлсэн. Бид 2 салчихсан байхад уулзъя гэхэд нь би өөрөө хүрээд ир гэсэн. Намайг тоглосон гээд цагдаад хүртэл өгсөн байсан. Таньдаг цагдаа нь айлгаж байгаад 4.4 саяыг нотариатаар орсон. Өөрөө тоглож алдчихаад намайг тоглосон гээд байгаа юм. Цагдаа нь намайг 7-8 саяыг залилсан байна гээд байсан юм. Мөөгий-1112 гэдгээрээ өмнө нь зөндөө тоглодог юм гэв.
Нэхэмжлэгч нь шүүхэд: цагдаагийн байгууллагад гаргасан хүсэлтийн хуулбар /хх3/, Хаан банк дахь өөрийн дансны хуулга /хх18, 23-25/-г нотлох баримтаар ирүүлсэн.
Хариуцагч нь шүүхэд: Хаан банк дахь өөрийн дансны хуулга /хх14-17/-г нотлох баримтаар ирүүлсэн.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 1,915,000 төгрөг гаргуулж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч С.М нь зээлийн гэрээний үүрэгт нийт 6,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь 1,915,000 төгрөг авсан тул авсан мөнгөө төлнө, нэхэмжлэлийн шаардлагаас бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Зохигчид бичгийн хэлбэрээр зээлийн гэрээ байгуулаагүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү шаардах эрхгүй.
Хэрэгт байгаа гараар бичсэн баримтыг хариуцагч үгүйсгэж, өөрөөр хэлбэл өөрийн хүсэл зоригийн дагуу үйлдээгүй гэж маргасан. Иймд энэхүү баримтаар зээл олгосон, улмаар хүү төлөхөөр тохиролцсон гэж үзэх боломжгүй.
Зохигчид Хаан банк дахь өөр өөрийн дансны хуулгыг шүүхэд ирүүлсэн. Эдгээр хуулгаас үзэхэд нэхэмжлэгчийн эзэмшиж буй тоот данснаас хариуцагчийн эзэмшиж буй тоот дансанд хэд хэдэн удаагийн үйлдлээр нийт 1,900,000 төгрөг шилжигдсэн болох нь аль аль дансны хуулгаар тохирч байна. /хх14-18, 23-25/
Гэвч хариуцагч нь 1,915,000 төгрөгийн зээл авсан болохыг зөвшөөрч байх тул энэхүү мөнгөн дүнгээр зээл олгогдсон гэж үзэх үндэслэлтэй.
Улмаар нэхэмжлэгч нь үлдэх мөнгөн хөрөнгийг хариуцагчийн эзэмшдэг тоглоомын дансанд шууд шилжүүлсэн гэх боловч өөрийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу нотлоогүй.
Түүнчлэн нэхэмжлэгчийн тайлбараар нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,985,000 төгрөг нь хариуцагчид олгогдоогүй байх тул хариуцагч нь буцаан төлөх үүрэггүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэлийг хангасан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хариуцагч Э.Оээс зээлийн гэрээний үүрэгт 1,915,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,985,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 140,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 45,590 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД