| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2022/06644/И |
| Дугаар | 101/ШШ2022/05225 |
| Огноо | 2022-12-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 101/ШШ2022/05225
| 2022 12 12 | 101/ШШ2022/05225 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б. Ч /рд:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “С” СӨХ-д холбогдох,
Өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ч, хариуцагчийн төлөөлөгч З.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “С СӨХ”-д 2019 онд хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай хийж ресепшинээр ажилд орсон. Гэрээг цаашид сунгаж ажиллаж байсан. Гэтэл 2022 оны 9-р сарын 24-ны өдөр Б/75 дугаартай захирлын тушаалаар сахилгын зөрчил гаргасан гэж надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан юм. Ажиллах хугацаандаа би ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүйг хамт ажиллаж байсан хүмүүс бүгд мэднэ. Би өөрийн зүгээс энэ шалтгаан нь халагдах үндэслэл болохгүй гэж үзэж байгаа тул ажилд эргүүлэн тогтоох буюу, ажилгүй байсан хугацааны нэг сарын цалин 500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэлийн шаардлага:
1. 2022 оны 8 дугаар сарын 24-ны өдрийн Б/75 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил буюу ресепшины ажилд эргүүлэн тогтоолгох,
2. Ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах өдрөөр тооцож гаргуулах, / сард 10 удаа нэг гарааг 50,000 төгрөгөөр тооцох /
3. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж , дэвтэрт бичилт хийлгэх .
Иргэн Б.Ч би С сервис ХХК-нд А.Блокийн ресепшинээр 2018 оны 3 сараас эхэлж ажиллаж байгаад 2019 оны 12 дугаар сарын 04-ны өдрөөс эхлэн “С” СӨХ шинээр байгуулагдсанаас хойш ресепшинээр 2022 оны 9 дүгээр сарын 24-ны өдөр хүртэл тасралтгүй 4 жил 05 сар хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан. “С” СӨХ-д ажиллах хугацаанд тус СӨХ-ийн дотоод журмыг чандлан сахиж, ажил үүргийн хуваарийн дагуу өөрт оногдсон ажлаа зохих ёсоор хийж гүйцэтгэсэн тул “байгууллагын аварга”, “Оны шилдэг ажилтан” зэрэг шагналаар шагнагдаж бусдыгаа хошуучлан ажиллаж байсан бөгөөд ямар нэгэн арга хэмжээ авагдаж байгаагүй юм. Намайг ажлаа хэрхэн хийж байсан талаар хамт ажиллаж байсан хүмүүс болон -ны оршин суугчид мэдэх байхаа. “С” СӨХ-ийн захирлаар 2022 оны 03 дугаар сарын 09-ны өдөр томилогдсон З.А гэгч нь удирдах ямар ч арга барилгүй, ажлын ямар ч туршлагагүй, харилцааны ямар ч соёлгүй, ажилчидтай зүй бусаар харьцдаг бөгөөд хуучин ажиллаж байсан бүх ажилтнуудыг загнаж, хавчиж, хэл амаар доромжилж таагүй байдал үүсгэж хүчээр хүсэлт бичүүлж ажлаас халсан. Нийтдээ хуучин ажиллаж байсан менежер, нягтлан, ресепшин, үйлчлэгч 15 хүнийг хов живээр үндэслэж, шахаж хавчиж хүсэлт гаргуулж ажлаас халсан гавьяатай хүн юмаа. Намайг ч бас удаа дараа дайрч доромжилж хууль бус шаардлага тавьдаг байсан бөгөөд 2022 оны 9 дүгээр сарын 24-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байх явцад гэнэт өрөөндөө дуудаж “Хов ярьсан” гэдэг шалтгаанаар ажлаас халах хурал хийж ажлаас халлаа гэж хэлсэн бөгөөд ажлаас халагдсан тушаалаа авах гэж очиход гаргаагүй байна гэсэн тул тэгвэл тушаал гартал ажиллая гэхэд ажиллуулахгүй , халсан тушаалаа авъя гэхээр өгөхгүй удаашруулж нэхүүлж байж гаргаж өгсөн. Намайг ажлаас халах ямар ч шалтгаан байгаагүй бөгөөд хууль бус шийдвэр гаргаж ажлаас гэнэт халсан юмаа. Ажлаас халсан тушаал нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй гарсан бөгөөд үндэслэл болгож байгаа заалт нь ажлаас халахтай ямар ч хамааралгүй, чухам ямар үндэслэлээр халснаа тодорхой заагаагүй, нотлоогүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсвэл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж хуульчилсан байна. Гэтэл би ямар нэгэн зөрчил гаргаагүй нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох үндэслэл байхгүйг харуулж байна. Иймд миний бичсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү
2019 онд СӨХ байгуулагдсан. Тэрнээс хойш ажилласан ба ямар нэг алдаа гаргаж байгаагүй. Эргүүлж ажилдаа орно. Цаашид ажиллах сонирхол байсан боловч захирал хов живээр халсан. Оршин суугчид идэвх зүтгэлтэй ажиллаж байсныг нотолно. Байгууллагын аварга болж байсан. Намайг хариуцдаг байрыг сольж, ажиллуулж байсан. Ажилчдаа халаад намайг сольж ажиллуулж байсан. Нэг өглөө ирэхэд намайг загнаж дарамталж өргөдлөө ширээн дээр тавь гэж дарамталж байсан. Хариуцагчийн төлөөлөгч нь худлаа ярьж байна. 20 гаруй ажилтан байсныг халчхаад ийш тийшээ явуулж ажиллуулсан. Амарчхаад ирэхэд 2 хүн дагуулж ирээд чи маргааш гарахгүй шүү энэ 2 хүнийг ажилд авна гээд халсан. Тушаалаа авах гэж явсаар өдий хүрсэн. Өрөөндөө суучхаад тушаалаа авах гэтэл охиноо дуудаад өөрөө гараад явчихсан. Би охинд нь ээжээс чинь тушаалаа авна гэсэн. Тэгээд намайг манай охиноос зөвлөгөө аваарай гэж дарамталж байсан. Энэ хүн оршин суугчдад салаавч өгдөг байсан. Өөрөө харилцаагүй байж бүгдийг над уруу чихдэг. 2022.9.24 тушаалаа авсан. Намайг 2022.8.24-нд халлаа гэдгийг хэлсэн. Тэрнээс хойш ажлаа хийгээгүй. Дүүрэгт хандаагүй гэв.
Хариуцагч “С” СӨХ-ны төлөөлөгч З.А нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.А миний бие нь 2022 оны 03 дугаар сарын 09-ны өдрөөс эхлэн БЗДүүргийн р хороо “С” хотхоны ”С” СӨХолбоонд гүйцэттэх захирлаар ажиллаж байгаа билээ. “С” СӨХ-ны нэр дээр гаргасан иргэн Б.Чийн ажлаас үндэслэлгүй халагдсан гэх гомдол нь үндэслэлгүй байгаа учир доорх сөрөг тайлбар гаргаж буйг минь хүлээн авна уу. Б.Ч нь оршин суугчидтай болон ажилдаа хандах хандлагаасаа болж 2022 оны 05 сараас 2022 оны 09 сарыг хүртэлх хугацаанд ажлын талбараа 3 удаа солиулах арга хэмжээ авхуулж байсан. Үүнд:
1. Б.Чийн ажиллаж байсан 331-р байрны оршин суугч СӨХолбооны оффисын өрөөнд өөрийн биеэр орж ирж Б.Чийн талаар оршин суугчдаа ялгаварлан үздэг, харилцаа хандлага муутай тухай болон хэд хэдэн удаа ийм байдал гаргаж өнөөдөр арга буюу танд мэдэгдэж энэ хүнийг бид цалинжуулж ийм ресепшинтэй байх хүсэлгүй байгаагаа хэлж гомдол гаргасан. Мөн 331-р байрны бас нэг оршин суугч хотхоны оршин суугчдын групп дээр гомдол гарган пост бичиж тэр пост доор нь комментоор /сэтгэгдэл/ хэд хэдэн гомдол нэмэгдэж орж ирсэн учир эхний удаагийн ажлын талбарыг нь солин ажиллуулсан. 331-р байрнаас 332-р байр уруу шилжүүлсэн.
2. Хавар зуны улирлын чанартай хороо болон байгууллагаас зохион байгуулан хийгддэг, гадна доторх их цэвэрлэгээ зэрэг аливаа ажилд хялбарчилсан. үлгэр дуурайлалгүй бусдыгаа уруу татсан байдлаар ажилдаа хандаад байхаар нь гадуур ажилд оролцдоггүй. удаан хугацаагаар гадаа сууж бусдыгаа уруу татан ярьж сууж ажил хийдүүлэхгүй байлгахын тулд камер хянагч оператор ресепшин болгохоор 332-р байрнаас нь 330-р байр луу шилжүүлсэн боловч оператор ресепшинээр ажиллах чадвар нь хүрэхгүй байсан учраас өөртөөгөө ойр байлгаад үзье гээд 333-р байранд ажиллуулах гэсэн боловч өө захирлаа би Е блокт /333-р байранд/ гарахаараа даралт ихэсдэг гэхээр нь арга буюу 332-р байр луу буцааж ажиллуулсан. Энэ бүгдийг СӨХ-ны ажилчин /Д.М болон Ц.Х нар гэрчилнэ./ Буцаж очсон 332-р байр буюу С блокт ажиллаж байхдаа Б.Ч нь бас л ажил үүрэг, харилцаа хандлагын зөрчил гаргаж ёс бус үг хэллэгийг буюу “Шоронгийн ялтан” шиг гэж лифтний чип даруулах гэсэн үйлчлүүлэгчид муухай аашлан хэлсэн нь байж боломгүй алдаа байсан тул СӨХ-ны менежер Д.М ажил үүргийнхээ дагуу гүйцэтгэх захирал 3.А надад танилцуулсан билээ. Менежерээс сонсож танилцсаны маргааш нь Б.Чт би ажлын шаардлага тавьж, анхааруулах зорилгоор оффисын өрөөндөө дуудаж Чука минь дээ уг хэлэндээ анхаарал даа. Ийм бэлэггүй үг хэллэгийг ажлын байран дээрээ хэлээд байж байдаг чинь арай хэтэрсэн байна шүү, чам дээр гарсан өмнөх оршин суугчдын болон хамт ажиллагсдын тань гомдлоор чамайг ажилтай чинь байлгах гэж 2, 3 блок сольж шилжүүллээ. Чи чинь яагаад ингээд төвөг удаад байдаг иймдээ гэтэл - Би угаасаа ажлаас гарна. Надад хаана ч ажил олдоно гээд хаалга саваад гарсан.
1. Б.Ч нь өөрөө ажлаас гарна гэдгээ хэлээд явсан. Бидний зүгээс дараагийн гараан дээр нь орны хүнийг нь бэлдэж гаргахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Тушаалаа авъя гээд ирэхэд нь чи ажлаасаа гарна гэсэн гэтэл чи өргөдлөө өгөөгүй байхад тушаалыг чинь яаж гаргах вэ чи өргөдлөө өгч байж би тушаалыг чинь гаргана биз дээ гэдгээ хэлсэн. Гэтэл дараагийн ирэлтдээ өргөдлөө өгөхгүй намайг зөрчил гаргасан гээд байгаа биз дээ түүгээрээ тушаалаа гаргуулна гэж 4, 5 удаа ирсэн. Ямар тушаал гаргахыг минь хүртэл зааж зааварчилсан. Би өөрт нь чи ямар хүнээс зөвлөгөө аваад ингээд зүтгээд байгаа юм болдоо. Хэрвээ чи хуульчтай уулзаж байгаа бол чи мэдээж зөвхөн өөрийгөө зөвтгөж бодит байдлыг үнэн зөвөөр бус л хэлж байгаа тэрэнд чинь л тохируулж чамд зөвлөж байгаа байх, чамайг ажлын байртай байлгаж ажиллуулах гэж болохоосоо болохгүйг чинь хүртэл хичээсэн. Чи нэгэнт өөрөө ажлаасаа гарна гээд л гарсан, харин чи сүүлдээ нэгийгээ үзэж нэхий дээлээ тайлна гээд байдаг боллоо, би чамд чиний тушааснаар зөрчлийн тушаал гаргаж өгөхгүй хэж би хэлсэн, хоёрт чи өөрөө л хохирно чи ажлаасаа гарна гээд өөрөө л хэлсэн. Би ч олон удаа чамайг ажилтай байлгах гэж хичээсэн нэгэнт чи өөрөө л гарна гэсэн учраас би чиний хүслийн дагуу чамайг ажлаас гаргах шийдвэрээ гаргасан гэдгээ ирж уулзахад нь, утсаар ярихад нь болон мессежээр олон удаа хэлсэн. Сүүлийн 2, 3 ирэлтдээ бичлэг хийгээд, зураг дараал тушаал гаргахгүй бол сошиал, фб дээр зураг хөрөгтэй чинь тавина гэх мэтээр хугацаа зааж дарамталж, айлган сүрдүүлж эхэлсэн. Сүүлийн ирэлт дээр нь 2 жилийн өмнө тус СӨХолбоонд менежерээр ажиллаж байсан А.Хыг /миний охин/ Чука эгч нь ирсэн байна. Хэн нэгэн өрөөсгөл мэдээлэл өгч зөвлөгөө аваад ажлаасаа гарна гээд байгаа хэрнээ өргөдлөө өгөхгүй заавал зөрчлийн тушаал гаргуулна гээд зүтгээд бүр сүрдүүлж дарамтлаад болдоггүй. Чиний үгэнд орж магадгүй чи нэг мэргэжлийн хүний зүгээс зөвлөөд өг гэж дуудсан боловч Ч ярилцах боломж өгөлгүй шууд хэрүүлийн өнгө аясаар муйхарлан үгийг нь мушгиж миний ширээнээс өөрийнх нь бичиг баримтыг гаргаж ирсэн А.Хыг даргын ширээн дээр суулаа гэж зураг аваад түүнийгээ сошиалд тавина гэж сүрдүүлж та хууль зөрчиж байна наадахаа устга л даа гэхэд нь түүнийгээ устгахгүй гэж зугтаж гарсан. А.Х тэр хүйтэн өдөр автобусны 2 буудал шахуу газар Б.Чээр бичлэгийг нь устгуулах гэж дагаж яваад уйлсаар буцаж ирсэн. Ингээд л энэ хүн сошиалд тавихдаа өөрийнхөөрөө тайлбарлаад охины минь нэр хүндийг гутаах нь ойлгомжтой нэгэнт сошиалаар цацагдсан зүйлийг залруулахад хэцүү тул аргагүй байдалд орж нягтлан бодогч Ц.Б-д хэлж "Өөрийн хүсэлтээр" гэж гарах ёстой байсан тушаалыг нь өөрийнх нь хүссэнээр "Зөрчлийн" улмаас болгож гаргасан болно. Энэ өдрүүдийн үйл явдлыг менежер Д.М. ня-бо Ц.Б, рссеншин Ц.Х нар гэрчилнэ. Иргэн Б.Ч нь өөрөө ажлаасаа гарна гэж гарсан. Орны хүнийг нь авсан. Үйлчилгээний ажил үүргээ ухамсарлах ёс зүйгүй. Сүрдүүлэгч араншинтан нь олон удаагийн үг үйлдлээр харагдаж үйлчилгээний байгууллагад ажиллах боломжгүй нь удаа дараа батлагдсан билээ. Иймд нэхэмжлэхийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь ярианы болон харилцааны хувьд ямар ч дутмаг зүйлгүй. Худлаа юм зохиож ярьж байгаа тул сандраад юмаа уншаад байна. Би шаардлагыг нь биелүүлж чадахгүй. Учир нь удаа дараа алдаа гаргасан. Алдаа гаргаагүй ажилчнаа халж энэ хүнийг ажилд авахгүй. Хэн нэгэн буруутай этгээдэд оршин суугчдын мөнгийг зарцуулж чадахгүй. СӨХ-н төлбөрийг зөв зарцуулах ёстой. Буцаагаад ажиллуулах орон тоо байхгүй. Энэ хүн шаардлага хангахгүй. Шаардлага хангаж байсан бол нэг блокоос нөгөө блок уруу шилжүүлэх шаардлагагүй. Би боломж олгосон дахин боломж олгохгүй. Миний охин СӨХ-д менежерээр ажиллаж байсан. Охин бид 2 нэхэмжлэгчтэй зан харилцааны хувьд үзэн ядах байтугай нэг удаа ч ам мурийж үзээгүй. Би өрөөндөө нэг удаа ч загнаж үзээгүй. Тушаал гаргахын өмнө гэрээгээ сунгаагүй, ийм ийм алдаа гаргасан тул зөрчлийн тушаал гаргавал чи хохирно. Тийм учраас чи хүний нөөцийн мэргэжилтэй хүнээс зөвлөгөө ав гэж нөхөрсгөөр хэлсэн. Тушаалыг манай охин гаргаагүй. Нягтлан тушаал гаргаж би зүйл заалтыг нь хэлсэн. Гэтэл охины маань зургийг сошиалд тавина гэсэн. Бид тийм ёс зүйтэй хүмүүс биш. Нэр төрөө эрхэмлэдэг. Би охиноо ажлаас гаргаж хэмнээд бусад ажилтны цалинг нэмсэн. Хүн өөрийгөө зөвтгөх гэж нөгөө хүнээ гүтгэж ёс зүйгээ байгаад нь харамсаж байна. Бид үеийн хүмүүс тул энэ хүнд хүндэтгэлтэй ханддаг байсан. 2022.8.24-нд өөрөө ажлаас гарна гээд гараад явсан. Өөрөө гарсан боловч өргөдлөө өгөхгүй байсан тул 9.24-нд тушаал гарсан гэв.
Нэхэмжлэгч нь шүүхэд: “С” СӨХ-ны гүйцэтгэх захирлын 2022 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн Б/75 дугаар тушаалын хуулбар /хх3/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар тодорхойлолтын хуулбар /хх4-5/, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 273 дугаар тодорхойлолт /хх22/, оршин суугчдын санал гэх гараар бичигдсэн баримт /хх23-24/-г нотлох баримтаар ирүүлсэн.
Хариуцагч нь шүүхэд: Хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх37-38/-г нотлох баримтаар ирүүлсэн.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Ч нь өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч “С” СӨХ нь ажлын хариуцлага алдсан бөгөөд өөрийн хүсэлтээр ажлаас гарсан. Улмаар өргөдөл бичихээс татгалзаж, зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас халах тухай тушаал гаргах хүсэлт гаргасан тул ажлаас чөлөөлсөн гэж маргасан.
Зохигчид нэхэмжлэгч нь “С” СӨХ-д ресепшнээр ажиллаж байсан үйл баримтын талаар маргаагүй.
Улмаар хариуцагч “С” СӨХ-ны гүйцэтгэх захирлын 2022 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн Б/75 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.
Энэхүү тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3, 78.1.9-г үндэслэжээ.
Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан, эсхүл ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгодог.
Ийнхүү дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйл, эсхүл 80 дугаар зүйлийн аль тохирохыг баримтлах бөгөөд үндэслэлийг холбогдох тушаалд тодорхой заах журамтай.
Гэвч маргаж буй Б/75 дугаар тушаалд энэ талаар дурдаагүй байна.
Зохигчид хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон үндэслэлийг нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр халсан гэх боловч хариуцагч нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн гэж маргаж байна.
Улмаар нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг бичгээр гаргаагүй болох нь хэн алины тайлбараар тогтоогдсон.
Цаашлаад, хэрэв ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан бол холбогдох тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-80.1.6 заасан аль нэг, эсхүл хэд хэдэн үндэслэлийг баримталж энэ талаар тодорхой заах, мөн уг зөрчил нь баримтаар нотлогдсон байх учиртай.
Гэвч маргаж буй тушаалд энэ талаар дурдаагүй.
Иймд энэхүү тушаалд хэлбэрийн болон агуулгын хувьд хууль зүйн үндэслэлгүй байна.
Улмаар зохигчид хариуцагч “С” СӨХ-д маргаан таслах комисс байхгүй талаар гэж тайлбарласан.
Зохигчдын маргаж буй тушаал 2022 оны 08 дугаар сарын 29-ны өдрөөр огноолсон байх бөгөөд харин бодит байдалд 24-ны өдөр үл ойлголцол үүссэн талаар хэн аль маргаагүй.
Мөн 2022 оны 08 дугаар сарын 24-ны өдрөөс хойш нэхэмжлэгч нь ажил үүрэг гүйцэтгээгүй бөгөөд тухайн өдөр ажлаас чөлөөлөгдсөн талаар мэдсэн болох нь түүний шүүх хуралдаанд “тухайн өдөр ажлаас халлаа гэж хэлсэн, үүнээс хойш тушаалаа авах гэж асуухад өргөдөл бич гэж дарамталсан, тэр өдрөөс хойш ажил үүрэг гүйцэтгээгүй” гэх зэрэг тайлбаруудаар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1-т зааснаар ажилтан нь ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж үзвэл энэ тухай мэдсэн, эсхүл мэдэх байснаас хойш 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргах эрхтэй.
Улмаар мөн хуулийн 154 дугаар зүйлийн 154.8-д зааснаар дээрх комисс, эсхүл гурван талт хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргана.
Гэвч нэхэмжлэгч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон шийдвэр гарсныг мэдсэнээс хойш 51 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.
Цаашлаад нэхэмжлэгч нь ийнхүү хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлснийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар тайлбар, баримт гаргаагүй.
Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагчид нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзах эрх үүссэн байна.
Улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон тохиолдолд ажилгүй байсан хугацаанд олговор нөхөн олгох бөгөөд ажилд эгүүлэн тогтоох боломжгүй тул олговорт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос хуульд заасан хувь хэмжээгээр шимтгэл төлөх бөгөөд ажил эгүүлэн тогтоох, олговор гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай шаардлагыг мөн адил хэрэгсэхгүй болгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн төлбөрийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Харин энэхүү хэрэг нь гомдлоор үүссэн иргэний хэрэг тул нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугар зүйлийн 158.1, 158.1.1-д зааснаар хариуцагч “С” СӨХ-д холбогдох ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч Б.Чийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД