Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2022/05211

 

 

 

 

 

 

 

 

                              2022        12          12

            101/ШШ2022/05211

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  “А” ХХК /РД:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  “Ч” ХХК /РД:/-т холбогдох

 

527,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Г, хариуцагчийн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн төлөөлөгч С.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч” XXК нь Баянзүрх дүүрэг,  хороо, автобусны буудлын шинэ эцэст “Х” супермаркет ажиллуулдаг бөгөөд манай байгууллагатай хамтран ажилладаг билээ. Уг дэлгүүр нь манай байгууллагаас 2022 оны 08 дугаар сарын 09-ны өдөр 1,413,400 төгрөгийн үнийн дүнтэй Dr.Diesel шар айраг захиалан авсан бөгөөд худалдан авсан барааны төлбөрийг төлөөгүй байсан. Энэ мөнгийг яаралтай төлж барагдуул гэдэг шаардлагыг олон удаа хэлж мэдэгдсэн боловч төлж барагдуулах талаар ямар ч арга хэмжээ авахгүй байсан тул 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр №22/30 тоот “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулж 913,400 төгрөгийг төлсөн байдаг ба төлбөрийн үлдэгдэл 500,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Төлбөр барагдуулах гэрээнд заасны дагуу харилцагч “Ч” ХХК нь худалдан авсан барааны төлбөрийн үлдэгдлийг гэрээгээр тохирсны дагуу төлж барагдуулахгүй байсанд 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр харилцагчтай уулзан үлдэгдэл 500,000 төгрөг дээр дахин “Тооцооны үлдэгдлийн баталгаа” баримт үйлдсэн. Харилцагч төлбөр тооцоог 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэсэн боловч өнөөдрийг болтол буюу 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл төлбөр төлөлт хийгдээгүй байгаа тул гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т заасан алдангийг тооцон шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Уг харилцагч нь төлбөрийн үлдэгдэл болох 500,000 төгрөгийг 2022.10.31-ний өдрөөс 2022.11,04-ний өдрийг хүртэл нийт 11 хоног төлөөгүй байгаа тул гэрээний дагуу 5,5 хувийн алдангийг тооцон 27,500 төгрөгийг үндсэн төлбөр дээр нэмж нэхэмжилж байна. Иймд Хариуцагчаас компанид төлөх шаардлагатай 500,000 төгрөг, алданги 27,500 төгрөг, нийт 527,500 /таван зуун хорин долоон мянга таван зуун/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж /16,475₮/-ийн хамт гаргуулан өгнө үү.

Хариуцагч нь манай харилцагч юм. Манайхаас шар айраг захиалан авсан. Төлбөрийг төлөхгүй удсан тул төлбөр барагдуулах гэрээ байгуулъя гэсэн. Энэ үед зарим төлбөрийг төлөөд 500 000 төгрөг төлөгдөөгүй тул алданги тооцоод 527 500 төгрөг гаргуулна. Шүүхэд нэхэмжлэл гаргах эсэх талаар гэрээнд заасан. Гэрээ байгуулах үедээ буцаах талаар яригдаагүй. Хариуцагчтай байгуулсан гэрээ байхгүй бөгөөд бусадтай байгуулсан гэрээний хувьд буцаах талаар албан ёсоор буцаах хүсэлт өгөх ёстой. Гэвч ийм хүсэлт өгөөгүй байгаа юм гэв.

 

Хариуцагч “Ч” ХХК-ийн төлөөлөгч О.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Ч” ХХК-ийн захирал албан тушаалтай бөгөөд А компанитай харилцан ажилладаг бөгөөд бараа авсан үнэн ба өр төлбөртэй байгаа юм. Гэхдээ өр төлбөрийн дүнд тааруулан бараа буцаах хүсэлтэй байна. Үнийн дүнд дүйцэхүйц бараа байгаа бөгөөд дутвал зөрүү мөнгийг барагдуулах болно.

Байнгын харилцагч байсан. Дэлгүүр нүүсэн бөгөөд эдний пиво зарагдахаа больсон. Барааны хугацааны асуудал байгаа тул барааг нь буцаая гэхэд заавал мөнгөө авна гэсэн. Мөнгийг нь өгөх боломжгүй болсон юм. Нэхэмжлэгч талаас шинэ дэлгүүрт нэг л удаа ирсэн. Худалдааны төлөөлөгч нь ажлаасаа гарч байгаа гэсэн гэв.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд: 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 22/30 дугаар төлбөр барагдуулах гэрээний хуулбар /хх6-7/, мөн өдрийн төлбөр тооцооны баталгааны хуулбар /хх8/, бараа материалын зарлагын баримтын хуулбар /хх9/, хүснэгтэлсэн баримтын хуулбар /хх10/, тооцооны үлдэгдлийн баталгааны хуулбар /хх11/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

       ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “А” ХХК нь барааны үнэ 500,000 төгрөг, алданги 27,500 төгрөг, нийт 527,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч “Ч” ХХК нь барааны үлдэгдэл тооцооны талаар маргаагүй боловч худалдагдаагүй барааг буцаан олгоно гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч нь 2022 оны 08 дугаар сарын 09-ны өдөр нийт 1,413,400 төгрөгийн бараа хүлээлгэн өгсөн болох нь бараа материалын зарлагын баримтаар тогтоогдож байна. /хх9/

Улмаар зохигчид 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэж, хариуцагчийг 1,413,400.86 төгрөгийн барааны үнэ төлөгдөөгүй талаар тохиролцсон байна. /хх6-8/

Цаашлаад зохигчид хариуцагч нь 500,000 төгрөгийн барааны төлбөр төлөөгүй байгаа тухай төлбөр тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн байна. /хх11/

Энэхүү үйл баримтын талаар хэн аль маргаагүй.

 

Нэхэмжлэгч нь барааг хариуцагчид худалдсан гэж тайлбарлаж байх боловч хариуцагч нь хүлээн авсан бараа бусдад худалдагдсан бол төлбөрийг төлнө, харин худалдагдаагүй барааг буцаан олгоно гэж маргасан.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах худалдан авах гэрээний дагуу худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд зүйлийн худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь тохиролцсон үнийг төлөх үүрэг хүлээдэг.

 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн тайлбарыг өөрөөр нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагчтай иргэний эрх зүйн харилцаанд орохдоо байгуулсан гэрээ байхгүй гэж тайлбарласан.

Цаашлаад, төлбөр барагдуулах гэрээнээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Тодруулбал, хариуцагч нь барааг хүлээн авч худалдаж, олсон орлогоос төлбөр төлөхөөр тохиролцжээ.

Улмаар нэхэмжлэгчийн төлөөлөгч нь өөрийн компанийг бусад харилцагч нартай байгуулсан гэрээгээр үлдэгдэл барааг хүсэлт гаргах журмаар буцаалт хийгддэг талаар тайлбарлаж байна.

Харин хариуцагчийн төлөөлөгч нь дээрх 500,000 төгрөгийн барааны үлдэгдэл байгаа талаар тайлбарласан.

 

Иймд нэхэмжлэгч нь олгосон барааны үнийг бүхэлд нь шууд шаардах эрхгүй.

 

Харин нэхэмжлэгч нь үлдэгдэл барааг буцаан шаардах эрхтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

Гэвч нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

1.             Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “Ч” ХХК-д холбогдох 527,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ГАНБОЛД