Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2022/05210

 

 

 

 

 

 

 

 

                              2022        12          12

            101/ШШ2022/05210

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  “Х” ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Ч” ХХК /рд:/-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 128,494,222 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.О нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э, хариуцагчийн өмгөөлөгч А.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн төлөөлөгч Л.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай Х ХХ Компани нь Хятадын Төмөр Замын товчооны Монгол Улсын Улаанбаатар хот дахьГ” ХХ Компанийн захирал Штай 2019 оны 5-р сарын эхээр 2018-20 тоот гэрээг, гүүрний байгууламжийн Олимпын гудамжны хэсэгт "А" гарцын төв замын ажлын баруун талын хэсгийн гүүрний тулц хананы ажлын МКО +080-аас МКО+249.323 хүртэлх нийт 170 м урттай ажлын улны бетон цутгах, суурийн бетон цутгах, тулц хананы бетон цутгах, арматур зангидах, хэв хашмалын ажлуудыг 234 521 304 төгрөгийн үнэлгээтэй тохиролцоод, 25 барилгачин, 2 инженерийн бүрэлдэхүүнтэй ажлаа эхлүүлсэн.

Гэрээнд зааснаар Захиалагч тал нийт үнийн дүнгийн 30% болох 70 356 391 төгрөгийг урьдчилгаанд төлөхөөр, үлдсэн 70%-ийг ажлаа дуусгасны дараа өгөхөөр тусгагдсан байсан. Гэрээний дагуу 30%-н төлбөр гээд мөнгө нь шилжээд ирчихсэн. Бид ч ажлаа гүйцэтгэж дуусахын өмнө үлдэгдэл ажлын хөлсийг тооцон авахаар нэхэмжлэхэд: Танай компанид манайх нэмж мөнгө төлж чадахгүй харин ч эсрэгээр танайх манайхаас илүү мөнгө авсан байна гэж маргаан үүсгэсэн тул бид ажлаа зогсоосон юм. Энэ бидний хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээ:

-       Арматур, хэв хашмалын ажил 92,73 %

-       Бетон цутгуурын ажил 76,86 % ийн гүйцэтгэлтэй байсан.

-       Энэхүү гүйцэтгэлийг барилга угсралтын ажлын нийт хэмжээгээр авч үзвэл 84,79 %-н А гүйцэтгэлтэй ажлаа хийжээ.

Энэ тооцоог тусгайлан хяналт тавьж байсан хятад талын инженерүүд тооцон гаргаж өөрсдөө баталгаажуулж өгсөн болно. Монгол Улсын мэргэжлийн мэргэшсэн төсөвчнөөр Монгол улсад мөрдөгдөж байгаа тарифаар бодуулахад бидний хийсэн ажлын хөлс 198.850.613 төгрөг болсон ба үүнээс авсан 30%-ийн урьдчилгаа болох 70.356.391 төгрөгийг хасаад үлдсэн 128.494.222 төгрөгийг нэхэмжилж байна.

2021 оны 12-р сарын 20-ны Дугаар:  шүүгчийн захирамжид: Нэхэмжлэлийн үндэслэл болох маргаж буй гэрээтэй холбоотой хэргийг эрүүгийн шугамаар шалгаж байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байна. Энэ асуудлаар СБД-н Цагдаагийн 1-р хэлтсээс тодруулга авах хэрэгтэй. Учир нь: СБД-н 1-р хэлтэст намайг залилсан Түмэнгийн / Хятадын төмөр замын 20-р товчоо, Монгол улсын Улаанбаатар хот дахь Г ХХК-д ажиллаж байсан / асуудлыг шалгаж байгаа болно. Иймд бид дээрх ажлыг гүйцэтгэхэд багагүй хугацаа хүн хүч гаргаж ажилласан, 2 инженер, мастер техникийн ажилтан 1, мэргэжлийн ажилчид 25 хүний бүрэлдэхүүнтэй 2 сар гаруй хугацаанд цалин хөлсгүй ажиллаж хохироод байна. Цалингаа аваагүй ажилчид нь телевизээр энэ тухай нэвтрүүлэг явуулж байна. Эдгээр хүмүүсийн цалин хөлс болох 128.494.222 төгрөгийг Хятадын Төмөр Замын 20-р товчооны Монгол Улсын Улаанбаатар хот дахь " Г" ХХ Компаниас гаргуулж өгөх шийдвэрийг гарган өгнө үү.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2019.5.8-нд гэрээ хийгээд 170 метр хана барих болсон. Урьдчилгаа 30 хувийн төлбөр авсан. Тухайн үед хятадаас орж ирэх материал саатаж хугацаа хоцорсон. Гэрээгээр 20 хоногт ажлыг гүйцэтгэх байсан боловч биднээс шалтгаалахгүйгээр хугацаа хоцорсон. Ингээд 84 хувьтай ажил хийчихсэн байхад цалингаа тавихын тулд үлдэгдэл төлбөрөө нэхсэн. Наадмаар амраад ажилдаа ороход үлдэх ажлыг өөрсдөө хийгээд дуусгачихсан байсан. Хариуцагчийн захиралтай ярилцахад манай нягтлан буруу тооцоод илүү мөнгө өгчихсөн байна гэсэн. Хариуцагчийн инженерүүд нь бидэнд хийсэн ажлын хуудас өгөөд 165 саяын ажил хийсэн гэсэн. Хариуцагчийн захирал нь манай инженертэй яриад нэмэлт ажил хийхээр болсон. Гэтэл төлбөр төлөх болтол 20 хэдэн саяын ажил хийсэн гээд маргаан гарсан. Одоо хятадын тал манай ажлыг гологдол гэдэг боловч зассан зүйл байхгүй. Хятадын тал ажлыг хянаж авдаг байсан боловч ажлыг хүлээлгэж өгөхөд байгаагүй юм. 2 жижиг алдаа гарсныг зөвшөөрч байгаа юм. Арматур болон бетоны үнэлгээг гаргуулсан. Алдаан дээр зургийн захиалагч гомдол гаргасан боловч нийслэлийн замын газар ноцтой алдаа биш гэдэг. Дараагийн ажлыг өгсөн байдаг нь өмнөх ажил алдаагүй гэдгийг нотолж байгаа юм. Нягтлангууд нь илүү төлбөр төлсөн гэснээр захирал бидэнтэй уулзахаа больчихсон юм. Төсөв зохиоход илүү гардаг боловч бид гэрээгээр тохирсон төлбөрийн 85 хувийг л нэхэж байгаа юм. Бид дагалдах материалыг өөрсдөө худалдаж авсан. Барилгын ажилтнууд нь энэ талаар мэднэ. Хариуцагч талын тайлбарыг сайн ойлгохгүй байгаа юм. Бид 84.79 хувийн ажлыг хийсэн тул ногдох мөнгөнөөс урьдчилгаагаа хасаад нэхэж байгаа юм. Бид ажлыг хаяж яваагүй. Наадмаар монгол ажилчид амрах эрхтэй. Амраад ирэхэд үлдэх ажлыг хийгээд дуусгачихсан байдаг. Хариуцагчийн инженерүүд нь гарын үсэг зураад хийсэн ажлыг тогтоосон баримт хэрэгт байдаг. Бид хятад талаас гаргасан баримтыг үндэслэж төсөв зохиогдсон. Нэхэмжилж байгаа мөнгөн тохируулж хийсэн төсөв юм гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ажлыг гүйцэтгэх үед 2 хүн хянаж байсан. 84.79 хувь гүйцэтгэсэн гэж хариуцагч өөрсдөө дүгнэлтээ гаргасан байдаг. Ажилчид нь мөнгөө нэхэж байгаа юм. 2019 оны 7 сард тооцоогоо гаргасан байдаг юм. Гүйцэтгэсэн ажлын хувийг хятадын тал гаргасан байдаг гэв.

 

Хариуцагч “Ч” ХХК-ийн төлөөлөгч Э.М нь шүүхэд гаргасан тайлбартаа: Хятадын Төмөр Замын 20-р товчоо, Монгол Улсын Улаанбаатар хот дахь “Г” ХХК-д холбогдуулан “Х” ХХК-с 128,494,222 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг гардан авч танилцаад зөвшөөрөхгүй байгаа тул доорх хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Нэг. Нэхэмжлэлд “Монгол Улсын мэргэжлийн мэргэшсэн төсөвчнөөр Монгол Улсад мөрдөгдөж байгаа тарифаар бодуулахад бидний хийсэн ажлын хөлс 198,850,613 төгрөг болсон ба үүнээс авсан 30%-ийн урьдчилгаа болох 70,356,391 төгрөгийг хасаад үлдсэн 128,494,222 төгрөгийг нэхэмжилж байна” гэснийг зөвшөөрөхгүй байна. Учир нь:

1.            “Х” ХХК-тай байгуулсан 2019.05.08-ны өдрийн 2018-20 дугаартай гэрээний 1.2 дахь заалтаар гүйцэтгэгч “Х” ХХК нь тулц ханын арматур тээвэрлэх болон угсрах, тулц хананы бетон цутгалт болон арчилгааг 2019.05.08-ны өдрөөс 2019.05.27-ыг хүртэл 20 хоногт хийж гүйцэтгэн 234,521,304 төгрөгийн ажлын хөлс авахаар тохирсон байсан болно.

2.            Манай компани нь гэрээний 2.5 дахь заалтаар 2019.05.14-ны өдөр урьдчилгаа төлбөрт нийт үнийн дүнгийн 30% болох 70,356,391 төгрөгийг хариуцагчийн Хаан банкны тоот дансанд шилжүүлсэн.

3.            Гэрээний 2.1 дэх заалтаар нэхэмжлэгч нь ган төмөр хэв хавтан угсрах, хүчитгэх, бетон цутгах, арчилгаа хийх зэрэг бүхий л барилгын ажил болон төрөл бүрийн бараа материал, талбай дотор тээвэрлэлт хийх ажлыг бүрэн хариуцахаар тохирсон. Дээр дурдсан ажлыг гүйцэтгэх ажлын 1 м.куб-ын хөлс нь 36,000 төгрөг, энэхүү зардалд ажиллах хүчний зардал, тоног төхөөрөмж, машин механизмын зардал бүрэн багтсан байсан. Захиалагч талаас бетон ган хавтан, кран, помп болон ус цахилгаанаар хангана” гэх заалтаар 1 м.куб бетоны үнэлгээг 36,000 төгрөгөөр тогтсон нь нотлогддог. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх “Гэрээний галууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэх болон мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэх заалтуудаар нэхэмжлэгч нь гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж чөлөөтэй байгуулсан бөгөөд компанийн тамгаа дарж гарын үсгээ зурж баталгаажуулсан байдаг. Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаанд нь чанартай гүйцэтгэж чадаагүй атлаа мэргэжлийн улсын төсөвчин 198,850,613 төгрөгийн ажлын хөлс авах ёстой гэж үнэлгээ гаргасан хэмээн үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхэмжилж буйг зөвшөөрөхгүй байна.

4.            Нэхэмжлэгч нь 2018-20 дугаартай гэрээний 1.3-т зааснаар хүлээсэн үүргийн дагуу 20 хоногт ажлаа гүйцэтгэж чадаагүй, ажилчдын ур чадвар нь хангалтгүйн улмаас ажил гүйцэтгэх хугацааг удаашруулж, технологийн горимын зөрчил удаа дараа гаргаж байсан төдийгүй СЗО маркийн бетоны оронд С15 бетоныг сууринд цутган ноцтой алдаа гаргаж байсан болно. Гэрээний 2.6 дахь “Гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг захиалагч, зөвлөх “Ростов” ХХК болон Нийслэлийн Авто замын хөгжлийн газар шалгаж, шаардлага хангасан тохиолдолд 30 хоногт 1 удаа тооцоо хийнэ” гэж заасан. Гэтэл зөвхөн 1 удаа буюу 2019.08.27-ны өдрийн “Ажлын гүйцэтгэл тооцоолсон хүснэгт”-ээр 15,247,365 төгрөгийн ажил гүйцэтгэснээс чанарын баталгааны 5%-ийн суутгалд 762,368 төгрөг суутгагдах 14,484,997 төгрөг олгох тооцоо гаргаж талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан байдаг. Түүнээс гадна 2019.11.16-нд үйлдэгдсэн Хавсралт 6-1 гэх “Ажлын гүйцэтгэл тооцоолсон хүснэгт”-ээр нэхэмжлэгч нь 10,497,600 төгрөгийн ажил гүйцэтгэсэн үүнээс чанарын баталгааны 5%-д 524,880 төгрөг суутгахад 9,972,720 төгрөг олгох тооцоо гарсан. Эдгээр гүйцэтгэлийн хүснэгтээр нэхэмжлэгч нийт 25,744,965 төгрөгийн ажил гүйцэтгэсэн нь тогтоогддог боловч чанарын баталгааны 5%-ийг хасаж 24,457,717 төгрөг олгох тооцоо гарч байна.

5.            Захиалагч талын зөвлөх “Ростов” ХХК болон Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас туслан гүйцэтгэгч “Х” ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг шалгаж хянаад зөвлөх “Росгов” ХХК-иас 2019.06.07-ны “Туслан гүйцэтгэгчийн ажлын чанар, гүйцэтгэлийн тухай” гэх 26 тоот, 2019.07.05-ны 35 дугаартай “Туслан гүйцэтгэгчийн тухай” гэх албан бичгүүдээр “Нийслэлийн авто замын хөгжлийн газраас 2019.06.28-ны 3/1376 тоот албан бичиг ирүүллээ. Бид удаа дараа заавар, зөвлөгөө өгч байсан боловч ажлын чанар ахиц гараагүй тул зөвлөхийн багаас уг туслан гүйцэтгэгч компанийг цаашид тулц ханын барилгын ажил дээр ажиллуулахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэсний дагуу шаардлага тавих гэхэд ажлаа аль эрт хаяж явсан байсан. Эдгээр баримтуудаар “Х” ХХК нь гэрээний үнийн дүнгийн 11%-ийн ажлыг гүйцэтгэсэн нь батлагддаг юм. Гэрээнд заагдсан ажлын үлдэгдэл болох 89%-ийн ажлыг манай компанийн инженер техникийн ажилчид өөрсдийн техникээр хийж гүйцэтгэж дуусгасан. Үүнээс нэхэмжлэлд дурдсан мэргэжлийн төсөвчний үнэлгээгээр тухайн ажлуудыг 76-92%-тай хийж гүйцэтгэсэн гэдэг нь илт худалд болох нь тогтоогддог юм.

6.            Дээр дурдсан байдлуудаас урьдчилгаанд шилжүүлсэн 70,356,391 төгрөгөөс нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын нийт хөлс болох 25,744,965 төгрөгийг хасахад 44,621,426 төгрөгийг илүү шилжүүлсэн нь батлагддаг. Үүн дээр чанарын баталгаанд суутгах нийт 1,287,248 төгрөг дээр нэмэхэд 45,898,674 төгрөгөөр манай компани хохирсон нь нотлогддог юм. Мөн нэхэмжлэгч компани нь гэрээ болон хуульд заасны дагуу гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ, ил далд ажлын актыг гаргаж бодит үнэлгээ гаргаагүй атлаа хариуцагч талыг байлцуулалгүй төсөвчнөөр төсөв гаргуулсан гэж үндэслэлгүйгээр ажлын хөлсөнд 128,494,222 төгрөг нэхэмжилж буйг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд: 2019 оны тулц хана барих барилгын ажлын 2018-20 дугаар гэрээний хуулбар /хх9-11/, борлуулалтын падаан /хх12/, зарлагын баримт 20 ширхэг /хх13-15, 17-33/, нэхэмжлэх /хх16/, зардлын жагсаалт /хх34/, төлбөрийн баримтууд /хх35-47/, инженерийн байгуулалтын төлөвлөлтийг 2019 оны 7-р сард хийж дуусгасан баримт, орчуулга /хх49, 53/, бодит хийгдсэн тоо хэмжээ тооцооны баримт, орчуулга 3 ширхэг /хх50, 51, 52, 54, 55, 56/, гүүрний бетон цутгах ажлын төсөв /хх57-60/, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолын хуулбар /хх71/, Хаан банк дахь өөрийн дансны хуулга /хх132/, тэргүүлэх төсөвчин, зөвлөх инженер Н.Пүрэвийн тайлбар /хх180/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хариуцагч нь шүүхэд: Хаан банкны банк хоорондын шилжүүлгийн хуулбар /хх187/, “Ростов” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 26 дугаар албан тоотын хуулбар /хх188/, тус хуулийн этгээдийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 35 дугаар албан тоотын хуулбар /хх189/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 4/6677 дугаар албан тоотоор хуулийн этгээдийн лавлагаа /хх104/, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас 2019 оны тулц хана барих барилгын ажлын 2018-20 дугаар гэрээний хуулбар /хх106-110/, мөн оны U сувгийн барилгын ажлын гэрээний хуулбар /хх111-116/, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн 210900235 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоолын хуулбар /хх121-122/, “Х” ХХК-ийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдлын хуулбар /хх123/, Замын хөгжлийн газраас 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 6/1872 дугаар албан тоотоор хуулийн этгээдийн талаарх мэдээлэл /хх138/, Улаанбаатар хотын замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарцын төслийн 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн нэмэлт гэрээний хуулбар /хх145-149/, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/13 дугаар захирамжийн хуулбар /хх150/, Улаанбаатар хотын замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн 2021 оны нэмэлт гэрээний хуулбар /хх153-154/, “Хаан банк” ХХК-с 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 29/6874 дүгээр албан тоотоор гүйлгээний лавлагаа /хх155/-г нотлох баримтаар гаргуулсан.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

    ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт нийт 128,494,222 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь 2019 оны ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт гүйцэтгэсэн гэх ажлын үлдэгдэл хөлсөнд 128,494,222 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч “Ч” ХХК нь хугацаа хэтрүүлж гүйцэтгэсэн ажил нь олгосон урьдчилгаанаас хөлснөөс бага үнийн дүнтэй гэж маргаж байна.

 

Зохигчид 2019 онд тулц хана барих барилгын ажлын 2018-20 дугаар, 234,521,304 төгрөгийн үнэ бүхий гэрээ байгуулсан байна. /хх9-11/

Гэрээний 1.1, 1.2-т зааснаар нэхэмжлэгч нь замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарцын тулц хананы арматур тээвэрлэх болон угсрах, тулц хананы бетон цутгалт болон арчилгааг гүйцэтгэхээр тохиролцсон байна.

Энд гэрээний захиалагчийг Хятадын төмөр замын 20 дугаар товчоо групп компани Монгол улс, Улаанбаатар хот дахь гүүрний төслийн баг гэж тодорхойлсон боловч уг захиалагч нь хариуцагч “Ч” ХХК болох нь Нийслэлийн замын хөгжлийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 6/1872 дугаар албан тоотоор тогтоогдсон. /хх138/

Улмаар хариуцагч нь гэрээний 2.3-т зааснаар 234,521,304 төгрөгийн хөлсийг гэрээ байгуулагдсанаас хойш 5 өдрийн дотор 30 хувь, цаашлаад гэрээний 2.6-д зааснаар захиалагч, зөвлөх байгууллагын шалгаж, шаардлага хангасан тохиолдолд 30 хоног тутам тооцоо хийж, нийт 95 хувийн хөлсийг төлөх бөгөөд үлдэх 5 хувийн хөлсийг чанарын баталгааны барьцаанд үлдээхээр тохиролцсон байна.

 

Хариуцагч нь гэрээний дагуу урьдчилгаа хөлс болох 70,356,391 төгрөгийг 2019 оны 05 дугаар сарын 14-ны өдөр төлсөн болох нь Хаан банк дахь нэхэмжлэгчийн дансны хуулга, банк хоорондын шилжүүлгийн баримтын хуулбараар тогтоогдсон. /хх132, 187/

Дээрх үйл баримтын талаар зохигч хэн аль нь маргаагүй.

 

Харин зохигчид гүйцэтгэсэн ажлын хэмжээ буюу үнэлгээний талаар маргаж нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажлыг хүлээлцсэн хятад хэлээр бичигдэж, орчуулагдсан баримтыг үндэслэж хийгдсэн гэх 2019 оны гүүрний бетон зутгах ажлын төсвөөр нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарласан.

Энэхүү төсвөөс үзэхэд ямар баримтыг үндэслэж, хэрхэн тооцож гаргасан нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, ажил гүйцэтгэх гэрээгээр нэхэмжлэгч нь ажлыг өөрийн материалаар гүйцэтгэхээр тохиролцсон байх боловч энэхүү төсөвт материалын зардал тооцогдоогүй.

Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгч нь уг төсвийг нэхэмжлэлийн үнийн дүнд тохируулан захиалж хийлгэсэн гэж шүүх хуралдаанд тайлбарласан.

Иймд дээрх төсөв нь шийдвэрийн үндэслэл болох боломжгүй.

 

Цаашлаад нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажлыг талууд тохиролцож акт үйлдсэн гэж хятад хэлээр бичсэн баримтыг орчуулгын хамт шүүхэд ирүүлсэн. /хх49-56/

Хариуцагч нь энэхүү тооцоо нийлсэн актын талаар маргаагүй байх тул нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлыг талуудын тохиролцсон байдлаар дүгнэх нь зүйтэй.

Эдгээр баримтаас үзэхэд бодит хийгдсэн тоо хэмжээ тооцоо гэсэн 3 ширхэг баримтыг нэгтгэн инженерийн байгууламжийн төлөвлөлтийг 2019 оны 7-р сард хийж дуусгасан гэх баримтыг үйлджээ.

Уг баримтаар нэхэмжлэгч нь С15 орлуулах бетоноор 493 м.куб, С30 суурь ба хананд 364.5 м.куб, ган арматур бэхэлгээнд 32.4 тонн ажил гүйцэтгэсэн байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд гэрээг чөлөөтэй байгуулж, агуулгыг өөрсдөө тодорхойлдог.

Ажил гүйцэтгэх гэрээний 2.1-д зааснаар бетон цутгалт, түүнтэй холбогдох ажлын 1 м.куб-г 36,000 төгрөгөөр, харин 2.2-т зааснаар ган арматур тээвэрлэх, угсрах ажлыг 1 тонныг 183,000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцсон байна.

 

Үүнээс нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хөлсийг тооцвол бетонтой холбогдох нийт 857,5 м.куб /493+364.5/ ажилд 30,870,000 төгрөг, ган арматуртай холбогдох 32.4 тонн ажилд 5,929,200 төгрөг, нийт 36,799,200 төгрөгийн ажлыг гүйцэтгэжээ.

 

Түүнчлэн нэхэмжлэлийн үндэслэл болж буй дээрх төсвийг хянасан тэргүүлэх төсөвчин Н.Пүрэвийн тайлбараас үзэхэд гүйцэтгэсэн ажлын хэмжээ нь ажил хүлээлцсэн актын хэмжээтэй тохирч байх боловч үнэлгээг Монгол улсын зам, замын байгууламжийн норм ба дүрэм ЗЗБНбД-81-013-18-н дагуу тооцсон гэсэн байна.

Гэвч дээрх хуульд зааснаар зохигчид хоёр талт гэрээгээр ажлын үнэлгээг нэгэнт тохиролцсон байх тул төсөв зохиох замаар гэрээний үнийг нэг талын санаачилгаар өөрчлөх үндэслэлгүй.

 

Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгч нь ажлын хөлсний урьдчилгаанд 70,356,391 төгрөг авч, нийт 36,799,200 төгрөгийн ажил гүйцэтгэсэн байх тул гүйцэтгээгүй ажлын буюу нэмэлт хөлс шаардах эрхгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 800,421.11 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

       ТОГТООХ нь:

1.            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч “Ч” ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 128,494,222 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 800,421,11 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.ГАНБОЛД