Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2021/ДШМ/635

 

 

 

 

 

 

   2021             6              29                                         2021/ДШМ/635

                                                       

Т.Над холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Гэрэлмаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э, түүний өмгөөлөгч Н.Лхагвадорж, З.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Т.Нын өмгөөлөгч Н.Намжилцогт, Г.Сүхээ,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч С.Пүрэвсүрэн, Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/352 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э, түүний өмгөөлөгч Л.Лхавгадорж нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.Над холбогдох 2005026881412 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Н овгийн Тын Н, 1980 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ХИ80101717/;

            Шүүгдэгч Т.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 8 дугаар сарын 6-наас 7-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь-Эхийн 1-164 тоотод байрлах нийтийн байрны 5 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Б.Нийг онц харгис хэрцгий аргаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Т.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалт болгон өөрчилж, шүүгдэгч Н овогт Тын Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Над 20 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Над оногдуулсан 20 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нын урьд цагдан хоригдсон 179 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Наас шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 12.706.700 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эд олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э нь гэм хорын хохиролд гарсан 4.000.000 төгрөгтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Т.Наас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэргийг шүүх ахун хүрээнд, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж амь насыг нь хохироосон гэж үзсэн нь туйлын харамсалтай, гомдолтой байна. Ийм аймшигтай хэрэг өмнө нь Монгол Улсад гарч байсан юм уу? Энэ хэргийн дараа үүнтэй ижил төстэй хоёр ч хэрэг гарсан бөгөөд яагаад таслан зогсоохгүй, алуурчдыг давраагаад байгаа юм бэ? Энэ нь цаазын ялгүй болсонтой шууд холбоотой. Иймд ялаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг хасч хөнгөрүүлсэнд гомдолтой байна. Шүүгдэгч Т.Нын хамсаатан Ганбат гэх этгээдийг би шууд холбоотой хам хэрэгтэн гэж хардсаар байгаа. Гэтэл энэ хүнийг болон цагаан өнгийн автомашиныг хэрэгт холбогдолгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Шүүгдэгч Т.Нын өмнөх эхнэр Бын мэдүүлгийг уншихаас жихүүцэм, гашуун үнэнийг өчсөн байдаг. Тэртээх он жилүүдийн харгис, хэрцгий, танхай, балмад үйлдлийг яагаад үндэслэл болгосонгүй вэ? Шүүгдэгч Т.Н нь бэлгийн гаж донтон байсныг Дарь-Эхийн нийтийн байрны хөрш айлын гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон. Яагаад тэр гэрчүүдийн мэдүүлгийг чухалчилж үзсэнгүй вэ? Дарь-Эхийн нийтийн байрны үзлэг, шинжээчийн дүгнэлтээр өрөөний хана, тааз бүхэлдээ цус болсон байсан гэдэг. Амьд хүний цус цацарч урсана. Иймд амьд байхдаа амь өрсөн тэмцсэн гэдэг нь үүгээр батлагдаж байгаа. Онц хэрцгий аргаар, өөрийнхөө гараар аймшиггүй амь насанд хүрчихээд, бөөлжсөндөө хахаж үхсэн гэх, мөн ул мөрөө баллах гэж бүтэн биеийг мөчилж, жалганд шатаан хөнгөн ял авахыг завдсанд маш их гомдолтой байна. Би шүүх, прокурорын яллах дүгнэлтийг тэвчээртэй хүлээж, ялын дээд хэмжээг өгнө гэж итгэж байсан. Мөн шүүгдэгч Т.Н болон түүний ар гэрийнхнийг холбогдож нэхэмжилсэн 23.250.000 төгрөгийн хохирлыг барагдуулна гэж харж байсан. Гэвч 6.000.000 төгрөг өгсөн болчихоод өнөөдрийг хүртэл усанд хаясан чулуу шиг алга болсон. Би дааж давашгүй их мөнгө нэхэмжлээгүй. Хагас дутуу нутаглуулсан учраас хойдохын буяныг сайн хийсэн. Оршуулгын зардал төдийг нэхэмжилсэн байхад үнэхээр хүний ёсноос гажууд, доромжлон гутааж байна. Нэгэнт хоёр тал тохиролцохгүй байгаа болохоор би тэмцлийн хурц хэлбэрт шилжиж, телевиз, радио, социал ертөнц, мэдээний сайтуудад мэдэгдэж, мөн төрийн тэргүүн, холбогдох байгууллагуудын чихэнд хүргэнэ гэдгээ үүгээр мэдэгдэж байна. Оршуулгын зардлаас 4.000.000 төгрөг хасагдсанд гайхаж байна. Миний амьдрал там болсон. 2-11 насны хүүхдүүдтэй надад ээжгүй болоод амьдрах арга алга байна. Хүн хүнээ алдахын зовлон, сэтгэл санаагаар хохирч 9 сарын хугацаанд өдөр бүрийг яаж өнгөрүүлж байгааг ойлгож туслахыг хүсэж байна. Надад айж, ичих зүйл байхгүй. Энэ хэргийн яллах дүгнэлт миний санаад хүрэхгүй байгаа учраас, мөн хохирлыг минь барагдуулахгүй байгаа учраас мөрдөн байцаалтад анхнаас нь хэргийг задлуулж, үнэн зөвөөр шударга шийдүүлэхийг хүсэж байна. ...” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эын өмгөөлөгч Л.Лхагвадорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг ... яллах ба цагаатгах, ял хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчлан тогтоож өгсөн. Гэтэл хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь хянаж үзэхэд, шүүгдэгч Т.Н нь хохирогчийн биеэ хамгаалах чадваргүй буюу архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэдгийг мэдсээр байж онц харгис хэрцгийгээр буюу хохирогчийг нас барахаас өмнө “...гавал ясны орой хэсгийн цөмөрсөн хугарал, суурь хэсгийн шугаман хугарал, эрүү ясны зүүн булангийн хуучин хугарал, гавал ясны цөмөрсөн хугарал, суурь хэсгийн шугаман хугарал гэмтэл нь толгойн оройн хэсэгт 2-3 удаа мохоо зүйлийн цохигдох, цохих, унах, өшиглөх үед үүсэх боломжтой. ...” гэсэн шинжээчийн өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, гэрч нарын мэдүүлэг зэргээс дүгнэхэд амь хохирогчийн эрхтэнд олон тооны шарх, гэмтэл учруулж, өвтгөн шаналгаж дээрх гэмтлийн улмаас зовж зүдрэхэд хүргэж хүнийг алсан гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Н мэдүүлэхдээ “...Бид хоёр нийлээд хоёроос гурав хоног архи уусан. Би архи ууж байгаад ухаангүй болоод унтсан. ...” гэж мэдүүлдэг. Гэвч амь хохирогчийн цогцсыг олох үед тэрээр мөчлүүлж, шатсан байдалтай байсан учраас ходоодонд архи согтууруулах ундааны зүйлийг тогтоох боломжгүй байсан гэж ойлгоно. Хүнийг алах гэмт хэрэг нь “гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ үед шууд үхэлд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.” гэж заасан байдаг. Онц харгис хэрцгий арга гэдэг нь “хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон, өөрийнхөө үйлдсэн харгис хэрцгий үр дагаврын урьдчилан харж, санаатайгаар үйлдсэн байдлаар илэрдэг билээ. Гэтэл хавтас хэрэгт амь хохирогч, шүүгдэгчээс өөр тэдгээрийг харсан хүн байдаггүй. Шүүгдэгч Т.Н нь хэрэг учрал болсон хэргийн үйл баримтын талаар мэдүүлэх боловч түүнд заагдсан эрхийнхээ хүрээнд тэрээр үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэггүй билээ. Амь хохирогчийг байнгын гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан нь гэрч нар болон хавтас хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдох боловч тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь ахуйн хүрээний архидалтаас үүдэлтэй гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогчийн биед санаатайгаар халдаж, түүнийг бие болоод сэтгэл санааны дарамтад оруулж, цохиж зодон, гэмтэл үүсгэж, бие болоод сэтгэл санааны хувьд тарчлаан байгаа нь өөрөө амь хохирогчийг үхэлд хүргэсэн гол шалтгаан юм. Энэ нь тухайн гэмт хэрэг гарах үед амь хохирогч хүчтэй согтуурсны улмаас бие махбодын болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, гэмт халдлагын эсрэг идэвхтэй эсэргүүцэх чадваргүй болсон байх үед түүнд гавал ясны орой хэсгийн цөмөрсөн хугарал, суурь хэсгийн шугаман хугарал гэмтэл нь үхэлд хүргэж амьд ахуйд үүссэн байх боломжтой гэж шинжээч дүгнэсэн байдаг. Шүүгдэгч Т.Н нь гэмт хэргээ нуун далдлах зорилгоор амь хохирогчийг мөчилж шатаасан үйлдэл нь өөрөө хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон байдлыг тогтоох боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Энэ нь нэг гэмт хэргээр өөр нэг гэмт хэргийн шинжийг халхалж, нуун дарагдуулж байгаа гэж үзэх үндэслэлтэй. Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ шударгаар мэдүүлж, чин сэтгэлээсээ гэмшиж, ухамсарлаж амь хохирогчийн ар гэрээс уучлалт гуйж, хохирол төлбөр бүрэн барагдуулах талаар юу ч хэлдэггүй. Өөрөөр хэлбэл, Т.Над оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан шийдвэрлэх нь зүйтэй. Анхан шатны шүүхээс онц харгис хэрцгий аргаар хүнийг алсан гэж дүгнэх боломжгүй байна гэж дүгнэсэн. Шүүхээс гэмт хэргийн шинж чанарыг бүрэн бодитойгоор дүгнэлт өгөлгүйгээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцож 20 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх нөхцөл нь “...хамтын амьдралтай байсан ойрын төрөл садан хүмүүсийн хооронд үүссэн байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санааны дарамтад суурилсан харилцааг ойлгодог. Амь хохирогчийг сэтгэл санаа, бие махбодын дарамт, хүчирхийлэлд байдаг байсан гэдгийг хавтас хэрэгт мэдүүлэг өгсөн гэрч болгон мэдүүлдэг. Мөн шүүгдэгчийн хувийн байдал зэргээр нотлогддог. Мөн байнгын хүчирхийлэлд өртдөг хүний бие махбодод гэрч нарын мэдүүлснээр хөхрөлт няцралт, хавирга гэмтсэн, гарыг нь хугалж, толгойг нь хагалж, уруулыг нь сэтэлж байгаа үйлдэл нь өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болох үндэслэлийн нэг хэлбэр юм. Гавал ясны орой хэсгийн цөмөрсөн хугарал, суурь хэсгийн шугаман хугарал гэмтлийн улмаас нас барж, энэ хэргийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй архидан согтуурсныг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж амь насыг хохироож, хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн эсэхийг бүрэн бодитойгоор сэргээн тогтоох, түүний гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотлоход эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа оршдог. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.7 дахь хэсэгт зааснаар шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичиж, уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ үндэслэх хэсэгт тодорхой тусгана гэж хуульчилжээ. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд улсын яллагчийн гаргасан гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаарх санал, иргэдийн төлөөлөгчийн гэм буруугийн дүгнэлтэд шүүх хэрхэн дүгнэлт өгсөн талаар, мөн шүүхээс санал гаргаж байгаа тал бүрийн санал дүгнэлтийг хүлээж аваагүй үндэслэл бүрийг тусгаж өгөлгүйгээр шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд нийцэхгүй юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ. Гэвч гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч хүнд хор уршиг учирсан байдал, шүүгдэгч урьд нь бусдын биед болон хохирогчийн биед халдаж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнийг прокуророос хэрэгсэхгүй болгож байсан хувийн байдал зэргийг харгалзан дүгнэхдээ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинж чанар, ялын тэнцвэр тохирооны талаар хангалттай дүгнэж чадаагүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж өгнө үү. ...” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эын өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд уг хэргийг мөрдөн байцаалтад буцаах байр суурьтай оролцож байсан. Хохирогчийн зүгээс Ганбат гэх хүнийг энэ хэрэгт холбогдуулан шалгаж тогтоож өгнө үү гэж гомдол гаргаж байсан. Мөрдөн байцаалтын шатанд уг хэрэгт Ганбатыг уг хэрэгт холбогдолтой эсэх талаар мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүй. Зөвхөн Ганбат болон түүний охин хоёрын мэдүүлгээр уг хэрэгт Ганбат холбогдолгүй гэж улсын яллагч өөрийн дотоод итгэлээр хэлсэн. Ганбатыг уг хэрэгт оролцоотой эсэх талаар нотлох баримт байхгүй. Үнэхээр Улаанбаатар хотод байсан эсэх талаар хангалттай нотолж тогтоосны дараа дотоод итгэл гэх зүйлийг ярих ёстой. Гэтэл Ганбат тухайн хэрэг гарах үед Зүүнхараад байсан гэх боловч энэ талаар огт шалгаагүй. Үнэхээр Зүүнхараад байсан эсэх, хэнийд байсан гэдгийг хангалттай шалгаж тогтоох боломжтой байсан. Амь хохирогчийн биеийн зөөлөн эд байхгүй болсон тул ямар гэмтэл учирсан болохыг тогтоох боломжгүй болсон. Хэргийн газрын үзлэгт тухайн байранд амь хохирогчийн цус цацагдсан байсан. Зөвхөн амь хохирогчийн амь насыг хохироосон тохиолдолд цус ингэж цацрахгүй байсан. Талийгаачийн цогцсыг машинаар тээвэрлэсэн гэх боловч энэ машиныг нь олж тогтоогоогүй. Цагдаагийн эрэн сурвалжлах ажиллагаа гэдэг бол өөр зүйл байдаг. Үүн дээр мөрдөн шалгах ажиллагаа огт хийгдээгүй. Зөвхөн такси бариад Тахилт ороод хүний цогцос шатаагаад нөгөө жолооч нь хүлээгээд байж байдаг такси гэж байхгүй. Эдгээр нөхцөл байдлыг тогтоож хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоож чадаагүй тул мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Т.Нын өмгөөлөгч Н.Намжилцогт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс нотолбол зохих байдлыг хангалттай нотолж тогтоосон гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын шатанд болох шүүх хуралдааны шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан зөрчил тогтоогдоогүй. Прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд эрүүгийн хуульд заасан зарчмын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн. Шүүгдэгч Т.Нын гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар хөтөлбөргүй нотлогдсон. Гэм буруу дээр шүүгдэгч Т.Н маргаагүй. Хохирогч нарын өмгөөлөгчийн хэлж байгаа шиг онц хэрцгий аргаар алсан гэдэг дээр маш их гомдолтой байна. Хавтас хэргийн хүрээн хэргийг шийдвэрлэх ёстой. Хавтас хэрэгт авагдсан баримтаар биеийг тасалсан, хэсэгчилсэн, хуваасан, ясыг хугалсан гэмтэл талийгаачийг нас барсны дараа үүссэн. Энэ гэмтэл нь онц харгис хэрцгий аргаар алсан гэх гэмтэл орохгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдож байгаа. Гэм буруу дээр маргаагүй, хохирол төлбөрөөс боломжийн хэмжээгээр барагдуулсан хэдий боловч шүүх бүрэлдэхүүн тухайн төрлийн ялын хамгийн дээд хэмжээгээр хорих ялыг оногдуулсан. Мөрдөн байцаалтын шатанд уг хэргийн бүрэн дүүрэн шалгаж тогтоосон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

            Шүүгдэгч Т.Нын өмгөөлөгч Г.Сүхээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлж байсан. Гэмт хэргийн нотолбол зохих байдал бүрэн дүүрэн хангалттай нотлогдсон. Анхан шатны шүүх онолын хувьд хангалттай дүгнэлт хийсэн. Хөнгөрүүлэх болох хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хохирогч шүүгдэгч хоёрын нас маш их зөрүүтэй. Голцуу талийгаач утсаар дуудаж уулзсан байдаг. Хохирогч архи уудаг, эрүүлжүүлэгдсэн зэрэг нөхцөл байдлууд байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Н.Гэрэлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Талийгаачийн цогцос араг яс байдалтай олдсон. Тухайн олдсон хэмжээнд байж болох бүх шүүх шинжилгээний төрлөөр шинжээч томилсон. Үхэлд хүргэсэн гэмтлийг гавал ясны орой хэсгийн цөмөрсөн хугарал суурь хэсгийн шугаман хугарал гэмтэл гэж үзсэн. Шинжээчийн дүгнэлтээс үзэхэд гол гэмтлээс гадна мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн баруун дал ясны зурагдал, эрүү ясны булангийн хугарал, 1, 7 дугаар хавирганы хугарал, баруун дал ясны эх биеийн цөмрөл гэмтэл тогтоогдсон. Хэдийгээр шинжээч эм нас барсны дараа үүссэн байх боломжтой гэх боловч энэ гэмтлийг амьд ахуйдаа авсан байх боломжтой гэж үзсэн учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар онц харгис хэрцгий аргаар гэж зүйлчилсэн. Шүүхээс үзэхдээ гэмтлийг нас барсны дараа үүссэн байх боломжтой гэдгийг баримталж яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэж энэ зүйл ангийг хэрэгсэхгүй болгосон. Ганбат гэх хүнийг шалгаж хамт явсан охиныг гэрчээр асуусан. Мөн дээрээс нь замын цагдаагаас ирсэн албан тоотоор тухайн гэмт хэрэг болсон цаг хугацаанд замын хөдөлгөөнд оролцоогүй болох нь тогтоогдсон. Мөн Т.Н тухайн процесс яаж болсон талаар тодорхой мэдүүлсэн. Ганбат гэх хүн хүнийг алах гэмт хэрэгт ямар шалтгаант холбоотой болох нь тогтоогдоогүй. Хэрэгт цугларсан үйл баримтад дүгнэлт хийж өөрийн дотоод итгэл, үнэмшлээр дүгнэлт хийсэн. Нийт хохирлоос нотлох баримтын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр шүүх хасаж тооцсон. Хэрэгт шалгавал зохих бүх ажиллагааг шалгаж тогтоосон. Нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлээ гэхэд ямар нэг үр дүн гарахгүй гэж үзэж байна. Улсын яллагчийн зүгээс бүх насаар нь хорих ялын санал гаргасан. Шүүхээс дүгнэлт хийж хорих ялын дээд хэмжээ болох 20 жил хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Т.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 8 дугаар сарын 6-наас 7-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь-Эхийн 1-164 тоотод байрлах нийтийн байрны 5 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Б.Нийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эын “...2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр ээжид бариулдаг Өлзийдулам гэх хүн ... “манай дүү Томоогийн утас руу Н залгаад “энд нэг юм гаргамаар байна, машин олоод ир, муудах гээд байна, хол очоод цустай юм булаадахъя” гэж хэлэхээр нь Томоо “би эгчийнхээ машиныг унаад очих уу” гэхэд Н “эгчийнхээ машиныг хэрэггүй, өөрөө өөр машин олоод хүрээд ир, ганцаараа ирээрэй” гээд байн байн залгаад байсан, тэгж хэлэхээр нь Томоо дотор нь эвгүйцээд утсаа авахгүй байсан” гэж ... хэлсэн. Тэгээд 2020 оны 8 дугаар сарын 12-ны үүрээр 6 цаг 01 минутад Н нь Томоо гэх хүний утас руу залгаад “болох болохгүйгээ хэлээч ээ, хүлээгээд байна, чадахгүй байсан бол хэлэхгүй дээ” гэсэн алдаатай мессеж бичсэн байсан. ...2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ээжийн төрсөн дүү Т, төрсөн ах Батцагаан нар албан ёсоор өргөдөл өгч, хайж эхэлсэн. ...Нтай хамтран амьдарч эхэлснээс хойш Н нь байнга зодож, биед нь хүрч, гэмтэл учруулан дарамталж, гарыг нь хугалж, толгойг нь хагалж, уруулыг нь сэтэлж, мөнгө төгрөг бүхий л зүйлийг нь өөрийн юм шиг эзэмшиж, улам доройтож, сүүлдээ орох оронгүй болж, манай гэрт 2009 оноос амьдарч эхэлсэн. ...Маш их гомдолтой байна. ...” /1хх 179-182/,

гэрч Б.Батцагааны “...Миний талийгаач дүүг бөөгийн зан үйл хийгээд дараа нь дагуулж яваад буудалд архидуулж дарамталж зоддог байсан юм. Талийгаач дүүгийн минь гарыг хугартал зодож байсан. ...” /1хх 192-193/,

гэрч Б.Тын “...2020 оны 8 дугаар сарын 14-ний өглөө Өлзийдулам, Цогоо нар ирээд “Өлзийдуламын дүү болох Томоо гэх залуугийн утас руу Н яриад “энэ багшаа ав” гээд сонин юм ярьсан, бас мессеж бичсэн байна, айгаад байна, янз бүрийн юм болсон юм биш байгаа, хамт гарч гадуур хайя” гэж хэлсэн. ...Н “би Хэнтийд ажил дээрээ байна, 5 хоногийн өмнө танай эгчээс салсан” гэж ярьсан байсан. Тэгээд орой нь Томоогийн утас руу нь Н яриад “өөрөө ирж чадахгүй байсан юм бол хүнд хэлээд ямар хэрэг байна” гэж ярьсан байсан. ...2014 онд байх Н нь манай эгчийг зодсон байхыг хараад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст хандаж байсан. Ямар нэгэн баримт байхгүй гээд арга хэмжээ авч өгөөгүй. 2015 онд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст өгч байсан. Тэгэхэд манай эгчийн хөл, гар, нүүр, нүдийг тэс цохисон байсан. Ер нь Н нь манай эгчийг байнга дарамталж зоддог байсан. ...” /1хх 194-196/,

гэрч Т.Баасанхүүгийн “...2020 оны 8 дугаар сарын 8-наас 9-ний ... өглөөний 11-12 цагийн хооронд миний 95990963 дугаарын утас руу 96-тай дугаараас ... Н надтай ярихдаа “завтай байна уу, уулзах боломжтой байна уу” гэхээр нь би ... очиж чадаагүй. Маргааш нь 14-15 цагийн үед ... Н “багш нь нэг цустай, нөжтэй үйл гаргах гэсэн юм, чи ямар нэгэн байдлаар унаа олоод ирээч” гэж хэлсэн. ...Маргааш орой нь 19-20 цагийн үед залгаад “чи өнөөдөр ирэх боломжгүй байна уу” гэхээр нь би “болохгүй бол такси аваад очъё” гэж хэлсэн. ...Ингээд 3 хоносны дараа ... миний дугаарт “ирж чадахгүй бол чадахгүй гэдгээ хэлэхгүй яасан юм бэ” гэсэн утгатай, үгийн алдаатай мессеж ирсэн байсан. Би тэр мессежийг нь Өлзийдулам эгчдээ үзүүлээд “энэ ямар учиртай юм бэ, бараг ярьдаггүй хүн ингэж яриад мессеж бичээд байна” гэхэд эгч “юу яриад байгаа юм бэ, энэ хоёр хүн чинь хамт явж байх ёстой, эгч алга болоод удаж байна” гэсэн. ...Нийг Н цохиж, зоддог байсан гэж сонсож байсан. ...” /1хх 197-198/,

гэрч Э.Цогт-Өлзийгийн “...Манай нийтийн байранд амьдарч байхдаа Н талийгаачийг 2 удаа зодсон гэж би бодож байгаа. Нэг удаа нүд нь хөхөрчихсөн, дараа нь хавирга нь гэмтчихсэн эвхрээд байсан. ...Би Нтай барилцаж аваад “чи яах гэж нэгийгээ ийм болгож, нүд амыг нь гэмтээж байдаг юм” гэж муудалцаж байсан. ...” /1хх 200-201/,

гэрч Т.Өлзийдуламын “...Н багшийг маань байнга л зоддог байсан. Миний нүдэн дээр нэг удаа зодож байсан. ...Н, Н хоёртой 21 дүгээр хорооллын гудамжинд уулзахад хоёулаа жаахан уучихсан, багшийн нүүр, ам хөхөрчихсөн, Н нь зодох гээд элдэж хөөгөөд багш машин сүлжиж зугтаагаад, би өмнүүр нь орсон чинь багшийг цохих гэж байгаад миний нүд рүү цохиод хөхрүүлсэн. ...Багштай уулзах Н нүүр, амыг нь хөх няц болтол нь зодоод гэмтээчихсэн байдаг байсан. ...” /1хх 203-204/,

гэрч Ч.Жанибекийн “...Над руу “5 номерын хүн байна, ... түрээсийн мөнгө өгөх гэсэн юм” гээд залгасан. Би ... орой 20 цагийн үед гэртээ ирэхэд хар царайтай эрэгтэй 2 сарын мөнгө 320.000 төгрөг, тогны мөнгө 20.000 төгрөг, нийт 340.000 төгрөг бэлнээр надад оруулж ирсэн. Үүнээс хойш уг хүн болон Ганбат нарыг огт хараагүй. ...” /1хх 218-219/,

гэрч Б.Хишигжаргалын “...2020 оны 8 дугаар сарын 7-ны өглөө ... миний утсаар эгчтэй манай нөхөр Т “хаана байгаа юм бэ” гэж ярихад “эгч нөгөө газраа байна, өдөр залгая” гэж шивнэж ярьж байсан. ...Өдөр ... мессежээр явуулсан “Дулмаа” гэх данс руу 20.000 төгрөг шилжүүлсэн чинь “за баярлалаа, орой яринаа” гэсэн хариу ирсэн. 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдөр бичсэн мессежийг талийгаачийг бичсэн гэж бодохгүй байна. Над руу бичих бүрдээ “анай нь, эгч нь” гэх үгийг тогтмол хэрэглэдэг, үг үсгийн алдаа гаргадаггүй. ...” /1хх 225-226/,

гэрч Б.Ганбатын “...2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс хойш би охиныхоосоо ер гаралгүй 7-8 хоносон бөгөөд энэ үедээ Нтай утсаар ярихад “Нтэй хамт байранд чинь байна, 6-7 сарын мөнгийг бид 2 төлчихсөн шүү” гэж хэлсэн. Н хүртэл ярьж байсан. ...Нын хамтаар ... Зүүнхараа руу явсан. ... Ныг “утсаа цэнэглээд Н рүү ярьж, өөрийнхөө гэр рүү ярья, чамайг цагдаагаас асуугаад байна, ... цагдаа руу ярь” гэхэд “за ярина, ярих гэхээр утас унтарчихаад байна” гээд ... цочиж балмагдаад, нэг л сонин байсан. ...” /1хх 183-186/,

Шинжээч эмч С.Чулуунсүхийн “...Гавал ясны орой хэсгийн цөмөрсөн хугарал, суурь хэсгийн шугаман хугарал гэмтэл нь амьд ахуйд үүссэн байх боломжтой, бусад гэмтэл нь нас барсны дараа үүссэн байх боломжтой байна. Эрүү ясны зүүн булангийн хуучин хугарал гэмтэл нь дээрх гэмтлүүдээс өмнө үүссэн хуучин гэмтэл байна. Мөн түлэгдэлт үүссэн гэх гэмтэл нь нас барснаас хойш үүссэн байна. Гавал ясны цөмөрсөн хугарал, суурь хэсгийн шугаман хугарал гэмтэл нь толгойн оройн хэсэгт 2-3 удаа мохоо зүйлийн цохигдох, цохих, унах, өшиглөх үед үүсэх боломжтой. ...” /2хх 43-44/,

Т.Нын яллагдагчаар өгсөн “... 2020 оны 8 дугаар сарын 7, 8-ны хавьцаа ... архи уугаад тасраад босож ирэхэд ... толгой хэсгээрээ ... бөөлжсөн байхаар нь өндийж босоод мөрнөөс нь татахад зүүн талын хацар, шанаа, ам, хамар, нь нэлэнхүйдээ бөөлжистэй байхаар нь ... “чи зүгээр үү” гэхэд “дуугарахгүй, хариу үйлдэл үзүүлэхгүй” байсан. Би гарнаас нь барьж үзэхэд цэл хүйтэн байхаар нь тоосны алчуур аваад ам хамрыг нь арчиж цэвэрлээд цээжин дээр нь чагнаж үзэхэд зүрх нь цохилохгүй, амьсгалахгүй байсан. ...Би балмагдаж уйлж байгаад ... паартай хэсгээс нь уг цахилгааны утсаар өөрийгөө бооход боолт ороод ухаан алдсан. Нэг сэрэхэд би газар хэвтчихсэн хоолойд байсан уяа ... тасарчихсан байсан. ...Архиа уугаад талийгаачийн цогцосыг аваачиж хаячий гэж бодоод Ганбатын гэрт байсан сунадаг цүнхийг аваад цогцосыг хийх гэтэл багтахгүй болохоор нь гал тогооны тавиур дээр байсан хутганы томоос арай жижигийг аваад хөлнөөс нь мөчлөх гээд өвдөгний хэсгээр нь салгах гэтэл хутга дийлэхгүй байсан. Хамгийн том хутгыг аваад эхлээд зүүн талынх нь өвдгийг нь мөчилсөн. Дараа нь баруун талынх нь өвдгийг мөчлөөд, хоёр гарных нь зүүн талынх нь мөрийг далаар нь салгаж байснаа санаж байна. Сүүлд бүсэлхий хэсгээр нь хутгаар зүсэж, нурууг нь хадсан. Ингээд мөчлөөд цүнхэнд хийж үзэхэд багтахаар нь цахилгаандаад гадуур нь нөгөө цахилгааны утсаараа нэг ороогоод, хөнжил хивс хоёроо нэг нэгээр нь ээлжилж байрны урд талын хогийн цэг дээр хаясан. ...Саарал өнгийн япон тэрэг бариад, жолоочид нь “хөдөөнөөс мах ирсэн баянхошуу оръё” гэж хэлээд байрандаа авчирсан. Цүнхтэй цогцосоо аваад машины багаажинд хийхэд багтаж байсан. ...”Далан давхар”-ын эсрэг талын “Сод Монгол” ... колонкоос эмэгтэй түгээгчээс гуйж байгаад 5 литр бинзен усны савандаа авсан. ...Жолооч замдаа явж байхдаа “муухай үнэртээд байна” гэхээр нь “хонины мах муудчихсан байна, шатааж хаяхгүй бол улааны бузар гэж байдаг, ах нь өөрөө бөө” гэж хэлсэн. Би “наад хавиараа эргэчих” гэж хэлээд дээшээ уул өгсүүлж явсаар байгаад цогцосыг зааж өгсөн газартаа очсон. Намайг цогцосыг өргөж байхад их хүнд байсан тул би чирээд доошоо уруудаад жалганы дээр хэсэгт 10 орчим метрийн зайд тавьж орхиод буцаж ирж машинаас бинзенээ авсан. Жалга руу харахад ус тогтсон байхаар нь цүнхэн дээр бинзенээ асгаж байгаад гал тавьсан. ...” /2хх 23-27/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1963 дугаартай шинжээчийн “...Хэргийн газрын үзлэгээр ... олдсон гавал, цээжний яс, хоёр далны яс нь хүний яс байна. ...Хэргийн газрын үзлэгээр хураагдсан дээрх яснууд нь нэг хүнийх байх боломжтой. Эмэгтэй хүний араг ясны хэсэг байна. Дээрх яснуудад гавал ясны орой хэсгийн цөмөрсөн хугарал, суурь хэсгийн шугаман хугарал, эрүү ясны зүүн булангийн хуучин хугарал, зүүн 1-7 дугаар хавирганы хугарал, баруун дал ясны их бие хэсгийн цөмрөл, зурагдал, баруун шуу, богтос ясны тайрагдалт зүүн дал ясны, хамар, зүүн эгэм ясны дотор хэсгийн цавчигдалт, гавал ясны орой хэсэг, баруун шуу, богтос яс, сээрний 5, 8 дугаар нугалмын түлэгдэлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гавал ясны орой хэсгийн цөмөрсөн хугарал, суурь хэсгийн шугаман хугарал, эрүү ясны зүүн булангийн хугарал, зүүн 1-7 дугаар хавирганы хугарал, баруун дал ясны их бие хэсгийн цөмрөл гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэл, баруун дал ясны зурагдал, баруун шуу, богтос ясны тайрагдалт, зүүн дал ясны хамар, зүүн эгэм ясны дотор хэсгийн цавчигдалт гэмтлүүд нь хурц ирмэгтэй, ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, гавал ясны орой хэсэг, баруун шуу, богтос яс, сээрний 5, 8 дугаар нугалмын түлэгдэлт гэмтлүүд нь хэсэг газрын өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гавал ясны орой хэсгийн цөмөрсөн хугарал, суурь хэсгийн шугаман хугарал гэмтэл нь үхэлд хүргэсэн байх боломжтой. Уг яснууд нь үеэрээ салсан байна. Уг яснуудад цохигдсон, зүсэгдсэн, цөмөрсөн, хугарсан гэмтлүүд тогтоогдлоо. Уг яснууд нь эмэгтэй хүнийх байх боломжтой, нас, жин, өндрийг нарийвчлан тогтоох боломжгүй. ДНХ шинжилгээнд дээж авч өгсөн болно. Яснууд нь бүтцийн хувьд бүрэн бус, зүүн агтаал, сээрний 8 дугаар нугалмын түвшинд салсан байна. Нас барсан хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Шинжилгээнд авсан дээжид спиртийн зүйл илрээгүй. ...” /2хх 41-42/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5134 дугаартай “...Хэргийн газраас хурааж авсан гэх арьс, зөөлөн эдийн хэсэг нь шинжилгээнд тэнцэж байна. Уг арьс, зөөлөн эдээс эмэгтэй хүний ДНХ-н тогтоц тогтоогдож байна. ДНХ-н тогтоцыг хүний геномын микросателлитын 16 локусаар тогтоов. ...” /2хх 82-83/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5131 дугаартай “...Хэргийн газраас бэхжүүлэн авсан №1 болон 2 дугаартай арчдас нь шинжилгээнд тэнцэж байна. №1 болон 2 дугаартай арчдаст нэг эмэгтэй хүний цус илэрч байна. Илэрсэн цусны ДНХ-н тогтоцыг хүний геномын микросателлитын 16 локусаар тогтоов. ...” /2хх 91-92/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5157 дугаартай “...ДНХ-н тогтоцыг хүний геномын микросателлитын 16 локусаар тогтоов. Хүний геномын микросателлитын ... 13 локусын аллелиар хэргийн газраас хураан авсан гэх арьс, зөөлөн эд нь Б.Нийн арьс, зөөлөн эд байх боломжтой байна. Б.Н нь Б.Эын биологийн эх байх боломжтой байна. ...” /2хх 94-95/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 1018 дугаартай “...Т.Н нь сэтгэцийн ямар нэг өвчингүй байна. Т.Н нь үйлдэгдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч бусдад ойлгуулах чадвартай байна. Т.Н нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй байна. Т.Н нь хэрэг хариуцах чадвартай байна. ...” /2хх 240-241/,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх 86-91, 141-142/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 22-38, 39-50/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 54-71/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 77-85/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Т.Нын “хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх шинжүүд өөр өөр ойлголт, шалгууртай бөгөөд тухайн зүйлд заасан хоёр ба түүнээс дээш хүндрүүлэх шинжүүдийг нэгэн зэрэг агуулж байвал аль тохирох заалтуудыг давхар хэрэглэдэг учиртай.

Онц харгис хэрцгий арга гэдэг нь хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож, гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн байхыг ойлгоно.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Т.Нын амь хохирогчийг мөчилж шатаасан үйлдэл нь өөрөө хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон байдлыг тогтоох боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байх тул онц харгис хэрцгий аргаар хүнийг алсан гэж дүгнэх боломжгүй талаар дүгнэсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Т.Нын дээрх үйлдлийг прокуророос “онц харгис хэрцгийгээр”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хоёр хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр яллах дүгнэлт үйлдсэнийг шүүх “онц харгис хэрцгийгээр” үйлдсэн гэж үзэх эргэлзээгүй нотлох баримт авагдаагүй, гэмт хэргийн шинжгүй” гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар тухайн хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч Т.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Б.Нийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эын “...Ялаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасныг хасч хөнгөрүүлсэнд гомдолтой байна. ...Энэ хэргийн яллах дүгнэлт миний санаанд хүрэхгүй байгаа учраас, мөн хохирлыг минь барагдуулахгүй байгаа учраас мөрдөн байцаалтад анхнаас нь хэргийг задлуулж, үнэн зөвөөр шударга шийдүүлэхийг хүсэж байна. ...” гэсэн,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эын өмгөөлөгч Л.Лхагвадоржийн “...Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч хүнд хор уршиг учирсан байдал, шүүгдэгч урьд нь бусдын биед болон хохирогчийн биед халдаж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнийг прокуророос хэрэгсэхгүй болгож байсан хувийн байдал зэргийг харгалзан дүгнэхдээ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинж чанар, ялын тэнцвэр тохирооны талаар хангалттай дүгнэж чадаагүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж өгнө үү. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, шүүгдэгч Т.Нын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэмт хэрэгт арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэхээр заасан ба анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Над Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасантай нийцсэн болно.

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Тухайлбал, амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан арга, ашигласан багаж хэрэгслийн онцлог, учруулсан шарх гэмтлийн тоо, илэрсэн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэмт хэрэгтэн хохирогч нарын хоорондын харилцааны шинж чанар, урд өмнө нь заналхийлэл байсан эсэх, түүний агуулга, гэмт хэрэг үйлдэж байх тухайн үеийн гэмт этгээдийн зан үйл зэрэг шинжүүд хамаардаг.

Шүүгдэгч Т.Н нь хохирогч Б.Нийг зодсон үйл баримт тогтоогдож байх бөгөөд амь хохирогч нас барсантай шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж хууль ёсны зарчим түүний эх сурвалжийг тодруулан хуульчилжээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна”, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.6 дахь заалтад “хамтран амьдрагч гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг ойлгоно” гэж тус тус заажээ.

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн тайлбарт “Энэ хуульд заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаа гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа ... хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно” гэж заасан.

Хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эын “...Нтай хамтран амьдарч эхэлснээс хойш Н нь байнга зодож, биед нь хүрч, гэмтэл учруулан дарамталж, гарыг нь хугалж, толгойг нь хагалж, уруулыг нь сэтэлж, мөнгө төгрөг бүхий л зүйлийг нь өөрийн юм шиг эзэмшиж, улам доройтож, сүүлдээ орох оронгүй болж, манай гэрт 2009 оноос амьдарч эхэлсэн. ...” /1хх 179-182/,

гэрч Б.Батцагааны “...Миний талийгаач дүүг бөөгийн зан үйл хийгээд дараа нь дагуулж яваад буудалд архидуулж дарамталж зоддог байсан юм. Талийгаач дүүгийн минь гарыг хугартал зодож байсан. ...” /1хх 192-193/,

гэрч Б.Тын “...Н нь манай эгчийг зодсон байхыг хараад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст хандаж байсан. ...Ер нь Н нь манай эгчийг байнга дарамталж зоддог байсан. ...” /1хх 194-196/,

гэрч Т.Баасанхүүгийн “...Нийг Н цохиж, зоддог байсан гэж сонсож байсан. ...” /1хх 197-198/,

гэрч Э.Цогт-Өлзийгийн “...2013-2014 онд Н, талийгааяч хоёр сар гаран манай энэ байранд хамт амьдарч байсан. ...Манай нийтийн байранд амьдарч байхдаа Н талийгаачийг 2 удаа зодсон гэж би бодож байгаа. Нэг удаа нүд нь хөхөрчихсөн, дараа нь хавирга нь гэмтчихсэн эвхрээд байсан. ...Би Нтай барилцаж аваад “чи яах гэж нэгийгээ ийм болгож, нүд амыг нь гэмтээж байдаг юм” гэж муудалцаж байсан. ...” /1хх 200-201/,

гэрч Т.Өлзийдуламын “...Н багшийг маань байнга л зоддог байсан. Миний нүдэн дээр нэг удаа зодож байсан. ...Н, Н хоёртой 21 дүгээр хорооллын гудамжинд уулзахад хоёулаа жаахан уучихсан, багшийн нүүр, ам хөхөрчихсөн, Н нь зодох гээд элдэж хөөгөөд багш машин сүлжиж зугтаагаад, би өмнүүр нь орсон чинь багшийг цохих гэж байгаад миний нүд рүү цохиод хөхрүүлсэн. ...Багштай уулзах Н нүүр, амыг нь хөх няц болтол нь зодоод гэмтээчихсэн байдаг байсан. ...” /1хх 203-204/ гэсэн мэдүүлгүүд авагджээ.

Эдгээр мэдүүлгүүдийг болон дээр дурдсан хууль, хуулийн тайлбар зэргийг харьцуулан дүгнэвэл амь хохирогч Б.Н, шүүгдэгч Т.Н нар 2013 оноос хамтран амьдарч байгаа бөгөөд шүүгдэгч гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, догшин авирлан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан нь тогтоогдож байна.

Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.8 буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэсэн хүндрүүлэх шинж, шалгуурыг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч Т.Ныг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 8 дугаар сарын 6-наас 7-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь-Эхийн 1-164 тоотод байрлах нийтийн байрны 5 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Б.Нийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэж анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүнгэлт хийсэн байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эын “Шүүгдэгч Т.Нын хамсаатан Ганбат гэх этгээдийг би шууд холбоотой хам хэрэгтэн гэж хардсаар байгаа. Гэтэл энэ хүнийг болон цагаан өнгийн автомашиныг хэрэгт холбогдолгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, гэрчүүдээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу байцаалт авсан, уг мэдүүлгүүд нь шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар шүүгдэгч Т.Н нь уг хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байх ба харин гэрч Б.Ганбатыг энэ гэмт хэрэгт холбоотой нөхцөл байдал нотлогдохгүй байх бөгөөд дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигджээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэсэнтэй нийжээ.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/352 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э, түүний өмгөөлөгч Л.Лхавгадорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ШЦТ/352 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э, түүний өмгөөлөгч Л.Лхавгадорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н нь нийт 283 /хоёр зуун наян гурав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.МӨНХӨӨ

                        ШҮҮГЧ                                                                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                        ШҮҮГЧ                                                                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ