Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 101

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Батбилгүүн,

Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгч: Б.Баянмөнх, түүний өмгөөлөгч Э.Наранцацрал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чонос овгийн Батсүхийн Баянмөнхөд холбогдох эрүүгийн 1728000100008 дугаартай нэг хавтас хэргийг 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:...

Холбогдсон хэргийн талаар:                                

Б.Баянмөнх нь 2017 оны 07 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төв Шугшаа хороололд байрлах Г.Орхоны гэрт нэвтэрч, нууцаар, хууль бусаар 310.000 төгрөг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Баянмөнх нь 2017 оны 07 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төв Шугшаа хороололд байрлах Г.Орхоны гэрт нууцаар хууль бусаар нэвтэрч 310.000 төгрөг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Г.Орхоны... “2017 оны 07 дугаар сарын 02-ноос 03-ныг шилжих шөнө 00 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд Шугшаа хороололд байрлах өөрийн хашаа руугаа орсон. Хашаанд орсон чинь манай гэрийн гадаа нэг согтуу залуу баагаад сууж байсан. Би машинаасаа бууж очоод “Чи юун хүн бэ? Яах гэж байгаа юм бэ?” гэж асуухад “Батзоригийг хүлээгээд байж байна” гэсэн. Би түүнийг яв гээд хөөчхөөд гэр рүүгээ орсон чинь манай гэрийн доторх юмнуудыг онгиччихсон байсан. Би нөгөө залууг “Чи яагаад гэрт орсон юм бэ?” гэхэд “Танай гэрт би огт ороогүй” гэж хэлсэн. Тэр залуу надтай зандрангуй их түрэмгий харьцаж байсан. Тэр залуу согтуу байсан. Би цагдаа дуудаж удалгүй цагдаа ч ирж түүнийг аваад явсан. Гэрийнхээ юмнуудыг шалгатал тольтой шүүгээний хамгийн доод шургуулганд байсан 310.000 төгрөг байхгүй байсан. Би сумын цагдаад мөнгө алга болсон талаар мэдэгдсэн. Гэрийнхээ хаалгыг түгжээгүй, пингийн хаалгаа гаднаас нь модоор даруулаад гарсан байсан. Баянмөнх манайх руу орохдоо модыг нь аваад орсон байсан. /хх-ийн 15-18 дугаар хуудас/

Гэрч Б.Батзоригийн... “Би Баянмөнхийг танина. Намайг хавар морь уяж байхад л ирээд танилцаж байсан. Би Баянмөнхөөр нэг удаа гэртээ хүргүүлж байсан. Гэхдээ Баянмөнх манай гэрт орж байгаагүй. Би 2017 оны 07 дугаар сарын 02-ноос 03-ныг шилжих би гэртээ байгаагүй. Гурвантэс сумын нутаг Босго гэх газар морь уяж байсан. Би Батмөнхтэй ярьж уулзаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-18 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Б.Баянмөнхийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ...“2017 оны 07-р сарын 02-ны өдөр хөдөө гэрээсээ Гурвантэс сумын төв дээр ирсэн. Найз охин Мандахтайгаа муудалцсан байсан. Сумын баруун талд байх үерийн усны далан руу очиж ганцаараа 3 лааз пиво уусан.  Дараа нь Амарсайхан гээд найзтайгаа уулзаад 0.33 граммын “Ерөөл” архи уусан. Тэгээд Батзориг ахынд очсон. Би Батзориг ахад 1 хайрцаг тамхи өгөх ёстой байсан болохоор тэднийд очсон юм. Батзориг ахын гэр рүү нь ороход хүн байгаагүй. Хаалга нь онгорхой байсан. Би гэрт нь ороод усны савнаас ус уучхаад толинд өөрийгөө харахаар тольтой шүүгээний өмнө очсон. Нүдийг нь онгойлгоход ногоон өнгийн дэвтэр байсан. Дэвтрийг сөхөөд үзтэл мөнгө байхаар нь авсан. Тэр мөнгийг авчихаад гэрээс нь гараад гэрийн баруун талд нь баасан байсан. Яагаад бааснаа санахгүй байгаа юм. Нэг мэдэхэд Батзориг ахын эхнэр Орхон эгч ирээд намайг “Чи гэрийн гадаа баалаа” гээд загнаж байсан. Би авсан мөнгөө тэдний хашааны доод талд нь хавчуулчхаад эргээд ирэхэд “Цагдаа дуудна” гэж хэлсэн. Удалгүй Пүрэвдорж цагдаа ирээд намайг авч яваад эрүүлжүүлэхэд хонуулсан. Маргааш нь намайг мөнгө авсныг мэдсэн байсан. Намайг цагдаа байцаагаад би хашаанд хавчуулсан мөнгөө төлөөлөгчид өгсөн. Би тухайн үед хэдэн төгрөг байсныг мэдээгүй. Дараа нь цагдаатай хамт очиж нуусан газраасаа гаргаж тоолоход 310.000 төгрөг байсан. Би Батзориг ахыг хөдөө морь уяж байхад нь очиж танилцаж байсан юм. Орхон эгчийг танихгүй. Батзориг ахад тамхи өгөх гэж очоод гэрт хүн байхгүй болохоор нь ухаж үзсэн. Би уг нь юм авкя гэж бодоогүй байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21, 24 дүгээр хуудас/, “Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг болон Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-06 дүгээр хуудас/, Эд мөрийн баримт хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 10-12 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Хулгайлах гэмт хэрэг гэдэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бүр мөсөн үнэ төлбөргүй, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан үйлдлийг хэлнэ.

“Орон байранд нэвтэрч үйлдсэн” гэдгийг хүн байнга буюу түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газрыг ойлгох бөгөөд тухай өмчийн эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүй хаалга үүд, цоож, цонхыг эвдлэх, эвдлэхгүйгээр  сэм нууцаар нэвтрэн орсныг хэлнэ.

Шүүгдэгч Б.Баянмөнх нь хохирогч Г.Орхоны гэрийн хаалга үүд түгжээгүй, пингийн хаалгыг модоор даруулсан байхад модыг авч шууд санаатай хууль бусаар нэвтрэн орж, гэрийн доторх шүүгээний шургуулганд байсан 310 000 төгрөгийг хулгайлж авч өөрийн эзэмшилд шилжүүлснээр тухайн гэмт хэрэг төгссөн байна.

Иймд шүүгдэгч Б.Баянмөнхийг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны бөгөөд шудрага ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Б.Баянмөнх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж байна.

Шүүгдэгч Б.Баянмөнх нь 1997 оны 06 дугаар сарын 20-нд төрсөн, 20 нас 2 сартай, эрхэлсэн тодорхой ажилгүй, их дээд сургуульд суралцдаггүй бөгөөд цэргийн алба хаагаагүй эцэг, эхийн асрамжинд амьдардаг болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар тогтоогдож байх тул түүнийг шүүх өсвөр насны хүн гэж тодорхойллоо. Өөрөөр хэлбэл бие даан амьдрах, ажиллах арга барилд суралцаагүй, нийгэмшиж төлөвшиж чадаагүй байгаа явдал нь хуульд заасан хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлбэл өсвөр насны хүний зан төлөв, хүмүүжилд сөргөөр нөлөөлөх магадлалтай юм.

          Шүүгдэгч Б.Баянмөнхийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэрэг байх бөгөөд мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “хүнд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг дангаар хэрэглэж болохгүй” гэх тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 нийтэд тустай ажил хийлгэх нь өсвөр насны хүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн хөгжилд харшлах шалтгаангүй гэж үзсэн болно.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгч Б.Баянмөнх нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо биет байдлаар төлж хор уршгийг арилгасан  байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд “ өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл” журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно гэсэн байх тул мөн хуулийн 8.2 дугаар хэсгийн 1 дэх хэсгийн 1.1, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж шийдвэрлэх нь өсвөр насны хүний хүмүүжил, төлөвшилд нийцнэ гэж дүгнээд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Өмнөговь аймгийн  Хүүхэд гэр бүл, хөгжлийн газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн 1728000100008 дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон нотлох баримтууд:

            Ял шийтгэлийн тэмдэглэл Б.Баянмөнхийн /хх-ийн 25 дугаар хуудас/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 26 дугаар хуудас/

            Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №213 тоот тодорхойлолт /хх-ийн 27 дугаар хуудас/

            Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-ийн 29-35 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

            Хохирогч Г.Орхон... “Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Алдсан мөнгөө эргүүлэн авсан болохоор нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч Б.Баянмөнхийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Шүүгдэгч Б.Баянмөнх нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4,  36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Чонос овгийн Батсүхийн Баянмөнхийг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Баянмөнхөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан 8.2 дугаар хэсгийн 1 дэх хэсгийн 1.1, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баянмөнхөд авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Өмнөговь аймгийн гэр бүл, хүүхэд хөгжлийн газарт даалгасугай.

4. Шүүгдэгч Б.Баянмөнх нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баянмөнх нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баянмөнхөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                З.ТӨМӨРХҮҮ