Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2016/0813/з |
Дугаар | 221/МА2017/0243 |
Огноо | 2017-03-29 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2017/0243
“Тундерклап” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэсувд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Нямцоож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэбулган, хариуцагчийн өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 35 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Тундерклап” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа: “Монгол улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаар тогтоолыг захиргааны илт хууль бус акт болохыг тогтоолгох” гэжээ.
Анхан шатны шүүх шийдвэртээ: Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 6, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 2002 оны хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаар тогтоолын "Тундерклап" ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “"Тундерклап" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох захиргааны хэргийг шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 35 дугаар шийдвэртэй танилцаад дараах үндэслэлээр энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:
1.Уг хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Батзориг нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлийг зөв тодорхойлоогүйгээс хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, улмаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Тухайлбал, Баянгол дүүргийн шүүх (хуучин нэрээр)-ийн 2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 285 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 312 дугаар тогтоолоор холбогдох албан тушаалтнуудыг албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, ашигт малтмалын 106 тусгай зөвшөөрлийг бусдад сонгон шалгаруулалтгүйгээр, хууль бус аргаар олгосон гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон.
Мөн дээрх шүүхийн шийдвэрүүдээр ашигт малтмалын 106 тусгай зөвшөөрөл олгосон явдал нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.12-т "Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно" гэж, мөн хуулийн 20.1-д "... тусгай зөвшөөрөл нь дуусгавар болсон, цуцлагдсан бол ... сонгон шалгаруулалт явуулж тусгай зөвшөөрлийг шинээр олгоно" гэж тус тус заасныг зөрчсөн болохыг тогтоож, тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрүүдийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч "Тундерклап" ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын 15252Х, 15253Х, 15254Х тусгай зөвшөөрлүүд нь дээрх хууль бус аргаар олгогдсон 106 тусгай зөвшөөрөлд хамаарч байгаа бөгөөд нэхэмжлэгч компани анхнаасаа эдгээр тусгай зөвшөөрлийг эзэмших эрхгүй этгээд байсан тул дээрх шүүхийн шийдвэрүүдээр нэхэмжлэгч "Тундерклап" ХХК-ийн тодорхой талбай дээр ашигт малтмалын хайгуул хийх эрх нь дуусгавар болсон болохыг тогтоосон байна.
Мөн түүнчлэн "Тундерклап" ХХК-ийн Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолын "Тундерклап" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах" нэхэмжлэлтэй, Засгийн газарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 768 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 001/ХТ2016/00794 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгон шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхад нэхэмжлэгчийг эрх нь зөрчигдсөн этгээд гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бөгөөд уг шүүхийн шийдвэрүүд нь хуулийн хүчин төгөлдөр шийдвэр болсон болно.
Гэтэл шүүгч М.Батзориг нь "Тундерклап" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Засгийн газарт холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ "... эрүүгийн хэргийн 3 шатны шүүхийн шийдвэрүүд нь холбогдох албан тушаалтнуудыг албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн буюу албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоож, дүгнэлт өгсөн шийдвэрүүд ..." гэж, "... эрүүгийн хэргийн шүүхээс нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгосон нь ойлгомжгүй, хууль зүйн үр дагаваргүй байна ..." гэж, "... иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолын хууль зүйн үндэслэлд болон уг 175 дугаар тогтоол нь "Тундерклап" ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн эсэхэд дүгнэлт өгсөн шийдвэр биш байна" гэж тус тус дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн болон Улсын Дээд шүүхийн шийдвэрүүдэд дахин дүгнэлт өгч байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4-т "хуулийн хучин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий уйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй" гэж заасантай нийцэхгүй байна.
Нэхэмжлэгч "Тундерклап" ХХК-ийг хууль бус аргаар тусгай зөвшөөрөл авсан болохыг, Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолтой маргах эрхтэй эрх нь зөрчигдсөн этгээд гэж үзэхгүй болохыг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоосон байхад Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан, үндэслэлгүй шийдвэр болсон байна.
2.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн "Ашигт малтмал, газрын тосны газраас зарлаж буй ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад давуу эрхтэй оролцох гэхээр Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоол саад болж, нэхэмжлэгч компанийн эрхийг хязгаарлаж байна" гэсэн тайлбар нь үндэслэлгүй юм.
Учир нь "Тундерклап" ХХК нь тусгай зөвшөөрлүүдийг анхнаасаа хууль бус аргаар, хууль зөрчиж авсан бөгөөд Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолтой маргах эрхгүй этгээд болохыг Улсын Дээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон болно.
Засгийн газар өөрийн хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд тодорхой газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан бөгөөд уг газарт сонгон шалгаруулалт явуулах боломжгүй юм. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.2.3-т "хүсэлтэд дурдсан талбай нь ... тусгай хэрэгцээ, нөөцөд авсан ... талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж ..." гэж хуульчилсан болно.
Гэтэл нэхэмжлэгч нь АМГТГ-аас "Тундерклап" ХХК-ийн эзэмшиж байсан гэх талбайд сонгон шалгаруулалт зарлахгүй байна, зарлах ёстой, зарлахгүй байгаад Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоол саад болж байгаа учраас илт хууль бус захиргааны актад тооцуулахаар маргаж байгаа хэмээн тайлбарлаж буй нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхээс уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хэргийг буруу шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Засгийн газрын зүгээс нэхэмжлэгчийн сонгон шалгаруулалтад оролцох эрхийг ямар нэг байдлаар хязгаарлаагүй бөгөөд нэхэмжлэгч тал Ашигт малтмал, газрын тосны газраас зарласан ашиг малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцох эрх нь нээлттэй байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 35 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ
Хариуцагчийн гомдлын “хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа” гэсэн хэсэг үндэслэлтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан нөхцөл үүссэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгчээс Захиргааны хэргийн шүүхэд 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр “Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаар тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.
Энэ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, агуулга нь “Тундерклап” ХХК-ийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, Үнэгт уул нэртэй газрын 15252Х тусгай зөвшөөрөл, Хэрсийн тал нэртэй газарт 15254Х, Хонгор толгой нэртэй газарт 15253Х тусгай зөвшөөрлүүд бүхий талбайг давхцуулан Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаар “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” тогтоол гарсан нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрхийг зөрчсөн тухай байна.
2. Гэтэл нэхэмжлэгч хуулийн этгээд иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолыг хүчингүй болгож, “Тундерклап” ХХК-д олгогдсон 15252Х, 15253Х, 15254Х дугаартай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл эзэмших эрхийг сэргээлгэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 759 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 768 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны 2016 оны 06 дугаар 24-ний 794 дүгээр тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан байна.
Нэхэмжлэгчийн захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд заасан маргааны үйл баримт нь өмнө иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэгдсэн захиргааны үйл ажиллагаа, маргааны зүйлтэй нэг ижил байна. Өөрөөр хэлбэл, энэхүү захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлага нь, иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн “Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 175 дугаар тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан газар нь нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцсан учир эрх нь зөрчигдсөн” гэх нэг агуулгатай байна.
Нэхэмжлэгчийн “нэхэмжлэлийн шаардлага өөр өөр” гэх тайлбар үндэслэлгүй байна. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д зааснаар маргааны үйл баримт нь нэг бол тодорхой нэг захиргааны акт нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн тухай маргахдаа нэхэмжлэлийн шаардлагыг тухайн захиргааны актыг нэг бол “илт хууль бус болохыг тогтоох” эсхүл “хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон нь нэхэмжлэлийн шаардлагыг өөр гэж үзэх үндэслэл болохгүй.
Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулиар Захиргааны хэргийн шүүх нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн захиргааны акттай холбоотой маргааныг хянан шийдвэрлэх харьяалалтай байсан боловч уг харьяалал нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2-т хариуцагч байгууллагыг нэрлэн жагсаах замаар хязгаартайгаар тодорхойлсон байсан. Уг жагсаалтад Засгийн газар хамаарч байсан боловч 2005 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсноор Засгийн газрыг уг жагсаалтаас хассан учир Засгийн газраас гаргасан захиргааны акттай холбогдох захиргааны маргааныг ердийн харьяалалын шүүх шийдвэрлэж ирсэн юм.
2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хүчингүй болж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль шинээр батлагдахаас өмнө 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр энэ хэрэг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын гаргасан захиргааны акттай холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүх биш ердийн харьяалалын шүүх харьяалан шийдвэрлэж байх үед энэхүү маргаан нь иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 35 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг баримтлан “Тундерклап” ХХК-ийн нэхэмжлэлд үндэслэн Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, “Тундерклап” ХХК-ийн “Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 175 дугаар тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурьдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ц.ЦОГТ