Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 111/2017/0006/З/ |
Дугаар | 73 |
Огноо | 2018-02-12 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 73
Г.Н-ын нэхэмжлэлтэй, Баянхонгор
аймгийн Засаг даргад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Г.Банзрагч
Х.Батсүрэн
Б.Мөнхтуяа
Илтгэгч шүүгч: Ч.Тунгалаг
Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох
Нэхэмжлэлийн шаардлага: Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Б/146 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Баянхонгор аймгийн Баацагаан сумын “Ц” бүрэн дунд сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан үеийн цалин олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай.
Баянхонгор аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 111/ШШ2017/0027 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 221/МА2017/0822 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М-ын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Баянхонгор аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 111/ШШ2017/0027 дугаар шийдвэрээр: 1. Төрийн албаны тухай хуулийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 100 дугаар зүйлийн 100.1, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Б/146 дугаар захирамжийг хүчингүй болгож, Г.Н-ыг Баянхонгор аймгийн Баацагаан сумын “Ц” бүрэн дунд сургуулийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, 2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин олговор болох 6.254.072 /зургаан сая хоёр зуун тавин дөрвөн мянга далан хоёр/ төгрөгийг нэхэмжлэгч Г.Н-д олгох, уг хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газарт үүрэг болгож, 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсгийг баримтлан Г.Н-ын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг даргад холбогдох “Бусад холбогдох зардлын хохирлыг хариуцагч этгээдээс гаргуулах” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2017/0822 дугаар магадлалаар Баянхонгор аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 111/ШШ2017/0027 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэрт “Засаг дарга ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргахдаа аймгийн боловсролын газрын саналыг заавал авсан байх талаар, мөн үр дүнгийн гэрээний хэрэгжилт хангалтгүй гэж үзсэн бол Боловсрол, соёл урлагийн газрын даргын саналыг харгалзан чөлөөлөх ёстой байжээ” гэж дүгнэсэн боловч уг газраас дээрх саналын талаар тодруулга тайлбар аваагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй байна. Энэ талаар шүүх тодруулаагүй байж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө аймгийн Боловсролын газрын саналыг авах ёстой байсан гэж дүгнэж, хариуцагчийг буруутгасан нь үндэслэлгүй байна.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх хуралд хариуцагчийг биечлэн оролцох боломжоор хангаагүй.
5. Нэхэмжлэгч нь төрийн үйлчилгээний албан хаагч бөгөөд үр дүнгийн гэрээ байгуулж ажилласан боловч сунгагдаагүй, ажлаас чөлөөлсөн үндэслэл нь үр дүнгийн гэрээний биелэлттэй холбоотой биш төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан хөдөлмөрийн сахилгын зөрчил байхад анхан шатны шүүх хариуцагчийг Төрийн албаны тухай хууль, Боловсролын тухай хуулийг баримтлалгүй нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөнд буруутгаж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5, 100.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
6. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Боловсролын тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
7. Баянхонгор аймгийн Баацагаан сумын сургуулийн захирал Г.Н-ыг “сургуулийн засварын ажил гүйцэтгэхээр эрх авсан аж ахуйн нэгжийн гүйцэтгэлийн мөнгийг дутуу өгч 2 сая төгрөгийн гүйцэтгэлийг өөрөө хийсэн санхүүгийн ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг баримтлан үүрэгт ажлаас чөлөөлсөн Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Б/146 дугаар захирамж эрх зүйн зөрчилтэй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн акт байна.
8. Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.2-т заасан төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарах улсын төсвөөс санхүүждэг ерөнхий боловсролын сургуулийн захирлын хөдөлмөрийн харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу байгуулагдах хөдөлмөрийн гэрээгээр зохицуулагдах боловч Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх”-өөр тусгайлан заажээ.
9. Эндээс үзвэл, ерөнхий боловсролын сургуулийн захирал /төрийн үйлчилгээний удирдах албан тушаал/ нь хөдөлмөрийн гэрээний зэрэгцээ сургуулийн төсвийн шууд захирагчийн хувьд үр дүнгийн гэрээ байгуулах ба түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг хөдөлмөрийн гэрээний дагуу үнэлэхгүй боловч хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор “ноцтой” зөрчил гаргасан бол уг гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах боломжтой, ерөнхий боловсролын сургуулийн захирлын хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиас гадна Төрийн албаны тухай, мөн хамаарал бүхий салбарын бусад хууль тогтоомжоор зохицуулсан байна.
10. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг зөв дүгнэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулиудыг зөв тайлбарлаж хэрэглэжээ.
11. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, Баянхонгор аймгийн Засаг даргын баталж, 2014 оны 6 дугаар сарын 09-ний байгуулсан “Баацагаан сумын 100 хүүхдийн дотуур байрны их засварын ажлыг гүйцэтгэхээр захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан шууд худалдан авалтын гэрээ”-нд Баацагаан сумын “Ц” бүрэн дунд сургууль гэрээний тал болж оролцоогүй, сургуулийн захирал Г.Н нь засварын ажлын санхүүжилтийг гүйцэтгэгч “Х” ХХК-д шилжүүлэх үүрэг хүлээгээгүй, уг гүйцэтгэгчид өгөхгүйгээр эрх бүхий этгээдээс шийдвэрлэгдсэн 2.2 сая төгрөгийг дур мэдэн сургуулийн засварт зарцуулсан гэх байдал тогтоогдоогүй байна.
12. Түүнчлэн, нэхэмжлэгч Г.Н-ын 2016 оны үйл ажиллагаа, үр дүнгийн гэрээний биелэлтийг хэлэлцсэн Баянхонгор аймгийн Засаг даргын зөвлөлийн 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаас “гэрээний хэрэгжилтийн дүнг үндэслэн Г.Н-тэй байгуулсан үр дүнгийн гэрээг цуцлах”-аар шийдвэрлэсэн боловч энэ нь маргаан бүхий захиргааны актын үндэслэл болоогүй байна.
13. Хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг Засаг даргын зөвлөлийн хурлаас шийдвэрлэсэн Г.Н-ыг “үр дүнгийн гэрээ”-ний биелэлттэй холбоотойгоор үүрэгт ажлаас чөлөөлөхөөр гаргаагүйн зэрэгцээ уг актад тодорхойлсон зөрчил нь тухайн зөрчилд хариуцлага хүлээлгэх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлд нийцээгүй зэргээр эрх зүйн зөрчилтэй байна.
14. Нөгөө талаар, нэхэмжлэгч Г.Н нь мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан биш, хэрэгт авагдсан баримтуудаар сумын Засаг даргаас 2.2 сая төгрөгийг захиран зарцуулах эрх мэдлийг түүнд шилжүүлээгүй, сумын Засаг дарга өөрөө захиран зарцуулж, хяналт тавьсан гэдэг нь тогтоогдсон учир хариуцагчаас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн нь эрх зүйн үндэслэлгүй болжээ.
15. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “...аймгийн Боловсролын газрыг оролцуулаагүй, санал авах ёстой байсан гэж дүгнэж, хариуцагчийг буруутгасан, хөдөлмөрийн сахилгын зөрчил байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5, 100.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.
16. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.
17. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, М.М нарын хүсэлтээр анхан шатны шүүх хуралдааныг 3 удаа хойшлуулсан, М.М хуралдааны товыг мэдсэн боловч 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанд ирж оролцоогүй, давж заалдах шатны шүүх хуралдааныг 14 хоногийн хугацаагаар хойшлуулах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М-ыг хүсэлтийг хэлэлцэж, түүнийг байлцуулахгүйгээр хуралдааныг хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т заасанд нийцсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийг биечлэн оролцох боломжоор хангаагүй” гэх гомдол үндэслэлгүй байна.
18. Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгахаар хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхбатын гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 111/ШШ2017/0027 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 221/МА2017/0822 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ