Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2016/00737

 

А.Өнөболдын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

           2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/01262 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

           2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 790 дүгээр магадлалтай,

А.Өнөболдын нэхэмжлэлтэй,

М.Анарт холбогдох         

            7.426.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

            Зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн         

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин, нарийн бичгийн дарга Б.Хүрэлтулга нар оролцов.

        Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Миний бие эхнэр Б.Батчимэгийн хамт биеэ эмчлүүлэхээр 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Солонгос улс руу 3 сарын хугацаатай явсан. Эмчилгээний виз гаргуулах зорилгоор барьцаа 5 000 000 төгрөгийг би М.Анарын данс руу шилжүүлсэн. М.Анар 3 сарын хугацаанд асуудал гаргалгүй буцаад ирвэл барьцаа 5 000 000 төгрөгийг буцааж өгнө гэсэн. Эхнэр бид хоёрыг 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Монголдоо ирэхэд М.Анар зөрөөд Солонгос улс руу явсан. Бид 2015 оны 10 дугаар cap хүртэл М.Анарыг хүлээсэн боловч холбоо барихгүй байсан учир би хотод ирж уулзсан. Тэгэхэд ах, эгч хоёрыгоо олж өгөхгүй бол чиний мөнгийг өгөхгүй гэсэн. Хамт явсан хоёр бол бид хоёрт хамаагүй, тусдаа мөнгөө байршуулсан хүмүүс. Би барьцааны мөнгийг олохын тулд өөрийн эд зүйлээ сарын 8 хувийн хүүтэй ломбарданд тавьсан бөгөөд 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацааны хүүнд 3 502 000 төгрөг төлсөн. Үүнээс 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс хойших хугацааны хүүг хариуцагчийн буруугаас болж төлсөн. Нэмэгдүүлсэн шаардлага 2 426 000 төгрөг нь 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш төлж байгаа ломбардны хүү юм. Иймд нийт 7 426 000 төгрөгийг хариуцагч М.Анараас гаргуулж өгнө үү” гэжээ.

           Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. А.Өнөболдтой хамт виз гаргуулсан хамаатны ах, эгч хоёрынхоо Солонгос дахь утасны дугаарыг өгвөл 5 000 000 төгрөгийг нь өгч болно. Нэхэмжлэгч талаас дөрвүүлээ Солонгос улс руу явсан байдаг. Ах, эгч хоёр нь Солонгос улсад харлаад үлдсэн. Нэхэмжлээд байгаа 5 000 000 төгрөгийг Солонгос улсад байдаг компанид шилжүүлсэн. Нэхэмжлэгч А.Өнөболд нь тухайн 2 хүнийг өмнө нь манай хамаатан гэж байсан. Өнөөдөр ах, эгч хоёрыгоо танихгүй гэж ярьж байна. А.Өнөболд эхнэрийн хамт 5 000 000 төгрөг, ах эгч хоёр нь 5 000 000 төгрөг, нийт 10 000 000 төгрөг өгсөн бөгөөд бичгээр гэрээ байгуулаагүй амаар тохирсон байдаг. Хугацаандаа эргэж ирвэл барьцаанд төлсөн мөнгийг нь эргүүлээд төлнө гэсэн. Ах эгч хоёр нь визний хугацаандаа ирээгүйгээс Солонгост байдаг зуучлалын компанийн үйл ажиллагааг зогсоосон. Энэ компани нь Солонгос улсад эмчилгээ хийлгэхэд зуучилдаг компани юм. Би тухайн компанид эмнэлэгт эмчлүүлэх хүмүүсийг зуучилж өгдөг байсан. Тухайн мөнгө нь Солонгосын компанид шилжин орсон байдаг. Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд М.Анарын буруутай үйлдэл харагдахгүй байна. Учир нь дөрвүүлээ хугацаандаа ирнэ гэж виз гаргуулчхаад ах, эгч  хоёр нь эргэж ирэхгүй байгаа юм. Мөн ломбардны хүү төлж байгаа нь бидний зүгээс бус нэхэмжлэгч талын буруутай үйлдлээс болсон” гэжээ.

          Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/01262 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч М.Анараас 7 426 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Өнөболдод олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Өнөболдын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Анараас 134 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Өнөболдод олгож шийдвэрлэжээ.

           Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 790 дүгээр магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/01262 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Анараас 5 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Өнөболдод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 426 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “134 950 төгрөг” гэснийг “94 950 төгрөг” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

           Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшингийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “А.Өнөболдын нэхэмжлэлтэй М.Анарт холбогдох иргэний хэрэгт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 790 дүгээр магадлалыг зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Магадлалд “...А.Өнөболд нь барьцаалан зээлдэх газраас зээл авч, хүү төлөх болсонд хариуцагч М.Анар гэм буруутай үйлдэл, эс үйлдэл гаргасан нь тогтоогдоогүй тул нэхэмжлэгч хүү төлж хохирсон гэх 2.426.000 төгрөгийн хохирлыг хариуцагч М.Анараас шаардах эрх Иргэний хуулийн 228 дугаар зүйл 228.1 дэх хэсэгт зааснаар үүсэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас уг хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын 2.426.000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг бүрэн гүйцэд үнэлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч А.Өнөболд нь барьцааны 5.000.000 төгрөгийг барьцаалан зээлдүүлэх газраас барьцаат зээл авч хариуцагч М.Анарт шилжүүлсэн. Хариуцагчийн зүгээс хууль бус шаардлага тавьж /бусад хүмүүсийг олж өгвөл мөнгийг чинь өгнө гэх/ барьцааны мөнгийг буцааж өгөх үүргээ зөрчсөнөөс шалтгаалан нэхэмжлэгч үндэслэлгүй их хугацааны хүүг тус барьцаалан зээлдүүлэх газарт төлөх болсон. Барьцааны зүйл болох дунд гарын манан хөөрөг 1ширхэг, их гарын чүнчигноров хөөрөг 1 ширхэг, сүүжин ээмэг 1ширхэг, бөгж 2 ширхэг, зөөврийн компьютер зэрэг эд зүйлийг барьцаалсан. Хариуцагч дээрх хууль бус шаардлагыг нэхэмжлэгчид тавиагүй, хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн бол 2015 оны 9 дүгээр сараас хойш зээлийн хүүг нэхэмжлэгч төлөх үндэслэл болохгүй барьцааны зүйлийг суллаж авах бүрэн боломжтой байсан боловч хариуцагчийн энэхүү зохисгүй үйлдлээс шалтгаалан хохирол учирч байгааг шүүх тогтоолгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийг хохироож байгаад гомдолтой байна. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 790 дүгээр магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

           Хариуцагчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнийн хяналтын журмаар гаргасан гомдолд: “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/01262 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 790 дүгээр магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч, ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Үүнд: Анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ган-Од нь өмгөөлөгч авах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж шиидвэрлэсэн нь: Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “... өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах”, ИХШХШТХ-ийн 23 дугаар зүйлийн 23.1-д “… хэргийн оролцогчийн эрх эдэлж, үүрэг хүлээх чадвар /иргэний эрх зүйн чадвар/-ыг бүх оролцогч тэгш эдэлнэ” гэсэн заалтуудыг ноцтойгоор зөрчсөн. Хэргийн оролцогчийн эрхийг хангахгүйгээр шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлж, хэргийг шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-ийн 6 дугаар зүйлийн 6.1-д “... мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.3-т “... зохигч, түүний төлөөлөгч ... хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ” гэснийг зөрчсөн байхад магадлалд "... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, хүлээх үүргийг нь танилцуулж өгч, өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах боломжоор хангасан байх тул шүүхээс ИХШХШТХ-ийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсгээр тогтоосон хугацаанд хэргийг шийдвэрлэснийг буруутгах хуулийн үндэслэлгүй болно” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай. Шийдвэрийн үндэслэх нь хэсэгт: “... хариуцагч М.Анар нь БНСУ дахь зуучлалын үйлчилгээ эрхэлдэг компанийн Монгол Улс дахь төлөөлөгчөөр ажилладаг, А.Өнөболдын түүний дансанд шилжүүлсэн 5 000 000 төгрөгийг Солонгос улс руу шилжүүлсэн гэх боловч энэ нь нотлогдоогүй бөгөөд энэ талаарх баримтаа ирүүлээгүй байна” гэжээ. Гэтэл энэхүү үйл явдалтай холбогдох баримт нь хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэний дараа ирсэн байна. ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “... анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй” гэсэн заалтыг үндэслэж, дээрх баримтуудыг гаргаж өгөх боломжгүй нь дээр энэхүү баримтууд нь хуульд зааснаар шинээр илэрсэн нөхцөл байдал байж болох юм. Иймд дээр дурдсан нөхцөл, байдлуудыг харгалзан үзэж, ИХШХШТХ-ийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг үндэслэж шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий байх бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

          Нэхэмжлэгч А.Өнөболд нь М.Анарт холбогдуулж, барьцаанд төлсөн 5.000.000 төгрөг, барьцаалан зээлдүүлэх газарт төлсөн хүүнд 2.426.000 төгрөг, нийт 7.426.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

          2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч М.Анар БНСУ-д зорчих виз гаргуулж, эхнэр Б.Батчимэгийн хамт визний хугацаанд буюу 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд ирсэн нөхцөлд буцаан авахаар тохиролцон 5.000.000 төгрөгийг нэхэмжлэгч А.Өнөболдод өгсөн үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

    Нэхэмжлэгч нь дээрх тохиролцоо ёсоор БНСУ-д зорчих виз гарснаар 5 000 000 төгрөгийг хариуцагчийн Хаан банк дахь дансанд 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлж, эхнэрийн хамт БНСУ-аас визний хугацаандаа буюу 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Монгол Улсад ирсэн нь банкны харилцах дансны хуулга, А.Өнөболд, /эхнэр/ Б.Батчимэгийн нарын гадаад паспортын хуулбар зэрэг хэргийн баримтаар тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүх хариуцагч М.Анарт шилжүүлсэн 5 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж үзсэн нь зөв.

          А.Өнөболд нь БНСУ руу хамт явсан ах эгч нарыгаа визийн хугацаанд ирүүлэх, тэдгээр хүмүүс тогтоосон хугацаандаа ирээгүй бол холбогдох утасны дугаарыг олж өгөх үүргийг хариуцагч М.Анарын өмнө хүлээсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шүүх талуудын хооронд үүрэг үүсээгүй, үндэслэлгүйгээр бусдын хөрөнгийг олж авсан гэж үзээд хариуцагчаас 5 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

           Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд  А.Өнөболд нь барьцаалан зээлдэх газраас зээл авч, хүү төлөх болсонд хариуцагч М.Анар гэм буруутай үйлдэл, эс үйлдэл гаргасан нь тогтоогдоогүй буюу нэхэмжлэгч нь хүү төлж хохирсон гэх 2 426 000 төгрөгийн хохирлыг хариуцагч М.Анараас шаардах эрх Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар үүссэн гэж дүгнэх нь хуульд нийцэхгүй. Иймээс анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмыг зөрчсөн байх тул  хохирол шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий юм.

          Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, хүлээх үүргийг нь танилцуулж өгч, өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах боломжоор хангасан байх тул “өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах эрхийг зөрчсөн” гэх гомдол үндэслэлгүй байна.

         Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар  зүйлийн 166.4-т заасан үүргээ хэрэгжүүлж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсныг хэвээр үлдээж, зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

    1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 790 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшингийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 54.000 /тавин дөрвөн мянга/ төгрөг, хариуцагч М.Анарын хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 94.950 /ерэн дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               Х.СОНИНБАЯР

                                            ШҮҮГЧ                                                          Д.ЦОЛМОН