| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2022/06439/И |
| Дугаар | 101/ШШ2022/05083 |
| Огноо | 2022-12-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2022/05083
| 2022 12 05 | 101/ШШ2022/05083 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.н Б /рд:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Б /рд:/-д холбогдох
15,780,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн төлөөлөгч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2022.08.12-ны өдөр Д.Боос улсын дугаар ,, Ssangyong маркийн 10 тонны запрушик 23,5 сая төгрөгөөр харилцан тохиролцож худалдан авахдаа 15,2 сая төгрөгийг өгч үлдэгдэл төлбөрийг 2022.08.30-ны дотор төлж барагдуулахаар харилцан тохирч авсан болно. Уг машиныг ажилд гаргахад цахилгаан болон гагнуур, токарийн ажлын манай тал бүрэн хариуцахаар тохиролцон авсан бөгөөд уг машинд 10 хоног сервис хийж дуусгаад 2022.08.30-ны өдөр ажилд гаргах гэтэл 10 км орчим яваад моторын дээд анги нь дуугарлаа гэж манай жолооч мэдэгдсэний даруйд очиход мотор нь түр ээлж хийсэн ба мотор дуугарсан байдалтай байсан. Уг машины асуудлаар иргэн Бид мэдэгдэн засварлах шаардлага тавьсан боловч хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул уг машины урьдчилгаанд өгсөн 15,2 сая төгрөг. Мөн манайхаас гарсан 580,000 төгрөгийн хамт нийт 15,780,000 төгрөгийг буцаан гаргуулж, уг 10 тонны машин авахыг шаардаж байна. Манай байгууллагаас гарсан 580,000 төгрөгт манай компани нь уг машинд хийгдсэн сервис багтсан бөгөөд баримтаар нотлогдох болно.
Би хариуцагчаас машин худалдаж авсан. Машин нь эвдрэлтэй байсан. Аваад ажилд гарахад дуугараад явж болохгүй байсан. Иймд машиныг буцааж өгөөд 15 200 000 төгрөг болон тос масло, түлш, чирүүлэх зардалд 580 000 төгрөг нийт 15 780 000 төгрөг гаргуулна. Машиныг аваад 7 хоногийн дотор нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн төлөөлөгч нь өөрөө байгаагүй сонссон зүйлээ ярьж байна. Машиныг ашиглах боломжгүй байсан. Машинд түлш хийхэд л асгарч байсан. Ачаа ачих боломжгүй байсан. Моторын дээд анги дуугарч эхлэхэд л бид зогсоосон. Компани нь миний өөрийн эзэмшлийнх юм. Компанийн нэр дээр авах зорилгоор гэрээ байгуулсан гэв.
Хариуцагчийн төлөөлөгч А.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б-н Бийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Б.Б нь Д.Боос ,,, УБЦ улсын дугаартай Солонгос улсад үйлдвэрлэсэн авто цистерн /шатахуун тээвэрлэгч, цэнэглэгч/ авто машиныг нэхэмжлэлд дурдсан он сартай өдөр худалдан авах хэлцэл хийж авч явсан болно. Тухайн өдөрт 15,2 сая төгрөгийг өгч үлдэгдлийг 2022 оны 8 сарын 30-нд бүрэн төлж барагдуулахаар хэлэлцэж тохирсон бөгөөд манай хашаанаас унаж гараад түүнээс цааш гарсан эвдрэл гэмтлийг дүү нь өөрөө хариуцна гэж амлаж хэлэлцэж тохироод авч явсан юм. Тухайн үед нэхэмжлэгч нь “машинаа аваад шууд ачаанд ороод Хэнтийн Бор- өндөр явна, бас ачаа бэлэн, шууд гараад явна, машины талаар ярих юм алга янзын сайхан машин гэж магтаж магтаж л явсан. Хэлцэл хийсэн үед би машин дээр засвар хийгээд гар тостой байсан тул чи бичээдэх гэсний дагуу нэхэмжлэгч нь “7 хоноод л үлдэгдлээ өгнө, цаад талын хугацаа гээд 2022.8.30 гээд биччихье” гэж өөрийн гараар бичиг үйлдэж гарын үсэг зуралцаад нэхэмжлэгч өөрөө хэлцэл хийсэн баримтаа авч явсан. Тухайн үед бага багаар үлдэгдлээ шилжүүлж байсан бөгөөд холбоо тасарч зугтах болсон. Улмаар хүйтний улирал эхэлж ажил нь зогсмогц хэргээ бүтээчхээд хэлцлээсээ буцаж арга заль гаргаж хүний итгэл сэтгэл дээр тоглож байна. Тухайн автомашиныг өөр хүн авах гээд тохирчихсон байхад “та тэр хүнээсээ татгалзчих, дүүгээ бодооч, дүү нь 7 хоноод л мөнгийг чинь төлчихнө, шилний хольцтой тусгай шингэн ачих юм цаг тулчхаад байна.” гэх мэтээр олон хоног шалж гуйсаар авч явж хэргээ гүйцээчхээд эвдэрхий машин байсан гэсэн шалтаг хэлж хэлцлээсээ буцах санаа агуулж нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Машинд эвдрэл гарсан тухай надад ярьж хэлсэн зүйл байхгүй болно.
Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчтэй худалдах худалдан авах гэрээ байгуулсан. 7 хоногийн дотор 12 500 000 төгрөг өгсөн. Тэгээд 7 хоног өнгөрөөд 3 саяа цувуулж авсан. Гэрээгээр тохирсон нь 23.5 сая юм. Үүнээс 8 саяын үлдэгдэлтэй байгаа юм. Үүнийг төлсний дараа бичиг баримтаар өгөлцөж авахаар тохирсон. Нэхэмжлэгч нь машинаа аваад хашаанаас гарсны дараа эвдрэл гэмтэл нь өөрөө хариуцна гэж тохирсон. Ажилд явсан байдаг. Өөрсдөө яваагүй гэдэг. 500 000 төгрөгийн засвар хийгээд ажилд гарсан гэдэг. Мотор эвдэрсэн бол 580 000 засагдахгүй байсан юм. Харин энэ нь тос масло нь л үйлчилгээний зардал юм. Улирлын чанартай ажил дуусангуут буцааж мөнгөө авах гэж байна. Бид түрүүлж нэхэмжлэл гаргах эрх байсан. Хаягаар нь очиход хаалгаа тайлж өгдөггүй юм. Хэрэгтэй үедээ хэрэглээд хэрэг нь дуусахаар буцаж байна гэж бодож байна. Худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байгаа юм. Хариуцагч нь нэхэмжлэгчийг мөнгөө өгөхгүй болохоор нь өргөдөл бичиж өгч байсан юм. Нэхэмжлэгч нь мотор солих хэрэгтэй гэж байна. Нэхэмжлэгчийн ярьж байгаа дээд анги, доод анги гэдэг нь ажилд явахгүй байх шалтгаантай эвдрэл биш юм. Хариуцагч нь нэхэмжлэгчийг тогтмол ажилд явуулж байсан гэж хэлж байсан юм гэв.
Нэхэмжлэгч нь шүүхэд: гараар бичсэн “машин худалдах авах тухай” гэх баримт /хх4/-г нотлох баримтаар ирүүлсэн.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Б нь худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, төлсөн төлбөр 15,200,000 төгрөг, хохирол 580,000 төгрөг, нийт 15,780,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Д.Б нь автомашин эвдрэлгүй байсан бөгөөд улирлын чанартай ажлаа хийж гүйцэтгэж дуусаад буцаан өгөх гэж байна хэмээн маргасан.
Хэрэгт “машин худалдаж худалдах тухай” гэсэн гараар бичсэн баримт авагдсан бөгөөд энгийн нүдээр харахад эх хувь гэдэг нь эргэлзээтэй боловч зохигч хэн аль нь энэхүү баримтыг тухайн үед үйлдэгдсэн эх баримт гэж тайлбарласан. /хх4/
Энэхүү баримтаас үзэхэд хариуцагч Д.Б нь “С” ХХК-д тээврийн хэрэгсэл худалдсан байна.
Улмаар нэхэмжлэгч Б.Б нь хувь хүний хувьд худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, төлсөн төлбөр болон хохирол шаардсан.
“С” ХХК нь 1 гишүүнтэй бөгөөд гүйцэтгэх удирдлага нь нэхэмжлэгч Б.Б болох нь тус хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хх5/
Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3-т зааснаар компани нь хувьцаа эзэмшигчийн, хувьцаа эзэмшигч нь компанийн бусдын өмнө хүлээх үүрэг, эдлэх эрхийг хэрэгжүүлэхгүй.
Өөрөөр хэлбэл, зохигчдын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй байна.
Иймд нэхэмжлэгч Б.Б нь энэхүү худалдах худалдан авах гэрээтэй холбоотойгоор хувь хүний хувьд шаардах эрхгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Гэвч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 236,850 төгрөг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Д.Бид холбогдох нийт 15,780,000 төгрөг гаргуулах тухай Б.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 236,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД