| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2022/06645/И |
| Дугаар | 101/ШШ2022/05073 |
| Огноо | 2022-12-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2022/05073
| 2022 12 05 | 101/ШШ2022/05073 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л.Э /рд:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М. О /рд:/-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт нийт 63,240,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний өмгөөлөгч Б.У нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Э би хариуцагч М.Отэй 2018.04.19, 2018.05.30, 2018.06.18-ны өдөр тус тус зээлийн гэрээ байгуулсан.
1. 2018.04.19-ний өдрийн зээлийн гэрээгээр 10,000,000 (арав сая) төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцож, гэрээгээр тохиролцсоны дагуу тухайн өдрөө 5,000,000 (таван сая) төгрөг, 2018.04.21-ний өдөр 5,000,000 (таван сая) төгрөгийг тус тус дансаар шилжүүлсэн. Мөн бид 2018.04.19-ний өдрийн Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2018.04.19-ний өдөр барьцааны гэрээ (газар эзэмших эрх)-г байгуулсан. Барьцааны гэрээгээр улсын бүртгэлийн , нэгж талбарын дугаартай М.Оийн эзэмшлийн С дүүргийн хороонд байрлах мал бордох зориулалттай 1,000 м.кв талбай бүхий газрыг барьцаалж, барьцаагаар хангагдах үүргийг гүйцэтгэх хугацаа нь нэрлэгдээгүй гэрээгээр тодорхойлогдохоор харилцан тохиролцсон. Хариуцагч нь 2018.04.19-ний өдрийн зээлийн гэрээгээр гэрээний хугацаа дуусахад буюу 2018.05.19-ний өдөр гэрээг 3 сарын хугацаагаар сунгуулах хүсэлт гаргаж, хугацааг сунгасан тухайгаа талууд гэрээнд гар бичмэл хэлбэрээр оруулж гарын үсэг зурж баталгаажуулсан. Уг хугацааг дуусахад буюу 2018.08.19-ний өдөр хариуцагч нь үндсэн зээлийг хүүгийн хамт бөөнд нь төлж барагдуулах үүргийг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэг төлбөр төлөөгүй, “төлнө, түр хүлээгээрэй” зэргээр хүлээлгэсээр өнөөдрийг хүрээд байна. Иймд 2018.04.19-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10,000,000 (арван сая) төгрөг, зээлийн хүү 2,400,000 (хоёр сая дөрвөн зуун мянга) төгрөг, алданги 5,000,000 (таван сая) төгрөг буюу нийт 17,400,000 (арван долоон сая дөрвөн зуун мянга) төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг 2018.04.19-ний өдрийн Барьцааны гэрээ (газар эзэмших эрх)-ээр хангуулж өгнө үү.
2. 2018.05.30-ны өдрийн зээлийн гэрээгээр 8,000,000 (найман сая) төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцож, тухайн өдрөө зээлийг бэлнээр олгож, энэ тухай гэрээнд тусгаж баталгаажуулсан. Мөн бид 2018.05.30-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2018.05.30-ны өдөр барьцааны гэрээ (хувийн сууц)-г байгуулсан. Барьцааны гэрээгээр гэрчилгээний , улсын бүртгэлийн ,,, дугаартай М.Оийн өмчлөлийн С дүүргийн хороо, хэсэг гудамж, тоот хаягт байрлах м.кв талбайтай хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, барьцаагаар хангагдах үүргийг гүйцэтгэх хугацаа нь нэрлэгдээгүй гэрээгээр тодорхойлогдохоор харилцан тохиролцсон. Хариуцагч нь 2018.06.18-ны өдөр 2018.05.30-ны өдрийн зээлийн гэрээний хугацааг сунгаж, зээлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх хүсэлт тавьсны дагуу хугацааг гэрээний хугацаа дууссанаас хойш 1 жилийн хугацаагаар сунгахыг хүлээн зөвшөөрөхөөс гадна 12,000,000 (арван хоёр сая) төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 6 хувийн хүүтэйгээр нэмж зээлсэн. Зээлийн гэрээний хугацаа дуусахад буюу 2019.08.30-ны өдөр хариуцагч нь үндсэн зээлийг хүүгийн хамт бөөнд нь төлж барагдуулах үүргийг хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэг төлбөр төлөөгүй, “төлнө, түр хүлээгээрэй” зэргээр хүлээлгэсээр өнөөдрийг хүрээд байна.
Иймд 2018.05.30-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8,000,000 (арван сая) төгрөг, зээлийн хүү 7,200,000 (долоон сая хоёр зуун мянга) төгрөг; 2018.06.18-ны өдөр байгуулсан нэмэлт зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 12,000,000 (арван хоёр сая) төгрөг, зээлийн хүү 8,640,000 (найман сая зургаан зуун дөчин мянга) төгрөг, тэдгээрийн алданги 10,000,000 (арван сая) төгрөг буюу нийт 45,840,000 (дөчин таван сая найман зуун дөчин мянга) төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг 2018.05.30-ны өдрийн Барьцааны гэрээ (хувийн сууц)-ээр хангуулж өгнө үү.
Нэгтгэвэл, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 30,000,000 (гучин сая), зээлийн хүү 18,240,000 (арван найман сая хоёр зуун дөчин мянга) төгрөг, алданги 15,000,000 (арван таван сая) төгрөг буюу нийт 63,240,000 (жаран гурван сая хоёр зуун дөчин мянга) төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг 2018.04.19 өдрийн барьцааны гэрээ (газар эзэмших эрх) болон 2018.05.30-ны өдрийн барьцааны гэрээ (хувийн сууц)-ээр хангуулж өгнө үү.
Нэхэмжлэгч нь 2018.4.19-нд зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. 10 саяыг сарын 6 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцсон. Улмаар дансаар 5 саяыг 2 удаа шилжүүлсэн. Улмаар гэрээг 3 сарын хугацаагаар сунгасан байдаг. Зээлийн эргэн төлөлт хийгдээгүй. Нийт 17.4 саяын үүрэг үүссэн. 2018.5.30-нд 8 саяын зээлийн гэрээ байгуулсан. Тухайн гэрээнд 8 саяыг бэлнээр өгөөд гэрээнд энэ талаар тусгасан. Дахиад бичгээр тохиролцож сүүлийн гэрээний хугацааг 1 жилээр сунгаад нэмж 12 саяыг нэмж зээлэх талаар тохиролцсон. Ингээд 2018.6.18-нд нэмж 12 сая төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс ямар нэг төлөлт хийгдээгүй. Сүүлийн гэрээнүүдтэй холбоотойгоор нийт 45 840 000 төгрөгийн үүрэг төлөгдөөгүй. Нийт 63 240 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй. Талууд сайн танил байсан тул хариуцагчийн хүссэнээр хугацааг хойшлуулж байсан юм. 2018.4.19-нд барьцааны гэрээгээр газар эзэмших эрх барьцаалсан. Улсын бүртгэлд бүртгүүлсэн. 2018.5.30-нд барьцааны гэрээгээр орон сууц барьцаалсан. 2018.6.18-нд 5.30-ны гэрээнд нэмэлт оруулаад үнийн дүнг өсгөж хугацааг сунгасан байдаг юм. Хариуцагчийн тайлбарыг зөвшөөрөхгүй. Учир нь гэрээгээр хүү хугацааг тохиролцсон. Хариуцагч нь төлбөрийн чадваргүй биш юм. Хариуцагч нь нэхэмжлэгчийн эхнэртэй холбогдоод төлнө гэдэг байсан тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Хугацааг хойшлуулах хүсэлт гаргадаг байсан юм. Хариуцагч тайлбартаа үндсэн зээл болон хувь хэмжээд маргаагүй байна гэв.
Хариуцагч М.О нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие иргэн Эаас 30,000,000 төгрөг 6 хувийн хүүтэй зээлж авсан. Эхний үедээ зээлийн хүүгээ тухай бүрд нь төлж байгаад, өндөр хүүгийн дарамт болон Ковид-19, 2019, 2022 онуудад хүүхэд төрүүлэн гэртээ суусан тул зээлсэн мөнгөө төлж бүрэн барагдуулаагүй. Бага насны хоёр хүүхэдтэй гэрт байгаа тул төлбөр мөнгөө өгч чадалгүй өдийн хүрсэн. Миний хувьд үндсэн зээл төлөх хүсэлтэй байна. Иргэн Эын нэхэмжилсэн мөнгөн дүнг төлөх боломжгүй тул үндсэн зээл болох 30,000,000 төгрөгийг төлөхийг хүсэж байна. Иргэн Эт 30,000,000 төгрөг төлж хохиролгүй болгохыг хүсэж байна гэжээ.
Нэхэмжлэгч нь шүүхэд: 2018 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар /хх5/, мөн өдрийн барьцааны гэрээний хуулбар /хх6/, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээний хуулбар /хх7/, кадастрын зураг /хх8/, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт 2 ширхэг /9, 10/, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар /хх11/, мөн өдрийн барьцааны гэрээний хуулбар /12/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000662601 дугаар гэрчилгээний хуулбар /хх13/, Хаан банк дахь өөрийн дансны хуулга /хх24-25/-г нотлох баримтаар ирүүлсэн.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 30,000,000 төгрөг гаргуулж, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хувийн сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 33,240,000 төгрөгт холбогдох хэсэг болон газар эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Л.Э нь 3 зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 30,000,000 төгрөг, хүү 18,240,000 төгрөг, алданги 15,000,000 төгрөг, нийт 63,240,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох хувийн сууц болон газар эзэмших эрхээр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь үндсэн зээл 30,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, хүү, алданги нь хэт өндөр бөгөөд цар тахал болон нялх хүүхэдтэй тул төлөхгүй гэж маргасан. Улмаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын хувьд тайлбар гаргаагүй.
Зохигчид 2018 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр 10,000,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээ байгуулсан. /хх5/
Гэрээг 1 сарын хугацаатай байгуулж, 3 сараар сунгасан байх бөгөөд сард 6 хувийн хүү төлөхөөр тохиролцжээ.
Нэхэмжлэгч нь гэрээний дагуу 2 удаагийн гүйлгээгээр нийт 10,000,000 төгрөг олгосон болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, нэхэмжлэгчийн дансны хуулгаар тогтоогдож байна. /хх9, 10, 24/
Ийнхүү зээл олгогдсоноор зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсон бөгөөд хариуцагч энэ үйл баримтын талаар маргаагүй.
Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу хүү төлж байсан гэж тайлбар гаргасан боловч өөрийн тайлбарыг баримтаар нотлоогүй.
Эдгээрээс энэхүү зээлийн гэрээний дагуу хариуцагчид үүссэн үүргийг тооцвол.
Гэрээгээр сард 6 хувийн хүү төлөхөөр тохиролцсон тул 1 сард 600,000 төгрөг, 4 сард 2,400,000 төгрөгийн хүү тооцогдож үндсэн зээлийн үүрэг нь 12,400,000 төгрөг юм. Улмаар гэрээний 2.7-д хоногт 0.5 хувийн алданги тооцохоор заасан байх тул 1 хоногт 62,000 /12,400,000*0.5%/ төгрөг тооцогдоно.
Гэрээний хугацаа дууссан 2018 оны 08 дугаар сарын 19-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 10 дугаар сарын 14-ны өдөр хүртэл нийт 1,516 хоногт 93,992,000 төгрөгийн алданги тооцогдож байна.
Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алданги тооцвол 6,200,000 төгрөгийн алданги тооцогдох боловч нэхэмжлэгч алдангид 5,000,000 төгрөг шаардсан.
Иймд энэ зээлийн гэрээний дагуу хариуцагч нь 17,400,000 төгрөг төлөх үүрэгтэй байсан.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх тул нэхэмжлэгчийн энэ зээлийн гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа 2021 оны 08 дугаар сарын 19-ны өдөр дууссан байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хариуцагчийг зээлийг төлөх талаар амлаж байсан гэх боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч өөрийн тайлбарыг нотлоогүй.
Хэдийгээр гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан боловч энэ нь хариуцагчийн төлбөр төлөхийг хязгаарлахгүй тул хариуцагчийн тайлбарт дурдсанаар 10,000,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.
Цаашлаад зохигчид 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 8,000,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээ байгуулсан байна.
Гэрээг 3 сарын хугацаатай байгуулж, сарын 6 хувийн хүү төлөхөөр тохиролцсон байна.
Гэрээний 2.5-д зээлийг гэрээ байгуулсан өдөр бэлнээр олгосон гэж бичигдсэн бөгөөд хариуцагч үүнийг үгүйсгэж маргаагүй.
Иймд зээл олгогдсоноор энэхүү зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсон гэж үзэх үндэслэлтэй.
Улмаар энэ зээлийн гэрээний дагуу хариуцагчид үүссэн үүргийг тооцвол 1 сард 480,000 төгрөг, 3 сард 1,440,000 төгрөгийн хүү тооцогдож, нийт үүрэг нь 9,440,000 төгрөг болсон байна.
Гэрээний 2.7-д хоногт 0.5 хувийн алданги тооцохоор заасан бөгөөд гэрээний хугацаа дууссан 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 10 дугаар сарын 14-ны өдөр хүртэл нийт 1,504 хоног тул 1 хоногт 47,200 төгрөг, 1,504 хоногт 70,988,800 төгрөгийг алданги тооцогдож байна.
Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алдангид 4,720,000 төгрөг тооцох боломжтой тул хариуцагч нь энэхүү зээлийн гэрээний дагуу нийт 14,160,000 төгрөг төлөх үүрэгтэй байсан.
Дээр дурдсан үндэслэлээр энэхүү зээлийн гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дууссан байна.
Гэвч хэдийгээр гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан боловч энэ нь хариуцагчийн төлбөр төлөхийг хязгаарлахгүй тул хариуцагчийн тайлбарт дурдсанаар 8,000,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй.
2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн гэрээний ард гараар бичсэн баримт хэрэгт авагдсан.
Энэхүү баримтыг үзэхэд хуулбар бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т нийцэхгүй байна.
Тодруулбал, гараар бичсэн баримтыг сүүлд нөхөж бичсэн гэж үзэхээр байх бөгөөд үүнийг нотариатаар гэрчлүүлээгүй байна. Учир нь уг гараар бичсэн зүйлд нотариатын тэмдэг дарагдаагүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч нь өөрийн тайлбарыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргах үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь нэмж 12,000,000 төгрөгийн зээл олгож, бичгийн хэлбэрээр гэрээ байгуулсан гэх тайлбараа шаардлага хангасан баримтаар нотлоогүй тул энэхүү зээлийн хувьд бичгийн хэлбэрийн гэрээ байгуулсан гэж үзэх боломжгүй.
Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар хүү, алданги шаардах эрхгүй.
Түүнчлэн дээрх үндэслэлээр гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан боловч хариуцагч нь 12,000,000 төгрөгийг авсан болон буцаан төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн тул энэхүү мөнгөн хөрөнгийг гаргуулах нь зүйтэй.
Дээрх үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнэвэл хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 30,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болох үндэслэлтэй гэж үзлээ.
Зохигчид 2018 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр барьцааны гэрээ байгуулсан байна. Гэрээний зүйл болох С дүүргийн дугаар хороо, мал бордох зориулалт бүхий 1,000 м.кв талбайтай газрын эзэмшигч нь хариуцагч М.О болох нь гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх7/
Гэвч энэхүү гэрээ нь бичгээр байгуулагдсан боловч эрх бүхий бүртгэлийн байгууллага, өөрөөр хэлбэл холбогдох газрын албанд бүртгэгдээгүй тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар хүчин төгөлдөр бус юм.
Иймд энэхүү газар эзэмших эрхээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Харин зохигчид 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр бичгээр байгуулсан барьцааны гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр болсон. /хх11/
Энэхүү барьцааны гэрээний зүйл болох С дүүрэг, -р хороо, Ар гүнт /18120/, хэсэг гудамж, тоот хаягт байрлалтай, 93 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаарт бүртгэгдсэн хувийн сууц нь хариуцагчийн өмч болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хх13/
Иймд хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд энэхүү хувийн сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагч М.Оээс зээлийн гэрээний үүрэгт нийт 30,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Эт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 33,240,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд С дүүрэг, хороо, Ар гүнт /18120/, хэсэг гудамж, тоот хаягт байрлалтай, м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаарт бүртгэгдсэн хувийн сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх С дүүргийн дугаар хороо, мал бордох зориулалт бүхий нэгж талбарын дугаарт бүртгэгдсэн, 1,000 м.кв талбайтай газрын эзэмших эрхээр үүргийн гүйцэтгэлийг хангах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Эын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 614,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Оээс 343,050 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД