Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/193

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, улсын ахлах өмгөөлөгч С.Т,  

шүүгдэгч М.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар  

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт М С холбогдох эрүүгийн 2513000000...  дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

Монгол Улсын иргэн, Х овогт М Сержан, 1980 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ө суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Н сумын .. дугаар багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, РД:Б3....   

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:   

Шүүгдэгч М.С нь согтуурсан үедээ 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр 3.А хэрүүл маргаан үүсгэж, улмаар зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1. Шүүгдэгч М.С мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 24,840 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд төлсөн болно” гэв.

2. Эрүүгийн 2513000000... дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: иргэн З.Аээс 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 15 цаг 37 минутад Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 03 дахь тал/, хохирогч З.Аийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 04-05 дахь тал/, шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ажилтай, цагдаагийн ахлах дэслэгч С.К 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн БӨА0725/.. дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 07-08 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтан нь хохирогч З.Аээс авсан гэр бүлийн хүчирхийллийн “Аюулын зэргийн эрсдэлийн түвшин “бага” зэрэглэлтэй болох”-ыг тогтоосон үнэлгээний тэмдэглэл /зөрчлийн хэргийн 14-16 дахь тал/, хохирогч З.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дэх тал/, гэрч М.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дахь тал/, яллагдагч М.Сы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/, шүүгдэгч М.Сы хувийн байдлыг тогтоосон нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.   

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

3. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.Сы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд   

Хэргийн үйл баримтын талаар.

4. Шүүгдэгч М.С нь согтуурсан үедээ 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Н сумын .. дугаар багийн нутаг дэвсгэр, гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр 3.А хэрүүл маргаан үүсгэж, улмаар зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:    

4.1. Иргэн З.Аээс 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 15 цаг 37 минутад Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 03 дахь тал/,

4.2. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ажилтай, цагдаагийн ахлах дэслэгч С.К 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн БӨА0725/465 дугаартай “...1. 3.А биед зүүн шуунд өнгөц зүсэгдсэн шарх, хамрын таславчийн мурийлт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт, баруун, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх зүүн шуунд өнгөц зүсэгдсэн шарх гэмтэл нь үзүүртэй зүйлийн нэг удаагийн, хамрын таславчийн мурийлт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт, баруун, зүүн сарвуунд зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тус бүрдээ нэг удаагийн үйлдлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 07-08 дахь тал/,  

4.3. Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтан нь хохирогч З.Аээс авсан гэр бүлийн хүчирхийллийн “Аюулын зэргийн эрсдэлийн түвшин “бага” зэрэглэлтэй болох”-ыг тогтоосон үнэлгээний тэмдэглэл /зөрчлийн хэргийн 14-16 дахь тал/,

4.4. Хохирогч З.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний бие 2011 онд Ногооннуур сумын иргэн М.Стай гэр бүл болсон. Бид хоёр дундаасаа 3 хүүхэдтэй, том нь 11 настай, бага нь 8 настай. Миний нөхөр М.С нь байнга архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. М.С нь энэ оны 5 дугаар сарын 20-ны өдөр өглөө 10 цагийн үед гэрээс гарч яваад оройн 16 цагийн үед согтуу ирж “чи муу авгай, аймаг очиж бүх мөнгийг байхгүй болгосон” гэж хэрүүл маргаан гаргаж улмаар намайг муу муухай үгээр хэл амаар доромжилсон. Тухайн үед би нөхөр М.Сд хандаж огт юм хэлээгүй байхад “чи муу авгай, ална” гэж над руу дайрч миний хамраас баруун гараараа нэг удаа цохиж, гэрт байсан түлээний модыг авч миний зүүн гараас нэг удаа цохиж, үснээс зулгаж толгойн зулай хэсгээс баруун гараараа 2, 3 удаа цохиж зодож байхад миний хадам ах М.С ирж салгаж авсан.

...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дэх тал/,

4.5. Гэрч М.Смөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Миний дүү С бид хоёр нэг багт амьдардаг юм. Тус өдөр би хонь хариулсан юм. Харин оройн 16 цагийн үед дүү Сержаны гэрт очиход дүү С архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн үед эхнэр нь А нөхөр С “чи муу архичин өдөр болгон архи уудаг” гэж загнаж, хорондоо хэрүүл маргаан болж байсан. Тэр үед М.С нь эхнэр болох А уг үгэнд уурлаж чи муу авгай намайг архичин гэж хэлсэн гэж эхнэрийн үснээс барьж аваад зодох гэж байхад би салгаж авсан юм. Дараа нь би бог малыг хариулах гэж мал руу явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

5. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч М.Сы үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг, шүүгдэгч М.С “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргаж гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.

6. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэргийн үйл баримтын хүрээнд хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Эрх зүйн дүгнэлт.

7. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэх нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

8. Хүний халдашгүй байдлыг Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйл. “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: 13/ халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй.” гэж тус тус баталгаажуулжээ.  

9. Шүүгдэгч М.С нь согтуурсан үедээ 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Н сумын ... дугаар багийн нутаг дэвсгэр, гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр 3.Алемгүлийг хэрүүл маргаан үүсгэж, улмаар зодож, эрүүл мэндэд “зүүн шуунд өнгөц зүсэгдсэн шарх, хамрын таславчийн мурийлт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт, баруун, зүүн сарвуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдэх шинжийг агуулж байна.

10. Шүүгдэгч М.С, хохирогч З.А нар нь 2012 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр гэр бүл болсон, эхнэр нөхөр болох нь гэрлэлтийн гэрчилгээний лавлагаа, тэдний мэдүүлгээр тогтоогдож байх ба шүүгдэгч, хохирогч нар нь сэтгэл санааны дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүй гаргахгүй байх үүрэгтэй байна.              

11. Шүүгдэгч М.Сы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэнээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч М.Сыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.  

12. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн согтуурсан байдал нөлөөлсөн байна.  

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.  

14. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1. “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн  510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.”, 511 дүгээр зүйлийн 511.3. “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.”, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1. “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ: 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” гэж заажээ.

15. Шүүгдэгч М.Сы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч З.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх ба мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирогч З.Аээс “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн, мөн шүүгдэгч М.С нь иргэний нэхэмжлэгч Д.М нэхэмжилсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрт нэхэмжилсэн 24,840 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд төлсөн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгээр тус тус нотлогдож байх тул шүүгдэгч М.Сыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

16. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч М.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэх” дүгнэлтийг,

17. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т “Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. 450,000 төгрөгийн торгох ял оногдуулж өгөхийг хүсэж байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.    

18. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч М.Сы үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.   

19. Шүүгдэгч М.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.

20. Шүүгдэгч М.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5. 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.   

21. Шүүгдэгч М.С нь хувийн байдлын хувьд бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй нөхцөл байдал тогтоогджээ.   

22. Шүүгдэгч М.С нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.   

23. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж зааснаар шүүгдэгч М.Сд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.   

24. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж зааснаар шүүгдэгч М.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.   

25. Шүүгдэгч М.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

26. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч М.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт М С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Сд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч М.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч М.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч нь иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч М.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үлдээсүгэй.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Х.Т