| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинжавын Ганболд |
| Хэргийн индекс | 101/2022/06399/И |
| Дугаар | 101/ШШ2022/05069 |
| Огноо | 2022-12-05 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2022/05069
| 2022 12 05 | 101/ШШ2022/05069 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М.С /рд:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.А /рд:/-д холбогдох
1,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.С, хариуцагч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараа: М.С 2022 оны 5 сард Нарантуул ОУХТ-н агуулахын түрээсийг 6 сараар урьдчилан өгнө үү гэсний дагуу Б.Ад өгсөн. 2022 оны 5 сарын 18-нд 1,000,000 төгрөг, 25-нд 2,720,000 төгрөг, 6 сарын 30-нд 400,000 төгрөг өгөв. 2022 оны 10 сараас агуулахын жинхэнэ эзэн Ж.Даариймаа гэх эмэгтэйд мөн төлсөн. Иймд Б.Агаас 10, 11, 12 сарын түрээсийн урьдчилж авсан 1,600,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү.
1.6 саяыг гаргуулна. 2022.5.18-нд хариуцагчид эхлээд 1 саяыг түрээсэнд дараа нь 2 720 000 төгрөгийг шилжүүлсэн. Нарантуул дээр агуулах түрээслэх төлбөрийг урьдчилж авсан. Гэтэл 6 сард нь дахиад 12 сарын мөнгийг өгчих гэсэн. Би мэдэхгүй байсан тул нэхээд байхаар нь 6 сарын төлбөрийг урьдчилж өгсөн байхад 12 сарын мөнгийг нэмж нэхсэн. Тасралтгүй гуйгаад байсан тул 400 000 мянгыг өгч 7 сарын мөнгийг өгсөн. Улмаар 9 сар хүртэл агуулахыг ашигласан. 10 сараас эхлээд би давхар түрээс өгч байна. Эзэнд нь өгч давхар түрээс өгсөн. Иймд би хохирсон тул энэ хүнд мөнгө буцааж авахыг хэлсэн боловч царайгаа буруулсан. Жинхэнэ эзэн нь энэ хүн мөн эсэхийг мэдэхгүй. Өмнө нь 6-7 жил түрээсэлж явсан тул би эзэн нь гэж бодсон. Гэтэл жинхэнэ эзэн нь гарч ирээд энэ талаар хэлэхэд хамааралгүй гэсэн. Үлдэгдэл нь 10-12 сарын урьдчилж өгсөн мөнгөө авмаар байна гэв.
Хариуцагч Б.А нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Нарантуул ОУХТ-д тээшний контейнер ажиллуулж байхдаа контейнерын талд нь ширээ хадгалж, талд нь авдар хийн ажиллуулж 2022 оны 3 сард нөхрийн бие өвдөж хамрын хагалгаанд орох шаардлагатай болж О гэдэг түрээслэгчээс 6 сарын түрээсийг урьдчилж авч нөхрийн төлбөрт хийж нөхрөө хагалгаанд оруулсан. Удалгүй О би хийхээ болилоо мөнгөө гаргуулж авъя гээд орон нь өөр хүн авах болж Сэржээ эгч хийхээр болсон юм. Тэгээд би мөнгийг нь 6 сараар авч Огийн мөнгийг гаргаж өгөөд удаагүй байж байхад 8 сард контейнер түрээслэгч эзэн контейнероо авч энэ асуудал үүсэж эзэнтэй ярилцаж цааш үргэлжлүүлэн авч явахаар тохиролцож ярилцсан боловч замаасаа больсон. Би одоогоор ажилгүй ээжийн минь бие муу 4 хүүхдээ харж зөөж байгаа болохоор даруй төлөх боломжгүй байгаа учир ахынхаа контейнер буюу -р тээшинд хадгалж өгөх хүсэлтэй байна. Уг хүсэлтийг минь хүлээн зөвшөөрөхгүй бол сард бага багаар /сард 100-200 мянгын хооронд/ төлөх боломжтой байна.
Нэхэмжлэгч нь надад 2021 оны 11 сард ширээгээ хадгалуулна гэсэн боловч ирээгүй. Өөр хүн түрээслээд явж байсан. Манай нөхөр хагалгаанд орох болоод тэр хүн тусалъя гээд надад сарын мөнгөө урьдчилж өгсөн юм. Тэр үед танайд хадгалуулах хэцүү боллоо гарлаа гэсэн. Тэгэхээр нь нэхэмжлэгч уруу хэлээд манайд хадгалуулах юм уу хэрэв тэгвэл урьдчилж авсан мөнгийг өгөх хэрэгтэй гэхэд зөвшөөрөөд 1 саяыг өгсөн. Ингээд тохиролцож түрээслүүлсэн. Ингээд түрээсийн мөнгө гэж 3 600 000 төгрөг авсан. Нэхэмжлэгч нь 5.18-нд түрээсэлж эхэлсэн. Би давхар түрээсэлдэг байсан ба 8 сард надаас эзэн нь авчихсан юм. Ажилгүй болсон тул төлөх боломжгүй гээд ахынхаа контейнерыг санал болгосон. Гэтэл өөрөө үгүй гэсэн. Түрээслээгүй хугацааны 1.6 саяын зөрүү байгаа нь үнэн гэв.
Нэхэмжлэгч нь шүүхэд: Хаан банк дахь өөрийн дансны хуулга /хх7-9/, Ж.Д, Л.О нарын 2016 онд байгуулсан түрээсийн гэрээний хуулбар /хх20/-г нотлох баримтаар ирүүлсэн.,
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 1,600,000 төгрөг гаргуулж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч М.С нь урьдчилж төлсөн түрээсийн төлбөрийн зөрүүнд 1,600,000 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч Б.А нь контейнер түрээсэлж, төлбөрийг урьдчилж авсан, улмаар зөрүү 1,600,000 төгрөгийг буцаан өгөх талаар маргаагүй боловч санхүүгийн боломжоос хамаарч тодорхой хуваарийн дагуу төлөх санал гаргасан.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн эвлэрэх саналыг зөвшөөрөөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь контейнерыг дамжуулан түрээсэлж байсан бөгөөд 2022 оны 12 дугаар сарыг дуусах хүртэл хугацааны төлбөрийг урьдчилж төлсөн. Улмаар 10 дугаар сараас эхлэн түрээсийн гэрээний харилцаа үргэлжлэх боломжгүй болсон. 2022 оны 10, 11 дүгээр сард түрээсийн төлбөрийг тус бүр 600,000 төгрөг, 12 сарын төлбөрийг 400,000 төгрөгөөр тооцож урьдчилж төлсөн тул энэхүү 1,600,000 төгрөгийг буцаан гаргуулна гэж тайлбарласан.
Мөн нэхэмжлэгч нь Хаан банк дахь өөрийн данснаас 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөг, 06 дугаар сарын 30-ны өдөр 400,000 төгрөг, 05 дугаар сарын 25-ны өдөр 2,720,000 төгрөгийг тус тус ,, тоот дансанд шилжүүлсэн байна. /хх7-9/
Хариуцагч нь энэхүү тайлбарыг зөвшөөрсөн бөгөөд дээрх үйл баримтын талаар зохигчид маргаангүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцээний зарчмаар явагдах тул зохигчдын маргаагүй үйл баримтыг шүүх нотлох шаардлагагүй.
Дээрхээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.
Улмаар түрээсийн гэрээний зүйл нь бусдын өмчлөлийн хөдлөх эд хөрөнгө байснаас шалтгаалан гэрээ цаашид үргэлжлэх боломжгүй болсон тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах санал гаргаж, харин хариуцагч нь өөр контейнер түрээслүүлэх талаар санал гаргасан гэж тайлбарласан.
Гэвч нэхэмжлэгч тухайн контейнерын өмчлөгчтэй түрээсийн гэрээ шинээр байгуулагдсан гэж тайлбарлаж байх тул түүнд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.3-т зааснаар түрээсийн гэрээний үлдэх хугацаанд холбогдох хэсгээс татгалзах эрх үүссэн байна.
Нэгэнт гэрээний үлдэх хэсгээс татгалзсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний гүйцэтгэл буюу урьдчилж төлсөн төлбөрөөс гэрээнээс татгалзсан хугацаанд холбогдох төлбөрийг хариуцагч буцаан төлөх үүрэгтэй.
Иймд хариуцагчаас 2022 оны 10-12 сарын хугацааны урьдчилан төлсөн нийт 1,600,000 төгрөгийг буцаан гаргуулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбоотойгоор зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 40,550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 225 дугаар зүйлийн 225.3, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч Б.Агаас 1,600,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Ст олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 40,550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД