| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 302/2025/0179/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/190 |
| Огноо | 2025-07-02 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/190
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,
улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, улсын ахлах өмгөөлөгч С.Т,
шүүгдэгч Х.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Х Ад холбогдох эрүүгийн 2513001430203 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т овогт Х А, 2005 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн У суманд төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг эх, дүү нарын хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн У сумын .. дүгээр багт оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, РД:БК....
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.А нь 2025 оны 2 дугаар сарын үед Баян-Өлгий аймгийн Ө.. сумын .. дүгээр багийн нутаг дэвсгэр, “Е к” дэлгүүрт худалдагчаар ажиллахдаа хохирогч К.Жын өмчлөлийн “GOYOL” загварын малгай 2 ширхэг, “GOYOL” загварын толгой кист 1 ширхэг, “GOYOL” загварын цамц 1 ширхэг, “NEGUUN” загварын цамц 1 ширхэг, “NEGUUN” загварын юбка 1 ширхэг, “DELI” загварын юүдэнтэй малгай 1 ширхэг, “DELI” загварын ороолт 1 ширхэг, “NOYON” загварын цамц 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1,830,000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
1.Шүүгдэгч Х.А мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол болох 1,830,000 төгрөгийг төлж өгөх болно. Тухайн үед би хохирогчийн туслахаар ажиллаж байсан.” гэв.
2. Эрүүгийн 2513001430203 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: иргэн К.Жаас 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 19 цаг 20 минутад Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт зөрчлийн талаар гаргасан гомдол /хавтаст хэргийн 06 дахь тал/, иргэн Х.Агээс эд зүйл хурааж авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 07-08 дахь тал/, хохирогч К.Жын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 09-11 дэх тал/, холбогдогч Х.Агийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-15 дахь тал/, шинжээч “Ашид билгүүн” ХХК-ний 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн БӨА-25-0081 дугаартай үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 23-27 дахь тал/, хохирогч К.Жын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 41, 71 дэх тал/, гэрч Т.Айсаулегийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дэх тал/, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/152 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 51-52 дахь тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 73-75 дахь тал/, яллагдагч Х.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 68-69 дэх тал/, яллагдагч Х.Агийн хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судлав.
3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Агийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
4. Хэргийн үйл баримт.
Шүүгдэгч Х.А нь 2025 оны 2 дугаар сарын үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр, “Е к” дэлгүүрт худалдагчаар ажиллахдаа хохирогч К.Жын өмчлөлийн “GOYOL” загварын малгай 2 ширхэг, “GOYOL” загварын толгой кист 1 ширхэг, “GOYOL” загварын цамц 1 ширхэг, “NEGUUN” загварын цамц 1 ширхэг, “NEGUUN” загварын юбка 1 ширхэг, “DELI” загварын юүдэнтэй малгай 1 ширхэг, “DELI” загварын ороолт 1 ширхэг, “NOYON” загварын цамц 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1,830,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
4.1. Иргэн К.Жаас 2025 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 19 цаг 20 минутад Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт зөрчлийн талаар гаргасан гомдол /хавтаст хэргийн 06 дахь тал/,
4.2. Иргэн Х.Агээс эд зүйл хурааж авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 07-08 дахь тал/,
4.3. Хохирогч К.Жын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед өгсөн: “...Би Өлгий сумын 11 дүгээр багт “Ё к” нэртэй ноос, ноолуурын бүтэгдэхүүний дэлгүүр ажиллуулдаг юм. Манайд 2024 оны 12 дугаар сард ажилд орсон Х.А гэх охин худалдагчаар ажилд орсон. Тэгээд 2025 оны 2 дугаар сараас Х.А нь манай дэлгүүрт зарагдаж байсан хувцаснуудыг өмссөн байдалтай ажил дээр ирж, олон нийтийн цахим сүлжээнд зураг байршуулж эхлүүлсэн.
...Тэгэхээр нь би түүнд хандаж “...чи энэ хувцаснуудыг хаанаас авсан юм бэ” гэтэл Х.А нь “...манай хажуу өрөөний охин ноолууран бүтээгдэхүүн зардаг юм, би тэр хүүхдээс авсан юм...” гэсэн. Тэгэхээр нь би тэр охины дугаарыг аваад ярьхад тэрээр “...би тийм зүйл зардаггүй, харин Х.А нь надад худлаа хэлчих гэсэн...” гэж гэсэн. Тэгэхээр нь би Х.Аг ажлаас нь халахаар шийдэж, уурлаж, өмнө нь өөрт нь бэлэглэсэн байсан хувцаснуудыгаа авахаар гэрт нь цуг очсон.
...Гэрт нь очтол Х.Агийн шүүгээнд манай дэлгүүрт зарагддаг олон төрлийн хувцас байсан. Тэгэхээр нь би Х.Ад хандан “... чи энэ хувцаснуудыг хаанаас авсан юм бэ...” гэтэл Х.А нь надад хандан би энэ хувцаснуудыг танай дэлгүүрээс хулгайлсан юм, би таны хохирлыг барагдуулах болохоор цагдаад битгий хэлээрэй...” гэсэн. Тэгэхээр нь би уг хувцаснуудыг аваад Х. А хамт цагдаагийн газар ирээд гомдол гаргасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 09-11 дэх тал/,
4.4. Шинжээч “А б” ХХК-ний 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн БӨА-25-0081 дугаартай үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 23-27 дахь тал/,
4.5. Хохирогч К.Жын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн асуудлаас болж надад үнэлгээний байгууллагаар үнэлүүлэхэд нийт 1,830,000 төгрөгийн хохирол учирсан байсан. Хохирол барагдуулж өгөөгүй.
...Гомдолтой байна. Хохирлоо нөхөн төлүүлж, Х.Ад хуулийн хүрээнд арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна.
...Би хохирлоо мөнгөн хэлбэрээр нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41, 71 дэх тал/,
4.6. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 73-75 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.
5. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гэм буруугийн шүүх хуралдаанд хэргийн оролцогч нараас гаргасан тайлбар, дүгнэлт.
6. Улсын яллагчаас: “шүүгдэгч Х.Агийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай” дүгнэлтийг,
7. Шүүгдэгч Х.Агээс “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх тайлбарыг,
8. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх дүгнэлтийг гаргаж, шүүгдэгчийн гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.
Эрх зүйн дүгнэлт.
9. “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”-аар тодорхойлжээ.
10. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.
11. Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдсон үйл баримтаас дүгнэж үзэхэд шүүгдэгч Х.А нь 2025 оны 2 дугаар сарын үед Баян-Өлгий аймгийн Ө сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэр, “Елт кашмер” дэлгүүрт худалдагчаар ажиллахдаа хохирогч К.Жын өмчлөлийн “GOYOL” загварын малгай 2 ширхэг, “GOYOL” загварын толгой кист 1 ширхэг, “GOYOL” загварын цамц 1 ширхэг, “NEGUUN” загварын цамц 1 ширхэг, “NEGUUN” загварын юбка 1 ширхэг, “DELI” загварын юүдэнтэй малгай 1 ширхэг, “DELI” загварын ороолт 1 ширхэг, “NOYON” загварын цамц 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1,830,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулж байна.
12. Шүүгдэгч Х.А нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ мэдсээр байж өөртөө ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд хулгайн эд зүйлсийг бүрмөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлснээр “Хулгайлах” гэмт хэрэг төгссөн гэж үзэх үндэслэлтэй.
13. Улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй тул хүлээн авч, шүүгдэгч Х.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
14. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Х.Агийн амар хялбар аргаар хөрөнгөтэй болох зорилго, шунахайн сэдэлт нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
15. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
16. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан.
17. Шүүгдэгч Х.Агийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч К.Жт 1,830,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болох хохирогч К.Жын мэдүүлэг, эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон, хохирогч нь хулгайд алдсан эд зүйлийг буцааж авахаас татгалзсан тул шүүгдэгч Х.Агээс гэмт хэргийн хохиролд 1,830,000 төгрөг гаргуулан хохирогч К.Жт олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
18. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ад 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан Баян-Өлгий аймаг дахь сум дундын эргүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/152 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож, 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” дүгнэлтийг,
19. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Урьд нь гэмт хэрэгт холбогдож хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэж байсан. 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг зөвшөөрч байгаа. Харин сүүлд үйлдсэн хэрэгт 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгөхийг хүсэж байна” дүгнэлтийг тус тус гаргасан байна.
20. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.Агийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг гэж заасныг тус тус удирдлага болгов.
21. Шүүгдэгч Х.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
22. Шүүгдэгч Х.Агийн хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь 2005 онд төрсөн, эцэг эх, дүү нарын хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд нь 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан байна.
23. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
24. Шүүгдэгч Х.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэгт нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Аг 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэв.
25. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5. “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэж заасныг журамлан Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2025/ШЦТ/152 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Аг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэв.
26. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1. “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.”, 3. “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй.”, 4. “Нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн хэмжээнээс их байна.” гэж зааснаар шүүгдэгч Х.Ад өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 сарын зорчих эрхийг хязгаарлах ялд нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 2 сарын хугацаагаар тогтоов.
27. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ад зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа нутаг дэвсгэр болох Баян-Өлгий аймгийн Өлгий сумаас явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэв.
28. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
29. Шүүгдэгч Х.Ад оногдуулсан 8 сарын сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
30. Шүүгдэгч Х.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдав.
31. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1. “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”, 2. ““Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”, 3. “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж тус тус заасан байна.
32. Хуулийн дээрх зохицуулалтыг журамлан шүүгдэгч Х.Агийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн “GOYOL” загварын малгай 2 ширхэг, “GOYOL” загварын толгой кист 1 ширхэг, “GOYOL” загварын цамц 1 ширхэг, “NEGUUN” загварын цамц 1 ширхэг, “NEGUUN” загварын юбка 1 ширхэг, “DELI” загварын юүдэнтэй малгай 1 ширхэг, “DELI” загварын ороолт 1 ширхэг, “NOYON” загварын цамц 1 ширхэг зэргийг улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй.
33. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Х Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Аг 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/152 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгосугай.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Аг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.Ад өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 сарын зорчих эрхийг хязгаарлах ялд нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 2 сарын хугацаагаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ад зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүний оршин суугаа нутаг болох Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч Х.Ад оногдуулсан 1 жил 2 сарын сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Агээс гэмт хэргийн хохиролд 1,830,000 төгрөг гаргуулан хохирогч К.Жт олгосугай.
10. Шүүгдэгч Х.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн “GOYOL” загварын малгай 2 ширхэг, “GOYOL” загварын толгой кист 1 ширхэг, “GOYOL” загварын цамц 1 ширхэг, “NEGUUN” загварын цамц 1 ширхэг, “NEGUUN” загварын юбка 1 ширхэг, “DELI” загварын юүдэнтэй малгай 1 ширхэг, “DELI” загварын ороолт 1 ширхэг, “NOYON” загварын цамц 1 ширхэг зэргийг тус тус улсын төсөвт шилжүүлсүгэй.
12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
14. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Х.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.Т