Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/194

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,

улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А,

хохирогч Б.Т,

хохирогчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.А,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, улсын ахлах өмгөөлөгч С.Тилеуберди,

шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,    

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Уовогт Х Бт холбогдох эрүүгийн 2513000000173 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, Уовогт Х Б, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Баян-Өлгий аймгийн С.. суманд төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй. хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Ө.. сумын .. дугаар багийн ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, РД:БЭ.....

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Б нь 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” худалдааны төвд тэрэг түрээд явж байсан хохирогч Б.Тыг “зам тавьж өгсөнгүй, хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар нүүр тус газарт нь цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчоос гаргасан мэдүүлэг.  

1.Шүүгдэгч Х.Б мэдүүлэхдээ: “...Хохирогчийг зодсон маань үнэн. Хохирогч өөрөө надад “эцгийн чинь төмсөг” гэж хэл амаар доромжилсон.” гэв.

2. Хохирогч Б.Т мэдүүлэхдээ: “...Гомдолтой байна. Эмнэлэгт хэвтэж, эм авсан. Шөнө унтаж чаддаггүй, толгой өвддөг. Цагдаа ирээд явсны дараа шүүгдэгч намайг ална гэж заналхийлсэн. Холбогдох нотлох баримтуудаа авчраагүй тул одоо нэхэмжлэх зүйл байхгүй ” гэв.

3. Эрүүгийн 2513000000173 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: иргэн Б.Таас 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 18 цаг 43 минутад гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдлыг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/, иргэн Б.Тын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 04-07 дахь тал/, хохирогч Б.Тын согтууруулын хэмжээг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 09 дэх тал/, хохирогч Б.Тын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 16, 18 дахь тал/, гэрч З.Мейрамын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/, шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ажилтай, цагдаагийн ахлах дэслэгч С.К 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн БӨА0725/354 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 25-27 дахь тал/, яллагдагч Х.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дэх тал/, шүүгдэгч Х.Бийн хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.   

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

4. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Х.Бийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд   

Хэргийн үйл баримтын талаар.

5. Шүүгдэгч Х.Б нь 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т” худалдааны төвд тэрэг түрээд явж байсан хохирогч Б.Тыг “зам тавьж өгсөнгүй, хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар нүүр тус газарт нь цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:      

5.1. Иргэн Б.Таас 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 18 цаг 43 минутад гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдлыг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

5.2. Иргэн Б.Тын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 04-07 дахь тал/,

5.3. Хохирогч Б.Тын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Ө сумын ... дугаар баг, “Т” зах дотор тэрэг түрээд явж байсан. Тухайн үед зүс таних Б гэх хүн араас ирж байгаад намайг эргэж харахад ямар нэгэн үг хэлэхгүйгээр ямар нэгэн шалтгаангүйгээр миний зүүн талын нүд рүү гараараа нэг удаа хүчтэй цохисон.

...би гайхаад Б юм асууж амжаагүй байхад тэр яваад өгсөн. Тэр үед зах дотор маш олон хүн хэдэн тийшээ явж байсан учраас хэн нь болсон асуудлыг харж амжсаныг мэдэхгүй байна.

...тухайн үед надад эрүүл мэндийн хөнгөн зэргийн хохирол учирсан нь шүүх эмнэлгийн байгууллагаар тогтоогдсон. Надад өөр учирсан хохирол байхгүй. Хохиролтой холбоотой ямар нэгэн гаргаж өгөх баримт байхгүй. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй.

...надад учирсан сэтгэл санааны хохирол байхгүй. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16, 18 дахь тал/,

5.4. Гэрч З.Мейрамын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тухайн үед Х Б миний хажууд надтай хамт явж байсан. Тухайн үед зам дээр явж байсан Х.Б Бекийн Тилеухабылд хандаад “зам тавьж өг” гэхэд Б.Т нь Х.Бт хандаад “эцгийн чинь төмсөг” гэж хэлсэн.

...Тухайн үед Х. Ббек уурлаад Б.Тын баруун талын нүдийг гараараа нэг удаа цохисон. Тухайн зах дотор хүмүүс хэдэн тийшээ бужигнаад, холхиж яваад байсан учраас хэн ч тэднийг анзаарч салгахгүй байсан ба би хамт явж байсан хүний хувьд тэр хоёрыг салгасан. Өөр хэн ч болсон явдлыг анзаарч хараагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,

5.5. Шинжээч Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, ажилтай, цагдаагийн ахлах дэслэгч С.К 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн БӨА0725/... дугаартай: “...1. Б.Т биед баруун зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. 3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой. 5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй.” гэх  дүгнэлт /хавтаст хэргийн 25-27 дахь тал/, зэрэг нотлох баримтууд болно.

6. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

7. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Х.Бийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг,

8. Хохирогч Б.Тын өмгөөлөгч С.Агаас: “...миний үйлчлүүлэгчийг зодсон нь үнэн. Иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг шүүгдэгч төлнө. Хохирогч нэхэмжлэх зүйл, гомдол, саналгүй гэж байгаа.” гэх дүгнэлтийг,

9. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т: “...Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.” гэх дүгнэлтийг,

10. шүүгдэгч Х.Б нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг тус тус гаргасан болно.  

Эрх зүйн дүгнэлт.

11. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

12. Хүний халдашгүй байдлыг Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйл. “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: 13/ халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй.” гэж тус тус баталгаажуулжээ.

13. Шүүгдэгч Х.Б нь 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Т" худалдааны төвд тэрэг түрээд явж байсан хохирогч Б.Тыг “зам тавьж өгсөнгүй, хэл амаар доромжилсон” гэх шалтгаанаар нүүр тус газар цохиж, түүний эрүүл мэндэд “баруун зовхинд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байна.   

14. Шүүгдэгч Х.Бийн үйлдлийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Х.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.   

15. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын үл ойлголцол шууд нөлөөлсөн байна.    

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

16. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.    

17. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1. “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн  510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.”, 511 дүгээр зүйлийн 511.3. “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.”, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1. “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ: 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” гэж заажээ.

18. Шүүгдэгч Х.Бийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Тын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь эрүүгийн хавтаст хэрэгт нотлох баримтуудаар тогтоогдсон байх ба шүүх хуралдаанд хохирогч Б.Т нь “нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох гэмт хэргийн хор уршиг байхгүй байна.

19. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Т нь энэ шийтгэх тогтоолоор тогтоогдсон эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой гарсан хор уршгийг шүүгдэгч Х.Бээс нэхэмжлэх бол нотлох баримтуудаар бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

20. Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 0/38 дугаартай албан бичиг, иргэн Б.Т нь эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл зэрэг нотлох баримтууд /хавтаст хэргийн 57-59 дэх тал/-аас дүгнэж үзэхэд хохирогч Бекийн Т нь 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 99,360 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан нөхцөл байдал тогтоогдсон тул уг 99,360 төгрөгийг шүүгдэгч Х.Бээс гаргуулан эрүүл мэндийн даатгалын санд оруулахаар шийдвэрлэв. 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

21. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг,

22. Хохирогч, түүний өмгөөлөгч нараас: “Эрүүгийн хариуцлагын талаар хэлэх зүйл байхгүй” гэх тайлбар, дүгнэлтийг,

23. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон. 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгөхийг хүсэж байна.” гэх дүгнэлтийг,

24. Шүүгдэгч Х.Бээс “...хэлэх зүйл байхгүй” гэх тайлбарыг тус тус гаргасан болно.     

25. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.Бийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.  

26. Шүүгдэгч Х.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.  

27. Шүүгдэгч Х.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.  

28. Шүүгдэгч Х.Б нь хувийн байдлын хувьд 1978 онд төрсөн, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, тодорхой эрхэлсэн ажилгүй, урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

29. Шүүгдэгч Х.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэрэг нөхцөл байдал тус бүрд нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, шүүгдэгч Х.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.  

30. Шүүгдэгч Х.Бт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Х.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.  

31. Энэ хэрэгт шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдав.   

32. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овогт Х Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Бээс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 99,360 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд оруулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Т нь энэ шийтгэх тогтоолоор тогтоогдсон эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой гарсан хор уршгийг шүүгдэгч Х.Бээс нэхэмжлэх бол нотлох баримтуудаар бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

7. Шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Х.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч нь иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Х.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үлдээсүгэй.          

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Х.Т