Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2022/05067

 

 

 

 

 

 

                                2022       12          05

                   101/ШШ2022/05067

           

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  А.С /рд:/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:  Б. Д /рд:/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 3,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагчид 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 3.100.000 төгрөгийг нэг өдрийн хугацаатай зээлийн гэрээг амаар тохирч мөнгийг ХХБ-ны хариуцагчийн эзэмшлийн данс уруу өөрийн данснаас шилжүүлсэн болно. Гэвч хариуцагч нь одоог хүртэл зээлээ буцааж төлөөгүй бөгөөд хүү, алданги төлнө гэж байсан боловч өнөөдрийг хүртэл худлаа ярьж намайг хохироогоод байна. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр 3.100.000 төгрөгийг гаргуулж надад олгож өгнө үү.

2021.5.20 хэдэнд дэлгүүр дээрээ сэтгэлийн хямралтай байж байтал нэг хүн орж ирээд Дгийн утсыг өгч энэ хүнтэй уулз гэж зөвлөсөн. Тэгээд уулзахад улам хямраасан. Гэтэл юм хийнэ гээд 200 000 төгрөг авсан. Дараа нь манай дэлгүүр дээр ирээд 5 саяыг өгчих гэхэд нь би чадахгүй гэсэн. Гэтэл байрандаа засвар хийж байгаа удахгүй өгнө гэхээр нь байгаа 1.5 саяа өгсөн. Хэд хоногийн дараа би хүнээс бөөн мөнгө авна гээд дахиад 5 саяыг хүссэн. Би надад тийм мөнгө байхгүй гэхэд чамд мөнгө байгаа гээд нэхсэн. Тэгээд 1.6 саяыг өгчих гэсэн. Нөхрөөс асуухад битгий гэсэн ба гарахгүй нэхээд байхаар нь өгчихсөн чинь буцааж өгөөгүй. Би мөнгөө нэхээд өгөхгүй байсан тул нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь худлаа тайлбар өгсөн байсан. Хуучин хувцас ав гэж ирэхэд нь аваагүй. Иймд 3.1 саяыг нэхнэ. Өөрөө над уруу 4.5 саяыг өгнө гэсэн мессеж бичсэн байдаг. Би ямар нэг зүйл аваагүй. Одоо дэлгүүр бараа татах ч мөнгөгүй байна. Чи намайг дийлэхгүй гэж хэлж байсан юм. Би өгсөн юм чинь авах ёстой гэж хэлж байсан гэв.

 

Хариуцагч Б.Д нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч А. Сийг огт танихгүй. Миний бие дэлхийн багш дээрхийн гэгээнтэн далай их багшийн шавь, маш өндөр үзлэгтэй. С нь анх манайд ирэхдээ нөхөр хүнтэй нийлсэн, жирэмсэн болсон гэж уйлж орж ирээд үзүүлж засал хийлгэсэн. Заслын мөнгө гэж 1,5 өгсөн. Дараа 1,5 сарын дараа өгсөн. Би ухаанаа алдаагүй амьд байна. Хүү төлнө гэж хэлээгүй. Өөрөө хүү нэхээд 4,5 авна гэж ярьсан болно. А.С фермийн кет 23 газ 800,0 төг, арьсан пүүз 300,000, хоёр цүнх 400,000 төг бусад зүйлийг үнэлбэл 280,000 болно. Би худлаа хэлэхийг мэдэхгүй. Гомдолтой байна. Иймд худал ярьж цагдаа, шүүхэд өргөдөл гаргаж ичгүйгээр хүний нэр, төрд халдаж байгаа Сийн өргөдлийн авч цаашид дарамт үүсгэхгүй байхыг хүсэж, үнэн мөнийг тэнцвэртэй шийдвэрлэж байхыг хүсье. Нэхэмжлэгч Сийн нэхэмжилж байгаа 3 сая 100,0 төг төлж өгөх боломжгүй. Банкны хуулбар байгаа худалч С дэлгүүр ажиллуулж байгаа мөнгөтэй хүн худлаар бүхнийг ялахгүй шүү гэжээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд: Худалдаа хөгжлийн банк дахь өөрийн дансны хуулга /хх4-5, 15-17/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

       ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 3,100,000 төгрөг гаргуулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч А.С нь зээлийн гэрээний үүрэгт 3,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч Б.Д нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх хариуцагчид 2022 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гаргуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарласан. Улмаар өнөөдрийн шүүх хуралдааныг товыг мэдэгдэж, холбогдох баримтад гарын үсэг зуруулсан. /хх14/

Гэвч хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд ямар нэг хүсэлт ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь 2022 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 1,500,000 төгрөг, 30-ны өдөр 1,600,000 төгрөгийг тоот данс уруу шилжүүлсэн болох нь Худалдаа хөгжлийн банк дахь түүний дансны хуулгаар тогтоогдсон. /хх4, 5/

Гүйлгээний утгыг Д Б гэсэн байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардаж авахдаа өөрийгөө Б. Д гэсэн байна. /хх8/

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэгчийг “огт танихгүй” гэх боловч “засал хийсэн, эд зүйл өгсөн, дэлгүүр ажиллуулдаг” зэргээр тайлбар гаргаж байгаа нь зохигчдын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэнийг нотолж байна.

Улмаар хариуцагч нь мөнгийг хүлээн авсан дансны эзэмшигчийн талаар маргаагүй.

 

Иймд нэхэмжлэгчээс хариуцагчид нийт 3,100,000 төгрөг олгосноор зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа засал хийж 1,500,000 төгрөг авсан гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу өөрийн тайлбарыг нотлоогүй.

Мөн тодорхой үнэ бүхий эд зүйл өгсөн гэх боловч нэхэмжлэгч үүнийг үгүйсгэж, хариуцагч өөрийн тайлбарыг нотлоогүй.

Иймд хариуцагчийг зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүргээ гүйцэтгээгүй гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсэнтэй холбоотойгоор зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд  нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

1.             Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Б.Дгаас зээлийн гэрээний үүрэгт нийт 3,100,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Сд олгосугай.

2.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 64,555 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 64,555 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД