| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 302/2025/0184/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/247 |
| Огноо | 2025-09-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Е |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/247
|
|
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Б даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.М,
Орчуулагч, хэлмэрч: Т.Х,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Е,
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн өмгөөлөгч С.Н,
Өсвөр насны шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Ш а овогт Б Ад холбогдох 2513000000214 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авсныг 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 20.. оны ... дугаар сарын ...-ны өдөр Баян-Өлгий аймгийн Б суманд төрсөн, ... настай, эрэгтэй, тус аймгийн Б... сумын ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангид суралцдаг, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн Б сум н .. дугаар /Ц/ багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Ш а ургийн овогтой Б А, регистрийн дугаар: БГ....;
Өсвөр насны шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч Б.А нь 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймгийн Б... сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд “мөнгө өгсөнгүй” гэх шалтгаанаар насанд хүрээгүй хохирогч М.Н цавь уруу өшиглөж, биед нь хаван гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хохирол болон эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилсэн хохирлыг төлж өгсөн болно” гэв.
1.2 Улсын яллагч А.Е шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Б.А нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, мөн прокурорын саналын дагуу ялаас чөлөөлөх үндэслэлтэй гэв.
1.3 Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгч Б.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд ял тохирч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлж байгаа тул прокурорын саналын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэв.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Насанд хүрээгүй хохирогч М.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие Б сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн ... ангид суралццаг ба 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр байх, өдрийн 14 цагийн үед хичээлээсээ тараад сургуулийн дотуур байранд ирэхэд манай дотуур байранд байдаг тус сумын сургуулийн 11 дүгээр ангид сурдаг Б.А гэх хүүхэд надаас “чамд мөнгө байгаа юу” гэж мөнгө нэхсэн. Тэр үед нь би “надад мөнгө төгрөг байхгүй” гэхэд миний цавь, эмзэг эрхтэн рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд тэр өдрөөс хойш хэдэн хоног миний цавиар өвдөж, миний эмзэг эрхтэн хавдсан байсан ба би аав ээжид хэлэхгүй яваад байсан. Баасан гарагт аав, ээж хоёр ирж намайг хөдөө авч явахаар ирэхэд миний бие тавгүйтэж, халуураад байсан ба гэртээ очиход миний бие дээрдэхгүй байсан. Би аав ээжээс нууж, болсон асуудлын талаар хэлэхгүй явж байхад, манай бага дүү болсон асуудлын талаар аав, ээжид хэлсэн байсан. Тэгээд би эмнэлгийн байгууллагад очиж үзүүлээд 8 хоног эмчилгээ хийлгүүлж эмнэлэгт үзүүлсэн. Намайг эмнэлэгт байхад манай аав Х.М цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байсан. Тухайн үед нэг л удаа өвдгөөрөө өшиглөсөн болохоор яах ч үгүй байх гээд тоогоогүй. Хэд хоног өвдсөний дараа аав ээж болсон асуудлын талаар мэдэж, намайг эмнэлэгт үзүүлж, цагдаад гомдол гаргасан. Миний биед одоогоор ямар нэгэн өвчин, зовиур байхгүй. Одоо зүгээр болсон байгаа. Надаас уучлалт гуйсан. Би эмнэлэгт хэвтэж байхад Ахжол эмнэлэг дээр ирээд надтай уулзах гэсэн боловч эмч оруулаагүй болохоор явсан байсан. Надад гомдол санал байхгүй. Би одоо миний бие зүгээр болсон байгаа...." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 07 дахь тал/,
Насанд хүрээгүй хохирогч М.Нын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн “...надад хохиролтой холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй 640,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Б.А болон эцэг эх нь уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 533 дахь тал/,
2.2. Гэрч П.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би дотуур байранд очоод юу болсон талаар асуухад А “тухайн өдөр өрөөнд байхад миний мөнгө алга болсон байсан, тэгээд Н с асуухад надад мөнгө байхгүй, чиний мөнгийг аваагүй’' гээд хэл амаар доромжилсон. Тэгээд бид хоёр зодолдсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 09 дэх тал/,
2.3. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч К.Х 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 446 дугаартай “...иргэн М.Нын биед баруун хуухнагийн хавантай гэмтэл тогтоогдлоо. Иргэн М.Нын гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн үед үүссэн шинэ гэмтэл болно. Иргэн М.Нын дээрх гэмтэл ерөнхий хөдөлмөрлөх чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй болно. Иргэн М.Нын дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар, хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 29-31 дэх тал/,
2.4. Өсвөр насны яллагдагч Б.Аын насыг түүний төрсний гэрчилгээний хуулбарт үндэслэн тоолоход тэрээр 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдор 17 нас 11 сар 21 хоногтой байсныг тсолсон мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,
2.5. Өсвөр насны яллагдагч Б.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 20.000 төгрөгийг дотуур байрны миний өрөө болох 14 дүгээр өрөөний хувцасны өлгүүрийн дээд хэсэгт нуусан юм. Тэгээд маргааш нь буюу 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хичээлээс тараад 14:00 цагийн орчимд өрөөндөө орж мөнгөө авах гэсэн чинь миний мөнгө байхгүй байсан, тэгээд манай өрөөний хамтрагч болох Ш гэх хүүхдээс асуухад Н гэх хүүхэд манай өрөө лүү орж гарч байсан гэж хэлсэн. Тэгээд би Н авсан болов уу гэж бодоод 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 20:00 цагийн орчимд дотуур байрны хүүхдүүд оройн хоолонд орж байхад би дотуур байрны үүдэнд сууж байсан ба тухайн үед Н орж ирсэн, тэгээд би Н хандаж “чи манай өрөөнд байсан миний мөнгийг авсан уу” гэж асуухад “би аваагүй” гэж хэлсэн, тэгэхэд нь би “чи авсан байна харсан хүн байна’ гэж хэлэхэд “яг миний авч байсныг нүдээрээ харсан юм уу, чамд өгөх мөнгө байхгүй зайл, би чамайг ахдаа хэлнэ” гэж хэлэхэд би уурлаад Нын төмсөг тус газарт нь нэг удаа өвдөглөсөн юм. Тэгээд тухайн өдрөөс 7-10 хоногийн дараа Н өвдөөд эмнэлэгт хэвтсэн гэдгийг сонсоод аймгийн Нэгдсэн эмнэлэгт очиж, уулзаад уучлалт гуйсан. Би Наас алга болсон мөнгөө асуухад намайг хэл амаар доромжилсон тэгээд бухимдаад нэг удаа өвдөглөсөн юм. Би надад холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх боломжтой гэдгийг ойлгож, мэдлээ. Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөэрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтуудаар өсвөр насны шүүгдэгч Б.А нь 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр тус аймгийн Бугат сумын ерөнхий боловсролын сургуулийн орчинд насанд хүрээгүй хохирогч М.Нын цавь уруу өшиглөж, баруун хуухнагийн хаван бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
3. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
4. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
5. Өсвөр насны шүүгдэгч Б.А нь өмгөөлөгчийн хамт өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
6. Энэ хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч М.Нын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон бөгөөд өсвөр насны шүүгдэгч Б.А нь насанд хүрээгүй хохирогч М.Нд мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн хор уршигт 640.000 төгрөг төлж барагдуулснаар хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн болох нь насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байх тул өсвөр насны шүүгдэгч Б.Аыг энэ шийтгэх тогтоолоор хохирогч М.Нд төлөх төлбөргүй гэж үзлээ.
Мөн иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Майрагаас М.Нын эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлгийн туслалцаа авсан төлбөрт нэхэмжилсэн 639.649 төгрөгийг өсвөр насны шүүгдэгч Б.А нь Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд төлсөн нь тогтоогдсон тул энэ шийтгэх тогтоолоор өсвөр насны шүүгдэгч Б.А гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх хохирол, хор уршиг байхгүй гэж үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар,
1. Өсвөр насны шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Өсвөр насны шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд өмгөөлөгчийн хамт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.
3.Прокуророос өсвөр насны шүүгдэгч Б.Аын хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.
4. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Ад 1 /нэг/ сар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Ад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Бугат сумын нутаг дэвсгэрт эдлүүлж, уг ялаас буюу эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх саналыг гаргаж, өсвөр насны шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч С.Н нарт танилцуулсныг тэд хүлээн зөвшөөрч, прокурорын ялын саналд гарын үсэг зурсан байна.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх энэ хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2 дахь хэсэгт заасан байдлаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан, дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж, мөн зүйлийн 1.1 дэх заалтад “Энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын доод хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж” болохоор заасан байна.
6. Өсвөр насны шүүгдэгч Б.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн хор уршгийг бүрэн арилгасан, түүний үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон, хувийн байдлын хувьд тэрээр насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэгт холбогдсон, хөнгөн ангиллын гэмт хэрэгт анх удаа холбогдож, гэм буруугийн асуудлаар маргахгүйгээр мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэрэг нөхцөл байдлууд хэрэгт тогтоогджээ.
7. Иймд өсвөр насны шүүгдэгч Б.Аын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад 1 /нэг/ сар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Ад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Бугат сумын нутаг дэвсгэрт эдлүүлэхээр тогтоож, уг ялаас буюу эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
8. Энэ хэрэгт өсвөр насны шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч Ш а овогт Б Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Ад 1 (нэг) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Ад зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлүүлэхдээ түүнийг Баян-Өлгий аймгийн Б сумын нутаг дэвсгэрээс гарч явахгүй байх хязгаарлалт тогтоож, мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, өсвөр насны шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сар зорчих эрхийг хязгаарлах ялаас буюу эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
5. Өсвөр насны шүүгдэгч Б.А нь гэмт хэргийн хор уршигт насанд хүрээгүй хохирогч М.Нд 640.000 /зургаан зуун дөчин мянга/ төгрөг, иргэний нэхэмжлэгч эрүүл мэндийн даатгалын санд 639.649 /зургаан зуун гучин есөн мянга зургаан зуун дөчин ес/ төгрөг тус тус төлснийг дурдаж, энэ шийтгэх тогтоолоор өсвөр насны шүүгдэгч Б.Аоос гаргуулах хохирол, хор уршиггүй, гаргавал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус мэдэгдсүгэй.
6. Өсвөр насны шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор өсвөр насны шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Б