Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2022/03093

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 12 20 181/ШШ2022/03093

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: П.Ш-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Ө-д холбогдох,

Автомашины зогсоолын төлбөр 544,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Ш, хариуцагч Э.Ө /онлайн/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Болорчимэг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн өмчлөлийн хашаандаа ил зогсоол ажиллуулдаг бөгөөд 1 автомашиныг 2,000 төгрөгөөр тавиулдаг.

2022.04.28-ны өдөр 07-** У*** улсын дугаартай BMW маркийн автомашин, 71-** У** Istana маркийн автомашин 2-ийг манай хашаанд үл таних хүн авчирч, 3-4 хоногийн хугацаатай тавъя гэж хэлээд, уг машины эзэн хөдөө ажлаар явсан гээд надтай утсаар яриулсан. Би удаан хугацаагаар машин тавиулдаггүй төлбөрийг урьдчилан авдаг, удахгүй байрандаа засвар хийлгэх тул машиныг яаралтай авах хэрэгтэй гэдгийг анхааруулсан. Үүнээс хойш машинаа ч авдаггүй, гар утсаа ч авдаггүй алга болчихсон тул Цагдаад хандсан. Цагдаагийн байгууллагын тусламжтайгаар 4.28-ны өдрөөс 5.26-ны өдрийг хүртэл хугацааны 28 хоногийн төлбөр 112,000 төгрөгийг авсан. Үүнээс хойш Э.Ө руу удаа дараа залгахад хариу өгөөгүй учир дахин Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Гэтэл Э.Ө нь 2022.10.08-ны өдөр 15:58 минутад хашааны хаалга онгойлгон хулгайгаар машинаа авч гарсан нь камерт бичигдсэн тул тэр дор нь гарч хайгаад урд байрны зогсоол дээр эргэж байхад нь олж гэр лүү дагуулж авчирсан. Э.Ө нь зогсоолын төлбөрийг төлөхөөс татгалзаж, хэл амаар доромжлон зугтаахыг оролдоход цагдаа дуудаж БЗД-ын Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүргүүлсэн боловч зогсоолын төлбөрийг төлөөгүй.

2 машины зогсоолын төлбөр 1 хоногийн 2,000 төгрөг, 2 машины 400,000 төгрөг бөгөөд 136 хоног /2022.05.26-10.07-ны өдрийг хүртэл/-ийг 4,000 төгрөгөөр үржүүлэхэд нийт 544,000 төгрөг болно. Иймд Э.Өгаас 544,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Э.Ө шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Шт 5094304923 дансаар, 5 сараас 7 сар хүртэлх хугацааны 2 сар буюу 60 хоногийн мөнгө 112,000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 100 хоног буюу 7 сараас 10.08-ны өдрийг хүртэлх 3 сарын хугацааны 200,000 төгрөгийг өгөх дутуу байна. Анх машинаа тавихдаа утсаар задгай зогсоол нэг хоногт 1,000 төгрөг байхаар тохирч, хоёр машиныг 2,000 төгрөгөөр тавьсан. 71-** У** стана маркийн машин, BMW 07-** У*** гэсэн дугаартай 2 машин тавьсан. Анх утсаар ярьж тохирсон мөнгөө өгөхөд бэлэн байна. Шаандарын ярилцаж тохиролцоогүй илүү нэхэж байгаа 544,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэв.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, гараар бичсэн зогсоолын тооцооны баримт, Автомашины ил зогоолын ажиллах журам, иргэн А.А, Д.Б, Н.А нарын зогсоолын төлбөр хоногийн 2000 төгрөг болохыг тодорхойлсон тодорхойлолт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагч талаас шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй байна. Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Ш нь хариуцагч Э.Өд холбогдуулан автомашины зогсоолын төлбөр 544,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

1. Нэхэмжлэгч П.Ш нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 7 хороо, 15 хороолол, Б.Доржийн гудамж АОС 59/1 байрны 21 тоот хашаандаа ил зогсоол ажиллуулдаг бөгөөд уг ил зогсоолдоо бусдын автомашиныг тавиулан харах үйлчилгээг үзүүлэн төлбөр авдаг болох нь нэхэмжлэгчийн тайлбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, хорооны Засаг дарргын тодорхойлолтоор тогтоогдож байна. /хавтаст хэргийн 4,6, хуудас/

 

2. Нэхэмжлэгч П.Шын ил зогсоолд хариуцагч Э.Ө нь 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 2 автомашин авчирч тавиад төлбөрийг төлөх талаар тохиролцсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан Хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

3. Нэхэмжлэгч П.Шын ил зогсоолд хариуцагч Э.Ө нь 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд 07-** У*** улсын дугаартай BMW маркийн автомашин, 71-** У** улсын дугаартай Istana маркийн автомашин зэргийг байршуулсан, П.Ш автомашиныг харж, бүрэн бүтэн байлгах үйлчилгээ үзүүлсэн үйл баримтын талаар зохигч маргаагүй.

 

4. Талууд 1 хоногийн 1 автомашины зогсоолын төлбөрийн хэмжээний талаар маргаж байгаа бөгөөд нэхэмжлэгч 1 автомашины 1 хоногийн зогсоолын төлбөрийг 2000 төгрөг гэж, хариуцагч Э.Ө нь 1 автомашины 1 хоногийн зогсоолын төлбөрийг 1000 төгрөг гэж тохиролцсон гэж маргаж байна.

 

4.1. Нэхэмжлэгч П.Ш нь автомашинуудаа зогсоолоос авахгүй алга болсонтой холбоотойгоор Цагдаагийн байгууллагад хандаж, хариуцагчаас 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр зогсоолын төлбөрт 112,000 төгрөгийг хүлээн авсан талаар зохигч маргаагүй.

Уг төлбөрийн тооцооллоос үзэхэд, 1 хоногийн 1 автомашиныг 2000 төгрөгөөр тооцож, 2022.04.28-ны өдрөөс 2022.05.26-ны өдрийг хүртэл 28 хоногийг 4000 төгрөгөөр үржүүлж 112,000 төгрөг авсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэхээр байна.

 

4.2. Нэхэмжлэгч П.Ш нь 1 автомашины 1 хоногийн зогсоолын төлбөрт 2000 төгрөг авдаг болох нь А.Анхбаяр, Д.Батбямба, Н.Аюушжав нарын зогсоолын төлбөр хоногийн 2000 төгрөг болохыг тодорхойлсон тодорхойлолт, Зогсоолын төлбөр тооцооны дэвтэр гэх гараар бичсэн тэмдэглэлийн дэвтэр, Автомашины ил зогоолын ажиллах журам зэргийг харьцуулан шинжлэн судлахад тогтоогдож байна.

Тодруулбал, Тодорхойлолтод бичигдсэн А.Анхбаяр, Д.Батбямба, Н.Аюушжав нарын автомашины улсын дугаар нь нэхэмжлэгч П.Шын Зогсоолын төлбөр тооцооны дэвтэрт улсын дугаараараа бичигдэн төлбөр тооцоо хийсэн байна.

 

4.3. Хариуцагч Э.Ө нь 1 автомашины 1 хоногийн зогсоолын төлбөрийг 1000 төгрөгөөр тохиролцсон гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх нотлох баримыг шүүхэд гаргаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Иймд шүүх хариуцагч Э.Өыг 1 автомашины 1 хоногийн зогсоолын төлбөрт 2000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

5. Ил зогсоолын төлбөрийг тооцоолбол: 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нийт 136 хоног, 1 хоногийн 4,000 төгрөгөөр үржүүлэхэд нийт 544,000 төгрөг болж байна.

 

Дээрхи үндэслэлүүдээр хариуцагч Э.Өгаас 544,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Шт олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Өгаас 544,000 /таван зуун дөчин дөрвөн мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Шт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар П.Шын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,970 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Өгаас 16,970 /арван зургаан мянга есөн зуун далан/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Шт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА