| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 302/2025/0201/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/210 |
| Огноо | 2025-06-08 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | А.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/210
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.М,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Д,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгйөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Х.Б,
Шүүгдэгч Ж.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш с овогт Жгийн Сд холбогдох эрүүгийн 2513000000220 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19... оны .. дугаар сарын ..-ны өдөр Баян-Өлгий Аймгийн У... суманд төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баян-Өлгий аймаг Ө.. сумын .. дугаар /х/ багийн ... дугаар гудамжны .. тоотод оршин суух хаягтай, урьд шийтгүүлж байгаагүй, Ш с ургийн овогтой Жгийн С, регистрийн дугаар ХЛ,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.С нь 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 13-14 цагийн орчимд өөрийн эзэмшлийн ... Б... улсын дугаартай “T H-N215" загварын тээврийн хэрэгсэл жолоодон Баян- Өлгий аймгийн Ө сумын ... дугаар /Х/ багийн нутаг дэвсгэрт байрлах Өлгий сумын Засаг даргын тамгын газрын урд замаар замын хөдөлгөөнд оролцох явцдаа зам тээврийн осол гаргаж, явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан бага насны хүүхэд болох Ж.Сыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, дүгнэлтийн агуулга:
1. Шүүгдэгч Ж.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
2.Улсын яллагч шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч Ж.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 16.1 дэх заалтыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас бага насны хүүхдийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь тогтоогдсон. Иймд шүүгдэгч Ж.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна. Уг дүгнэлтийг гаргах болсон үндэслэл нь шүүгдэгч гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн, хохирогчид учруулсан хохирол болон хор уршгийг арилгасан нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан. Харин иргэний нэхэмжлэгч болох эрүүл мэндийн даатгалын санд учирсан 298.721 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж тус санд оруулах нь зүйтэй” гэх дүгнэлтийг,
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б шүүх хуралдаанд “...Шүүгдэгч Ш.С нь 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс үүдэн хохирогчид хохирол учруулсан гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн. Түүний үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон бөгөөд гэм буруугийн талаар маргаантай зүйл байхгүй байна. Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын болон прокурорын шатанд, мөн шүүх хуралдааны үеэр ч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, маргаж мэтгэлцээгүй болно. Иймд Ж.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцоход татгалзах зүйл байхгүй. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь сонгох санкцитай бөгөөд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх зохицуулалттай байна. Улсын яллагчаас шүүгдэгчид торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд өмгөөлөгчийн хувьд уг саналыг дэмжиж байна. Харин шүүгдэгч Ш.Сы гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, осол гаргасны дараа тухайн хүүхдийн эрүүл мэндийн байдалтай холбоотой хохирлыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн төлсөн, өөрөө эмч хүний хувиар хохирогч хүүхдийн эрүүл мэндийг хариуцаж, бүх талаар туслалцаа үзүүлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гомдол, саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн зэргийг харгалзан, торгох ялын хэмжээг багасгаж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
4. Эрүүгийн 2513000000220 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-05 дахь тал/,
-Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хавтаст хэргийн 06-09 дэх тал/,
-Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дэх тал/,
-Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, / хавтаст хэргийн 12-13 дахь тал/,
-Насанд хүрээгүй хохирогч Ж.Сы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би өөрөө Өлгий сумын 6 дугаар сургуулийн 4-р ангид суралцдаг. Тухайн өдөр хичээлдээ явах гэж, яараад 12 цаг өнгөрч байхад гэрээс гарч, замаар хөндлөн гарч яваад хар машинд мөргүүлсэн. Тухайн үед би тэр машиныг хараагүй. Машинд мөргүүлсний дараа миний хөл өвдөөд босож чадахгүй байхад тэр машинаас нэг ах бууж ирээд намайг машиндаа суулгаад эмнэлэгт авч ирсэн. Тухайн үед миний зүүн хөл өвдөж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
- Насанд хүрээгүй хохирогч Ж.Сы хууль ёсны төлөөлөгч С.Ж мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний том охин С, хоёр дахь хүү С нар Ө сумын ... дугаар сургуульд суралцдаг. Охин С нь 6-р анги, хүү С нь 4-р ангид суралцдаг. Тус сургуулийн дотуур байранд хамт амьдардаг. Тэр хоёр хоёулаа өдөр хичээлд явдаг юм. Миний хүү тухайн өдөр хичээлдээ явахаар замаар хөндлөн гарч яваад машинд мөргүүлсэн байсан. Хүүгийн минь зүүн талын сүүжний яс хугарснаас өөр гэмтэл учраагүй. Хүүхдийн эмчилгээ болон бусад зардалд гарсан 2.000.000 төгрөгийг С эмч төлж барагдуулсан. Мөн Ж.С нь өөрөө эмч хүн болохоор хүүгийн эмчилгээний асуудлыг бүрэн хариуцаж, бүх талаар тусалж, цаашид хэрхэх талаарх зөвлөгөөг ч маш сайн өгсөн. Ж.С эмч өөрөө миний хүүхдэд эмчилгээ хийлгэж өгсөн. Тиймээс одоо бидэнд Ж.Саас нэхэмжлэх зүйл юу ч байхгүй, бид түүнийг уучилсан, харин ч хүүгийн минь гэмтлийг эдгэрэхэд эрүүл мэнд, эд материалын тал дээр маш их дэмжлэг үзүүлсэн тэр хүнд баярлалаа гэж хэлмээр байна. Иймд энэ хэргийг хааж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-26, 103 дахь тал/,
- Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Е 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 419 дугаартай “Иргэн Ж.Сий биед аарцагны зүүн талын сүүжний дэлбээ ясны (ташаа яс) битүү хугарал, хэвлийн баруун хэсэгт зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй....” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 50-51 дэх тал/,
-Ховд аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн химийн шинжээчийн 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн ХОВ0325/104 дугаартай “Ховд аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Б.Ц 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн ХОВО0325/104 дугаартай “Ж.С гэж хаягласан, СО7519449 дугаартай хуруу шилтэй цус нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн цусанд спиртийн агууламж илрээгүй. Шинжилгээ хийх явцад ач холбогдол бүхий бусад зүйл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 66-68 дахь тал/,
-Мөрдөгчийн 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн магадлагаа /хавтаст хэргийн 71-73 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, энэ хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт:
5.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг хооронд нь болон бусад баримтуудтай харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход дараах үйл баримт тогтоогдов.
6. Шүүгдэгч Ж.С нь 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 13-14 цагийн орчимд өөрийн эзэмшлийн 92-99 БӨТ улсын дугаартай “T H-N215" загварын тээврийн хэрэгсэл жолоодон Баян- Өлгий аймгийн Ө сумын ... дугаар /Ховд гол/ багийн нутаг дэвсгэрт байрлах Өлгий сумын Засаг даргын тамгын газрын урд замаар хөдөлгөөнд оролцох явцдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.", 16.1 дэх хэсэгт "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө." гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан бага насны хүүхэд болох Ж.Сыг мөргөж, эрүүл мэндэд нь аарцагны зүүн талын сүүжний дэлбээ ясны (ташаа яс) битүү хугарал, хэвлийн баруун хэсэгт зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр хохирол учруулсан болох нь нотлогдон тогтоогджээ.
7. Шүүх хуралдаанаар сэргээн тогтоосон дээрх хэргийн үйл баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явц байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-05 дахь тал/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хавтаст хэргийн 06-09 дэх тал/, хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дэх тал/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, / хавтаст хэргийн 12-13 дахь тал/, насанд хүрээгүй хохирогч Ж.Сы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/, насанд хүрээгүй хохирогч Ж.Сы хууль ёсны төлөөлөгч С.Ж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-26, 103 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 419 дугаартай “Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Х.Е дүгнэлт /хавтаст хэргийн 50-51 дэх тал/, Х аймаг дахь бүсийн Шүүх шинжилгээний төвийн химийн шинжээчийн 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн ХОВ0325/104 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 66-68 дахь тал/, мөрдөгчийн 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн магадлагаа зэрэг нотлох баримтуудын хүрээнд эргэлзээгүй, хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
8. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв гэж үнэлэв.
Хэргийн үйл баримтад шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт:
1. Прокурорын 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2513000000220 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 190 дугаартай яллах дүгнэлт зэргээр шүүгдэгч Ж.Сы дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, ял сонсгосон нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилсан ба мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт тооцохоор заажээ.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилжээ.
4. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм.
5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Захиргааны хэм хэмжээний акт” нь Замын хөдөлгөөний дүрэм мөн болох нь дараах байдлаар нотлогдож байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно” гэж, 4.2 дахь хэсэгт “Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн газар батална” гэж тус тус заасан байна.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 239 дугаартай “Дүрэм шинэчлэн батлах тухай” тогтоолын хавсралтаар “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийг хуульд нийцүүлэн шинэчлэн баталсан байх тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь бүх нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн халдлагын зүйл болох бөгөөд шүүгдэгч Ж.С нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг баримтлах үүрэгтэй байна.
7. Гэтэл шүүгдэгч Ж.С нь 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр ... Б... улсын дугаартай “T H-N215" загварын тээврийн хэрэгсэл жолоодон Баян-Өлгий аймгийн Ө сумын ... дугаар /Ховд гол/ багийн нутаг дэвсгэрт байрлах Өлгий сумын Засаг даргын тамгын газрын урд замаар хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.", 16.1 дэх хэсэгт "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө." гэх заалтыг тус тус зөрчиж, явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан бага насны хүүхэд болох Ж.Сд зам тавьж өгөөгүй, мөн хөдөлгөөнд нь аюул саад тулгарсан тохиолдолд хурдаа хасаж, тээврийн хэрэгслийг зогоох арга хэмжээ аваагүйн улмаас бага насны хүүхдийг мөргөж зам тээврийн осол гаргасан үйл баримт, хэргийн нөхцөл байдал нотлох баримтуудын хүрээнд бүрэн тогтоогджээ.
Шүүгдэгч Ж.Сы зам тээврийн осол гаргаж, бага насны хүүхэд Ж.Сыг мөргөж гэмтээсэн үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Ж.Сы эрүүл мэндэд аарцагны зүүн талын сүүжний дэлбээ ясны (ташаа яс) битүү хугарал, хэвлийн баруун хэсэгт зулгаралт, зүүн гуянд цус хуралт бүхий, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах, Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т заасан хүндэвтэр зэрэгт хамаарах хохирол учирсан нь Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Е 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 419 дугаартай дүгнэлтээр нотлогдож байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүндэвтэр хохирол учруулсан” гэх материаллаг шинжийг хангаж байна.
8. Шүүгдэгч Ж.С нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, зам тээврийн осол гаргасан үйлдэл, насанд хүрээгүй хохирогч Ж.Сы эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.
9. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн обьектив, субьектив шинжийг бүрэн агуулж байх тул прокуророос шүүгдэгч Ж.Сд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдаж, зүйлчлэл тохирчээ.
10. Иймд шүүгдэгч Ж.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
11. Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч Ж.Сы анхаарал, болгоомжгүй нөхцөл байдал шууд нөлөөлсөн гэж шүүх үзлээ.
12. Шүүгдэгч Ж.С нь зам тээврийн ослын дараа хохирогч бага насны хүүхэд Ж.Сд эмнэлгийн болон бусад туслалцааг үзүүлж, гэмт хэргийн хор уршигт 2.000.000 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ж мөрдөн байцаалтын шатанд “Миний хүүгийн эмчилгээ болон бусад зардалд гарсан 2.000.000 төгрөгийг Ж.С бүрэн төлж барагдуулсан. Ж.С эмч хүүгийн минь хөлийг эмчлэхэд бүх талаар тусалж, эмчилгээ хийлгэж өгснөөр миний хүүгийн хөл эдгэрсэн, маш сайн байгаа, өөрөө явж байгаа. Ийм учраас Ж.Саас ямарч хохирол нэхэмжлэхгүй” гэх мэдүүлгийг өгсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж.Саас гаргуулж насанд хүрээгүй хохирогч Ж.С, түүний хууль ёсны төлөөлөгч С.Ж нарт олгох хохирол, хор уршиггүй гэж шүүх үзлээ.
13. Шүүгдэгч Ж.Сы зам тээврийн осол гаргаж, насанд хүрээгүй хохирогч Ж.Сыг мөргөж гэмтээсэн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Ж.С нь Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас 298.720 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. /хавтаст хэргийн 109 дэх тал/,
Мөрдөн байцаалтын шатанд Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн даатгалын байгууллагын төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д.М нь насанд хүрээгүй хохирогч Ж.Сы эмчилгээний зардалд гарсан дээрх төлбөрийг гэм буруутай этгээдээс төлүүлэхээр нэхэмжилсэн байх тул шүүгдэгч Ж.Саас гэмт хэргийн хор уршигт 298.720 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот санд төлүүлэхээр шийдвэрлэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Ж.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, шүүгдэгч Ж.С нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хэрэг хариуцах чадвартай” болох нь тус тус тогтоогдож байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Улсын яллагчаас шүүх хуралдаанд: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Сд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 6 сарын хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг,
3.Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б шүүх хуралдаанд: “Шүүгдэгч Ж.Сд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах, 2700 нэгжтэй тэнцэх буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг,
4. Шүүгдэгч Ж.С шүүх хуралдаанд: “Хуулийн дагуу хөнгөлөлт үзүүлж өгнө үү, хийсэн хэрэгтээ харамсаж, гэмшиж байна” гэх мэдүүлгийг тус тус гаргав.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.
7. Шүүгдэгч Ж.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.
8. Шүүгдэгч Ж.С нь хувийн байдлын хувьд 1966 онд төрсөн, 58 настай, хүний их эмч мэргэжилтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдож, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирол, хор уршгийг арилгасан зэргийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй.
9. Иймд шүүгдэгч Ж.Сы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдож, гэмт хэргийн хор уршгийг бүрэн арилгасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, түүний нас, гэм буруугаа ухамсарлан ойлгож гэмшиж байгаа хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Сд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэв.
10. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.С нь торгох ялыг хуульд заасан 90 хоногийн дотор сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
11. Шүүгдэгч Ж.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн CD дүрс бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, шүүгдэгч Ж.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш с ургийн овогтой Жгийн Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Сд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долон зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.С нь торгох ялыг хуульд заасан 90 хоногийн дотор сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.С нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ж.Саас гаргуулж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ж олгох хохирол, хор уршиггүй болохыг мэдэгдэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.Саас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 289.720 /хоёр зуун наян есөн мянга долоон зуун хорь/ төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот санд нөхөн төлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Ж.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг CD дүрс бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ж.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Б