Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 102

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Батбилгүүн,

Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгч: А.Б, түүний өмгөөлөгч Э.Наранцацрал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ан Бд холбогдох 1728000000016 дугаартай нэг хавтас хэргийг 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар:

А.Б нь 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Баяндалай сумын төвөөс хойш 9 километрт 86-89 УНУ улсын дугаартай ланд круйзер 70 маркийн өөрийн эзэмшлийн автомашиныг согтуугаар жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.7а дахь хэсгүүдэд заасан заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргаж Э.Аын биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

А.Б нь нь 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Баяндалай сумын төвөөс хойш 9 километрт 86-89 УНУ улсын дугаартай прадо маркийн өөрийн эзэмшлийн автомашиныг согтуугаар жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.7а дахь хэсгүүдэд заасан заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргаж Э.Адъяагийн биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж  хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч А.Батжаргал нь 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 18 цагийн үед  Өмнөговь аймгийн Баяндалай сумын төв рүү 86-89 УНУ улсын дугаартай ланд круйзер маркийн автомашиныг согтуугаар жолоодож зорчигч Э.Адъяа, Э.Дашдэндэв, Б.Бямбадэлгэр нарыг суулган сумын төвийн дэлгүүрт очиж 3 шил архи, тамхи, компот худалдан авч, сумын хойно байх дэнж дээр худалдан авсан 1 шил архиа хуваан уусан бөгөөд тээврийн хэрэгслийг хурд хэтрүүлэн жолоодож явсан. Тухайн үйлдэл нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7а “согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 9.2-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас автомашин замын дэржигнүүрт цохигдоход тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авч чадалгүй зам тээврийн осол гаргасан үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч А.Батжаргалын гэм буруутай  үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэлд зорчиж явсан  Э.Адъяагийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон байна. Үүнд:

Шинжээчийн дүгнэлт №41 “ Ланд круйзер 70” маркийн 86-89 УНУ улсын дугаартай автомашины жолооч Аюуш овогтой Батжаргал нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т  заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг мөн дүрмийн 2.7 а-д заасан “согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна гэх дүгнэлт /хх-39 дүгээр хуудас/,  

Хохирогч Э.Адъяагийн... “2017 оны 07 дугаар сарын 31-ний орой Баяндалай сумаас Б.Бямбадэлгэр, Э.Дашдэндэв, А.Батжаргал бид машинтай явж байгаад зогсож 0.75 граммын архи хувааж уусан. Би жолоочийн хажууд суусан. Машиныг А.Батжаргал жолоодож явсан. Архиа ууж дуусгаад цаашаагаа явж байгаад осолд орсон. Батжаргал архи уугаад хөдлөхөд гайгүй байсан. Батжаргал машинаа хөдөлгөөд явахдаа хурдтай хөдөлсөн. Тэгэхээр нь би зөөлөн яваарай гэж хэлж байсан. Тухайн үед гадаа бүрэнхий болж байсан. Гомдол, нэхэмжилж байгаа зүйл байхгүй” /хх-ийн 13-14 дүгээр хуудас/

            Гэрч Э.Дашдэндэвийн... “2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр манай төрсөн ах Адъяагийн хүүхдийн үсний үргээлэг найр болсон. Хүүхдийн үсний найр дууссаны дараа 17 цагийн орчимд Батжаргал Баяндалай сум руу архинд явъя гэхэд эгч Долгормаа нь юу яриад байгаа юм бэ,  архи уучихаад машин барьж явах гэлээ гэхэд Батжаргал эгчийнхээ үгэнд оролгүй Бямбадэлгэр, манай ах Адъяа болон намайг явъя гэсэн. Бид гурав машинд нь суусан 18 цаг өнгөрөөгөөд Баяндалай сумын төвд ирсэн. “Тод сайхан” дэлгүүрээс хоёр шил дарс худалдаж авсан. “Маргад” дэлгүүрээс 0,75 литрийн Хар Чингис архи авсан. 19 цаг өнгөрөөгөөд сумын төвөөс гарч сумын хойд дэнж дээр архи ууцгаасан. Бямбадэлгэр бид хоёр хойд суудал дээр сууж байсан. Архи өгөхөөр нь бид хоёр уухгүй хаалгаар асгачихаад аягыг нь хоосон өгөөд байсан. Манай ах Адъяа жолоочийн хажуудах суудал дээр сууж байсан. Машиныг Батжаргал жолоодож явсан. Адъяа, Батжаргал хоёр архины ихэнхийг нь хуваагаад уучихсан. Архиа ууж дуусаад хөдөлсөн. Батжаргал хөдлөхдөө хаазыг тулгаад их хүчтэй хөдөлсөн. Би архи уугаагүй болохоор машиныг чинь жолоодъё гэж Батжаргалд хэлэхэд Батжаргал юу гэнээ гээд хааз өндөртэй хүчтэй яваад байсан. Би айгаад наана чинь эвгүй ганга байдаг юм зөөлөн яв гэж хэлээд байхад Батжаргал улам хүчтэй машинаа үсэргэж маш эвгүй явж байгаад гэнэт л машиныхаа рулыг баруун гар тал руугаа огцом дарсан машин хөндөлдөж яваад тэгшрэх шиг болсон гэнэт л Бямбадорж бид хоёр машины арын багажинд орчихсон машин хажуугаараа унасан байсан. Хаалгыг нь шууд хөлөөрөө жийж эвдээд гарсан. Машинаас гарч ирэхэд манай ах Адъяа машины хаалганд даруулчихсан хэвтэж байсан. Жолооч Батжаргал машин дотроо рулээ тэвэрчихсэн байсан. Удалгүй жижиг машинтай ах юу болов яасан бэ гээд ирсэн. Машин  доор нь хүн дараатай байхыг хараад машин аваад ирье гээд явсан. Хөдөөний ах фургон машин унаж ирээд унасан машиныг татаж босгоод машины доор дарагдсан манай ах Адъяаг гаргаж авсан. Адъяа ах ямар ч ухаангүй байсан. Батжаргал цээжин дээр нь дарж хиймэл амьсгаа хийе гээд байсныг хөдөөний ах машин доор дарагдсан гэмтэлтэй хүнийг цээж рүү нь хамаагүй дарж болохгүй гээд толгойг нь хүйтэн усаар шавьссан Адъяа ах ухаан орсон. Бид нарт тусалдаг ах Баяндапай сум руу эмнэлэгт дуудлага өгсөн. Удалгүй сумын төвөөс эмч цагдаа хамт ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/

            Гэрч Б.Бямбадэлгэрийн... “2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Сэврэй сумын Хоолт баг Цагаан тогой гэх газарт Адъяагийнх хүүхдийнхээ даахийг үргээх ёслол хийсэн. 16 цагийн үед цайллага дууссан. Би тухайн үед жаахан халамцуу байсан. Батжаргал, Дашдэндэв, Адъяа бид гуравыг Баяндалай сум руу хамт явъя гэсэн. Батжаргалын эгч Долгормаа нь архи уучихаад машин барих гэлээ явуулахгүй гээд Батжаргалыг загнасан. Батжаргал зүгээрээ гээд Адъяа, Дашдэндэв бид гурвыг хурдан суу явъя гэсэн бид гурав машинд нь суусан. 18 цагийн орчимд бид 4 Баяндалай суманд ирсэн. Батжаргал сумын төвийн дэлгүүрээс 3 шил архи авсан. Яг ямар дэлгүүрээс ямар нэртэй архи авсаныг нь мэдэхгүй байна. 19 цагийн орчимд бид 4 Баяндалай сумаас хойшоо дэнж дээр гарч зогссон. Архийг Батжаргал аягалж өгсөн. Дашдэндэв бид хоёр уугаагүй. Нүдийг нь хариулж байгаад хаалганы завсраар асгачаад байсан. Урд сууж байсан Адъяа, Батжаргал хоёр архи уусан. Тэнд 1 шил 0,75 литрийн архи дуусгаад хөдөлсөн. Батжаргал машин жолоодож явсан. Хөдлөхдөө маш өндөр хаазтай хөдөлсөн. Дашдэндэв би машиныг чинь жолоодъё гэхэд Батжаргал би рулээ шилжүүлдэггүй гээд хурдаа нэмээд явсан. Би хурдны миллийг нь хархад 100 км цаг хурдаас илүү гарсан байсан. Машин ойж буугаад яваад байсан. Би аяаар зөөлөн яваачээ гэсэн Батжаргал сонсож байгаа шинжгүй байсан. Дашдэндэв наана чинь огцом уруу ганга байдаг юм шүү аяаар яваарай гэхэд Батжаргал юу гэнээ гээд байсан. Удалгүй машин муригнаад шарваад байх шиг байсан нэг мэдсэн Дашдэндэв бид хоёр машины арын багажин дотор орчихсон машин хажуугаараа унасан байсан. Машин сумаас хойшоо явж байсан. Унахдаа сумын төв рүү урагшаа харж унасан байсан. Дашдэндэв бид 2 машинаас гархад Адъяа машины хаалган доор дарагдсан байсан. Батжаргал машин дотроо рулынхээ ард байсан. Ойрхон хөдөө айл байсан. Нэг жижиг цагаан машинтай ах ирээд яасан юу болов гээд машин доор дараатай байсан Адъяаг хараад том машин аваад ирье гээд явсан. Тэр дороо нөгөө ах фургон машин унаж ирээд машиныг троссоор холбож байгаад зүүнээс баруун тийш татаж босгосон. Адъяаг машин доороос гаргаж авсан. Машиныг татаж босгосон ах сумын төв рүү эмнэлэгт дуудлага өгсөн. Сумын төвөөс эмч, цагдаа нар хамт ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 22 дугаар хуудас/

            Гэрч Б.Энхтүвшингийн... “2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 21 цаг өнгөрч байх үед би хедөө гэрийнхээ гадаа сууж байхад сумын төвөөс хойшоо Төхөм баг руу явдаг замаар нэг машин маш их хурдтай явж байгаад нэг мушгаан дээр ойчиж байгаа харагдсан. Машин нэг өнхрөөд хажуугаараа унасан харагдсан. Шөнө байсан болохоор гэрэл нь тэгж харагдсан. Би санота 5 маркийн машинтай хэргийн газар очсон. Машин зүүн гар талаар хажуугаараа унасан байсан. Машины гадаа 2 хүн зогсож байсан. Жолоочийн цээж нь рулнийхээ ард хөл нь газар гишгэсэн байдалтай зогсож байсан. Нөгөө нэг хүн нь цээжин биеэрээ машинд дараатай байсан. Би гэрлүүгээ буцаж яваад тросс аваад өөрийнхөө машинаар унасан машиныг татах гээд троссоо унасан машинд холбож байхад манай аав Бат-Өлзий фургон машинтайгаа ирсэн. Аав өөрийнхөө машинаараа унасан машиныг зүүн талаас нь баруун зүгт татаж босгосон. Машины доор дараатай байсан хүнийг хамт явсан хүмүүс нь гаргаж авсан. Тэгээд сумын эмнэлэгт дуудлага өгсөн. Удалгүй сумын төвөөс эмч, цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/

Гэрч А.Бат-Өлзийгийн... “2017 оны 07 дугаар 31-ний өдөр 21 цаг өнгөрч байх үед би өвөлжөө дээрээ очоод гэртээ ирэхэд гэрт байсан хүүхэд агаа онхолдсон машин татаж босгох гээд явсан. Машин доор нь хүн дарагдсан байна гэсэн гэж хэлсэн. Би сандраад өөрийн фургоныг асааж унаад хэргийн газар очсон. Намайг осол болсон газар очиход манай хүү Энхтүвшин хажуугаараа унасан байсан машинд тросс бэхлээд зогсож байсан. Би өөрийнхөө машинаар унасан байсан машиныг баруун талаас нь татаж босгосон. Машины доор дараатай байсан хүнийг хамт явсан хүмүүс нь гаргаж авсан. Тэгээд би сумын эмнэлэг рүү дуудлага өгсөн. Сумаас эмч, цагдаа ирсэн. Эмч осолд орсон хүмүүст эмнэлэгийн тусламж үзүүлсэн. Машинаасаа буухад машин доор дараатай байсан хүн ухаангүй байдалтай байсан. Хамт явсан хүмүүс нь ухаангүй хүнээ тойроод хүн алчихлаа гээд байцгаасан. Өөрийгөө би жолоодож явсан гээд хэлээд зогсож байсан залуу болон машин доор дараатай байсан залуу хоёроос архи их үнэртэж байсан. Нөгөө ард нь сууж явсан гэх 2 эрэгтэй архи уугаагүй юм шиг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

            Шүүгдэгч А.Батжаргал мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн... “2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр би өөрийн 86-89 УНУ улсын дугаартай Ланд круйзер 70 маркийн тээврийн хэрэгслээ жолоодоод Баяндалай сумын төвөөс хойш 8 километрт явж байсан миний машины тормос өрөөл барьдаг байж байгаад хайрган дээр шидүүлээд унасан. Тухайн үед цаг оройны 21 цаг өнгөрч байсан. Машинд Э.Дашдэндэв, Э.Адъяа, Б.Бямбадэлгэр нар явж байсан. Би тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би 70-80 километрийн хурдтай явж байсан. Би машиныг жолоодож явсан. Адъяа жолоочийн хажуу талд, ард Б.Бямбадэлгэр, Э.Дашдэндэв хоёр сууж явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/, “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн №347 дугаар дүгнэлт: 1. Э.Адъяагийн биед тархи доргилт, 2 нүдний алимны салстын цус харвалт, эгэм яс, баруун хөндийн хий шингэн хуралдалт, баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нүүрний зүүн хэсэг, баруун дал, мөр, бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12 заалтаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.

4. Архаг өвчин тогтоогдсонгүй. /хх-ийн 30 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.08.03-ны өдөр №348 дугаар дүгнэлт: 1.2.3.4.5. Дашдэндэвийн биед ямар нэгэн гэмтэл тогтоогдсонгүй. /хх-ийн 33 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017.08.03-ны өдөр №349 дүгээр дүгнэлт:1. Бямбадэлгэрийн биед баруун өвдөгний жижиг цус хуралт, зулгаралт гэмтэл үүсчээ.

2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой.

3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар биеийн эрүүл мэндийг сарниулах гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Архаг өвчин тогтоогдсонгүй. /хх-ийн 36 дугаар хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл 2017.07.31-ний өдөр, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-08 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч А.Батжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар Автотээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3-д зааснаар “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэснээр шүүгдэгч А.Батжаргалын үйлдсэн гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч А.Батжаргалын гэм буруутай үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч А.Батжаргал тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг дахин нийгэмшүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэх тул  шүүгдэгч А.Батжаргалд  эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдол эрх хасах ялыг заавал оногдуулна гэсэн байх тул шүүгдэгч А.Батжаргалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хасаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хугацааг тоолох нь зүйтэй.

          Шүүгдэгч А.Батжаргал 2013 оны 09 сарын 03-ны өдөр төрсөн охин Аминзаяагийн хамт ам бүл 2 оршин суудаг гэх мэдүүлэг болон Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны засаг дарга Ж.Батцэнгэлийн гаргасан “ А.Батжаргал нь охин Аминзаяатайгаа хоёул оршин суудаг” гэх тодорхойлолтоор шүүгдэгчийг ганц бие эцэг гэж үзэх үндэслэл хангалттай тогтоогдохгүй байх тул хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шийдвэрлэлээ.

          Ланд круйзер 70 маркийн 86-89 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь А.Батжаргал болох нь №01493287 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

Эрүүгийн 1728000000016 дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:

А.Батжаргалын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48 дугаар хуудас/,

Ланд круйзер 70 маркийн 86-89 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 49 дүгээр хуудас/

Б.Аминзаяагийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 69 дүгээр хуудас/

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-68 дугаар хуудас/

Хохирогч Э.Адъяагийн эмчилгээ, шинжилгээний төлбөр төлсөн баримтууд /хх-73-77 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Хэрэгт эд мөрийн баримт хураан авсан Боржигон овгийн Аюушийн Батжаргалын №343202 дугаарын В,С,D ангилалын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүчинтэй жолооны үнэмлэхийг /хх-ийн 10 дугаар хуудас/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан цагдаагийн газарт хүргүүлж шийдвэрлэлээ.

Хохирогч Э.Адъяад эмнэлэг ор хоног, эмчилгээний төлбөр 950000 төгрөг шүүгдэгч А.Батжаргал төлж барагдуулсан учир хохирол төлбөр төлөгдсөн, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч А.Батжаргал нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болох дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг,  36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овгийн А Быг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэргийг согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар шүүгдэгч А.Бд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бын B,C,D ангиллын тээврийн хэрэгслийн жолоочийн эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

4. Шүүгдэгч А.Б тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болгоомжгүй гэмт хэрэг үйлдвэл тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, ялтны хувийн байдлыг харгалзан шийдвэрийг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэх журамтай болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч А.Бын №343202 дугаартай В,C,D ангиллын тээврийн хэрэгслийн жолоочийн эрхийн үнэмлэхийг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан Цагдаагийн газарт хүргүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бл нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Батжаргал нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.ТӨМӨРХҮҮ