Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2021/ДШМ/636

 

 

 

 

 

 

     2021            6              29                                       2021/ДШМ/636

                                                       

Э.Нт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ганхөлөг,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 197 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Нын өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан давж заалдах гомдлоор Э.Нт холбогдох 2105000000099 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Х овгийн Эы Н, 1985 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Нисэх зурвас” ХХК-д захирал ажилтай, ам бүл 3, эх, охины хамт -тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;

            Шүүгдэгч Э.Н нь 2021 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 83 дугаар байрны гадаа ил зогсоолд байрлуулсан хохирогч Л.Цгийн эзэмшлийн 24-52 УНА улсын дугаартай “Prius 30” загварын тээврийн хэрэгслийн баруун, зүүн толь зэрэг эд хөрөнгийг гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Э.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овогт Эы Ныг “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ныг 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Наас 570.000 төгрөг гаргуулан хохирогч Л.Цд олгохоор шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Э.Нын өмгөөлөгч Ж.Гантулга гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгт “...Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба шүүх шүүгдэгч Э.Нын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ. ...” гэжээ. Мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Н үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшин, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн нь эрүүгийн хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг. Шүүгдэгч Э.Н гэмт хэргийн улмаас хохирогч Л.Цд учруулсан 570.000 төгрөгийн хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн, анх удаа, тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал эрүүгийн хэрэгт тогтоогддог. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан үндэслэлийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэгт тооцогддог. Хэргийг анх удаа үйлдсэн байдал, түүний хавтас хэрэгт авагдсан хувийн байдлуудыг харгалзан шүүхээс түүнд оногдуулсан торгуулийн ялын хэмжээг багасган хөнгөрүүлж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 197 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.

            Прокурор Г.Ганхөлөг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 450 нэгжээс 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар заасан. Прокурорын зүгээс торгох ялын санал гаргасаны дагуу анхан шатны шүүх шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэж байна. Үйлдсэн гэмт хэргийн хувьд тохиолдлын шинжтэй бус санаатай үйлдсэн. Хохирлыг нөхөн төлөөгүй хэдий ч нөхөн төлнө гэдгээ илэрхийлсэн. Иймд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

            Шүүгдэгч Э.Н нь 2021 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 83 дугаар байрны гадаа ил зогсоолд байрлуулсан хохирогч Л.Цгийн эзэмшлийн 24-52 УНА улсын дугаартай “Prius 30” загварын тээврийн хэрэгслийн баруун, зүүн толийг гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш буюу 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            хохирогч Л.Цгийн “...2021 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө 03 цагийн үед ... гэрийнхээ цонхоор харахад ... миний автомашины баруун талын толийг өшиглөж хугалж байгаа харагдсан тэгэхээр нь тоохгүй орхисон. Маргааш өглөө нь босож ирээд автомашин дээрээ ирэхэд хоёр талын толийг нь хугалсан байхаар нь би Н руу залгаад “яаж байгаа юм” гэж хэлэхэд Н “чи битгий хуц, солиор” гээд утсаа таслаад удалгүй буцаж залгаад “уучлаарай би толийг чинь янзлуулж өгнө” гэж хэлсэн. ...” /хх 13/,

            Э.Нын яллагдагчаар өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ... хамт ажилладаг Сайнбаяр гэж хүнтэй нэг шил архи хувааж уусан архи ууж дуусаад орой 22 цагийн үед Ц руу залгасан боловч Цгийн утас нь холбогдохгүй байсан. Тэгэхээр нь би Цгийн ... гэрийнх нь хаалгыг тогшсон. ...Цгийн орцоос гараад автомашины хажууд зогсож байхад Ц над руу залгаад “машинаас хол бай” гэхээр нь Цгийн “Prius 30” загварын автомашины хоёр талын толийг гараа раа цохиж хугалаад яваад өгсөн. ...” /хх 33-35/ гэсэн мэдүүлгүүд,

            автомашины техникийн үнэлгээний тайлан /х.х-ийн 29/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 24-26/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

            Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Э.Н нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

            Шүүгдэгч Э.Нын 2021 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 83 дугаар байрны гадаа ил зогсоолд байрлуулсан хохирогч Л.Цгийн эзэмшлийн 24-52 УНА улсын дугаартай “Prius 30” загварын тээврийн хэрэгслийн баруун, зүүн толь зэрэг эд хөрөнгийг гэмтээсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

            Шүүгдэгч Э.Нын өмгөөлөгч Ж.Гантулга “...Шүүгдэгч Э.Н гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн, анх удаа, тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал эрүүгийн хэрэгт тогтоогддог. ...Хэргийг анх удаа үйлдсэн байдал, түүний хавтас хэрэгт авагдсан хувийн байдлуудыг харгалзан шүүхээс түүнд оногдуулсан торгуулийн ялын хэмжээг багасган хөнгөрүүлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

            Анхан шатны шүүх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Э.Нын хохирогч Л.Цгийн эзэмшлийн 24-52 УНА улсын дугаартай “Prius 30” загварын тээврийн хэрэгслийн баруун, зүүн толь зэрэг эд хөрөнгийг гэмтээсэн нөхцөл байдал дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ныг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюуу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

            Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Нт оногдуулсан ял нь түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд нь тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хуульд заасан ялын төрөл, хэмжээний дотор оногдуулсан зүйн үндэслэлтэй байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Нын өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 197 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Нын өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                          Д.МӨНХӨӨ

                        ШҮҮГЧ                                                                                   Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                        ШҮҮГЧ                                                                                   Г.ЕСӨН-ЭРДЭНЭ