| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2022/03179/И |
| Дугаар | 181/ШШ2022/02949 |
| Огноо | 2022-12-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 181/ШШ2022/02949
2022 12 13 181/ШШ2022/02949
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т.А-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ГС ХХК /РД:/-д холбогдох,
2021.03.15-ны өдрийн орон сууц захиалгын гэрээг цуцалж, 40,372,220 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Болорчимэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөлгч П.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.А нь ГС ХХК-тай 2021.03.15-ны өдөр №21/03/019 дугаар Орон сууц захиалгын гэрээ-г байгуулсан ба тус гэрээгээр гүйцэтгэгч "Г С" ХХК-ийн Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, 16 давхар 2 блок 180 айлын "Голконда апартмент 3" төслийн А блокын 5 давхрын Е тоот орон сууцны зориулалттай 40,78 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг гэрээнд заасан хугацаа болох 2022.07.31-ний өдөр захиалагч Т.Ад хүлээлгэн өгөх, захиалагчаас гүйцэтгэгч ГС ХХК-д дээрх захиалсан орон сууцны нийт төлбөр болох 40,372,200 төгрөгийг гэрээ байгуулагдмагц төлж барагдуулах үүргийг тус тус хүлээсэн.
Гэвч захиалагчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж гэрээнд заасан /2022.07.31-ний өдөр/ хугацааны дотор орон сууцыг барьж ашиглалтанд оруулалгүй өнөөдрийг хүрсэн ба гэрээнд заагдсан орон сууц баригдах газарт барилгын суурьнаас өөрөөр бүтээн байгуулалт хийж чадаагүй. Цаашид захиалагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлнэ гэдэгт Т.А нь итгэлгүй болсон тул ГС ХХК-тай 2021.03.15-ны өдөр байгуулсан "Орон сууц захиалгын гэрээ"-г цуцалж, хариуцагч ГС ХХК-д шилжүүлсэн 40,372,220 төгрөгийг нэхэмжлэгч Т.Ад буцаан гаргуулж өгнө үү гэв.
Нотлох баримт: нэхэмжлэгч талаас Т.Агийн иргэний үнэмлэх болон гадаад паспортын хуулбар, Т.Агийн ГС ХХК-д төлбөр төлсөн 2021.03.15-ны өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримт, 2021.03.15-ны өдрийн 21/03019 дүгээр Орон сууц захиалгын гэрээ зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагч талаас ГС ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Шүүхийн журмаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022.11.18-ны өдрийн 10/9993 дугаар албан бичиг, ГС ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагааг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.А нь хариуцагч ГС ХХК-д холбогдуулан 2021.03.15-ны өдрийн орон сууц захиалгын гэрээг цуцалж, 40,372,220 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
1. Т.А нь ГС ХХК-тай 2021.03.15-ны өдөр №21/03/019 дугаар Орон сууц захиалгын гэрээ-г байгуулж, ГС ХХК нь Баянзүрх дүүрэг, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 16 давхар 2 блок 180 айлын "Голконда апартмент 3" төслийн А блокын 5 давхрын Е тоот орон сууцны зориулалттай 40,78 м2 талбай бүхий 2 өрөөг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөх үүргийг, Т.А нь орон сууцны үнэ 40,372,200 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээжээ.
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй.
2. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
2.1. Нэхэмжлэгч Т.А нь гэрээний 2.1, 2.2.-д заасан орон сууцны үнэ 40,372,200 төгрөгийг гүйцэтгэгч компанийн захирал С.Бодьмаралын ХААН банкны 5429401193 тоот дансанд төлөх үүргийнхээ дагуу 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 40,372,200 төгрөгийг төлсөн болох нь Бэлэн мөнгөний орлогын баримт-аар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 6 хуудас/
2.2. Гэрээний 3.1, 3.4-д зааснаар ГС ХХК нь батлагдсан зургийн дагуу барилгын ажил, заслыг чанартай хийж гүйцэтгэсэн, чанарын сайн дүнтэйгээр улсын комисс хүлээн авсан орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөх, 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр захиалагчид орон сууцны түлхүүрийг гардуулан өгөх үүргийг хүлээсэн байна.
2.2.1. Хариуцагч ГС ХХК нь барилгын ажлыг эхлээгүй, барилга барих үүргээ хугацаанд нь гүйцэтгэж чадахгүй бодит нөхцөл бий болсон, орон сууц ашиглалтад хэзээ орох нь тодорхой бус гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.
Нэхэмжлэгч Т.А нь 2022 оны 7 сараас гэрээнээс татгалзах хүсэлтийг хариуцагчид гаргаж, улмаар гэрээгээр шилжүүлсэн 40,372,220 төгрөгөө буцаан шаардсан нь Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасантай нийцсэн байна.
Нэхэмжлэгч Т.Агийн 2021.03.15-ны өдрийн орон сууц захиалгын гэрээг цуцалж гэх шаардлага нь хариуцагчаас 40,372,220 төгрөгийг гаргуулах шаардлагын үндэслэл болох тул нэхэмжлэлийн шаардлага гэж үзэн шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүйг дурдах нь зүйтэй байна.
3. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч ГС ХХК-иас 40,372,220 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Ад олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
4. Хариуцагч ГС ХХК нь нэхэмжлэлийн хувийг гардан авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д заасан хугацаанд хариу тайлбар, нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул мөн зүйлийн 72.3-д заасны дагуу хэргийг шийдвэрлэсэн болно.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ГС ХХК-иас 40,372,220 /дөчин сая гурван зуун далан хоёр мянга хоёр зуун хорин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Ад олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Т.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 359,812 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ГС ХХК-иас 359,812 /гурван зуун тавин есөн мянга найман зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА