| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2021/01573/И |
| Дугаар | 181/ШШ2022/02384 |
| Огноо | 2022-10-25 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 181/ШШ2022/02384
2022 10 25 181/ШШ2022/02384
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж.Ч-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ЭХ ХХК-д холбогдох,
259,251,673 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч ЭХ ХХК-ийн захирал Б.Э, хариуцагчийн өмгөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Болорчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ТА ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаанд ЭХ ХХК-тай Хамтран ажиллах гэрээ болон Зээл дамжуулан олгох гэрээг хийж, үйл ажиллагаанд шаардлагатай мөнгийг зээлэх, цаашид ашиг хуваах нөхцөлөөр хамтран ажиллахаар тохиролцсон. Хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийг хангах зорилгын хүрээнд шаардлагатай санхүүжилтийг ТА ХХК нь Хас банкнаас зээлж, зээлээр авсан санхүүжилтийг ЭХ ХХК-д олгосон.
Миний бие энэ гэрээ нь хууль ёсны бөгөөд хүчин төгөлдөр гэж үзэж байсан учраас гэрээний үүргийн гүйцэтгэлийг Тахько" ХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн хувьд шаардаж, хэрэгжилтийг хангаж, компаниас гарсан зардлыг нөхөх, улмаар тохиролцооны дагуу цаашид ТА ХХК ашиг хүртэх байдлаар гэрээний хэрэгжилт цаашид хангагдана гэж үзсэн. Гэсэн хэдий ч ТА ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн нэхэмжлэлээр хариуцагч ЭХ ХХК-тай байгуулсан гэрээнүүд нь компанийн тухай хуульд заасан журмыг зөрчсөн буюу ТУЗ-ын зөвшөөрөлгүйгээр хийгдсэн хэлцэл гэж үзэж, компаниас гаргасан зардлыг Ж.Ч надаар төлүүлэхээр шийдвэрлэсэн.
Нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр дээрх хэлцлүүдийг хийхдээ Ж.Ч намайг ТУЗ-ын зөвшөөрлийг авах ёстой байсан гэж дүгнэсэн тул дээрх хэлцлүүдийн дагуу ЭХ ХХК-ийн шилжүүлсэн авсан мөнгөн хөрөнгийн шилжүүлэг үндэслэлгүй буюу хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр санхүүжилт авсан нь тогтоогдсон.
Иймд, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцлийн улмаас ЭХ ХХК-д санхүүжилт олгосон болох нь хожим шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт дүгнэгдсэн тул Монгол улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 492 дугаар зүйлийн 492.1.1, 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт тус тус заасны дагуу хэлцлийн үр дагаврыг арилгаж, ЭХ ХХК-д үндэслэлгүй 2007 онд шилжсэн төлбөр 150,000 ам.доллар, түүнийг өнөөг хүртэл ямар ч хүү, алдангигүйгээр ашиглаж үндэслэлгүй хөрөнгөжсөөр байгаа тул хариуцагчаас 259,251,673 төгрөг, Улсын тэмдэгтийн хураамж 1,454,208.36 төгрөг, нийт 260,705,881.36 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч ЭХ ХХК шүүхэд гаргасан тайлбартаа болон өмгөөлөгч Б.Дамба шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "ЭХ ХХК-ийн захирал Б.Э би 2006.11.22-ны өдөр иргэн Г.Отэй Хамтран ажиллах гэрээ-г байгуулсан. Манай компани татваргүй барааны дэлгүүрийн тусгай зөвшөөрөл авах, тусгай зөвшөөрлийн эрхийг хадгалах, сунгахтай холбоотой асуудлыг хариуцах, мөн гадаад зах зээлээс бараа нийлүүлэх, зээлээр бараа худалдан авах, иргэн Г.О нь татваргүй барааны дэлгүүрийн бараа худалдан авахад эргэлтийн хөрөнгийн зээл, санхүүжилт болон зээлийн барьцаанд тавих хөрөнгийн асуудлыг хариуцахаар тус тус харилцан тохиролцож, үүрэг хүлээсэн юм. Тухайн үед Г.О нь гэрээгээр хулээсэн үүргээ биелүүлж, 150.000 ам долларын хөрөнгө оруулсан нь бодитой юм. Харин манай компанийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ба энэ талаар маргах зүйлгүй.
2009 оны хавар Г.О-ийн ээж, ТА ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Ч надтай ирж уулзаад ...Охиныг гуйгаад байхаар нь цалин мөнгийг нь хасч тооцоод зээл өгсөн. Энэ асуудлаас болж намайг шүүх, цагдаагийн байгууллагад өгч шалгуулна гэж Компанийн Удирдах зөвлөлөөс мэдэгдсэн. ... Охиноо хэл аманд оруулмааргүй байна. Танай компани руу мөнгө шилжүүлсэн юм чинь аль алийгээ бодоод чи надтай гэрээ байгуулчих. гээд гуйхаар нь ТА ХХК-ийн ТУЗ-ын удирдлагад үзүүлэх, харуулах зорилгоор захирал Ж.Чтэй хамтран ажиллах болон зээлийн гэрээ зэргийг дүр үзүүлсэн байдлаар нөхөж хийгээд нотариатаар гэрчлүүлсэн. Өөрөөр хэлбэл ТА ХХК-тай байгуулсан дээрх дүр үзүүлсэн гэрээ, хэлцлүүдийн дагуу манай компани ТА ХХК-иас зээл огт аваагүй.
Л.Буянбатын нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Чд холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн хяналтын шатны шүүхийн 2021.01.26-ны өдрийн 001/XT2021/00079 дугаартай тогтоолын 9 дэх талд заагаагүй этгээдэд холбогдуулан дүгнэлт хийх боломжгүй гэж зааснаас үзэхэд шүүхээс ЭХ ХХК-д холбогдуулан аливаа дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.
2006 онд ТА ХХК, иргэн Г.О нарын хооронд зээлийн харилцаа үүсч, иргэн Оюунгэрэл нь ТА ХХК-иас 150.000 ам доллар зээлж авсан болох нь иргэн Г.О, ЭХ ХХК-ийн хооронд байгуулсан 2006.11.22-ны өдрийн хамтран ажиллах гэрээ болон гэрч Г.Оийн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байгаа ба үүгээр ЭХ ХХК, ТА ХХК-ийн хооронд аливаа гэрээ, хэлцэл бодитой байгуулагдаагүй, дүр үзүүлсэн гэрээ, хэлцлүүд байгуулагдсан болох нь нотлогддог.
Нэхэмжлэгч Ж.Ч нь Л.Буянбатын нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцохдоо өөрийн охин Г.Од олгосон 150.000 ам.долларын зээлийг ТА ХХК-иас ЭХ ХХК-нд олгосон зээл мэтээр дүр үзүүлсэн гэрээ, хэлцлүүдийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн нь 3-н шатны шүүхээс уг хэргийн талаар бодитой дүгнэлт гаргасан гэхэд эргэлзэх үндэслэлтэй байна. Учир нь гэрч Г.Оийн мэдүүлэг нь үүнийг няцаах нотлох баримт ба Г.О нь ТА ХХК-иас 150.000 ам.доллар зээлж, манай компанид хөрөнгө оруулалтаар уг мөнгийг өгсөн тухай нотолдог.
Нэхэмжлэгч Ж.Ч нь "Тахько" ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах байхдаа зохих этгээдийн зөвшөөрөлгүй их хэмжээний хэлцэл хийж, энэхүү гэмт үйлдлээрээ ТА ХХК-нд хохирол учруулсан болохыг шүүхийн шийдвэрээр дүгнэсэн бус, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2016.01.21-ны өдрийн тогтоолоор тогтоосон тул нэхэмжлэгчийн хувьд энэхүү гаргаж буй шаардлагын шаардах эрх нь 2016 оны 01-р сарын 21-ний өдөр үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. Нөгөө талаар Л.Буянбатын нэхэмжлэлтэй Ж.Чд холбогдох хэрэг маргаан нь тухайн ТА ХХК-ийн дотоод асуудал бөгөөд энэ нь ЭХ ХХК-д хамааралгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нотлох баримт: нэхэмжлэгч талаас Ж.Чгийн иргэний үнэмлэхийн хуулбар, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 01 сарын 26-ны өдрийн 001/ХТ2021/00079 дүгээр тогтоол, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 2061 дүгээр албан бичиг, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 30 дугаар албан бичиг, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1101 дүгээр албан бичиг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 644 дугаар шийдвэр, ЭХ ХХК-ийн 2006 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2006/18 дугаар албан бичиг, ЭХ ХХК-ийн 2009 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 7/99 дүгээр албан бичиг, ТА ХХК болон ЭХ ХХК-ийн хооронд байгуулсан Зээл дамжин олгох гэрээ, ТА ХХК болон ЭХ ХХК-ийн хооронд байгуулсан 2007 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ, 2009 оны 04 дүгээр сарын 24-ний ТА ХХК болон ЭХ ХХК-ийн Зээл, зээлийн хүүг төлж барагдуулах график, 2007 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Төлбөрийн даалгавар N:47, 2010 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Байцаасан тэмдэглэл, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 22290274/140 дүгээр Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай мэдэгдэх хуудас, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 22290274/140 дүгээр Төлбөр төлөгчийн банк дахь дансыг битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 22290274 дүгээр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 140/02 дугаар Зарлан дуудах мэдэгдэл, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 140/01 дүгээр Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 183/ГХ2019/00639 дүгээр Шүүхийн гүйцэтгэх хуудас, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШЗ2021/08259 дүгээр захирамж, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 001/ХТ2021/00079 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1358 дугаар магадлал, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2019/00984 дүгээр шийдвэр, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурорын 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 78 дугаар тогтоол, Хас банкны 2007 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Зээлийн санал, Хас банкны 08 дугаар сарын 06-ны өдрийн 41/693 дугаар албан бичиг, Г.Оийн ТА ХХК болон Тахь электроникс ХХК-ийн хооронд байгуулсан 2006 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
Хариуцагч талаас 2006 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2006/01 дүгээр Хамтран ажиллах гэрээ, ЭХ ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын прокурорын 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 486 дугаар тогтоол зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар 2010 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Байцаасан тэмдэглэл, 2014 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Иргэний хариуцагчаар байцаасан тэмдэглэл, 2010 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Гэрч байцаасан тэмдэглэл, 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Гэрчийг байцаасан тэмдэглэл зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Ч нь хариуцагч ЭХ ХХК-д холбогдуулан 259,251,673 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Ж.Ч нь ТА ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үедээ ТА ХХК-ийн зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцлийн улмаас ЭХ ХХК-д санхүүжилт олгосон болохыг тогтоож, 259,251,673 төгрөгийг гаргуулсан шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон гэх үндэслэлээр ЭХ ХХК-ийг 2007 онд шилжсэн 150,000 ам.доллароор үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч, Г.О нь 2006.11.22-ны өдрийн Хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, 150,000 ам,долларын хөрөнгө оруулсан, 2009 оны хавар Ж.Чгийн гуйлтаар ТА ХХК-ийн удирдлагад үзүүлэх харуулах зорилгоор захирал Ж.Чтэй хамтран ажиллах болон зээлийн гэрээ зэргийг дүр үзүүлсэн байдлаар нөхөн хийгээд нотариатаар гэрчүүлсэн, ТА ХХК-иас зээл аваагүй, нэхэмжлэгчийн хувьд шаардах эрх 2016.01.21-ний өдөр үүссэн тул хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
1. Нэхэмжлэгч Ж.Ч нь хуулийн дагуу үүсэх үүргийн харилцааны Үндэслэлгүйгээр хөрөнгөжих буюу Бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэг-ийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардах эрхийн хуульзүйн үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 492 дугаар зүйлийн 492.1.1 гэж тодорхойлсон.
2. Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.04.24-ны өдрийн 984 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.07.24-ны өдрийн 1358 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021.01.28-ны өдрийн 79 дүгээр тогтоолоор Ж.Чг ТА ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2007 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ЭХ ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу ТА ХХК-ийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун сэлбийн гудамж, 22/2 тоот дэлгүүр, засварын цехийн барилгыг барьцаалж 2007 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Хас банкнаас 150 000 ам.доллар зээлж өгсөн ба тухайн хуулийн этгээд зээлийг буцааж төлөөгүйгээс ТА ХХК 2009 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 202 606,85 ам.долларыг банкинд төлсөн нь тогтоогдсон, Хас банк ХХК-тай 2007 онд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний үүрэг нь үнийн дүнгээрээ компанийн их хэмжээний хэлцэлд тооцогдож байхад гэрээ байгуулахдаа компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшөөрөл аваагүй гэх үндэслэлээр ТА ХХК-д учирсан хохирлыг банкинд зээлийн төлбөр төлсөн үеийн ханшаар тооцож 259 251 673 төгрөгийг Ж.Чгээс гаргуулж ТА ХХК-д олгож шийдвэрлэжээ. /хавтаст хэргийн 5-9, 109-138 хуудас/
Уг шийдвэрийн дагуу Ж.Чгээс 259 251 673 төгрөгийг гаргуулж ТА ХХК-д олгох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 101108 хуудас/
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно гэж, мөн хуулийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй: 492.1.1.хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж тус тус заасан.
3. Дээрхи шүүхийн шийдвэрийн дагуу ТА ХХК-ийн хохиролд Ж.Чгээс гаргуулсан, 150 000 ам.долларыг хариуцагч ЭХ ХХК төлөх үүрэгтэй байсан эсэх нь талуудын маргааны зүйл болж байна.
4. ЭХ ХХК нь 2006 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2006/18 дугаар албан бичгээр ТА ХХК-д хандаж, татваргүй барааны дэлгүүр ажиллуулахад эргэлтийн хөрөнгө шаардлагатай байгаа тул ашиг хуваах нөхцлөөр хамтран ажиллах, эргэлтийн хөрөнгийн санхүүжилтэд авсан зээлийг үйл ажиллагааныхаа орлогоор бүрэн хариуцах хүсэлт гаргаж, улмаас ЭХ ХХК нь ТА ХХК-тай 2007 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулж, А тал буюу ЭХ ХХК нь татваргүй барааны дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг авах, эрхээ хадгалах, сунгахтай холбоотой бүхий л асуудлыг хариуцан гүйцэтгэх, гадаад зах зээлээс хямд чанартай бараа нийлүүлэх, зээлээр бараа авах, хамтран ажиллаж буй компаниудын дистрибьютер эрх авах ажлыг хариуцан гүйцэтгэх, дэлгүүрийн үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн санхүүжилт, төлбөр тооцоог /зээл зээлийн хүүгийн буцаан төлөлт, түрээсийн төлбөр, үйл ажиллагааны зардлууд татвар, ажилчдын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал гэх мэт/ үйл ажиллагааныхаа ашиг орлогоос төлж, төлөвлөсөн цэвэр ашгийг олсон байх үүргийг, Б тал буюу ТА ХХК нь татваргүй барааны дэлгүүрийн бараа худалдан авах эргэлтийн хөрөнгийн зээл санхүүжилтийг зээлийн эх үүсвэрээр шийдвэрлэх, батлан даалт гаргах үүргийг тус тус хүлээж, талууд гэрээний үүргээ хэрэгжүүлж дууссанаар хоорондын тооцоо хийх бөгөөд үлдэгдэл цэвэр ашгаас А талд 70%, Б талд 30%-ийг тус тус хуваарилна гэж тохиролцжээ. /хавтаст хэргийн 94, 96 хуудас/
Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу энэхүү хамтран ажиллах гэрээгээр ТА ХХК нь ЭХ ХХК-д зээлдүүлэгчийн хувиар хөрөнгө оруулж, үйл ажиллагааны орлогоос нь зээлээ буцаан төлүүлж, цэвэр ашгийн 30%-ийг авахаар тохиролцсон байна.
Мөн ТА ХХК нь ЭХ ХХК-д санхүүжилт олгох зорилгоор зээл авсан болох нь Хас банкны Зээлийн санал-аар тогтоогдож байгаа бөгөөд талууд Зээл дамжуулан олгох гэрээ-г байгуулж, дээрхи хамтран ажиллах гэрээний дагуу зээлдүүлэгч ТА ХХК нь зээлдэгчид 150 000 ам.долларыг 2007.04.13-ны өдрөөс 2009.1.1-ний өдрийг хүртэл хугацаагаар зээлээр олгох, зээлээр олгох 150,000 ам,долларыг зээлдэгчийн Хасбанкны тооцооны 1 дүгээр төв дэх ЭХ ХХК-ийн 23000181 тоот дансанд шилжүүлэн олгох үүргийг, Зээлдэгч ЭХ ХХК нь зээлээр авсан 150,000 ам,долларыг 2009.01.01-ний дотор зээлдүүлэгчид саадгүй төлөх, сар тутам тооцогдсон төлвөл зохих зээлийн хүүгийн төлбөрийг 2009.01.01-ны дотор бүрэн барагдуулсан байх, барагдуулаагүй тохиолдолд алданги төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хавтаст хэргийн 189-190, 95 хуудас/
ТА ХХК нь дээрхи гэрээнүүдийн үүргээ биелүүлж, 2007.04.13-ны өдрийн Төлбөрийн даалгавар №47-аар ТА ХХК-ийн Хасбанкны 23000178 тоот данснаас, ЭХ ХХК-ийн Хас банкны 23000181 тоот дансанд 150,000 ам,доллар шилжүүлсэн байна. /хавтаст хэргийн 98 хуудас/
5. Хариуцагч ЭХ ХХК нь Ж.Чгийн гуйлтаар ТА ХХК-ийн ТУЗ-ын удирдлагад үзүүлэх, харуулах зорилгоор хамтран ажиллах болон зээлийн гэрээ зэргийг дүр үзүүлсэн байдлаар нөхөж хийгээд нотариатаар гэрчлүүлсэн. Өөрөөр хэлбэл ТА ХХК-тай байгуулсан дээрх дүр үзүүлсэн гэрээ, хэлцлүүдийн дагуу манай компани ТА ХХК-иас зээл огт аваагүй гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан Дүр үзүүлж хийсэн хэлцэлд талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзлэлгүй байдаг буюу хэрэг дээрээ хууль зүйн ямарваа үр дагавар гаргахыг хүсдэггүй. Энэ үйлдлээр гадна талдаа хэлцлийн дүр үзүүлэхийг урьтал болгодог.
Гэтэл дээрхи хэлцлүүдээр ТА ХХК-иас ЭХ ХХК-д 150,000 ам,долларыг шилжүүлсэн, ЭХ ХХК-ийн 2009.03.15-ны өдрийн 1/99 тоот ТА ХХК-ийн ТУЗ-д гаргасан хүсэлтээр 150,000 ам,долларын зээл авснаа хүлээн зөвшөөрч, зээлийн төлбөрийг 2009 онд багтаан барагдуулах хүсэлт гаргаж, талууд 2009.04.24-ний өдөр Зээл, зээлийн хүүг төлж барагдуулах график-аар зээлийн төлбөрийг төлөх хуваарийг тохиролцсон байна. /хавтаст хэргийн 94, 97 хуудас/
Мөн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокурорын 2010-10-13-ны өдрийн 486 дугаар Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор ЭХ ХХК-ийн захирал Б.Э нь 2007-02-27-ны өдөр ТА ХХК-ийн захирал Ж.Чтай хамтран ажиллах гэрээ байгуулан Татваргүй барааны дэлгүүр ажиллуулах нэрийдлээр Хас банкнаас 150,000 ам,долларын зээл авхуулж залилсан гэх гомдлыг шалгаж, гэрээний дагуу иргэний маргаан гэж үзэн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Б.Эыг сэжигтэн болон иргэний хариуцагчаар байцааж авсан тэмдэглэл, гэрч Ц.Доржготов, Ж.Одагардулам нарын мэдүүлэг зэргээр ТА ХХК-иас ЭХ ХХК нь 150,000 ам,долларыг зээлж авсан, буцаан төлөх үүрэгтэй байсан болох нь тогтоогдож байна. /хавтаст хэргийн 196-205, 212 хуудас
Иймд хариуцагчийн хамтран ажиллах болон зээлийн гэрээ зэргийг дүр үзүүлсэн хэлцэл гэх тайлбар үндэслэлгүй байна.
6. Хариуцагч нь 2006.11.22-ны өдрийн Хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ Г.О биелүүлж, 150,000 ам,долларын хөрөнгө оруулсан гэж тайлбарласан.
ЭХ ХХК нь 2007.04.19-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, 1 гишүүнтэй бөгөөд хувьцаа эзэмшигч, захирал нь Б.Э байна. /хавтаст хэргийн 29-30, 70 хуудас/
ЭХ ХХК болон Г.О нарын хооронд байгуулагдсан 2006.11.22-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ-гээр А тал буюу ЭХ ХХК нь татваргүй барааны дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг авах, эрхээ хадгалах, сунгахтай холбоотой бүхий л асуудлыг хариуцан гүйцэтгэх, гадаад зах зээлээс хямд чанартай бараа нийлүүлэх, зээлээр бараа авах, хамтран ажиллаж буй компаниудын дистрибьютер эрх авах ажлыг хариуцан гүйцэтгэх үүргийг, Б тал болох Г.О нь Татваргүй барааны дэлгүүрийн бараа худалдан авах эргэлтийн хөрөнгийн зээл, санхүүжилтийг шийдвэрлэх, боломжийн нөхцөлтэйгөөр авах, зээлийн барьцаанд тавих хөрөнгийн асуудлыг хариуцан шийдвэрлэх, Татваргүй барааны дэлгүүрийн менежмент, реклам сурталчилгаатай холбоотой асуудлыг хариуцан зохион байгуулах үүргийг, тус тус хүлээсэн байх боловч, гэрээний 1.3-д дэлгүүрийн үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн санхүүжилт, төлбөр тооцоог /зээлийн буцаан төлөлт, түрээсийн төлбөр, үйл ажиллагааны зардлууд, татвар, ажилчдын нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгал гэх мэт/ үйл ажиллагааныхаа ашиг орлогоос төлнө гэж тохиролцжээ. /хавтаст хэргийн 68-69 хуудас/
Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу энэхүү хамтран ажиллах гэрээгээр Г.О нь ЭХ ХХК-ийн дэлгүүрийн бараа худалдан авах эргэлтийн хөрөнгийн зээл, санхүүжилтийг шийдвэрлэх, боломжийн нөхцөлтэйгөөр авах, зээлийн барьцаанд тавих хөрөнгийн асуудлыг хариуцан шийдвэрлэх үүрэг хүлээсэн тул Г.О нь ЭХ ХХК-д зээлдүүлэгчийн хувьд хөрөнгө оруулалт хийх үүргийг хүлээжээ.
Гэрч Г.О шүүхэд 2006.11.22-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ-г байгуулсан, гэрээ огт хэрэгжээгүй, ТА ХХК-иас 150,000 ам,долларын санхүүжилт хийгдсэн гэж мэдүүлсэн.
Г.О нь ТА ХХК-тай реклам, зар сурталчилгаанд оролцох хамтран ажиллах гэрээг байгуулсан /хх-191х/ байх боловч, уг гэрээний ажлын хөлсөнд 150,000 ам,долларыг Г.О авах эрхтэй байсан, ажлын хөлс болох 150,000 ам,доллароо ТА ХХК-иас ЭХ ХХК-д шилжүүлсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Хэрэгт авагдсан баримтаар ТА ХХК-иас хамтран ажиллах болон зээл дамжуулан олгох гэрээний дагуу 150,000 ам,доллар ЭХ ХХК-ийн дансанд шилжүүлсэн нь тогтоогдож байгаа тул хариуцагчийн 2006.11.22-ны өдрийн Хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ Г.О биелүүлж, 150,000 ам,долларын хөрөнгө оруулсан гэх тайлбар үндэслэлгүй байна.
7. Хариуцагч нь нэхэмжлэгчийн хувьд шаардах эрх 2016.01.21-ний өдөр үүссэн тул хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж маргаж байна.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 78 дугаар Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор ТА ХХК-ийн захирал Ж.Чг 2007.03.15-ны өдөр Хас банкинд ТА ХХК-ийн эд хөрөнгийг барьцаанд тавьж, 150,000 ам,долларыг сарын 1,9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж, ЭХ ХХК-ийн захирал Б.Этай 2007.02.27-ны өдөр байгулсан хамтран ажиллах гэрээний дагуу татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагааг хамтран явуулах зорилгоор хөрөнгө оруулалт хийхдээ ТУЗ-ийн шийдвэрийг авалгүй албан тушаалын хувьд хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс компанид 243147150 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн, эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн гэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хавтаст хэргийн 187 хуудас/
Хариуцагч уг тогтоолыг гарсан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолох ёстой гэж тайлбарлаж байгаа бөгөөд энэхүү тогтоол нь ТА ХХК болон гүйцэтгэх захирал Ж.Ч нарын хоорондын их хэмжээний хэлцэл хийхдээ ТУЗ-ийн зөвшөөрлийг авсан эсэх маргаанд хамааралтай тул Ж.Чгийн үндэслэлгүйгээр хөрөнгөжихтэй холбоотой шаардлагад хамааралгүй байна.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасан.
Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.04.24-ны өдрийн 984 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.07.24-ны өдрийн 1358 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021.01.28-ны өдрийн 79 дүгээр тогтоолоор ТА ХХК-д учирсан хохирол 259 251 673 төгрөгийг Ж.Чгээс гаргуулж шийдвэрлэснээр, нэхэмжлэгч Ж.Чд бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан этгээдэд холбогдуулан шаардлага гаргах, шаардах эрх үүссэн.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.-д Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж заасны дагуу үндэслэлгүйгээр хөрөнгөжих үүрэгт хөөн хэлэлцэх хугацаа 10 жил хамаарах тул нэхэмжлэгч Ж.Ч нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.
8. Дээрхи үндэслэлүүдээр хариуцагч ЭХ ХХК-иас 150,000 ам.доллар, түүний хүүг банкинд зээлийн төлбөр төлсөн үеийн ханшаар тооцож 259 251 673 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Чд олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч ЭХ ХХК-иас 259 251 673 /хоёр зуун тавин есөн сая хоёр зуун тавин нэгэн мянга зургаан зуун далан гурван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Чд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Ж.Чгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,454,208 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЭХ ХХК-иас 1,454,208 /нэг сая дөрвөн зуун тавин дөрвөн мянга хоёр зуун найман/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Чд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА